| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0115/э/ |
| Дугаар | 113 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 113
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 203000000198 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг А гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агэх газарт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 27-32 УНК улсын дугаартай Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Т.Цийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2030000000148 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Бийн гэрийнх нь хойд талд байх мухлагнаас хаймар аваад худаг руу явах гэхэд Бийн 3 настай охин аав дээрээ очъё гээд байхаар нь арын суудалд суулгачихаад хөдлөх гэхэд Тын 2 настай охин машины хажууд ирээд Бийн охиныг дагаад хамт явах гээд байхаар нь машины зөв талын буюу зүүн талын арын суудалд мөн суулгаж худаг руу явах гээд хөдөлтөл гэнэт хаалга онгойхоор нь эргээд хартал Бийн охин ганцаараа арын суудалд сууж байсан. Би машинаа зогсоогоод буугаад хартал Тын охин машины зүүн хойт талд нүүр нь хөхөрсөн, хамраас нь цус гарсан, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Би охиныг тэврээд Тын гэрийн гадна очоод охин чинь машинаас уначихлаа гэж хэлээд Тт охиныг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/
- Хохирогч С.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчимд Бийн гэрийн гадаа Э миний охин Цийг тэвэрчихсэн хүүхэд чинь машины хаалгаар уначихлаа гэж хэлэхээр нь би хүүхдээ аваад тэвэрсэн юм. Тэгээд түргэн тусламж дуудаад Бийн машинтай эхнэр Д, Б, талийгаач бид 4 сумын эмнэлэг рүү явсан. Эмч үзлэг хийгээд нас барсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Хохирогч С.Тын Цагдаагийн газарт гаргасан: Талийгаач Т.Цийн эцэг болох С.Т миний бие нь ажил явдлын зардал болох нийт 5 000 000 төгрөгийг Б.Бээс 2020 оны 03 дугаар сарын 26-нд бэлнээр авсан нь үнэн болно. Б.Эт гомдол санал байхгүй гэв. /хх-ийн 65-р хуудас/
Гэрч Г.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э нь Тын хүүхдийг тэвэрчихсэн Төвшөө танай хүүхэд чинь машинаас уначихлаа гэж хэлсэн. Хүүхдээс цус гарч байхаар нь би цусыг нь угаа гэж хэлэхэд Т хүүхдээ угааж байхад эхнэр Д нь ирсэн тэгээд манай машинаар эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө үхрээ услаж байхад худгийн насосны шаланк доогуураа хий алдаад байхаар нь Эыг гэр рүү яваад олгой хаймар хайчтай аваад ир гээд өөрийн Harrier маркийн 27-32 УНК улсын дугаартай автомашиныг бариулаад явуулсан. Хэсэг хугацааны дараа манай эхнэр М ирээд Э машинаас айлын хүүхэд унагачихлаа гэсэн. Тэгээд би очиход хүүхэд ухаангүй байсан тул шууд эмнэлэг аваад явсан. Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Ч.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э манай 2 настай охин Цийг машинаас унагасан байсан. Намайг ямаагаа самнаад сууж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээс гараад хартал Бийн гэрийн үүдэнд Т охиноо тэвэрчихсэн зогсож байхсан. Би яасан бэ гээд яваад очиход машинаас унагачихлаа гэсэн. Охин ухаангүй байдалтай байсан. Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-06-р хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-09-р хуудас/
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 10-11-р хуудас/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Цийн цогцост гавал тархины битүү гэмтэл, духны зүүн хэсгээс баруун арагш чиглэлтэй суурь ясны их биеийг дайрч баруун их далавчны дагуу баруун чамархай дагзны заадал хүрсэн шугаман хугарал, тархины эдийн няцралт, уушигны няцрал, нүүрэнд ар нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн материалд нотлох баримтуудтай танилцахад жолооч Б овогтой Э 27-32 УНК улсын дугаартай Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т зааснаар “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” мөн дүрмийн 23.8-т зааснаар “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь 27-32 УНК улсын дугаартай Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 23.4, 23.8-т заасан хүн тээвэрлэх дүрмийн заалтууд зөрчсөн байх тул зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна /хх-ийн 38-р хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эы хохирол нэхэмжилсэн баримт /8-20/
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас /
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-38/
Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57-р хуудас/,
Б.Эын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-96/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агэх газарт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 27-32 УНК улсын дугаартай Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Т.Цийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Т, гэрч Г.М, Б.Б, Ч.Д нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Э нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Т.Цийн амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Э нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Эт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Б.Эт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэх үүрэг хүлээлгэх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Т гомдолгүй, нэхэмжлэхзүйлгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Бийн Эыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эт зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА