| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0061/э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 2035000430048 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Тал хангайн Таван-Эрдэнэ ХХК-ийн захирал, хувиараа малын эмч ажилтай, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1-р баг, 606 тоотод оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Шовогт Ц.Б //.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус сумын хэсгийн цагдаа Б.Б албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, албаны дүрэмт хувцсыг нь урсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000430048 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед өөрийн хариуцсан нутаг дэвсгэр болох Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэрт тус сумын 1 дүгээр багийн иргэн М.С хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх явцад Наранбулаг сумын 1 дүгээр багийн иргэн Ц овогтой Б гэх залуу гэр хорооллын гудамжинд бие засаж байсан бөгөөд тэр үйлдлийг нь гар утсаараа зургийг нь дарж баримтжуулж авчихаад очоод та яагаад гудамж, талбай олон нийтийн газар бие засаж байгаа юм бэ гэж шаардлага тавихад Ц.Б надад хандаж чамд ямар хамаатай юм, чи зайл пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Б хандаж танд хууль ёсны шаардлага тавьж байна. Гудамж талбайд бие засахыг хуулиар хориглосон, та зөрчил гаргаж байна гэж хэлэхэд “чи чаддаг юм бол дахин баривчлаад явуулчих, өмнөх баривчилгааны 30 хоног чинь бага байна пизда минь, чамайг ална гээд над руу дайрч миний энгэр хэсгээс зуурч, миний өмсөж явсан албаны гадуур куртикны баруун мөрдөс хэсгээс татаж чангаасан ба мөрдөс газар унаж, гадуур куртикны баруун талын мөрний хэсэг оёдлоороо урагдсан мөн албаны гэрэлтдэг ногоон өнгийн хантаазны баруун, зүүн мөрнөөс доош байх саарал өнгийн цацруулагч дээр оёсон зүйлийг оёдлоор нь урсан. Тэгээд М.С бид хоёр Цагдаагийн хэсэг дээр авч ирж, гаргасан үйлдлийг нь Цагдаагийн газарт мэдэгдэн гомдол мэдээлэлд оруулсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
2. Гэрч М.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би урамшуулалт эргүүлээр 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын хэсгийн цагдаа Б.Б хамт сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 16 цагийн үед сумын төвд амьдардаг зүс таних Ц. гэгч нь гэр хорооллын гудамжинд бие засаж байсан. Тухайн үед цагдаа Б.Б нь гар утсаараа зургийг нь дарж, баримтжуулж авч байсан. Улмаар бид хоёр Ц.Б гэгч дээр очиход нэлээн согтуу байсан бөгөөд цагдаа Б.Б нь зөрчлийнх нь талаар тайлбарлан хэлж, яагаад зөрчил гаргасан талаар шаардлага тавихад Ц.Б нь цагдааг хэл амаар доромжилж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, цагдаа Б.Баянмөнхийн энгэр хэсгээс нь татаж чангааж эхэлсэн. Тэгэхэд цагдаа Б.Б нэг мөрдөс нь газар унасан ба би мөрдөсийг нь авч өгсөн. Хэсэг хугацаанд Ц.Б нь Б.Б цагдаатай маргалдаж, эсэргүүцэж барьцалдаж байсан. Тэгээд Б.Б цагдаа бид хоёр Ц.Б Цагдаагийн хэсэг дээр авч ирж, согтуурал хэмжигч багажаар согтуурлыг нь шалгасан. ...Тэр үед цагдаа Б.Балбаны хувцсаа тайлах үед куртик болон хантаазны энгэр, мөрдөс хэсгээр урагдсан байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23-р тал/,
3. Эд зүйл /Цагдаагийн албаны хар хөх өнгийн өвлийн куртик, гэрэлтдэг ногоон өнгийн хантааз/ хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-27-р тал/,
4. Хувцас /Цагдаагийн албаны хар хөх өнгийн өвлийн куртик, гэрэлтдэг ногоон өнгийн хантааз/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р тал/,
5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албаны ахлах шинжээч Б.Б-ын “1. Шинжилгээнд хүргүүлсэн цагдаагийн албаны хар хөх өнгийн өвлийн хүрэмний баруун мөрний мөрдөс зүүдэг хэсэгт 13 см хэмжээтэй, мөн ар нурууны зүүн далны хэсэгт 4 см хэмжээтэй, албаны гэрэлтдэг шар ногоон өнгийн хантаазны баруун болон зүүн мөрний урд хэсэгт байрласан 2.5 х 10 см хэмжээтэй саарал өнгө бүхий материал зэрэгт ханзарсан гэмтэл үүссэн байна. 2. Уг ханзарсан гэмтэл нь шинэ хуучин болохыг тогтоох боломжгүй. 3. Уг ханзарсан гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн бөгөөд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. 4. Уг ханзралт нь хүний гараар татах чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/21 дугаар дүгнэлт /хх-ийн 39-р тал/,
6. Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед согтсон байсан учир цагдаа Б.Б надад ямар шаардлага тавьсан болох, ямар хууль ёсны шаардлагыг хэрхэн эсэргүүцсэн талаараа санахгүй байгаа. Өмнө нь 2019 оны 12 дугаар сард Наранбулаг суманд байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож баривчилгаа авч байсан. Тэр үйлдэлд юм бодож байсан бөгөөд согтуу байх үедээ тэр бодлоо буруугаар илэрхийлчихсэн юм шиг байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Мөн цагдаа Б.Ба ажил дээр очиж уучлалт гуйж, миний урсан гэх хувцсыг оёж янзлах арга хэмжээ авсан. Би хийсэн үйлдлийнхээ гэм бурууг ойлгож байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б албан үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/21 дугаар дүгнэлт нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б нь албан үүргээ биелүүлж, эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан нь түүний мэдүүлэг болон гэрч М.С мэдүүгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Б нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б албан үүргээ биелүүлж байхад нь албаны дүрэмт хувцасыг нь урсан болох хохирогч Б.Баянмөнх, гэрч М.С нарын мэдүүлэг, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч Б.Баттулгын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/21 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б нь хууль сахиулагч гэдэгт хамаарна.
Шүүгдэгч Ц.Б нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б албан үүргээ биелүүлж гудамж буюу олон нийтийн газарт бие засаж болохгүй талаар тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн нь биеийн хүчээр халдаж албаны дүрэмт хувцасыг нь урсан үйлдэл нь хүч хэрэглэж эсэргүүцсэн гэдэг хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Б хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулагчийн халдашгүй байдал зөрчигдсөн байна. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “Албаны өвлийн куртикийг оёж өмсөж хэрэглэх боломжтой болгож өгсөн ба гэрэлтдэг шинэ хантаазыг шинээр авч өгсөн. Мөн энэ асуудал үүссэнээс хойш Ц.Б нь манай ажил дээр ирж надаас уучлалт гуйсан. Надад гомдол санал байхгүй” /хх-ийн 64-р тал/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Б хувийн байдлын талаар гэрч Б.Т өгсөн: “Би Ц.Баяраатай олон жил хамтран ажилласан бөгөөд түүний үеэл ах нь юм. ...Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, бусадтай нийтэч, олон юм яриад байдаггүй, цөөн үгээр оновчтой хүнтэй харилцдаг. Ажилч хичээнгүй, хийсэн ажлаа хийсэн шиг хийж гүйцэтгэдэг, бусдад тусархуу залуу байгаа юм. Харин нэг гэм нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ архи хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгээд байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/ хэрэгт авагдсан байна.
Мөн урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 71-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул Ц.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Ц.Б согтуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн, урьд өмнө нь согтуурсан үедээ зөрчлийн хэрэгт холбогдож байсан эсэхийг харгалзаж, шүүгдэгчид тэнссэн хугацаанд согтууруулах хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд согтууруулах хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ