| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0064/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч Л.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагар тэнсэж, хянан харгалзаж байсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан, биеийн эрүүл мэндийн хувьд Е10 инсулинээс хамаарах чихрийн шижин өвчин улмаас 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгосон, Б овогт Л.П-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Л.П нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 06 дугаар сарын 15-наас 23-ны өдрийн хооронд иргэн В.С-с Бүгд Найрамдах Солонгос улс руу гаргаж өгнө, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт оруулж өгнө гэж хуурч бэлэн бус 6 удаагийн шилжүүлгээр нийт 2,600,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Эрээн рүү явдаг байхдаа Н буудлаар үйлчлүүлж байгаад 2013 онд С-тэй танил болсон юм. Тэгээд С-н ажлыг бүтээж өгнө гэж итгэлийг нь алдаж 2,600,000 төгрөгийг авсан нь үнэн. С-н мөнгийг аваад удаагүй хорих газар руу ял эдлэхээр явсан. Надад өөр хийсэн хэрэг байхгүй. Би С-т 2,600,000 төгрөгийг хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 6 сарын 10 гэхэд бүгдийг төлж барагдуулсан. Миний хувьд хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, гэм буруугийн талаар ямар нэг маргаан байхгүй, би чихрийн шижин өвчтэй учир хориход байхдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, 7 сард хагалгаанд орно, 60 хувийн группэд байдаг, мөн ээжтэйгээ хамт амьдардаг, ээжийн асаргаа, тэтгэвэр, өөрийнхөө группийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг. Иймд ялыг хөнгөлж өгнө үү” гэсэн мэдүүлэг,
Цагдаагийн байгууллагад хохирогч В.С-н гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3/
Хохирогч В.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2019 оны 06 сарын 12-ны өдөр өөрийн ... дугаарын гар утсаар П-н ... дугаарын гар утас руу залгаад БНСУлс руу гарч ажил хийх саналтай байна, яаж гарах талаар мэдэхгүй байна гэхэд эгч нь туслаад өгөх үү хэд хоногийн дараа залгая гээд утсаа тасалсан. Тэгээд 2019 оны 06 сарын 16-ны өдөр П эгч миний утас руу залгаад чи Улаанбаатар хот руу орж ирэх гэж байгаа юм уу гэж асуухаар нь санаа байгаа, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт яаж оруулах уу гэж асуухад эгч нь энд хүмүүстэй ярьж өгье, чи эхний ээлжинд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулах 500,000 төгрөг шилжүүлчих, дараа нь чиний Солонгос явах мөнгийг авна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед Х банкны данс эзэмшдэггүй байсан тул эхнэр Б-н Х банкны данснаас 2016 оны 06 сарын 16-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 300,000 төгрөг, 6 сарын 17-нд 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 6 сарын 17-ны орой П эгч миний гар утас руу залгаад Солонгос Улс руу явах ирэх, очих онгоцны зардлын мөнгөө шилжүүл гэж хэлээд би маргааш нь буюу 6 сарын 18-нд мөн эхнэрийн данснаас 1,200,000 төгрөг шилжүүлсэн. П эгч зардлын мөнгө дутуу байна гэж ярихаар нь эхнэрийн данснаас 06 сарын 21-ний өдөр 650,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа залгаад чиний гадаад паспортны чинь хугацаа дууссан байна, яаралтай гаргуулахад 250,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн, 06 сарын 23-нд эхнэрийн даснаас 250,000 төгрөг шилжүүлсэн. Би 2019 оны 06 сарын 23-24-ний өдрүүдийн хооронд өөрийн утаснаас П эгч рүү залгаж, миний БНСУлс руу явах виз гарах болж байна уу гэж асуухад манай хамаатны хүүхэд зам тээврийн осолд орсон гэж яриад утсаа салгасан. 6 сарын 25-ны өдөр миний гар утас руу жоохон ажилтай байна гэж мэссэж бичсэн, тэрнээс хойш холбоо бариагүй. П эгчийн ... дугаарын утас руу залгахад нэг эмэгтэй хүн аваад тийм хүн байхгүй гэж хэлсэн, дараа нь нэг эрэгтэй хүн аваад худалдаж авсан гэж хэлсэн, ...би 6 удаагийн гүйлгээгээр 2,600,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Манай нөхөр С танилцсан гэх Л.П гэх хүнтэй гар утсаар ярьсан, бид 2-ыг Улаанбаатар хот руу орж ирэх бол 2 хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулж өгч болно, БНСУлс руу явуулж өгч чадна гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийн хадгаламж барьцаалж байгаад зээл гаргуулж, тухайн үед нөхөр Х банкны данс эзэмшдэггүй байсан тул миний Х банкны данснаас ... дугаартай данс руу 2019 оны 06 сарын 16-нд 300,000, 6 сарын 17-нд 200,000 төгрөг, 6 сарын 18-нд 1,200,000 төгрөг, 6 сарын 21-нд 650,000 төгрөг, мөн манай нөхрийн гадаад паспортны хугацаа дууссан байна гэж хэлээд 250,000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд тэрнээс хойш 2-3 хоногийн дараа манай нөхөр нөгөө хүний гар утас холбогдохгүй болсон талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/
Шүүгдэгч Л.П нь урьд нь 2 удаа шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-36/
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-56/
Шүүгдэгч Л.П-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-64/
С.Б-н Х банкны ... тоот данснаас шүүгдэгч Л.П-н Х банкны ... тоот данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 2,600,000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73/
Шүүгдэгч Л.П нь Е10 инсулинээс хамаарах чихрийн шижин өвчин улмаас 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 2020 оны 01 сарын 01-нээс 2021 оны 01 сарын 01 хүртэл 12 сараар тогтоосон гэсэн 0322012 тоот акт /хх-ийн 81/
Хохирогч В.С, гэрч С.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 75/
Шүүгдэгч Л.П нь Х банкны ... тоот харилцах данс эзэмшдэг гэсэн Х банкны 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 5374/77 тоот /хх-ийн 100/
... дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа Ц.Х-н 2020 оны 05 сарын 01-ний өдрийн “Б овогт Л.П нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ... дугаар нээлттэй хорих ангид 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл биеэр 10 сар 08 хоног, шагналын 01 сар 22 хоног, бүгд эдэлсэн 1 жилийн хорих ялыг хугацаа дуусч суллагдсан” гэсэн зам явах хуудсын хуулбар /хх-ийн 125/
Хохирогч В.С шүүхэд өгсөн “ П нь миний хохирлыг 2020 оны 06 сарын 10-нд төлж дуусгасан тул надад гомдол санал байхгүй, би шүүх хуралд оролцохгүй, хохирол 2,600,000 төгрөг хүлээж авсан” гэсэн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн В.С-н Х банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 126-128/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Л.П нь хохирогч В.С-г Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж байсан Н буудалд ажиллаж байхад нь танилцаж, улмаар түүний хүүхдүүдийг нь Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгт оруулж өгнө, хохирогчийг Солонгос Улс руу явуулах визийг гаргуулж өгнө гэж итгүүлэн 2019 оны 06 сарын 16-ны өдрөөс эхлэн 23-ны өдрийг дуустал хугацаанд нийт 6 удаагийн гүйлгээгээр 2,600,000 төгрөгийг өөрийнхөө Х банкны ... тоот харилцах дансаар шилжүүлэн авсан үйл баримт болжээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан хохирлыг хохирогчид учруулсан байх тул түүнийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.П нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч В.С, гэрч С.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, С.Б-н Х банкны ... тоот данснаас шүүгдэгч Л.П-н Х банкны ... тоот данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 2,600,000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73/, хохирогч В.С, гэрч С.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 75/, шүүгдэгч Л.П нь Х банкны ... тоот харилцах данс эзэмшдэг гэсэн Х банкны 2020 оны 04 сарын 01-ны өдрийн 5374/77 тоот, хохирогч В.С-н шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.П нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч В.С-т 2,600,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт, В.С-н Х банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний биеийн эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус, тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг 1-д зааснаар шүүгдэгч Л.П-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Л.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.П нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.П нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын саналыг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц