Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01048

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С-т холбогдох,

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Арслан, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Б.Э- нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттайгаар 60 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон юм. Үүний дагуу гэрчилгээгээ 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргуулж авсан. Улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа “Ургацын хишиг” ХХК-ийн захирал Ж.Авирмэдэд 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал саяхан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний газар эзэмших эрх бүхэлдээ “Ургацын хишиг” ХХК-ийн захирал Ж.Авирмэдэд 60 жилийн хугацаатайгаар шилжсэнийг олж мэдлээ.

Надад энэ талаар албан ёсоор, хуулийн дагуу мэдэгдээгүйгээр ийм зүйл болсонд гомдолтой байсан учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандахад тухайн үед намайг байлцуулахгүйгээр надад мэдэгдэхгүйгээр сумын тамгын газрын дарга нь хүсэлтийг баталж үүний улмаас миний 60 га газар иргэн Авирмэдэд шилжсэн байна. Тухайн хүсэлт гэх бичгийг миний бие нь Авирмэдтэй хоорондоо тохиролцвол хуулинд зааснаар гэрээ хийж баталгаажуулна гэж ойлгосон боловч ямар ч тохиролцоонд хүрээгүй байхад өөрөө дур мэдэн батлуулсан байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тамгын газрын дарга Алтанзоригийн Цагааннуур сумын Засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн үнэн зөвийг гэрчилсэн 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч нь тус хэрэгт Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Цэдэндамба миний биеийг татсан байна. Иймд дээрх иргэний нэхэмжлэлд тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга Д.Алтанзоригийн баталсан нотариатын үйлдлийг миний бие хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул уг нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбарыг гаргаж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10 дах хэсэгт заасныг баримтлан С-т холбогдох 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хариуцагч тал шүүхэд ганц хуудас тайлбар л өгсөн ба нотариатын үйлдэлтэй холбоотой хуулийн дагуу хийсэн гэдэг ямар ч баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх яагаад хуулийн дагуу үйлдэл хийгдсэн гэж үзээд байгаа юм бэ. Миний нэхэмжлэлийн шаардлага бол тухайн өдрийн нотариатын үйлдэл хуульд заагдсанаар хийгдээгүй гэдгийг шүүхээр тогтоолгох, харин хариуцагч тал хуулийн дагуу хийсэн гэдгээ нотлох ёстой ийм л шүүх хуралдаан болох ёстой. Давж заалдах шатны шүүх үндэслэх хэсэгтээ гарын үсгийн үнэн зөвийг баталсан нотариатын үйлдэл нь хууль зөрчөөгүй гэсэн байна, гэтэл намайг байлцуулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү. ...Миний эзэмшлийн 60 га газрыг зөвхөн энэ нотариатын үйлдлээс болж шилжүүлж авсаар байтал яагаад хохирол учраагүй гэж үзээд байгаа юм бэ. Нотариатч гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхэд хүн нь байхгүй үед ч болно гэж үзэж байгаа нь давж заалдах шатны шүүх хуулийг гуйвуулж хэрэглэж байна. Нотариатын тухай хуулийн 26, 31 дүгээр зүйлүүдийг зөрчсөн. Тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана” гэсэн байхад энэ газрыг авсан Авирмэд нотариатын үйлдлийг хийсэн тамгын газрын дарга Алтанзориг нар нь хоорондоо эгч дүүсийн хүүхдүүд ба энэ талаар хэрэгт авагдсан Алтанзоригийг асуусан мэдүүлгээр нотлогдож байхад хувийн харьцаагаар баталсан.

Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйлд “нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл хийгээгүй ...нотариатын үйлдэл хийж буй албан тушаалтан нь үйлчлүүлэгч болон бусад оролцогч оролцож байгаа бол тэмдэглэл хөтөлнө” гэсэн ба энэ талаар тэмдэглэл хөтлөөгүй, хөтөлсөн баримт байхгүй. Мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу нотариатын үйлдэл хийсэн баримт бичгийг хадгалаагүй, ...архивт дээрхи материалууд нь ороод устгагдсан гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Монголын Нотариатчийн танхимын Удирдах зөвлөлийн хурлын 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолын 4 дүгээр хавсралт “Нотариатын архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх, хадгалах, архивт шилжүүлэх, лавлагаа олгох журам”-д зааснаар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой баримтыг хадгалах хугацаа 15 жил гэж заасан ба хариуцагч хэрвээ архивын баримтыг устгасан гэж үзэж байгаа бол тэр баримтуудаа гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл шүүхэд өөрөө нотариатын үйлдэл хийсэн тухай ямар ч баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийг өөрөө нотариат дээр очоогүй гэдгээ няцааж чадаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл төрийн ажлыг хийж байгаа албан тушаалтны хувьд өөрөө эрх үүргийнхээ хүрээнд хийсэн үйлдээ хуульд заасан баримтын хүрээнд түүнийгээ үйлдэж нотлох ёстой юм. Тэрнээс бус иргэн хүний хувьд эрх бүхий баримтуудыг гаргаж өгөх бололцоо байхгүй. Харин Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн шүүхээр нотариатын үйлдэлтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар шаардсан боловч гаргаж өгөхгүй байгаа нь нотариатын үйлдлийг хуулийн журмын дагуу хийгээгүй болох нь нотлогдож байхад шүүх энэ талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ямар ч дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тамгын газрын дарга асан Д.Алтанзоригийн Цагааннуур сумын Засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн үнэн зөвийг гэрчилсэн 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Б.Э- нь 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга болон газрын даамалд хандан өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх тухай агуулга бүхий өргөдөл гаргасан байна. Уг өргөдөлд Б.Э- нь өөрийн эзэмшлийн 60 га газрыг цаашид ашиглах боломжгүй тул иргэн Ж.Авирмэдэд Газрын тухай хуулийн дагуу шилжүүлэн өгөх хүсэлттэй байгаагаа илэрхийлж, гарын үсгээ зуржээ.

Тухайн үед сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотаритачийн үйл ажиллагааг эрхэлдэг байсан ба Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Алтанзориг өргөдөл дээр зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байна.

Нэхэмжлэгч Б.Э- дээрх өргөдлийг гаргасан, түүнд гарын үсэг зурсан талаар маргаагүй, харин  Ж.Авирмэдэд 10 жилээр ашиглуулах гэрээ хийсэн байтал газар эзэмших эрх бүхэлдээ “Ургацын хишиг” ХХК-ийн захирал Ж.Авирмэдэд 60 жилийн хугацаатайгаар шилжсэнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Нотариатчийн үйлдэл хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Дээрх өргөдөлд Б.Э-н зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдэл тухай өргөдөл гаргагчийн хүсэл зоригийн илэрхийллийн, мөн уг өргөдөлд тусгагдсан хүсэлтийг шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийн эрх зүйн үндэслэл болохгүйгээс гадна тэдгээрийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хүчингүй болсноор нэхэмжлэгч Б.Э-н өөрийн эзэмшлийн газраа бусдын эзэмшилд шилжүүлэх хүсэл зоригийг үгүйсгэхгүй юм. Газар эзэмших эрх шилжүүлэх захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл нотариатчийн уг үйлдлээс хамаарахгүй бөгөөд энэ нь тухайн хэргийн маргааны зүйл биш байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хууль, Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН