| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0051/э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр
Хохирогч: Ц.Ц
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Ж холбогдох эрүүгийн 1935001970035 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 11-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 6-3 тоотод оршин суух Т овогт Б.Ж / РД:/.
Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Ц.Ц түүнд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах хашаанд нь жинлэж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхрийн 613 килограмм, хонины 3.613 килограмм, ямааны 1.088 килограмм махыг завшиж, иргэн Ц.Ц 23.131.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Ж-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Ц.Ц түүнд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах хашаанд нь жинлэж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхрийн 613 килограмм, хонины 3.613 килограмм, ямааны 1.088 килограмм махыг завшсан болох нь
1. Бичиг баримтад үзлэг хийсэн “Уг дэвтэрийн 4-р хуудасны арын нүүрэнд Б.Жнь Ц мах хүлээж авахдаа тэмдэглэсэн тэмдэглэл байв. Тэмдэглэлд ямаа мах 1088х4000=4.352.000 төг, хонь мах 3.613х4000=14.452.000 төг, үхэр мах 613х5000=3.065.000 төг, S=21.869.000 төг, өлөн= 338.000 төг, зун үлд=7.300.000 төг, S=29.656.000 төг гэж бичсэн байв” гэх тэмдэглэл /хх-ийн I хавтасны 07-08-р тал/,
2. Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.Ж урьд өмнө нь таньдаггүй байсан ба 2018 оны 6 дугаар сард манай сумын Б гэх залуу хажуудаа нэг залуугийн хамт мотоциклтой голын дэргэд тааралдаж уулзаад та ноосоо өгөх зарах юм уу, энэ залуу ноос авч байна. Гэр бүлээрээ явж байгаа бөгөөд өөрсдөө ноосоо хайчлаад жинлээд худалдаж авч байгаа юм байна. Та ноосоо өгөх үү гэхээр нь би ч зөвшөөрч ноосоо өгөхөөр болсон. Маргааш нь Б.Ж гэх тэр залуу ганцаараа машинтай хүрч ирээд би өөр айлын ноос хайчилж байна. Үүнийг дуусгаад маргааш танай гэрийн ноосыг хайчилж авна гэж хэлсэн. Маргааш нь Б.Ж нь өөрийн аав, эхнэр, эгч, М гэх манай сумын залуу зэрэг хүмүүстэй ирж манай хонины ноосыг хайчилж, 3 хоносон. ...Б.Ж намайг дагуулж Маяти-2 маркийн цагаан өнгийн ачааны машиыг үзүүлээд 20 сая төгрөгөөр зарна гэж байна. Миний дансанд 10 сая төгрөг байна. Машины үнийг буулгаад 17 сая төгрөгөр авчих юм шиг байна. Эгч та 7 сая төгрөг зээлээч би ноосоо тушаагаад 2018 оны 9 дүгээр сард буцаагаад өгье гэж хэлсэн. Би тухайн үед Б.Ж хүний малын ноосыг өөрөө хайчлаад авч байгаа хөдөлмөрч залуу болохоор нь итгээд 7 сая төгрөг зээлсэн. ...Би өөрийн хүү Э байр авч өгөх зорилгоор мал зарах бодолтой байсан бөгөөд малаа нядлаад махыг нь зарвал арай илүү үнэд хүрнэ гэж тооцоолж байсан. Энэ талаараа Б.Ж хэлэхэд “Танай малыг тууж ирээд манай хашаанд нядлая. Манай хашаа их том, энд цас орчихсон байна, би өөрөө очоод малыг тууж өгнө гэхээр нь чи ирэхээр бол манай малын өвс ачаад ир гэж хэлсэн. Б.Ж нь машинтай өвс ачиж ирэхдээ Т болон өөр нэг танихгүй залуу дагуулж ирсэн бөгөөд тэр хүмүүсээр мал туулгахаар болсон. Маргааш өглөө нь Улаангом сум руу туулгахдаа малаа тоолж үзэхэд 174 тооны хонь, 71 тооны ямаа, 4 тооны үхэр байсан бөгөөд би нөгөө хоёр залуугаар малаа туулган явуулж, өөрөө үхрээ машинд ачиж хамт явсан. Улаангомд ирчихээд Б.Ж нь цагдаад шалгагдаад тэр өдөр нь өнжиж, мал харангадаад эхэлсэн тул би маргааш нь амаар зар тарааж хүмүүсээс мал нядлуулах болсон. Тэгээд 10 гаруй хүн ирж, миний малыг өдөрт нь нядлаад дуусгасан. Би нэг малыг 2000 төгрөгөөр тооцож, нядлуулсан бөгөөд үхрийг 15.000 төгрөгөөр тооцож нядлуулсан. Уг хөлсийг би өөрөөсөө гаргасан бөгөөд 550.000 төгрөг төлсөн. Би Б.Ж 130.000 төгрөг өгч явуулаад мах боох зорилгоор нэг боодол цоохор цаас авахуулж, махаа хөлдөөж хонуулсан. Маргааш нь махны үнэ судлаад таньдаг хүнээсээ цахилгаан жин авч ирж махаа жинлэж үзэхэд дутуу заагаад байх шиг байсан ба нийтдээ 6 тн гаруй мах болсон тэр үед нь би тэмдэглэж аваад Б.Ж гарын үсэг зуруулсан байдаг юм. Цагаан сарын өмнө махны үнэ нэмэгдэж өснө гэж бодоод би махаа хадгалж байгаад цагаан сарын өмнө заръя гэж бодоод махаа Б.Ж үлдээсэн юм. Б.Ж өөрөө манай хашаа том хэмжээтэй, нохойтой. Аав ээж хоёр гэрт байдаг болохоор алга болгохгүй хадгалж байя гэж хэлсэн. Би түүнд зар гэж хэлээгүй. Өөрөө ирж махаа зарна гэж үлдээсэн. Тэгээд харьсан бөгөөд Цагаан сарын өмнө ирэхэд хашаанд нь миний малын мах байхгүй байгаагүй. Би Б.Ж утсаар ярьж, мах яасан талаар асуухад би зарчихсан гэж хэлсэн. Би хэдэн кг болсон бэ гэхэд Т гэх хүнтэй хамт махаа зарсан гэж хэлсэн. Би мөнгийг нь яаралтай шилжүүл гэх хэлээд дансаа явуулахад мөнгө шилжүүлээгүй. Сүүлдээ миний дугаарыг ч авахгүй болсон. Одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй байгаа юм. Хамт байсан хүнд нь хэлж яриулчих гэхэд ярихгүй байсан. Би Б.Ж мах зар гэж огт хэлээгүй, Б.Ж надад хэлэхгүйгээр миний махыг авч яваад зарчихсан, зарсан мөнгөө ч өгөөгүйд туйлын их гомдолтой байна. Би Б.Ж махны үнэ 23.131.500 төгрөг, машин зассан сэлбэг болон засварчны хөлсөнд гаргасан 2.299.500 төгрөг, цагдаа, шүүхэд дуудагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардал 480.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийтдээ 26.911.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 10-14, 112-115-р тал/,
3. гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Ц хичнээн тооны мал нядлахаар явуулсныг мэдэхгүй байна. Хонь нь голдуу эр хонь, эх хонинууд байсан. Ямаа нь сэрх, эх ямаанууд байсан. Дөрвөн үхэр байсан ба үүнээс хоёр эм үхэр, хоёр эр үхэр байсан. Малыг нядлаад махыг жинлэхэд нь би тусалж байсан ба Ц.Ц, Б.Ж нар хоорондоо малын мах дунджаар 22 кг байна гэж ярьж байсан. ...Улаанбаатар хотод оччихсон байхад Ц.Ц Б.Ж яриад байсан. Надтай яриагүй. Харин Улаанбаатар хотод Б.Ж бид хоёр 10 гаруй хоноод ирэхэд миний гар утас руу Ц.Ц залгаад Б.Ж миний гар утсыг авахгүй байна. Б.Ж яриулаад өг гэхээр нь би Б.Ж гар утсаа ав гэж хэлээд Ц.Ц яриулахад тэр хоёр мөнгөний тухай хоорондоо яриад маргалдаж байсан. ...Б.Ж Ц.Ц малын махыг зараад зээлээ төлсөн гэж Б.Ж өөрөө надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 16-17, 120-121-р тал/,
4. гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тухайн үед малыг нядалж, махыг Ц.Ц Б.Ж хоёр тус тусдаа цаасан дээр бичиж тэмдэглэж байсан. Тэр хоёр тухайн үед нядалсан малын махыг Улаанбаатар хот руу ачих талаар ярилцаагүй. Мал нядалсан өдрөөс хойш 7 хоногийн дараа би Б.Ж гэрт очиход Б.Ж “би Улаанбаатар хот руу мах ачих гэж байгаа гэж хэлж байсан. Би дотроо тухайн үед Ц.Ц малын махыг ачих гэж байгаа юм байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 122-р тал/,
5. гэрч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 12 дугаар сард манай сумын харьяат Ц.Ц гэх эмэгтэй өөрийн эзэмшлийн малыг Улаангом сум руу оруулж, Б.Ж гэх залуугийн хашаанд нядалж махыг нь хадгалуулсан талаар хүнээс сонсож мэдсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сард Б.Ж Улаанбаатар хот руу машиндаа мах ачиж, явах гэж байгаа талаар хүмүүсийн ярианаас сонссон. Одоо хэнээс сонссон талаараа санахгүй байна. Тухайн үед би Б.Ж хашаанд Ц.Ц малын мах байгаа гэсэн тул түүнийг ачиж явах гэж байгаа юм байна гэж дотроо бодсон. Тэгээд морьтой явж байгаад Ц.Ц гэрт очоод ярилцаж байгаад Б.Ж Улаанбаатар хот руу малын мах ачиж явах гэж байгаа талаар түүнд хэлэхэд Ц.Ц хэний ямар мах ачих гэж байгаа талаар лавлаж асуухад би мэдэхгүй гэсэн. Тэгээд би тэднийхээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 123-р тал/,
6. Увс Финанс Аудит ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 186 дугаартай шинжээчийн “2018 оны 12 дугаар сарын байдлаар хонины мах 1 килограмм 4.500 төгрөг, ямааны мах 1 килограмм нь 3.500 төгрөг, үхрийн мах 1 килограмм нь 5.000 төгрөг ийн үнэ ханштай байсан.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 24-р тал/,
7. гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ж нэг удаа худалдаж авч байсан. Би арьс, махны ченжээр олон жил ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сард байх би өдрийг нь сайн санахгүй байна. Б.Ж намайг зах дээр байхад ирж уулзаад мах зарна гэхээр нь түүнийг дагаж гэрт нь очиж хонь ямааны гулууз авсан байх. Би бас яг ямар малын мах авсныг санахгүй байна. Тухайн үед махыг хашаан дотроос нь аваад өөрийн машинд ачсан мөн Б.Ж автомашинд ачиж гэрт буулгасан. Б.Ж нь тухайн үед урт тэвштэй цагаан өнгийн ачааны автомашинтай байсан. ...Махны мөнгийг тухайн үед дансаар шилжүүлсэн. ...Би 2.000.000 төгрөг ямар учраас шилжүүлсэн гэдгээ сайн санахгүй байгаа ч махны үнийг шилжүүлсэн ба хоёр хуваагаад мөнгийг нь шилжүүлсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 130-131-р тал/,
8. Б.Ж эзэмшлийн Хаан банкны 5808150168 дугаартай дансны депосит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн I хавтасны 42-75-р тал/-аар тогтоогдож байна.
Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Ж нь өөрийн хариуцсан малын махыг худалдан борлуулсны үнийг өөрийн харилцах дансаараа шилжүүлэн авч банкнаас болон ББСБ-аас авсан зээлээ төлөх зэргээр хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Б.Ж бусдын хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын талаар:
Увс Финанс Аудит ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 186 дугаартай шинжээчийн “2018 оны 12 дугаар сарын байдлаар хонины мах 1 килограмм 4.500 төгрөг, ямааны мах 1 килограмм нь 3.500 төгрөг, үхрийн мах 1 килограмм нь 5.000 төгрөг ийн үнэ ханштай байсан.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 24-р тал/-ээр үхрийн 613 килограмм, хонины 3.613 килограмм, ямааны 1.088 килограмм мах нь 23.131.500 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогджээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогчийн 26.911.000 төгрөгийн нэхэмжлэлээс хохирогч Ц.Ц хэрэг хянан шийдвэлэх ажиллагаанд оролцохоор Наранбулаг сумаас Улаангом суманд ирж очсон замын зардалд 480.000 төгрөг нэхэмжилснээс 180.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул 180.000 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ж авто машин зассан сэлбэг болон засварчны хөлсөнд гаргасан 2.299.500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор Наранбулаг сумаас Улаангом суманд ирж очсон замын зардалд 300.000 төгрөг, завшсан махны үнэ 23.131.500 төгрөг, нийт 23.431.500 төгрөгийг шүүгдэгч Б.Ж гаргуулж, хохирогч Ц.Ц олгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Ж болон түүний өмгөөлөгч нар шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны дараа завсарлага авч хохирогч Ц.Ц шүүгдэгч Б.Ж өөрийн өмчлөлийн 17-27 УВА улсын дугаартай Хьюндэй маяти авто машиныг 14.784.600 төгрөгийн хохирол тооцон хохирогчид шилжүүлж, 19.252.900 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөхөө илэрхийлж, бичгээр тохиролцож ирсэн тул шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ж нь 19.252.900 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулаагүй тохиолдолд албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Н.Д-ийн өгсөн: “Б.Жнь миний найз болох залуу юм. Бид хоёр 5 жилийн өмнөөс бие биенээ таних болсон. Бид хоёрын гэр хамар хашаанд байдаг юм. Б.Ж эхнэр, хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Аав ээж нь бас хамт нэг хашаанд байдаг. Б.Ж нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Хавар намрын улиралд ноос ноолуур авч байдаг юм. Эхнэр Т нь ажилгүй байж байгаад саяхнаас ажилд орсон гэсэн. Хаана ямар ажилд орсон талаар нь мэдэхгүй байна. Б.Ж нь зан аашийн хувьд хүнтэй сайн харилцаатай, архи дарс, тамхи хэрэглэдэггүй. Хүнд худал хэлээд байдаггүй зантай залуу юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 137-р тал/, гэрч Д.Б-ийн өгсөн: “Б.Ж бид хоёр нэг сумын нэг багийн хүмүүс болохоор бие биенээ сайн танихын сацуу багаасаа найзалж, нөхөрлөсөн. Б.Ж нь найз нөхөдтэйгөө боловсон харилцаатай, хааяа нэг архи уучихдаг. Түүний хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй. Хувийн ачааны машинтай байсан ба түүгээрээ хөлсний ажил хийдэг байсан. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан талаар нь мэдэхгүй. Эд хөрөнгийн хувьд Буянт хороололд хашаатай, гражтай.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 138-р тал/,
Шүүгдэгч Б.Ж нь урьд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар баривчлах ял шийтгүүлсэн болох нь хавтаст хэргийн 184-190-р талд авагдсан шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Ж ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч Ц.Ц харилцан тохиролцож гэрээ байгуулсан байгаа тул хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах зорилгоор шүүгдэгч Б.Ж эзэмшлийн 17-27 УВА улсын дугаартай Хьюндэй маяти авто машиныг битүүмжилсэн 2020 оын 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгон хохирогч Ц.Ц-д олгож, Г-1520004202 гэрчилгээний дугаартай 700 мкв газар битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овогт Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ж-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч өөрийн эзэмшлийн 17-27 УВА улсын дугаартай хюньдэй маяти авто машиныг 14.784.600 төгрөгийн хохирол тооцон хохирогчид шилжүүлж, 19.252.900 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөхөө илэрхийлснийг дурдаж, биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Ж эзэмшлийн 17-27 УВА улсын дугаартай хюньдэй маяти авто машиныг битүүмжлэгдсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгон хохирогч Ц.Ц олгож, Г-1520004202 гэрчилгээний дугаартай 700 мкв газар битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ж өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ