Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 87

 

2017 оны 02 дугаар сарын 02                  Дугаар156/ШШ2017/00087                           Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00061/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
    Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин сум, 4 дүгээр баг, Улзын 4-12 тоотод оршин суух, Бодонгууд овогт Цэрэнжавын Цэрэндолгор нэхэмжлэлтэй
Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранзул, нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэрэндолгор нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие 1946 онд Улаанбаатар хотын Амеркан дэнж гэдэг газар Цэрэнжавын 1 дүгээр хүүхэд болон төрсөн юм. Бага насаа эцэг эхийн  гар дээр өнгөрөөж 1954 онд Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийн 1 дүгээр ангид орж байсан. Хэнтий аймгийн Норовлин суманд 1958 онд 4 дүгээр ангийг төгсөж, Дадал сумын сургуульд шилжин очиж 1962 онд 7 дугаар ангийг төгсөөд Дорноговь аймгийн Анагаах Ухааны дунд сургуулийн эмчилгээний ангид орж суралцсан. Монгол улсын улаан паспорт солигдох үеэр  өөрийн төрсөн дүү Цэрэнжавын Оюунхандтай нас минь солигдож олгогдсны улмаас 1949 онд төрсөн болж бүртгэгдсэн.
 Дээрх нөхцөл байдлын улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд миний насыг 1946 оны 05 дугаар сарын 14 өдөр төрснөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч Цэрэндолгор нь миний төрсөн ээж байгаа юм. Миний ээж Дорноговийн анагаахын ухааны их сургуульд сурч байхдаа ухаан алдаж унадаг өвчтэй болсон юм. Миний ээжийн дүүг Цэрэнжавын Оюунханд гэдэг юм. Оюунханд эгч 1949 онд төрсөн. Миний ээж бол 1946 онд төрсөн юм. Ээжийн маань төрсөн он нь Оюунханд эгчийн төрсөн онтой солигдож бичигдсэнээс болж ээж маань тэтгэвэрт орж чадахгүй байгаа юм. Ээж маань намайг 1969 онд 23 настайдаа Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх газарт төрүүлсэн. Ээжийн маань дүү манай ээжээс 3 насаар дүү юм. Ээж маань одоо 71 настай. Иймээс ээжийг маань Улаанбаатар хотод 1946 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Үндэсний төв архивын лавлагаа /хх-ийн 8х/-нд:..Хэнтий аймгийн Дадал сумын 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 113 дугаар хуудсанд Цэрэнжавын     Цэрэндолгор эмэгтэй,         10 настай гэж бүртгэгдсэн байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Үндэсний төв архивын лавлагаа, хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9/ бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэрэндолгор нь Улаанбаатар хотод 1946 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Цэрэндолгор нь Улаанбаатар хотод 1946 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Монгол улсын үндэсний төв архивын 2015 оны 10 дугаар сарын 19 өдрийн 032/1221 дугаартай тодорхойлолт /хх-ийн 9/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранзулын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

Хүсэлт гаргагч Ц.Цэрэндолгорын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Цэрэнжавын Цэрэндолгор (РД:СИ49051401)-ыг Улаанбаатар хотод 1946 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Харин нэхэмжлэгч Ц. Цэрэндолгор нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн нэн ядуу өрхөд хамаарагддаг, өрх толгойлсон эмэгтэй тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгөхийг хүсч өргөдөл гаргасныг хүлээн авч түүнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. 
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Норовлин сумын Засаг дарга     П. Алтангэрэлийн:..Ц. Цэрэндолгор нь хүүгийн хамт ам бүл 2-уул амьдардаг,                 А дансандаа малгүй, амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой, нэн ядуу өрх гэсэн тодохойлолт /хх-ийн 4х/, Жаргалант багийн нэн ядуу өрхийн жагсаалт /хх-ийн 5-7х/  зэрэг баримтуудаар түүний хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөх бололцоогүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар нэхэмжлэгч Бодонгууд овогт Цэрэнжавын Цэрэндолгор (РД:СИ49051401)-ыг Улаанбаатар хотод 1946 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч Ц.Цэрэндолгорыг 1946 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрснийг иргэний бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх олгохыг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрэндолгорыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БОЛДБААТАР