Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0589

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 562 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 562 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 2731 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэдэг нь тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх “Б” ХХК-ийг маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч гэж үзэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй гэж үзжээ.

Тус үл хөдлөх хөрөнгө нь Төрийн өмчийн хорооны тогтоолоор акталсан бөгөөд тухайн барилга нь бүртгэлийн хувьд хууль ёсны гэж үзэхээргүй байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 болон Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... “ гэдгийг гэнэтийн давтагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүх үйл баримтад зөв дүгнэлт хийсэн боловч холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ний аялал жуулчлалын зориулалтаар 2015 оны 2015/275 дугаар гэрчилгээгээр ашиглаж байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 1600 м.кв газраа “гэрээнд заасан зориулалтаар газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлан, хүчингүй болгосон байна.  

Тухайн маргаан бүхий 1600 м.кв газар дээр нэхэмжлэгчийн бусдаас 2014 онд худалдан авч хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн 40 м.кв, 54 м.кв сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрладгаас гадна тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар нь ашиглахаар барилгын зураг төсөл, холбогдох баримт бичиг зөвшөөрлийг авах үйл ажиллагаа явуулж байсан талаар нэхэмжлэгч тайлбарласан байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж байгаа тохиолдолд (1600 м.кв газрын 40+54 м.кв) газар дээр байрлах сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаагаар нь аялал жуулчлалын зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж үзэхэд хангалтгүй бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар дүгнэлт хийж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримтлан нэхэмжлэлийг хангаж хуулийг буруу хэрэглэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор тус тус заасан.

Хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийг үндэслэсэн, харин газар ашиглагчтай уулзаж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй болох нь тогтоогджээ.

Үүнээс үзвэл хариуцагч нь газар ашиглагч нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчээс тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх, тухайн хөрөнгөө ямар зориулалтаар ашиглаж байгаа, барихаар төлөвлөсөн барилга нь аялал жуулчлалын зориулалттай эсэх, уг барилгыг барихтай холбоотой бичиг баримт, зөвшөөрлийг гаргуулах ажиллагааг зохих хугацаанд явуулж байгаа эсэхийг тодруулж, уг асуудал нь газраа 2 жил ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох эсэхийг тогтоолгүй зөвхөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн баримталсан хуулийн заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 562 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 4 дүгээр зүйл 4.1...” гэснийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ