Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 915

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.Гд холбогдох 201425000483 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

................ овгийн ...............ы ..............., 1971 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

Х.Г нь 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Сурагчийн 33 дугаар гудамжинд “хүүхдүүдийг нь аавтай чинь ална гэж хэлсэн” гэх шалтгаанаар Б.Бийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Х.Ггийн үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч ............... овогт ...............ы ...............г Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гг 6 сарын хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Гд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ггээс 1.311.587 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт олгож,

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч Х.Гг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 16-18 цагийн хооронд автомашинаа засч байсан. Тэр үед миний насанд хүрээгүй хоёр хүүхэд усанд явсан юм. Би автомашины нэг зүйл болохгүй болохоор хүнээс асуух гээд гараад явж байтал манай хоёр хүүхэд манай гудамжны Батхишигийн хашаанаас усны хоосон саваа барьчихсан гарч ирсэн. Тэр хоёроос юу болсоныг асуухад “ус булаагаад авчихлаа, өгөхгүй бол эцэгтэй чинь цуг ална гэж хэлсэн” гэсэн. Араас нь Батхишиг гарч ирэхээр нь “чи яагаад хүүхдийг эцэгтэй чинь ална гэж хэлж байгаа юм, зүгээр хэлээд гуйгаад авч болно шүү дээ” гэтэл “чи муу юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд намайг цамцнаас барьж хоолой шахаж боосон. Энэ үед гарыг нь тавиулах гэсэн боловч тавихгүй дотор бачимдаад сонин болоод ирсэн. Тэгэхээр нь хоёр чихнээс нь татаад хавсарсан. Тэр үед надаас зуурсан чигтээ унаж, би хамт тонгойж газар шороон дээр гэмтхээргүй унасан. Тэгээд тавиулж холдоход Батхишиг дахин босч ирээд “чи муу намайг согтуу байхад даам гарлаа” гээд над руу дайрч дахин намайг заамдаж авсан. Энэ үед манай гудамжны Батцэнгэл ах таарч бид хоёрыг салгасан. Болсон явдалыг Батцэнгэл ахад хэлтэл тэрээр Батхишигт “чи тэгэж болохгүй шүү” гэж хэлж байсан. Гэртээ байж байтал бага хүү маань гүйж ирээд “ааваа нөгөө Батхишиг ах чинь Батцэнгэл ахыг зодоод байна” гэж хэлсэн. Энэ үед би гэрээс гарангаа утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч, тэр хоёрыг салгасан. Дуудлага өгсөн цагдаа ирээгүй. Тухайн үед Батхишиг хүнд гэмтэл авах зодоон болоогүй. Мөрдөн байцаалтын шатанд дан ганц Батхишигийн үгээр явсан. ...Батхишиг намайг түрийтэй хар гутал өмсөж байхыг харчихаад бас гүтгэсэн. “Гомбосүрэн энэ хар урт түрийтэй гутлаараа зодсон, энэ гутлаа үргэлж өмсөж явдаг” гэж хэлж байсан. Тухайн үед байцаагч дуудаж уг гутлыг шинжилгээнд өгсөн. Тэр үед би зуны гуталтай байсан. Тухайн үед дулаахан байсан. ...Батхишиг нь эрүүл таархаараа юу ч дуугардаггүй, согтуу таарахаараа “хоёулаа хэргээ нэг гуйгаад аргалчих юмсан тийм ээ ахаа” гээд, дэлгүүрт таарчихаад “та надад 100.000 төгрөг өгчих, тэгээд хоёулаа салъя” гэж, бас дараа нь согтуу таарчихаад “та нэг 0.75 граммын архи аваад өгчих, дүү нь таниас 800.000 төгрөг авсан гээд гарын үсэг зураад өгье” гэж хэлж байсан. Батхишигийн мэдүүлэгт “0.33 граммын архи хувааж уудаг Ууганаа гэх хүнтэй уулзсан” гэдэг. Бас манай гудамжны тэрнээс асуухад “Батхишиг таньтай муудалцсаны дараа бас хүнтэй муудалцаад зодуулсан.” гэдэг. Яаж зодуулсаныг асуухад “толгой дээрээ өргөж байгаад газар савсан, цементэн дээр унаад ахаа болъё” гээд өмдөндөө өөрийн мэдэлгүй шээж байсан гэж хэлсэн. ...Мөн Батхишигт “чи өөр хүнд зодуулчихаад ахыгаа гүтгээд байна тийм ээ, ах нь чамайг хэнд зодуулсаныг чинь мэдсэн” гэхэд “үгүй, тийм юм байхгүй” гээд яваад өгсөн. Би Батхишигийг хавсарсан нь үнэн, хавсарсандаа маш их гэмшиж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Ггийн өмгөөлөгч Э.Болорчулуун гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо эх сурвалжаа заагаагүй буюу тодорхойгүй, өөр баримтаар батлагдаагүй, эргэлзээтэй хохирогч Б.Бийн мэдүүлгийг үндэслэсэн нь шийтгэх тогтоол үндэслэлгүй болсон гэж дүгнэхэд хүргэж байна. Учир нь хохирогч нь тухайн үйл явдлаас хойш хэд хоногийн дараа өвдөж эмнэлэг хүргүүлснээс гадна өөр бусдад тоосгоор тархи руугаа цохиулсан талаар түүний дүү болон хүүхэд нь мэдүүлсэн. Түүнчлэн түүний мэдүүлэгт “Х.Г хатуу ултай хар гутлаараа нуруу, толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлгийн дагуу тэр үед дээрх хар гуталтай байсан эсэхийг нэмж шалгалтаар шалгасан боловч өмсөж байсан нь нотлогдоогүй. Хохирогчийн мэдүүлэг болгон цаг хугацаагаа буруу хэлсэн, хэлсэн бүгд нь зөрсөн, тэр үед согтуу байсан нь итгэл төрүүлэх үндэслэлгүй зэрэг эргэлзээтэй баримт болсон. Шүүх гэрч Ц.Отгонтөгсийн мэдүүлгийг үндэслэсэн нь буруу гэж үзэж байна. Тэрээр хохирогчийн эхнэр бөгөөд тухайн үйл явдлыг огт хараагүй, тэр үед байгаагүй этгээд. Тэгэхээр үндэслэл бүхий мэдүүлэг өгөөгүй бөгөөд нэг гэр бүлийн хүн гэдгээр өгсөн мэдүүлэг нь бүрэн дүүрэн итгэлтэй баримт болж чадаагүй гэж үзэж байна. Гэрч Б.Алзахгүй буюу хохирогчийн хүү юм. Тэрээр аавынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй нь ойлгомжтой. Энэ гэрчийн мэдүүлэг нь өөр баримтаар батлагдсан нотлогдсон зүйл байхгүй. Харин гэрч Г.Өнөрмандах болон Б.Батцэнгэл нарын мэдүүлгээр ийнхүү толгой руу нь өшиглөж цохиогүй болохыг гэрчилсэн бөгөөд дээр дурдсан хатуу ултай хар гуталтай байгаагүйг гэрчилсэн. Шинжээчийн дүгнэлтүүд болон тэдгээрээс авсан мэдүүлгийг судалж үзэхэд “хохирогчид учирсан гэмтэл нь тухайн өдөр болсон” мэтээр зориуд, зохион байгуулалттайгаар мэдүүлсэн болгосон нь нэн эргэлзээтэй. Шинжээчид бүгд л “10 хоногт биш 2-3 хоногт” гэмтэл авсан мэтээр “үзмэрч” аятай мэдүүлсэн нь гайхалтай. Энэ хэргийг өмнө нь 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэж байсан. Тэр үед шүүх нөхцөл байдалд илүү ул суурьтай дүгнэлт хийж олон зүйлийг дахин шалгаж тогтоолгохоор буцааж байсан нь миний үйлчлүүлэгч Х.Ггийн гэм буруутай нь эргэлзээтэй байсных гэж боддог. Хамгийн гол нь хохирогчийн мэдүүлгүүд эргэлзээтэй бөгөөд тэрээр “өөр бусдад толгойндоо тоосгоор цохиулсан, хий гишгэж унахдаа толгойгоороо хана мөргөн унасан” зэрэг нөхцөл байдлууд болж байсан нь миний үйлчлүүлэгчийг буруутгах хангалттай үндэслэл гэж үзэхгүй байна. Иймээс шүүгдэгч Х.Г болон өмгөөлөгч миний бие энэ хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар Х.Г нь хохирогч Б.Бийн биед гэмтэл учруулаагүй бөгөөд гэм буруугүй гэж үзэж байна. Бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа” гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлгүүд эх сурвалжаа заагаагүй, үндэслэлгүй байхад хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 457 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, миний үйлчлүүлэгч Х.Гг цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн зүгээс Х.Гд холбогдох хэрэгт хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заансаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүний дагуу шүүх хэргийг хянан хэлэлцээд сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний биед хохирол учруулсан гэж үзэж анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Давж заалдах гомдолд дурдагдсан хохирогчийн мэдүүлэг болон хохирогчийн эхнэр Отгонтөгс, түүний хүү Алзахгүй нарын мэдүүлэг зэргийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй, буруу, мөн хэрэг үгүйсгэгдэж байна гэдэг байдлаар гомдолдоо бичжээ. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт эргэлзээтэй байдал болон мэдүүлгийн эх сурвалжаа зөв заагаагүй үндэслэл нөхцөл байдал тогтоогдоогүй. Өмгөөлөгч энэ байдлыг аль талаас нь хараад анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоод байгааг ойлгохгүй байна. Хохирогч “2 чихнээс доош нь татаад хавсарч унагаад миний нуруу болон толгой хэсэгт хэд, хэдэн удаа өшиглөсөн, цохисон” гэж мэдүүлдэг. Өмгөөлөгч хэлэхдээ Х.Г хавсарч унагсанаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ үйлдлээс болж хохирогчид хүнд гэмтэл учраагүй гэж хэлээд байна. Хавсарч унасны улмаас хүний биед гэмтэл учрах боломжтой гэдгийг шинжээч хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа үндэслэлийн гаргаж тайлбарласан. Гэвч хохирогчийн биед зөвхөн тархинд учрсан хүнд гэмтэл биш, нуруу болон бусад биеийн хэсгүүдэд хүндэвтэр болон хөнгөн гэмтлүүд учирсан. Үүнтэй холбоотойгоор хохирогч Батхишиг намайг хавсарч унагсаны улмаас газар чулуун дээр унасан гэдэг. Энэ хохирогчийн мэдүүлэг эх сурвалж болгосон. Мөн шинжээч нарын мэдүүлэг зэрэг үндэслэлгүй үгүйсгэгдэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Х.Г нь гомдолдоо хавтаст хэрэгт авагдаагүй болон урьд яригдаагүй зүйлийг дурдаж цагаатгах хүсэлт гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Х.Гд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв” гэж хэт ерөнхийлөн дүгнэж шүүгдэгч Х.Гд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Х.Ггийн үйлдсэн гэмт хэрэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож, Х.Гд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Хэргийг шүүхэд буцаасантай холбогдуулан шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаад хянан шийдвэрлэх боломжгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Гд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Х.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    Ц.ОЧ