Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Э.Б, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Иргэдийн төлөөлөгч Ө.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д.М-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл О овогт Д.М

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2020 оны 04 сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багийн Өгөөмөрийн ... тоотод Н.М-н зүүн суганы ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр бид хэд хохирогч М-н төрсөн өдрийг тэмдэглээд архи уусан. Тухайн үед М цонхоор орж ирсэн, жаахан маргалдсан, хутгалах, гэмтээх санаа бол байгаагүй. Хаалга байхад цонхоор орж ирлээ гээд ширээн дээр байсан хутгыг аваад хутгалсан. Хохирогчийг хутгалах ямар нэгэн шалтгаан байхгүй, би жижиг өрөөнд унтаж байсан чинь том өрөөнд хүн яваад байхаар нь босож очоод харахад М байсан. Ширээн дээр би мах идэж байгаад орхисон манай гэрийн хутга байсан юм. Би хохирогчид эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн гэв.

Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 04 сарын 12-ны өглөө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг Өгөөмөрийн ... тоотод байх манай гэрт надтай хамт ажилладаг Б, Э бид 3 байсан ба бид нар хоол хийж идсэн. 12 цаг өнгөрөөд 13 цаг болох гэж байхад мөн хамт ажилладаг Ө, М 2 манайд ирсэн. Бид нар манай гэрт 3 шил 0.75 гр-ын архи, 1 ширхэг 2,5 литрийн пиво хувааж ууцгаасан. Урд өдөр нь М-н төрсөн өдрийг нь тэмдэглэх маягтай архи ууцгаасан. Ингээд 17 цагийн үед М явлаа гээд гэрээс гарсан. Удаагүй араас нь Ө, Б, Э нар гэр рүүгээ харьцгаалаа гээд явсан. Би гэртээ ганцаараа үлдээд жижиг өрөөндөө унтсан. Унтаж байтал том өрөөний цонх түгжигнээд хөшигний цаанаас нэг хүн орж ирж байгаа харагдсан. Босоод очтол М байсан, би уурлаж том өрөөний цонхны хажууд М руу хандан намайг битгий дээрэлхээд байгаарай, хаалга үүд байсаар байхад цонхоор орж ирлээ, доромжлоод байгаарай гэж хэлээд М-г 2 алгадсан. М миний өөдөөс эсэргүүцэж яасан сүртэй писда вэ гээд миний нүүр рүү гараараа гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би бүр уурлаад чи муу уучлалт гуйх байтал яаж байнаа гээд ширээн дээр байсан гэрийнхээ хутгыг авч М руу дайран зүүн суганых нь ар хэсэгт 1 удаа хатгасан. ...М та яаж байгаа юм бэ хутгалчихлаа ш дээ гэсэн. Би сандраад найз А руу утсаар залгаж М-г хутгалсан талаараа хэлж, хурдан ирэхийг гуйсан. М-н шархыг гараараа дараад хөдөлгөхгүй сууж байтал А гэрт хүрээд ирсэн. Ингээд цагдаа, эмнэлэг дуудсан. Би уурын мунхагаар М-г хутгалсан гэмт хэрэг үйлдсэн болохоо шударгаар хүлээж байна. Хуулийн хариуцлага хүлээхэд гомдолгүй. ...Би М-с уучлалт гуйж эмчилгээнийх нь төлбөр, зардлыг төлөх болно./хх-ийн 63-64/

Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...17 цагийн үед эхэр миний гар утас руу залгахаар нь би М-н гэрээс гарч машиндаа орж суугаад эхнэртэйгээ ярьсан. Тэгээд жаахан унтаж байгаад харъя даа гэж бодоод машиндаа унтаад өгсөн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад сэрээд машинаасаа буусан. М-н гэрийн том өрөөний цонх онгорхой байхаар нь би цонхоор нь цээжээ оруулаад М-аа гэж дуудсан. Дотор чимээгүй байгаад байсан. Миний бөгсөн бие гадаа, би цээжээрээ дотогшоо орчихсон байсан. Урдуур хөшиг унжаад юм харагдахгүй байсан ба хөшгийг гараараа холдуултал М ширээн дээрээс нэг юм аваад намайг шууд тэврээд авах шиг болсон. Тухайн үед би юм анзаараагүй, юу болсныг мэдэхгүй ухаан санаа орон гаран болчихсон байсан. Тэгээд нэг ухаан ортол би цонхоор нь унжийгаад М-х руу орчихсон паарных нь урд хэвтэж байсан. Яасан бэ? гэсэн чинь М чи битгий хөдөл, чамаас цус гараад байна. Чамайг би хутгалчихлаа гээд миний зүүн суганы ар хэсэгт гараараа дараад сууж байсан. Тэгээд М утсаар нэг хүнтэй яриад би М-г хутгалчихлаа, хурдан хүрээд ир гэсэн. ...М-д ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...2020 оны 04 сарын 12-ны 18 цаг өнгөрчихсөн байсан байх намайг гэртээ байж байхад хамт ажилладаг найз Д.М өөрийнхөө гар утсаар над руу залгаад манайд хүрээд ирээч, найз нь М-г хутгалчихлаа гэж хэлсэн. Би эхлээд итгээгүй тоглоод байгаа юм болов уу гэж бодоод М-с лавлаж асуусан чинь сандарсан байдалтай, үнэнээсээ яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би эхнэрээ дагуулаад машинаараа Д.М-нд очсон. Эхнэр хутга шөвөг гэж сонсчихоод айгаад М-х руу ороогүй, машиндаа үлдсэн. М-нд очиход хаалга нь дотроосоо түгжээтэй, том өрөөнийх нь цонх онгорхой байсан. Д.М хаалгаа нээж өгсөн ба гэрт нь ороход М-н гар хуруу нь цус болчихсон, нилээн сандарчихсан байсан. Том өрөөнд нь цонхных нь урд  паарны дэргэд газар М дээшээ харчихсан хэвтэж байсан ба би юу болов гэж асуухын хооронд М баларсан юм болсоон ахаа, М ах намайг хутгалчихлаа, эмнэлэг, цагдаа дуудчихсан эмнэлэг явахгүй харьдаг ч юм билүү гэж хэлсэн... удаагүй эмнэлэг цагдаагийнхан ирээд М-г аваад явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 02/0103 дугаартай дүгнэлтэд:

1.Н.М-н биед цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий дэх хий, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 55/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/

Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 15/

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл / хх-ийн 06, 65/

Өвчний түүх / хх-ийн 33-53/

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74/

Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 77/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/

Хохирогч Н.М-н шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-ийн 87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2020 оны 04 сарын 12-ны өдрийн орой 18 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багийн Өгөөмөрийн гудамжны ... тоотод буюу өөрийн гэртээ хохирогч Н.М-тай цонхоор орж ирлээ гэдэг шалтгаанаар маргалдаж, улмаас ширээн дээр байсан хутгыг авч зүүн суганы ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий дэх хий, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулжээ.

Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.М-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Урдуур хөшиг унжаад юм харагдахгүй байсан ба хөшгийг гараараа холдуултал М ширээн дээрээс нэг юм аваад намайг шууд тэврээд авах шиг болсон. Тухайн үед би юм анзаараагүй, юу болсныг мэдэхгүй ухаан санаа орон гаран болчихсон байсан. Тэгээд нэг ухаан ортол би цонхоор нь унжийгаад М-х руу орчихсон паарных нь урд хэвтэж байсан. Яасан бэ? гэсэн чинь М чи битгий хөдөл, чамаас цус гараад байна. Чамайг би хутгалчихлаа гээд миний зүүн суганы ар хэсэгт гараараа дараад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “М-нд очиход хаалга нь дотроосоо түгжээтэй, том өрөөнийх нь цонх онгорхой байсан. Д.М хаалгаа нээж өгсөн ба гэрт нь ороход М-н гар хуруу нь цус болчихсон, нилээн сандарчихсан байсан. Том өрөөнд нь цонхных нь урд  паарны дэргэд газар М дээшээ харчихсан хэвтэж байсан ба би юу болов гэж асуухын хооронд М баларсан юм болсоон ахаа, М ах намайг хутгалчихлаа, эмнэлэг, цагдаа дуудчихсан эмнэлэг явахгүй харьдаг ч юм билүү гэж хэлсэн. ...удаагүй эмнэлэг цагдаагийнхан ирээд М-г аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 02/0103 дугаартай дүгнэлт/хх-ийн 55/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/, эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 15/, согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 06, 65/, өвчний түүх /хх-ийн 33-53/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна. 

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.М нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, согтуугаар, хутга хэрэглэж, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д “Иргэн М-д гэмтэл учруулсан тал дээр маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж заасан байна. Шүүгдэгч нь  энэ гэмт хэргийг ямар санаа зорилготой үйлдсэн нь тодорхойгүй, “би санаандгүй хутгалсан, юу хийснээ санахгүй байна” гэж мэдүүлдэг.  Шүүгдэгчийн үйлдсэн хэргийг харахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан үйлдэл харагдаж байгаа тул энэ зүйл ангиар зүйлчлэх  саналтай байна гэж мэтгэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь: шүүгдэгч Д.М нь ямар нэгэн байгууллага, албан тушаалтан, иргэнтэй хөдөлмөрийн болон иргэний гэрээгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэрээ хэлцэл байгуулаагүй тул хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Болгоомжгүй үйлдлийн хэлбэр нь шүүгдэгчийн санаа зорилгоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас үйлдэгддэг тул шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүй үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ширээн дээр байсан хутгыг авч М-г айлгах санаатай түүн рүү дайран чичсэн чинь зүүн суганых нь ар хэсэгт хатгасан” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь хүнийг хутгалж болохгүй, хутгалсан тохиодолд биед нь гэмтэл учирна, цаашлаад амь насанд ч аюултай, хууль бус үйлдэл гэдгийг мэдэж байсан гэж үзэхээр байна. Гэтэл шүүгдэгч Д.М нь ширээн дээр байсан хутгыг аваад хутгалж байгаа үйлдэл  нь хутгалах санаа зорилгыг агуулж, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д “гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах тэмдэглэлд хохирогч Н.М нь М намайг хутгалчихлаа” гэж гомдол мэдээлэл өгсөн мэтээр буруу бичсэн байна. Гомдол мэдээллийг шүүгдэгч Д.М өгсөн гэв. Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... удалгүй нэг залуу орж ирсэн ба цагдаа, эмнэлэгт хэлье гэсэн, Тэгээд би цагдаа руу залгаж ийм юм болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлгээр /хх-ийн 19/ хохирогч Н.М нь цагдаад гомдол, мэдээлэл өгсөн нь нотлогдож байна. Иймд цагдаад гомдол, мэдээлэлийг хэн түрүүлж өгсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж үзэв.

Хохирогч Н.М нь “намайг эмчлэгдэж байх хугацаанд М туслалцаа үзүүлж, 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн. М-д гаргах гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Н.М нь согтуугаар шүүгдэгчийн байшингийн цонхоор нь орсон явдлаас үүдэн гарсан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчийг хохирогч Н.М-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулыг нь шар өнгийн цахилгааны лентээр ороосон, 14,4 см урт ажлын хэсэгтэй нийт 26,8  см урттай 1 ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхнаасаа тогтвортой мэдүүлж байсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял буюу 3 жил, 6 сарын хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан  зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.М-г 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулыг нь шар өнгийн цахилгааны лентээр ороосон, 14,4 см урт ажлын хэсэгтэй нийт 26,8   см урттай 1 ширхэг хутгыг устгахыг Шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ           А.Ц

ШҮҮГЧИД               Э.Б

                                 Д.Ц