Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М овогт Дэ Ж холбогдох эрүүгийн 2035000000054 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын  10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 13-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух М овогт Д.Ж /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Ж нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 21-ний шөнө иргэн Ж.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Д.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Ж нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 21-ний шөнө иргэн Ж.Г зодсон болох нь:

Хохирогч Ж.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 3 дугаар сарын 21-ний Тэс сумын 8 дугаар багаас 3 дугаар багт байдаг Б 3 тооны адуу худалдаж авахаар ярилцсан байсныгаа авахаар Г.А хамт мотоциклиор гэрт очсон юм. Б уулзаад адууг үзэж, үнэ мөнгөө тохиролцоод гэрт нь ирээд сууж байтал Ж /Д.Ж/ гэх үл таних залуу орж ирээд Г.А бид хоёрт хандаж “8 дугаар багийн хүмүүс энд юу хийж яваа юм бэ? Овоо гарууд бэ?” гэж хэлэхэд нь бид хоёр юу ч хэлээгүй. Б 0.5 литрийн хар Чингис архи задалсныг Б, Жамуу /Д.Ж/ хоёр уусан юм.  Гэрээс Г.А Ж /Д.Ж/ хоёр хамт гараад явахаар нь араас нь гарахад тэд нар гадна байгаагүй юм. Удалгүй Ж /Д.Ж/ нэг шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи авч орж ирээд задлаж хундагалахад би тэр архинаас амсчихаад “Би хоёр явлаа” гэхэд Б эхнэр “Хоол хийж байна. Та хоёр хоол идчихээд яв” гэхээр нь хүлээж байгаад хоол идээд сууж байтал Ж /Д.Ж/ хоолтой аягаа шидэж миний уруул руу цохихоор би зугатаагаад гэрээс гарахад миний араас А, Б, Ж /Д.Ж/ нар гарч ирсэн. Амотоцикль дээрээ суугаад намайг суу гэхээр нь би эмээлээ аваад ард нь суухад араас хүн ирж байгаа чимээ гарахаар нь эргээд хартал миний баруун талын нүд рүү модоор нэг удаа цохьсон. А бид хоёр мотоцикльтойгоо унахад Ж /Д.Ж/ миний нүүр лүү нэг удаа өшиглөхөд нь А барьж аваад салгасан юм. А бид хоёр мотоциклио хаячихаад малын хашааны ард орж нуугдаж байгаад Ж /Д.Ж/-г гэрт орж унтахаар нь мотоциклио түлхэж гэрээс холдуулж байгаад асаагаад зугатаасан юм. Ж/Д.Ж/ миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад өгсөн: “Ж.Г надаас 3 гүү худалдаж авахаар ярилцсан байсныгаа үзэхээр 2020 оны 3 дугаар сарын 21-ний Тэс сумын 8 дугаар багаас манайд ирсэн. Бид хоёр адуугаа очиж үзэж үнэ, мөнгөө тохиролцочихоод манай гэрт ирээд сууж байтал  манай хүргэн ахын залуу Ж/Д.Ж/  орж ирээд Ж.Г, Г.А  хоёрт хандаж “8 дугаар багийн хүмүүс энд юу хийж яваа юм бэ? Овоо гарууд бэ?” гэж хэлээд суусан юм. Би 0.75 литрийн Хар Чингис нэртэй архи задлаж тойруулаад өөртөө 2 удаа хийж уучихаад малаа хөхүүлэхээр гарахад Ж.Г, Г.А, Ж /Д.Ж/ нар гэрт үлдсэн. Удалгүй Ж /Д.Жамъян/, Анхбаяр хоёр 4 дүгээр багийн төв явж нэг шил Улаанбаатар нэртэй архи авч ирсэн. Тэр архийг задлаж байхад Ж.Г, А явна гэхэд нь манай эхнэр “Хоол хийж байна. Хоол идээд яв” гэхэд хүлээж байгаад хоол болохоор хоолоо идээд сууж  байтал Ж /Д.Ж/ хоол идэж байсан аягаа Ж.Г руу шидэж нүүр лүү нь цохиход Г гэрээс гүйгээд гарсан. Араас нь А, Ж /Д.Ж/ бид гурав гарахад Г нүүрээ дараад зогсож байсан бөгөөд А шууд мотоцикль дээрээ суухад Г эмээл аваад ард нь суусан юм. А мотоциклио асаах гэж байтал Ж /Д.Жмод барьж гүйж очоод Гнүүр лүү цохиход тэр хоёр мотоцикльтойгоо унахад нь Ж/Д.Ж/  Г нүүр хэсэг рүү өшиглөхөд нь А барьж салгасан юм. А, Г хоёр явган зугатаагаад явсан. Би бас зугатааж яваад модон дотор хэвтэж байгаад ирэхэд Га, Ар хоёр мотоциклио аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

Гэрч Г.А мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 21-ний 13 цагийн үед авга ах Г манай аав руу утсаар яриад Тэс сумын 3 дугаар багийн Бс 3 тооны адуу худалдаж авах гэсэн юм. А намайг тэр айлд хүргүүлээд өгөөч” гэж ярьсан. Аав намайг яваад ир гэхээр нь би Г ахыг аваад Бгэдэг айлд очсон. Г ах Б гэдэг хүнтэй тэмээгээр явж адуугаа үзчихээд ирээд сууж байтал Ж /Д.Ж/ гэж дуудаг залуу согтуу орж ирээд Гах бид хоёрт хандаж “8 дугаар багийн хүмүүс энд юу хийж яваа юм бэ? Овоо гарууд бэ?” гэж хэлэхэд нь бид хоёр юу ч хэлээгүй. Би гараад бие засчихаад ороод ирэхэд  Г, Б, Ж /Д.Ж/ гурав дундаа нэг шил архи тавьчихсан байсан. Тэр архийг Б, Ж /Д.Ж/ хоёр хувааж уусан. Ж/Д.Ж/ нь надаас “Мотоциклийн түлхүүр өг” гээж миний мотоциклийн түлхүүрийг аваад би ард нь суугаад 4 дүгээр багийн төвийн хажууханд ирээд “Би энд хүн цохьчихсон байгаа. Чи тэр цэнхэр дээвэртэй байшинтай айлаас очоод нэг шил архи аваад ир” гэхээр нь би очиж 0.5 литрийн Улаанбаатар архи авч ирээд буцаад бид хоёр Б гэрт очсон. Тэгээд Г ах бид хоёр явах гэхэд Б эхнэр “Хоол хийж байна. Та хоёр хоол идчихээд яв” гэхээр нь бид хоёр хүлээж байгаад хоол идээд сууж байтал Ж /Д.Ж/ хоолтой аягаа Г ахын нүүр лүү шидэж цохиход нь Ганбат ах нүүрээ дараад гэрээс гүйгээд гарахаар нь араас нь БЖ /Д.Ж/ бид гурав гараад би шууд мотоцикль дээрээ суугаад Г явья гэхэд Ганбат эмээлээ аваад миний  ард нь суусан. Би мотоциклио асаах гээд маниулдаж байтал Ж /Д.Ж/ араас гүйж ирээд Г нүүр лүү модоор нэг удаа цохиход бид хоёр мотоцикльтойгоо унасан. Ж/Д.Ж/ дахин гүйж ирээд Г нүүр хэсэг рүү өшиглөж байхад нь би барьж болиулах гэхэд миний дээлний энгэр хэсгийг урсан юм. Би Г дагуулаад явган зугатаж малын хашааны ард орж нуугдаж байгаад Ж/Д.Ж/-г гэрт орсны дараа мотоциклио асаахгүйгээр түлхэж гэрээс холдуулж байгаад асаагаад Г гэрт очсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Шүүгдэгч Д.Ж мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед нэлээд согтуу байсан болохоор Г миний авч ирсэн архинаас уухгүй болохоор нь уурлаад аягатай хоолоо Г нүүр лүү шидчихсэн юм. Гэрээс гараад мотоцикль дээрээ суугаад явах гэж байхад нь модоор нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод газарт унахад нь нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Архи ууснаас  болж хүн зодож, ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 215 дугаартай “Ж.Г биед тархи доргилт, хамар ясны хугарал, дээд уруул, уруулын салстад язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотно буланд цус хуралт, баруун нүдний зовхин дор хий хуралт, баруун хацар, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, үүдэн дээд зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлдлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, дээд уруул, уруулын салстад язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/-ээр хохирогч Ж.Г биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Ж нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хохирогч руу сандал шидсэн үйлдэл нь хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд шидэж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ж.Г биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Г мөрдөн байцаалтын шатанд хохирол, гомдолгүй талаар тодорхойлолт /хх-ийн 70-р тал/ гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Б өгсөн: “Д.Ж нь төлөв даруу зантай, ажилсаг хичээнгүй. Хааяа архи уудаг. Аав, ээжийнхээ хамт амьдардаг. Аав, ээж хоёр нь хоёулаа төрийн үйлчилгээний албан хаагч нар юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, Гэрч Д.Д өгсөн: “Д.Ж багаасаа хамт тоглож өссөн болохоор сайн мэднэ. Тэр төлөв даруу ажилсаг хичээнгүй зантай хүн. Хааяа архи уудаг, тамхи татдаг. Архаг хууч өвчингүй. Аав, ээжийнхээ хамт амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Д.Ж урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 57-р тал/-гаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчтай тохиролцож ирсэн торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ГАНСҮХ