| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0056/э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б
Иргэдийн төлөөлөгч: Ц.А
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А
Амь хохирогч Ц.Батбаатарын хууль ёсны төлөөлөгч: Д.Б
Амь хохирогч Ц.Оюунчимэгийн хууль ёсны төлөөлөгч: Т.Б
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үстэй Д овогт Б,Б холбогдох эрүүгийн 1935003470167 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 05-нд Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суух, урьд өмнө нь ял, Ү,д овогт Б,Б /РД: 6/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг “Бэлхжийн эх” нэртэй газар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 03-нд шилжих шөнө иргэн Ц.Батбаатар, Ц.О нарыг .... УВХ улсын дугаартай Карго трак маркийн ачааны автомашинаар дайрч алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Бгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг “Бэлхжийн эх” гэх газарт Ц.Б, Ц.О нарыг ... УВХ улсын дугаартай Карго трак маркийн ачааны автомашинаар дайрч алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс зүүн хойд зүгт 12 километрт 2 хүний цогцос байх бөгөөд тус газрын газар орны ерөнхий байдал нь уулархаг, тал, хээр газар нутагтай. Өвс шигүү, шарласан байдалтай. Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг Бэлхжийн эх гэх нэртэй газар гэж нутгийн ардууд нэрлэх бөгөөд тус газарт GPS багаж ашиглан цэг авахад 49.395779;95.440111 цэгт оршин байлаа. Үл хөдлөх цэгээр Жаргалант багийн нутаг Зураагийн улаан хад нэртэй хадыг үл хөдлөх цэгээр авсан бөгөөд тус хад нь хэрэг учрал болсон газрын баруун хойд зүгт 0,7 километрт байв. Тухайн газарт үүссэн мөр ул нь өтгөн өвстэй тул өвсний налархайгаар тодорхой дүрслэгдэн харагдаж байна. Тус газарт байрлах 2 хүний цогцосны хойд талд нь байрлах эрэгтэй хүний цогцсыг А цэгээр, урд талд нь байрлах эмэгтэй хүний цогцсыг Б цэгээр тус тус тэмдэглэв. А цэг дээр байрлах эрэгтэй хүний цогцос нь толгойгоороо баруун зүг рүү харсан, толгой, цээж хэсэг нь дээшээ харсан, хөл нь хэлбэрээ алдсан хугарсан байдалтай байна. А цэгээс Б цэг хүртэл 6 метр зайтай бөгөөд тухайн зайд байгаа эмэгтэй хүний цогцос баруун тал руугаа налсан байгаа А цэгээс зүүн хойд зүгт 0.5 метрийн зайд Соёрхол нэртэй архины шил байсан бөгөөд Соёрхол нэртэй бичиг дээш харсан хагарсан тус шилийг 1 гэсэн цэгээр тэмдэглэж, А цэгээс 1 цэг хүртэл 4 м 80 см зайтай байв. Мөн А цэгээс зүүн хойд зүгт дугуйрсан бүдэг мөр байсныг 2 цэгээр тэмдэглэж, А цэгээс 2-р цэг хүртэл 4 м 50 см байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Тухайн хоёр цогцосны дэргэд 14 м 10 см диаметрт давхар дугуйтай автомашины мөр 2 удаа тойрсон, өвсний налайлтад тод дүрслэгдэн байгаа тус тойрогны зүүн захад автомашины дугуйны гадна талын мөрөн дээр эрэгтэй хүний цогцосны хөл хэсэг, мөн тус автомашины мөрний урд дугуйны мөрний гадна эмэгтэй хүний цогцос байв. Дээрх мөрийг харахад А цэгээс 3-р цэг хойд зүгт автомашины тойрогт 1 м 80 см-ийн газрын хөрсөнд 3 метр урт шарвалтын мөр үүссэн. Тус мөрний бусад шарвалтын дотно мөр нь 3 метр, гадна мөр нь 2 м 40 см байв. Мөн Б цэгээс баруун талд 4 м 80 см зайд шарвалтын мөр үүссэнийг 4 гэсэн цэгээр тэмдэглэж, шарвалтын мөрийг хэмжихэд гадна мөр нь 2 м 40 см урт, дотно талын мөр нь 2 м 40 см урт шарвалт үүсгэсэн байна. Тус тойргийг харахад өвсний налайлтаар баруун болоод зүүн тийш 2 талдаа тус тус 2 тойрог үүсгэсэн байлаа. Газарт үүссэн мөрнөөс тэнхлэгийн өргөнийг тогтоох зорилгоор 2 талын гадна мөр нь хоорондоо 2 м 20 см байв. 2 талын дотор мөр нь хоорондоо 1 м 30 см байв. Тухайн тойргоос баруун зүгт 11 м 30 см-т 16 м 60 см диаметртэй 1 бүтэн тойрог үүссэн байв. 2 тойргийн дунд гогоцоо үүссэн байна. Тухайн машины мөрийг автомашины орой дээр гарч харахад тодорхой харагдсан бөгөөд байх бөгөөд А, В цэгийн гадна талаар автомашины мөрүүд байх бөгөөд А, В цэгээс урд зүгт 8 тоо хэлбэртэй 2 тойрог, А, А, В цэгээс хойд зүгт давхар 2 бүтэн тойрог буцаж эргээд А, В цэгийн дундуур зүүн зүг рүү гараад зүүн урд цэг рүү эргээд буцаж яваад А, В цэгээс хойд зүгт байрлал давхардсан 2 бүтэн тойргийн баруун талаар баруун зүгт гарч явсан мөр тус тус үүссэн байлаа. А цэгээс 8 тоо хэлбэртэй 2 тойргийн гадна тойргийн 5 гэсэн тоогоор тэмдгэлж, хэмжихэд А цэгээс 5 гэсэн цэг хүртэл 68 м 60 см зайд 13 м 20 см диаметртэй нэг бүтэн тойрог 8 тоо хэлбэрийн дотно буюу арын тойргийг 6 гэсэн тоогоор тэмдгэлж, хэмжихэд А цэгээс 6 гэсэн цэг хүртэл 47 м 40 см-т 22 м диаметртэй нэг бүтэн тойрог, хойд зүгт байрлах давхардсан бүтэн тойргийг 7 гэсэн цэгээр тэмдгэлж, А цэгээс 7 гэсэн цэг хүртэл 67 м зайд 20 м 20 см диаметр 2 бүтэн тойрог. А цэгээс зүүн зүг рүү явж, зүүн урд зүгт буцаж эргэсэн тойргийг 8 гэсэн тоогоор А цэгээс 8 гэсэн цэг хүртэл 19 м 20 см зайд 20 м 10 см диаметр тойрог, А цэгээс баруун зүгт байрлах тойргийн 9 гэсэн цэгээр тэмдэглэж, А цэгээс 9-р цэг хүртэл 42 м 20 см байв. Урьд авсан баруун зүгийн 11 м 20 см-т 16 м 60 см диаметртэй тойргийг 10 цэгээр тэмдэглэв. Дахин В цэгээс тойрог бүр рүү цэг авахад В цэгээс 5-р цэг хүртэл 65 м, В цэгээс 6-р цэг хүртэл 43 м, В цэгээс 7-р цэг хүртэл 66 м 20 см, В цэгээс 8-р цэг хүртэл 43 метр, В цэгээс 7-р цэг хүртэл 66 м 20 см, В цэгээс 8-р цэг хүртэл 24 м 50 см, В цэгээс 9-р цэг хүртэл 37 м, В цэгээс 10-р цэг хүртэл 38 м байлаа. 1-р цэг дээр байрлах Соёрхол нэртэй архины шилэн дээрээс гарын мөр илрүүлэх зорилгоор зориулалтын нунтаг ашиглаж үзлэг хийхэд нэг ширхэг хурууны мөр илрүүлэв. А цэг дээр байрлах эрэгтэй хүний цогцосыг эргүүлж, газрын хөрсийг үзэхэд баруун талын гутлын мөр өсгий 4 см, өлмий 4 см гүн газарт шигдсэн мөр үүссэн байлаа. В цэг дээр байх эмэгтэй хүний цогцосыг эргүүлж үзэхэд газарт ямар нэгэн мөр ул үгүй байлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг / хх-ийн I хавтасны 12-28-р тал/,
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн I хавтасны 12-28-р тал/,
3. Цогцоснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн I хавтасны 47-65-р тал/,
4. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай “Талийгаач Ц.Б биед гэмтэл учирсан байна. Талийгаач Ц.Б биед цээж, хэвийн битүү гэмтэл, цээжний хоёр талын олон хавирганы олон шугамаар зөрөөтэй хугарал, хурлын түвшинд цус хуралт, баруун зүүн уушги, үхэлцэг хальсны цоорол, урагдал, элэгний баруун дэлбэн, дэлүүний задрал, баруун дунд чөмөгний далд, зөрөөтэй хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн нүдний гадна буланд, хүзүүний баруун урд хэсэгт, баруун мөрний дээд хэсэгт, цээжний баруун ард, ууц, баруун зүүн шуу, тохой, баруун, зүүн гуя, өвдөгт зулгаралт, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, дайрагдсаны улмаас үүсэх боломжтой. Талийгаач Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Талийгаач Ц.Б цогцост аутолиз буюу эсийн задрал, муудалт явагдсан байгаа тул архаг хууч өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Талийгаач дээрх гэмтлүүдийг авсны дараа бие дааж ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй. Талийгаач Ц.Б нь дээрх гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаач Ц.Б нь шинжилгээ хийж эхлэхээс өмнө буюу нас бараад 5 хоног орчим болсон байх боломжтой. Ц.Б цусны улаан эс задарсан байгаа тул шингэн цусанд бүлэг тогтоох боломжгүй байв.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 193-194-р тал/,
5. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай “Талийгаач Ц.О биед гэмтэл учирсан байна. Хэвлийн битүү гэмтэл, аарцаг ясны умдагны үеэр болон зүүүн талын олон яас уулзах үеэр салсан олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, бүсэлхийн 3, 4, 5-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, давсагны задрал, хэвлийн доод хэсэг болон аарцгийн гялтан хальсны дээр булчин доор цусан хураа, хэвлийн баруун доод хэсэгт, баруун, зүүн гуя, баруун шилбэнд, баруун өвдөгний үений дотно хэсэгт, баруун, зүүн шагайн үений дотно хэсэгт зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, дайрагдсаны улмаас үүсэх боломжтой. Талийгаач Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Талийгаач Ц.О цогцост аутолиз буюу эсийн задрал, муудалт явагдсан байгаа тул архаг хууч өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Талийгаач дээрх гэмтлүүдийг авсны дараа бие дааж ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй. Талийгаач Ц.О нь дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн гаралтай шок-д орж, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаач Ц.О нь нас барахаасаа өмнө бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Талийгээч Ц.О цогцос муудсан байсан тул үтрээнээс наацын шинжилгээ авах боломжгүй байсан. Талийгаач Ц.О нь шинжилгээ хийж эхлэхээс өмнө буюу нас бараад 5 хоног орчим болсон байх боломжтой. Ц.О цусны улаан эс задарсан байгаа тул шингэн цусанд бүлэг тогтоох боломжгүй байв.” гэх дүгнэлт /хх-ийн I-р хавтасны 203-204-р тал/,
6. Амь хохирогч Ц.Б хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Талийгаач Ц.О нь миний ууган охин юм. Эхээс 7-лаа доороо 6 дүүтэй, Талийгаач хүү болох Ц.Б нь айлын 3 дахь хүү байсан бөгөөд бага наснаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн ... Би 2019 оны 6 дугаар сард хөлөө хугалж, босож чадахгүй болоод охин Ц.О дуудуулж, Улаанбаатар хотоос ирж намайг асарч байсан. Ц.О нь бага хүү Э цуг ирсэн бөгөөд энэ зун намайг асарч би ч хоёр суга таягтай хөл дээрээ босож миний зээ хүүгийн хичээл орох болж 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Зүүнхангай сумаас Э аваад автобусанд сууж Улаанбаатар хот руу явсан. Манайх Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг Яргайтын үзүүр гэх газарт намаржиж байсан бөгөөд сүлжээгүй болохоор явснаас нь хойш холбогдоогүй. Тэгээд байж байтал 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө Б гэрийг манай гэрийн гаднаас Лх ачаад Б, Б хоёр Б гэрийг барьж өгчихөөд ирнэ гээд Б мотоциклиоор тэр хоёр сумын төв явсан. Тэгээд орой 21 цагийн үед Б, Б, О 3 Б гэрийг барьчихаад Э,Б орхиод ирлээ гээд манай мотоциклтой ирсэн. Тэгээд би Ц.О чи яагаад буцаад ирэв яваагүй юм уу гэхэд би явсангүй, унаанд багтсангүй гэж хэлж ирсэн. Тэр 3 манайд ирэхэд тэр гурваас жаахан архи үнэртэж байсан. Тэгээд тэр шөнө буюу 9 дүгээр сарын 01-ний шөнө Б, Б, О мөн Бүд, миний хүү Н, Б эхнэр О хүүхэдтэйгээ манайд хоносон. Маргааш өглөө нь буюу 9 дүгээр сарын 02-ны өглөө босоод Ц.Б, Ц. хоёр Сонгино суманд О ачаа бараа, мах шөлийг автобусанд дайж, явуулчихаад буцаад ирье гээд Н мотоциклоор явсан. Тэгээд шөнө ирээгүй бөгөөд би орой унтах гэж байтал Баасандорж модонд яваад орой ирсэн. Б ирэхээр нь би босож бие засъя гэж гэрээс гарахад манай гэрийн зүүн урд зүгт гэрээс холгүй, 1 км орчим газарт машины гэрэл байсан бөгөөд тэгээд би ямар учиртай машин юм бол гэж бодчихоод буцаж ороод унтаад өгсөн. Тэгээд 9 дүгээр сарын 03-ны өглөө үнээгээ саахаар О хамт гарах гэж байтал О надаас түрүүлж гэрээс гарчихаад орж ирээд ээж манай урд нэг машин хоночихоод урагш нь яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зэлэн дээрээ үнээгээ сааж байтал нөгөө машин манайхаас зөрөөд хойш нь явчихаад буцаж манай гадаа ирээд машинаас Б.Б буюу Бгэдэг залуу зэл дээр ирж Ц.Б ирэв үү гэж асуусан тэгэхээр нь би юу гэсэн үг вэ? Ц.Б сумын төв ороод ирээгүй байна. Цаадах чинь ганцаараа биш эгчтэйгээ яваа юм. Харагдав уу гэж асуусан тэгтэл О машины дээр Б ахын унаж явсан Н мотоцикл байна гэж хэлээд бид хоёр зэлнээс явж гэр лүү орохдоо мотоциклийг нь харсан. Энэ мотоцикл яагаад энд байдаг юм бэ? Тэр хоёр хаачив гэхэд энд согтоод дээш нь хараад унасан тэгээд би эргээд олсонгүй гэсэн тэгээд би Бс чи манайд урд хоночихоод яагаад буцаад цааш нь явсан бэ гэхэд би Б, О хоёрыг хайгаад олсонгүй гэсэн. Тэгээд би Б.Б чи яагаад мотоциклыг нь ачаад явж байгаа юм бэ? гэхэд архи уугаад согтуу байхаар нь ачсан юм. Би өөрөө архи уугаад зарим зүйлийг санахгүй байна. Би өөрөө хаанаас ч ирснээ ч мэдэхгүй байна гэсэн. Тэгээд мотоциклыг машины тэвшин дээрээс буулгахад хоёр ботинк мотоциклын доороос гаргаж авсан. Тэгээд ботинк яагаад энд байдаг юм бэ гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгтэл О энэ О эгчийн ботинк мөн байна гэж хэлсэн. Тэгээд машин дээрээс мотоцикл болон О эгчийн ботинкыг уулгаад манайд орчихоод манайхаас Б.Б, Б, Б, Бүд нар сумын төв орж Ц.Б хайна гэж яваад буцаж ирээд Б.Б Б эгчээ танайх модоо ачих юм уу? Би ачаад өгье гэсэн. Тэгэхээр нь би эгчид нь одоо мөнгө алга даа. Дараа нь мөнгөтэй болж байгаад бензин хийж өгөөд ачуулъя гэхэд надад шатахуун байгаа, би ачаад өгье. Би ачаад өгье, та дараа тэгж байгаад өгчих гэхээр нь би за тэгвэл хүн хүч байсан дээр ачаад авчихъя гэсэн. Тэгээд Н, Б, Б, М,Б нар модонд яваад манай мод ачиж ирсэн. Тэгээд манай модыг өвөлжөөн дээр буулгачихаад буцаад шөнө болсон байхад Н Б хоёр мотоциклтой М,Б нар машинтай яваад ирсэн. Тэгээд шөнө нь хоночихоод 9 дүгээр сарын 04-ний өглөө босож, Б.Б, М хоёр дахин модонд явна гээд яваад өгсөн. Би О үхэр малаа саагаад, Ц.Б, Ц.О хоёрыг үгүйлээд байж байтал Б, Б хоёр Завхан аймгийн Сонгино сум руу яваад О эгчийнхээ ачааг авч ирье гээд явсан. Тэгээд гэртээ О түүний хүү бид 3 байж байтал Б.Б жижиг суудлын автомашин уначихсан ачааны машинаа аавдаа өгчихлөө. Ц.Б, О нар ирээгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд би ирээгүй гэж хэлээд цай аягалж өгөхөд цай хамаагүй, миний шүд өвдөж байна. Би ер нь явж Ц.Б ахыгаа хайлаа гэж хэлээд М дагуулаад яваад өгсөн. М, Б хоёр явсны дараа Б, Б хоёр О ачааг аваад ирсэн. Тэгээд сумын төвд Ц.Б, Ц.О нар байхгүй байна, гарч хайж олъё гээд гарсан. Тэгэхэд би Б,М хоёр бас хайгаад явлаа гэж хэлээд байж байтал О ээж Б урд эргэлдээд байна гэсэн. Тэгж байгаад Б буцаж манайд ирэхэд чи юундаа энэ урд эргэлдээд байгаа юм бэ гэхэд би мөр мөшгиөд гэсэн. Тэгэхэд нь би Б.Б хандаж чи мөр мөшгих байсан юм бол тэр өдрөө мөр мөшгөхгүй яасан юм бэ гэсэн. Тэгтэл Б ах буугаад замын унаанд суугаад явчихсан байх гэж хэлсэн тэгээд би бас тэгсэн байх гэж бодоод л байж байсан. Тэгж байтал манайд байсан Б, Н, Б, Б буюу Б, М нар Ц.Б, Ц.О нарыг эрж хайгаад явсан. Тэгээд тэр шөнөө олоогүй бөгөөд бүгд буцаж манайд ирж хоноод 9 дүгээр сарын 06-ны өглөө гарч хайгаад цогцосыг нь олсон байсан. Би маш их гомдолтой байна. Хоёр хүүхдээ алдсан болохоор маш хэцүү байна. Б.Батцогт цуг явж байгаад орхисноос болж нас барсан. Яагаад орхиод явчихав. Юунаас болоод нас барсан, тэгээд яагаад замаас салж өөр газарт очиж орхив гээд маш олон зүйл бодогдож байна.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 72-74-р тал/,
7. Амь хохирогч Ц.О хууль ёсны төлөөлөгч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ц.О бид хоёр багаасаа найзалж, нөхөрөлөж, үерхэж байгаад 1994 онд гэр бүл болж 1996 онд том хүү Э, 2011 онд хүү Э нарыг төрүүлж бид ам бүл дөрвүүлээ Улаанбаатар хот Баянгол дүүргийн 10-р хороо, 11-47 тоотод амьдарч байсан. ....Сонгино сум ороод авнад руу залгахдаа автобусанд багтсангүй буучихлаа. Одоо Увс аймгаас ирэх автобус тосож суух гэж байна гэж ярьсан бөгөөд 8 дугаар сарын 30-ны орой над руу дахин залгаад Увс аймгийн автобусанд бас багтсангүй буучихлаа буцаад Зүүнхангай сум явахаас, сумаас Ц.Б дуудчихлаа гэж хэлсэн бөгөөд түүнээс хойш дахин надтай холбогдоогүй. Би маш их гомдолтой байна. Ямар учраас, яагаад нас барсан болохыг та бүхэн үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 77-78-р тал/,
8. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө би морь унаад адуугаа хараад уулан дээр байж байтал Б.Б цаанаас машинтайгаа ирж миний дэргэд зогссон. Түүний машинаас миний дүү Б орж бууж ирээд Ц.О эгч, Ц.Б ах хоёр гэрт ирээгүй байна гэсэн. Тэгээд би юу болсон, яасан гэхэд Б.Б би мотоциклыг нь ачиж хүргэж өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би би чи тэгээд мотоциклыг нь ачсан бол хүнийг яасан гэхэд хойноос машинаас буулгаад орхисон. Би яг хаана буулгаж орхисноо санахгүй байна гэсэн. Тэгээд Б.Б чи өнөөдөр модоо ачиж авахгүй юм уу гэхэд өнөөдөр амжихгүй би адуугаа хайж байна гэж хэлсэн. Тэгээд би 9 дүгээр сарын 04, 05-нд ах, эгч хоёрыгоо хайсан боловч олоогүй бөгөөд 9 дүгээр сарын 06-ны өглөө ээжийн гэрт бид нар бүгд хоноод 06 цагийн үед гарч хайгаад явж байгаад Б гэдэг газар манай ах, эгч хоёр ойр ойрхон зайтай нас барсан байсныг харсан. Тэр үед Б.Б бид хоёр анх олж харсан бөгөөд би ах эгч хоёрыгоо хараад шууд Б.Б чи хоёуланг нь алаад хаячихсан байна гэж орилсон. Би тэр үед ухаан балартсан. Миний ах эгч хоёрын нас барсан газар нь үндсэн хөндлөн замаас 1-2 км орчим зайнд байсан. ...Би Б.Б тэнд аваачиж машинаараа дайрч алсан байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл машин замаас салаад тал газарт манай нутгийн хүмүүс нас барсан хүмүүсийг нутаглуулдаг газрын ойролцоо аваачиж тийм байдалд хүргэсэн байсан. Мөн дээрээс нь Ц.Б, Ц.О нар нь хааяа архи уудаг. Уусан үедээ маш номхон дөлгөөн затай байдаг, хүнтэй маргалдаж, элдэв ааш зан гаргаад байдаггүй.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 80-81-р тал/,
9. Гэрч Л.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Шөөлөн, Т хоёртой цуг Б.Б ирсэн бөгөөд түүний хувьд надтай нэг ангид сурч байсан. Гараад уулзаж байтал Б.Бминий машины араас дагаад яваач гэхээр нь би Т мотоциклоо бариулж, араар нь суугаад сумын төвийн ард очиход Зүүнхангай сумын Г8 С, нас барсан гээд байгаа Ц.Б, Ц.О нар сууцгааж байсан. Тэгээд очоод буухад Б.Б 1 шил 0,5 литрийн хэмжээтэй архи гаргаж ирээд анги жавдаа задалж байна гээд надад задалсан. Тэгэхээр нь би тэр архийг нь Т хундагалуулж, дуусгаад би явлаа ажилтай гэж хэлээд яваад өгсөн. Тэр газарт нөгөө хүмүүс суугаад үлдсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Намайг байх хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон огт болоогүй. ....С, Г, Ц.Б, Ц.О нар халамцуу архи уучихсан бололтой байсан. Б.Б уучихсан байсан боловч арай гайгүй л байсан. Б, Б нар эрүүл байсан. Тэр хоёрын хувьд надтай бараг цуг очсон....” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 84-85-р тал/,
10. Гэрч Б.Т “...сумын хойд талын дэнж дээр очиход Б.Б ах, Ш ах, Са ах, Г ах бид 5 нэг нь 0,75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд задалж, ганц хоёр хундага хийж байтал сумын төвөөс Ц.Б, Ц.О гэдэг хоёр хүн мотоциклтой ирээд тэр архинаас хуваалцаж уусан. Тэгээд архи дуусаад явах болоход Б.Б ах мод руу явна гээд, мод руу явах замд нь Ц.Б, Ц.О нарын гэр нь байдаг юм шиг байсан. Мотоциклоо ачаад машинд суугаад явъя гэж ярилцаад мотоциклыг бид нар машины тэвшин дээр ачсан. Тэгээд С ах, Г ах, Ц.Б, Ц.О нар хоцорч Б.Б ах Ш ахыг буулгахад Л.До ах Б.Б ах нар анги жавууд гээд Б.Бт ах Л.Д ахыг араас хүрээд ир гэхээр нь Д ах миний миний мотоцикл дээр миний ард сундаллаж суугаад нөгөө газар очиход бид нартай цуг Б Б хоёр очиж тэнд суухад Б ах 1 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирээд Д ахад задалж, тэр хүмүүс бүгд хувааж ууж дуусгаад Д ах бид хоёр яваад өгсөн. Тэнд байсан хүмүүс хоцорч үлдсэн. Тэнд ямар нэгэн хэрүүл зодооон болоогүй” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 86-87-р тал/,
11. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.Б гуайн хүү О хочит залуу мотоциклтой эгч хүүхнээ ардаа суулгачихсан нэлээн халамцуу байдалтай ирээд бидэн дээр нэмэгдсэн. Эгч хүүхэн нь бага зэрэг халамцуу дүүгээ мотоциклоо унагаад явж чадахгүй байна гэж хэлж байсан. Б.Б тэдний модыг ачих гээд явж байгаа гээд унаж ирсэн мотоциклыг нь том машиндаа ачуулаад Д.Б гуайн хүү, охин хоёрыг хүргэж өгнө гэж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 93-94-р тал/,
12. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д, Т нар мотоциклтой нэмэгдэж ирээд хамт сууцгааж байтал 16-17 цагийн үед Д. гуайн хүү нь 1 эмэгтэйтэй хамт мотоциклтой ирээд тэр эмэгтэйг манай эгч гэж хэлж байсан. Тэр хоёр хүнийг ирсний дараа Б.Б машинаасаа 1 шил 0,5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи гаргаж ирснийг нь бид нар 8-уулаа хувааж уусан. Д.Б гуайн хүү эгчтэйгээ хамт бидэн дээр ирэхдээ нэлээн халамцуу байсан. Харин эгч нь гайгүй байсан. Тэгээд бид нар 17 цаг өнгөрч байхад тус тусын мотоциклтой хөдлөөд явсан. Б.Б Д.Б гуайн хүүг эгчтэй нь хамт гэрт нь хүргэж өгнө гээд мотоциклыг нь машиндаа бид нараар ачуулаад тэр хоёрыг машиндаа суулгаад явсан. Түүнээс хойш 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн орчимд би хашааныхаа гадна юм хийгээд сууж байтал Б.Б саарал өнгийн машинтай ирээд надаас Д.Б хүү үзэгдэв үү гэж асуучихаад явсан. Гэтэлэ өнөөдөр Д.Б гуайн хүүг эгчтэйгээ хамт нас барсан талаар бусдаас сонссон. ... Тухайн өдөр биднийг явж байх үед Б.Б нь халамцуу ч гэсэн машинаа барих чадвартай, 2 хөлөөрөө хэвийн хэвийн явж байсан ба одоо оройтчихлоо, явж модоо ачъя гэж хэлж байсан. Д.Б гуайн хүү нэлээн согтуу, эгч хүүхэн нь гайгүй байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 96-97-р тал/,
13. Гэрч Э.П “...Б ах хэлэхдээ манай ээж хямраад байна. Та хаана байгааг нь мэдээд үзээд өг гэснээ Б.Б чи өөрөө асуу гэж хэлээд миний урд суулгасан. Тэр хооронд би тус болчих санаатай арцаа асаагаад Б.Б судсыг барьж үзэхэд Б.Б нь суудал дээрээ бараг тогтож чадахгүй чичрээд маш их айдастай байсан...Тухайн үед би хайж байгаа хүмүүсийг нь үхсэн гэж хэлээгүй байхад Б.Б надаас шууд үхсэн үү гэж асуугаад байсан. Би дотроо Б.Б ер нь тэр хүмүүсийг мэдээд байгаа юм болов уу гэхээр совин төрж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 99-100-р тал/,
14. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би мотоциклоосоо буугаагүй, харин Д ах Б.Б тал руу ойртож очоод хойшоо модонд явж байгаа юм уу гэж асуухад Б.Б ах хойшоо явж байна гэж хариулсан юм. Тухайн үед гадна харанхуй байсан бөгөөд Б.Б машины кабины гэрэлд гаднаас нь тэр гурвыг харахад голд суусан Ц.Б нэлээн согтсон юм шиг харагдаж байсан. Тэгээд Д ах бид хоёр тэндээсээ цааш яваад адуугаа сураглах гээд 21 цагийн үед Д.Б эгчийн гэрт очиход Д.Б эгч, Уа ах, А,Б болон манай нутгийн Бүд ах ирчихсэн байсан. Тэгээд Д ах Д. эгчид Б.Б, Ц.Б, Ц.Ог нар дөрвөлж дээр архи уугаад зогсож байна лээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 104-106-р тал/,
15. Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны 19-20 цагийн хооронд Б.Б бид хоёр гэр рүүгээ харихаар өөрийн өөрийн мотоциклтой сумын төвөөс гараад сумын төвийн ард талд ойролцоогоор 3 орчим км яваад Замбын дөрвөлжин гэх газарт машины зам дээр манай сумын Б.Б улаан өнгийн кабинтай, цагаан өнгийн тэвштэй ачааны том оврын автомашин унтарчихсан зогсож байсан бөгөөд кабины гэрэл асаалттай байсан. Тэгэхээр нь би Б.Б мод ачуулдаг юм бил үү гэж бодоод асуухаар зогссон. ...Б.Б машин дээр ирээд мотоциклоосооо буугаагүй бөгөөд тухайн машины жолооч талын буюу Б.Б сууж байсан талаар очоод харахад кабин дотор жолооны ард Б.Б, Б.Б цаад талд буюу голд нь О буюу Ц.Б, нөгөө талын хаалганы хажууд буюу цаад талд нь Ц.Б эгч болох Ц.Ог нар сууж байсан бөгөөд тэр гурав нэлээд согтуу хоорондоо юм яриад сууж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 115-116-р тал/,
16. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаартай “Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд зэргээс харахад энэ нь зам тээврийн осол гэх үндэслэл байхгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд болон Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4. “Зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; 3.1.5.“замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг; 3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; 3.1.7.“замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг; хэлнэ гэж тус тус заасан. Зам тээврийн осол нь зөвхөн зам дээр тохиолдоно. Иймд уг хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн II-р хавтасны 222-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд, хэргийн газрын бүдүүвч зургаас харахад шүүгдэгч Б.Б нь тухайн газарт авто машинаар олон тооны тойрог үүсгэж явсан мөр үүсгэсэн амь хохирогч нарыг авто машинаар хөөж, улмаар дайрч амь насыг нь хохироосон болохыг нотолж байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учруулсан байдаг онцлогтой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааасан байх бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгч Б.Б нь амь хохирогч нарыг авто машинаар хөөж байгаа үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд дайрч амь насыг нь хохироосон тул санаатайгаар хүн алсан гэж үзнэ.
Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг үндэслэн Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн шинжээч нар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаартай дүгнэлтийг гаргасан хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй хэрэгт бодит байдалтай нийцсэн, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлсэн болно.
Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Б.Б, амь хохирогч Ц.Б, Ц.О нар согтуу байсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх химийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дугаартай “...Талийгаач Ц.Б цусанд 5.1%, шээсэнд 5.0%, ходоодны шингэнд 6.6% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн I хавтасны 197-р тал/, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дугаартай “...Талийгаач Ц.О цусанд 2.7%, ходоодны шингэнд 3.5% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн I хавтасны 206-р тал/-үүдээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг алсан бол...” гэж хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь хоёр хүн алсан тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан хүн алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б “согтуу байсан учраас болсон явдлыг санахгүй байна” гэж мэдүүлж байгаа нь түүний үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх, хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хохирол, хор уршгийн талаар:
Амь хохирогч Ц.Б хууль ёсны төлөөлөгч Б.Б 5.796.800 төгрөг, амь хохирогч Ц.О хууль ёсны төлөөлөгч Т.Б 621.300 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн байна. Мөн тус бүр сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч Б.Б амь хохирогч Ц.Б хууль ёсны төлөөлөгч Б.Б 7.900.000 /долоон сая есэн зуун мянга/ төгрөг, амь хохирогч Ц.О хууль ёсны төлөөлөгч Т.Б 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд амь хохирогч Ц.Б хууль ёсны төлөөлөгч Б.Б учирсан хохирол төлөгдсөн гэж үзнэ.
Амь хохирогч Ц.О хууль ёсны төлөөлөгч Т.Б хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй гэж мэдүүлж байгааг харгалзан 2.100.000 төгрөгөөс давсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримт бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр тус тус заасан байх бөгөөд хүний нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй.
Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Т.Б л нарын тус бүрийн сэтгэл санааны хохирол гэж 10 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүнийг алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Б.Б нь сэтгэцийн хувьд эрүүл. Б.Б нь сэтгэл мэдрэлийн өвчин байхгүй. Б.Бнь болсон үйл явдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Б.Б нь хэрэг хариуцах чадвартай.” гэх 28 дугаартай дүгнэлт /хх-ийн I-р хавтасны 213-214-р тал/-ээр хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж байжээ /хх-ийн II хавтасны 157-159-р тал/.
Шүүгдэгч Б.Б хувийн зан байдлын талаар гэрч С.Б өгсөн: “Миний хүү Б.Б нь бага насаа эцэг эхийн дэргэд Завхан аймгийн Завхан тэс суманд өнгөрөөж, Завхан тэс, Асгат сумдад 3 жил хичээлд суугаад хичээлээс гарсан. Бага боловсролтой, хичээл сургуулиас гараад эцэг, эхийн дэргэд мал маллан амьдарч байсан. Цэргийн алба хаагаагүй, насаараа аав, ээжтэйгээ цуг мал маллан амьдарч байгаад 8 жилийн өмнө Зүүнхангай сумын төвд шилжин ирж суурьшсан. Манайх хувиараа хөрөө рам, дугуй засвар ажиллуулдаг. Тэр ажлын ихэнхийг Б.Б хийдэг. Б.Б нь одоогоор ээж, аавын хамт амьдардаг. Урьд нь Н гэдэг хүнтэй гэр бүл болоод 6 жил орчим амьдарч байгаад салчихсан. Уг нь дундаасаа 3 хүүхэдтэй. Н өөр хүнтэй нийлээд яваад байхаар нь Б.Б салчихсан. Одоо Т гээд Улаанбаатар хотын нэг охинтой үерхэж байгаа. Зан байдлын хувьд даруухан, хүний үгэнд оромтгой, хүнд чадахгүй гэж хэлж чаддаггүй. Хийнэ гэсэн бол хийдэг. Архи согтууруулах ундааны зүйлийн хувьд таарсан үедээ уучихдаг. Ямар ч хамаагүй хүн, найз нөхөдтэйгөө таарсан л бол уучихдаг. Архи уугаад ааш зан нь хувирахгүй яг л эрүүлдээ байдаг тэр зангаараа л байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 88-89-р тал/, гэрч Ч.Б өгсөн: Б.Б бид хоёр Увс аймагт танилцаж байсан. Бид бие биедээ тусалж, нэгнийхээ гэрээр орж гардаг байсан. ...Б.Б нь зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилсаг хөдөлмөрч зантай, бусдад тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй залуу байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 182-р тал/, гэрч С.Н өгсөн: “Би Б.Б 2003 онд Завхан аймгийн Сан Маргаз суманд танилцаж 2004 онд гэр бүл болж Сант Маргаз суманд 3 жил амьдраад тэндээсээ Улаанбаатар хотод 1 жил амьдарсан. Дахин сумандаа очиж 1 жил амьдраад Ховд аймгийн төвд 3 жил амьдарсан ба 2011 онд Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч байгаад 2013 оноос тусдаа амьдрах болсон. Бид хоёр 3 хүүхэдтэй... Б.Б нь зан араншингийн хувьд хөнгөн зантай, огцом ууртай, ялимгүй зүйлд баярлаж хөөрдөг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бусдад тусархуу, аливаа зүйлд өөриймсөг хандаж, сэтгэлээсээ хийдэг юм. Найз нөхөд олонтой, хүнтэй амархан танилцаж, дотносодог. Хүнтэй харилцах харилцаа сайтай. Нээлттэй, яриасаг, нүүрэмгий зан араншинтай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд байдаг, согтсон үедээ хааяа агсам тавьдаг байсан, тамхи татдаг. Урьд нэг удаа малын хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байсан боловч хэрхэн шийдэгдсэнийг нь мэдэхгүй. Ар гэртээ хандах хандлагын хувьд сул. Олон хоногоор юу хийж, хаагуур явж байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй хэсээд алга болчихдог, заримдаа бүр 2-3 сарын хугацаанд тэнээд явчихдаг. Б.Б нь хамт амьдарч байх хугацаандаа согтсон үедээ намайг хааяа зодож нүддэг байсан. Гэхдээ гэмтэл бэртэл учиртал зодож цохиж байгаагүй. ...Нэг удаа над руу утасдаад би хүн амины хэрэгт холбогдоод хоригдож байгаад гарч ирлээ, гэхдээ би тэр хэргийг хийсэн эсэхээ санахгүй байна. Би их согтсон байсан гэж хэлж байсан. Түүнээс хойш холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 188-189-р тал/ хэрэгт авагджээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хоёр хүний амь нас хохироож хүнд хор уршиг учруулсан байдал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон 215 / хоёр зуун арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь хорих ялаар шийтгүүлсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү,д овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан хүн алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар шүүгдэгч Б.Б-д 16 /арван зургаа/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Батцогтод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б 7.900.000 /долоон сая есэн зуун мянга/, Т.Б 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг төлснийг тус тус дурдаж, сэтгэл санааны хохиролд тус бүр 10 сая төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогч Ц.О хууль ёсны төлөөлөгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргах гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хюньдэй Карго трак авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ