| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0177/э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 253.1., 268.1., 21.1.1., 22.5.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа
Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г
Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Лхагважав,
Шүүгдэгч С.Т-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл,
Шүүгдэгч Д.О, С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д.О, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С Т нарт холбогдох эрүүгийн 1835004170139 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архивын арга зүйч мэргэжилтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн дэргэдэх Архивын тасгийн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 2-10 тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одонгоор шагнагдаж байсан, урьд нь ял шийтгүүлж байгаагүй А овогт Д.О /РД: /,
Монгол улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 04-22 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй Б овогт С.Т /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сард С.Т 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай Барилга угсралтын трестийн даргын ажилд томилсон тушаалыг, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг иргэн С.Т ашиг сонирхлын үүднээс хуурамчаар үйлдэж түүнээс 1.500.000 төгрөгийн хахууль авсан,
Мөн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “иргэн М.Ч 1981-1985 оны хооронд Барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан” гэх цалингийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,
Шүүгдэгч С.Т нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2007 оны 01 дүгээр сарын сүүлээр, 2 дугаар сарын эхээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байсан Д.О өөрийгөө Б.Б.М.Ү-ийн Увс аймаг дахь “Алтан Гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар “ажилд томилох тухай” тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тухай тушаалуудыг хуурамчаар үйлдүүлэн авч 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,
Мөн Д.О үйлдүүлэн авсан Б.Б.М.Ү-ийн Увс аймаг дахь “Алтан Гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар “ажилд томилох тухай” тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
I. Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “иргэн М.Ч1981-1985 оны хооронд барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан” гэх цалингийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн болох нь
1. 9. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын албан өрөө, архивын хадгаламжийн нэгж, хадгалагдаж буй өрөөнүүдэд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн IV хавтасны 26-52--р тал/,
2. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “...Үзлэг хийж буй компьютер дээр “АМ8” нэртэй программ байх ба тухайн тухайн программыг ачаалуулахад “Нэвтрэх нэр, нууц үг” гэсэн цонх гарч ирэх бөгөөд цахим сангийн оператор Б.Б нэр нууц үгийг оруулж цахим санд нэвтрэхэд ...Хадгаламжийн нэгжийн дугаарын 103 дугаарт бичигдсэн “Барилга бирж даргын тушаал”, “1994.01.14-1994.12.31, талны тоо 138 гэсэн бичвэр байна. ...103 дугаарт байх талбарыг дахин сонгоод “баримт” гэсэн талбар дээр дарахад “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны тушаал”-ууд цувралаар гарч ирнэ. Тухайн тушаалууд дотроос “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай тушаалыг сонгож үзэхэд агуулга хэсэг дээр “Кислородын цех итгэл үйлдвэрийн ажиллагсдын цалин түр тогтоох тухай” гэсэн утгатай тушаал шивэгдсэн байна. Тухайн цонхны “бичсэн” гэсэн талбар дээр Б.Б, огноо гэсэн талбар дээр 2014.12.05 гэсэн бичвэр орсон байна. Цахим сангийн үзлэгийг “Хөмрөг” гэсэн цэснээс дахин эхлүүлж “барилга угсралтын трест”, “Хадгаламжийн нэгжийн мэдээлэл” зэрэг талбаруудыг сонгоод “Трестийн даргын тушаал” “1981.01.02, 1981.08.01- 1981.12.30”, талны тоо 255, 99 гэсэн талбарыг сонгож баримт гэсэн талбарыг дарж нээхэд “Барилга угсралтын даргын 1981 оны тушаал”-ууд гарч ирэв. Тухайн тушаалууд дотроос “Барилга трестийн даргын 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай тушаалыг сонгож үзэхэд агуулга хэсэг дээр “Арга хэмжээ авах тухай” гэсэн утгатай тушаал шивэгдсэн байна. Тухайн цонхны бичвэр хэсэг дээр “Б.Б”, огноо хэсэг дээр “2015.02.11” гэсэн бичвэр орсон байна. ...Архивын сангийн цахим мэдээллийн санд Л овогтой Ц, С овогтой Ц, овогтой Бх, Д овогтой Э, Т овогтой У, М овогтой Ч, Г овогтой П нарын цалингийн цэс ороогүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн I хавтасны 113-115-р тал/,
3. Гэрч Б.Н “...М овогтой Ч нь 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 он хүртэлх хугацаанд манай Барилга, угсралтын трестэд бетон, арматурчнаар ажиллаж байгаагүй. Би тухайн цаг хугацаанд Барилга угсралтын трестийн бетон арматурын бригадын дарга, хэсгийн даргаар ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 123-р тал/,
4. Гэрч И.Б “...Би 1971 оноос 2006 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд бетон, арматурын цех /завод/-д инженер хийж байсан. ...1980 оноос 1994 он хүртэл Мовогтой Ч нь манай Барилга, угсралтын трестэд ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 124-р тал/,
5. Гэрч Б.Б “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан С.Б чөлөөтэй байсан учраас би ажлыг нь орлон гүйцэтгэсэн. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр намайг С.Б ажлыг түр орлон гүйцэтгэж байтал Архивын тасгийн эрхлэгч Д.О надад “Чи М овогтой Ч гэдэг хүнийг Барилга угсралтын трестэд 1981- 1985 оны хооронд арматурчны ажил эрхэлж байсан цалингийн тодорхойлолт биччих. Архиваас шүүх шаардлага байхгүй. Зүгээр зарим саруудад нь од тавиад, зарим саруудад 200-400 төгрөгийн хооронд мөнгөн дүн бичээд цалингийн тодорхойлолт хийгээд надад өг” гэж хэлсэн. Тэгээд би архивын тасгийн эрхлэгч Д.О хэлсэн үүргийн дагуу ...цалингийн тодорхойлолтын хүснэгт дээр М овогтой Ч гэдэг хүнийг 1981-1985 оны хооронд Барилга угсралтын трестэд арматурчны ажил эрхэлж байсан тодорхойлолт бичсэн. Би уг тодорхойлолтыг бичихдээ эрхлэгч Д.О хэлсний дагуу зарим саруудад нь од тавиад, зарим саруудад нь 200-400 төгрөгийн хооронд мөнгөн дүн бичиж гаргасан. ...Тэгээд уг цалингийн тодорхойлолтыг бэлэн болгоод “Цалинг түүвэрлэсэн: мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан” гэх хэсэг дээр өөрийнхөө гарын үсгийг зураад, тухайн баримтыг архивын тасгийн эрхлэгч Д.О өгсөн. М овогтой Ч гэдэг хүний цалингийн тодорхойлолтыг манай тасгийн эрхлэгч Д.Оюунцэцэг хэнд өгсөн, юунд ашигласан болохыг нь би мэдэхгүй. Бас тэр тодорхойлолтыг хэн гэдэг хүн манай архивын тасгийн эрхлэгч Д.О хийлгэсэн, гаргуулж авсан болохыг нь би мэдэхгүй. Иргэн М овогтой Ч нь өөр хэзээ, ямар ямар материал, лавлагааг манай архивын тасгаас авсан болохыг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 129-133-р тал/,
6. Гэрч С.Б “...Мандал овогтой Ч гэх хүн 1986-1990 оны хооронд барилга угсралтын трестэд ажиллаж байсан эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан Барилга угсралтын трестийн баримтыг шүүхэд М овогтой Ч гэдэг хүн 1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд ажиллаж байсан цалингийн цэсүүд байсан учраас би дээрх цалингийн цэсүүдээс цалинг түүвэрлэж, тодорхойлолт гаргаж өгсөн” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 151-155-р тал/,
7. Гэрч Ц.Б “...Миний нөхөр М.Ч нь Увс аймаг дахь “Алтан гадас” одонд барилга угсралтын трестэд огт ажиллаж байгаагүй. Харин 1984-1994 оны хооронд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто механикч хийж байсан. ...Миний нөхөр М.Ч нь 1980-1984 оны хооронд Улаанбаатар хотод Төмөр замын техникумд сурч байсан. Энэ хугацаанд ямар нэгэн ажил хийгээгүй. ...2017 оны 5 дугаар сард /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ миний нөхөр М.Ч надад хэлэхдээ “Т.Г надад материал бүрдүүлж өгөөд, тэтгэвэрт оруулж өгнө гэж хэллээ” гэж хэлж байсан. Ямар материалд бүрдүүлж өгөх гэж байгаа, яаж тэтгэвэрт оруулж өгөх гэж байгаа болохыг нь би огт мэдээгүй. Миний нөхөр М.Ч хувьд ажилласан жил нь гүйцсэн боловч тэтгэвэр тогтоолгох нас нь болоогүй байсан. Тэрнээс хойш хэдэн сарын дараа буюу 2017 оны 8 дугаар сард миний нөхөр М.Ч Улаангом сум руу явж ирээд “Би шүүхээр ороод ажилласан жилээ тогтоолгосон. Г.Г материал бүрдүүлж өгсөн” гэж хэлсэн. Чухам ямар, ямар материал бүрдүүлсэн, шүүхээр яаж ажилласан жилээ тогтоолгосон, М.Ч Г.Г нарын дунд ямар яриа болсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 181-182-р тал/,
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Урьд нь архивт хамт ажиллаж байсан Г.Г “М.Ч Барилга угсралтын трестэд 1981 оноос 1985 оны хооронд арматурчинаар ажиллаж байсан гэсэн цалингийн тодорхойлолтыг гаргаад өгөөч” гээд байхаар нь би гаргаж өгсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архивын материалыг шүүж үзэхгүйгээр шууд гаргаж өгсөн нь миний буруу” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.О нь “М.Ч Барилга угсралтын трестэд 1981 оноос 1985 оны хооронд арматурчинаар ажиллаж байсан гэсэн цалингийн тодорхойлолт нь түүний ажилласан жилийг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт гэдгийг мэдсээр байж зориуд хуурамчаар гаргаж өгсөн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д.Ог нь бусдын цалингийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх нь хууль бус болохыг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.О нь нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарна.
II. Шүүгдэгч С.Т нь Д.О үйлдүүлэн авсан Б.Б.М.Ү-ийн Увс аймаг дахь “Алтан Гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар “ажилд томилох тухай” тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн “...Санж овогтой Т нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. 2019 оны 3 дугаар сарын байдлаар 6’803’750 төгрөгийн хохирол учруулсан. Өнөөдрийн байдлаар 4 сарын тэтгэвэр болох 1’240’000 төгрөг нэмэгдэж 8’043’750 төгрөгийн хохирол учруулаад байна. Уг иргэн нь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаартай шийдвэрээр ажилласан хугацаагаа тогтоолгосон. Мөн 1995-1999 онд “Ундрах бүтээмж” ХХК-д шимтгэл төлж ажилласан хугацааны 1189 тоот нийгмийн даатгалын архивын лавлагаа, цэргийн батлах зэрэг баримтуудыг үндэслэн тэтгэвэр тогтоолгосон. Иргэн С.Тнь шүүхийн шийдвэрээр Барилга угсралтын трест, Барилгын биржид 13 жил 03 сар 04 хоног хортой халуун нөхцөлд ажилласан, нийт 24 жил 01 сар ажилласан байна. 2017 оны байдлаар хортой халуун нөхцөлд 10-аас дээш жил ажилласан, нийт 20-оос дээш жил ажилласан, эрэгтэй 50-аас дээш настай хүн өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох боломжтой. ...С.Т хувьд хортой халуун нөхцөлд 13 жил 03 сар 04 хоног ажилласан гэдэг нь хамгийн гол тэтгэвэр тогтоолгох үндэслэл болсон гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн IV хавтасны 229-230-р тал/,
2. Гэрч Г.Г-ийн “...2017 оны эхээр байж магад өвөл л байсан гадаа их хүйтэн байсан үе би сар өдрийг нь сайн санахгүй байна. Аймгийн архивын газар дээр явж байтал О таараад чамд бичээч танил байна уу гэхээр нь би нэг хүн байгаа гэсэн чинь үүн дээр нэг юм бичүүлэх гэсэн юм хүн гуйгаад байна гээд цаасан дээр ...бичих зүйлийг ноороглоод биччихсэн надад үзүүлсэн. Тухайн үед Хөдөө аж ахуйн газарт бичээч байсан Ог би таньдаг болохоор түүнд бичгийн машин байгаа гэж бодоод Оюу ч гэсэн надад өгчих би хүнээс асуугаад өгье байвал бичүүлээд ирье гээд тэр бланк, цаасан дээр бичсэн юмыг нь авсан. Тэр өдрөө Хөдөө аж ахуйн газар дээр О уулзаад чамд бичгийн машин байгаа шүү дээ үүнийг бичээд өгөөч гээд гуйсан. О өрөөнд өмнө нь орж байхад сейфнийхэн дээр бичгий машин байсныг харж байсан юм. Тэгээд О бичгийн машинаар нь нөгөө бичгийг нь өгсөн бланк дээр нь бичүүлээд маргааш нь байх О ажил дээр нь хүргээд өгчихсөн ийм л асуудал болсон. Би Б даргын гарын үсэгтэй тушаал, Д.Ц даргын гарын үсэгтэй тушаал байснаас гарын үсгийг харж байгаад дуурайлгаад зурчихсан юм. Д.О дарга надад бичиж өгсөн ноорог дээр огноог бичсэн байсан боловч дугаарыг нь тавиагүй байсан юм. Харин тушаалын 160 гэдэг дугаарыг би таагаад /таамаглаад/ тавьчихсан юм. Д.О дарга уг тушаалын огноог 1994.12.31-ний өдөр гэж ноорог цаасан дээр бичиж өгсөн. Харин дугаарыг 142 гээд таамаглаад тавьчихсан юм. ...Би С.Т зүс танина. Намхан хар царайтай хүн байсан. Надтай 2018 оны 5 дугаар сард манай гэрт ирж уулзаад миний тэтгэврийн асуудал Цагдаагийн газар дээр шалгагдаж байна, баларсан юм болж байна. Одоо яах вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь чи тэр О л уулзсан нь дээр байх, би өөрөө Цагдаад шалгагдаад байж байна гэж хэлсэн. Тэгэхэд С.Түвдэндорж хоёр тушаал хуурамч хийгдсэн байна гэж байна, миний тэтгэвэр зогсох юм шиг байна гэж хэлсэн. Мөн С.Т нь би цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө Д.О 1.500.000 төгрөг хахуульд өгчихсөн гэдгээ хэлчихсэн нь буруу болсон байна. Миний тэтгэвэр зогсох юм байна л даа, одоо би яавал зөв бэ гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй. Тэр О чинь мэдэх байлгүй гэж хэлээд явчихсан юм...” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтасны 26-27, 28-29-р тал/,
3. Гэрч С.Б-ийн “...би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Т Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод дугуй зууханд тоосго өрөгчөөр 1978-1982 он, 1985-1994 он хүртэлх хугацааны цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Би манай дарга О яаралтайгаар гаргаж өг гэсэн тохиолдолд аль болох дугаарласан иргэдийн түрүүнд гаргаж өгөхийг боддог. ...С.Т хувьд цалингийн картаас шүүлт хийж үзэх ёстой байсан боловч, дарга Д.О яаруулаад байсан учраас нэг хэсэгт нь цалингүй од тавиад, зарим сард нь цалингийн хэмжээ тавьж гаргасан...” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтасны 33-34-р тал/,
4. Гэрч Л.П-ийн “...би 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Тэс сумын сургуулийн дотуур байрны дотоод засал хийж 1’200’000 төгрөгийн цалин авсан, мөн Өлгий сумын эмнэлгийн урсгал засвар хийж 650’000 төгрөгийн цалин авч байсныг одоо санаж байна. Манай нөхөр С.Т барилгын өрлөгчин бөгөөд айлын гараш болон амины орон сууцны өрлөг хийж мөнгө олсон. Яг хаана ажиллаж, хэдэн төгрөг олсныг сайн санахгүй байна. Бид хоёр олсон мөнгөнөөсөө хэрэглээд илүү гарснаа хадгалдаг. 2017 оны 02 дугаар сард олсон мөнгөнөөсөө түлээ, нүүрс, хоол хүнсний зүйлдээ хэрэглээд 1 сая гаруй төгрөг байсан. Надад С.Туг мөнгийг юунд зарцуулсан талаараа яриагүй. С.Т нь О гэдэг хүнээр баримт бүрдүүлж тэтгэвэрт гарах гэж байгаа талаараа надад ярьж байсан боловч би нэг их сонирхож асуугаагүй юм. Түүнээс өөр зүйл мэдэхгүй. Ямар ч байсан түүнээс хойш хэсэг хугацааны дараа манай нөхөр С.Ттэтгэвэртээ гарчихсан байсан. Манай нөхөр ойролцоогоор 280.000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон...” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтасны 35-36-р тал/,
5. Гэрч Л.Д-ийн “...С.Т нь 2017 онд надтай ирж уулзсан. Тэгэхдээ надад “Би тэтгэвэрт гарах гэж байна, Барилга угсралтын трестийн Тоосгоны заводод ажиллаж байсан тушаал баримт бичиг бүрэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь Т чи тоосгоны заводод ажиллаж байгаагүй шүү дээ гэж асуусан. Тэгэхэд миний бичиг баримт Тоосгоны заводод ажиллаж байснаар гарчихсан байгаа учраас ямар нэгэн асуудал байхгүй. Танаас өөр тэр үед тоосгоны заводод ажиллаж байсан хүн ч алга. Тийм учраас 1978 оноос хойш хамт ажиллаж байсан гээд хэлээд өгөөч, миний биеийн эрүүл мэнд ч тааруухан байна, одоо ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй болж байна гэж гуйсан. Тэгэхээр нь би С.Т гуйлтаар 1982 оноос хойш хамт ажилласан боловч 1978 оноос хойш хамт ажилласан гэж шүүхэд гэрчилсэн. Тэгэхдээ бодитоор тухайн үед С.T ажиллаж байгаагүй гэдгийг мэдэж байсан ч гэсэн тушаалыг нь хараад гэрчилчихсэн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтасны 37-38-р тал/,
6. Гэрч Б.У-ийн “...би С.Т 1985 оноос хойш танина. Түүнээс хойш найз нөхдийн холбоотой байгаа юм. Би 1984 онд цэргээс халагдаж ирэхэд С.Т нь Барилга угсралтайн трестийн тоосгоны заводод ажиллаж байгаагүй юм. ...С.Т нь тэтгэвэртээ гарах гэж байна гээд надаас гуйгаад байхаар нь гэрч болчихсон юм. С.Т тухайн цаг хугацаанд Барилга угсралтын трестэд ажиллаж байгаагүй гэдгийг мэдсээр байж шүүхэд худал гэрчилсэн нь миний буруу...” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтасны 39-40-р тал/,
7. Гэрч Д.О-ийн “..Д.О нь Архивын газрын даргаар ажиллаж байсан. Харин Д.Г нь архивд ажиллаж байсан бөгөөд би хөдөө аж ахуйн газарт архив, бичиг хэргийн ажилтан байсан учраас тэд нарыг таньдаг байсан юм. ...Г.Г нь нэг удаа намайг гуйгаад нэрийг нь санахгүй байна хөдөлмөрийн дэвтэр харуулж байгаад нэг хүний ажлаас чөлөөлсөн тушаал бичгийн машинаар бичүүлж авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн IV хавтасны 41-42-р тал/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2640 дугаартай Криминалистикийн шинжилгээний “...Шинжилгээнд ирүүлсэн баримт, материалууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн С.Т цалингийн тодорхойлолт гэх баримтын “Д.Г” гэсний урд зурсан шинжилж гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.О гэх гарын үсгийн чөлөөт харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн дээрх баримтын “С.Б” гэсний урд зурсан шинжилж гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Б гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын “1978 оны 6-р сарын 20” гэсэн огноотой, “160” дугаартай тушаал гэх баримтанд зурсан шинжилж гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.Б гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай гарын үсгийн ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын “1994 оны 12-р сарын 31” гэсэн огноотой, “142” дугаартай тушаал гэх баримтанд урд зурсан шинжилж гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Ц гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шиж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дээрх “160”, “142” дугаартай тушаал гэх баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүдийг харьцуулах загвараар ирүүлсэн Г.Г Т.Б, Д.Ц нарын гарын үсгийг дуурайлган зурсан гэх туршилтын загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт, түүний хавсралтууд / хх-ийн IV хавтасны 178-191-р тал/,
9. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн иргэний 162 дугаартай хэрэгт үзлэг хийсэн “...Увс аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн дарга Д.О нь түүнд үйлдэж олгосон гэх баримтууд нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 162 дугаартай хэргийн 5 дахь талнаас 5-14 дахь хуудсанд үдэгдсэн байдалтай байв. Иргэний хэргийн 5 дахь хуудсанд: С.Т 1978-1994 он хүртэлх хугацаанд хүснэгтэлсэн цалингийн тодорхойлолт байх бөгөөд уг тодорхойлолтын дээд хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, Улаангом гэх бичиглэлтэй, хянасан тасгийн дарга Д.О, цалинг түүвэрлэсэн мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан С.Б гэх бичиглэл байх бөгөөд уг бичиглэлийн урд талд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байдалтай байв. Иргэний хэргийн 6 дахь хуудсанд: С.Т ажилд авсан тухай Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай тушаал эх хувиар байв. Иргэний хэргийн 7, 8 дахь хуудсанд: Барилга угсралтын трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 140 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралтын хамт архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан байв. Хавсралт талны дээд талаас 10-д С.Т гэсэн бичиглэл байв. Иргэний хэргийн 9, 10 дахь хуудсанд: Барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаартай “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, хавсралтын хамт архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан байдалтай байв. Хавсралт талны дээд талаас 3-д С.Т гэх бичиглэл байв. Иргэний хэргийн 11, 12 дахь хуудсанд: Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, хавсралтын хамт архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан байх бөгөөд хавсралт талны дээд талаас 3-д Санж Тгэсэн бичиглэл байв. Иргэний хэргийн 13 дахь хуудсанд: Барилга угсралтын трестийн даргын 1990.07.07-ны өдрийн 323 дугаартай “Гавшгайчдыг шагнах тухай” тушаал архивын тасгийн хуулбар үнэн дарж баталгаажсан байдалтай, уг тушаалын дунд хэсэгт С.Т гэсэн нэр бичигдсэн байв. Иргэний хэргийн 14 дахь хуудсанд: Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 142 дугаартай “С.Тажлаас чөлөөлөх” тухай тушаал эх хувиар байв. Иргэний хэргийн 43-47 дахь талнуудад: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаартай шийдвэр. Уг шийдвэрт иргэн С.Т 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 24-ны өдөр, 1985 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосон байна” гэх тэмдэглэл, иргэний хэргээс хуулбарласан баримтууд / хх-ийн IV хавтасны 117-135-р тал/,
17. Шүүгдэгч Д.О өгсөн “...С.Т нь 2017 оны эхээр надтай анх ирж уулзаад тэтгэвэрт гарах гэж байгаа талаараа надад хэлж надаас гуйсан юм. Намайг ажилд орсон, халагдсан тушаал олж өгөх арга байна уу, тус болооч, хэдэн төгрөг өгье гэж гуйсан юм. Тэгэхэд нь би Ганхуяг гэх хүнээс Барилга угсралтын трестийн бланк байгаа талаар асуусан. Тэгэхэд Ганхуяг тийм бланк олоод ирсэн. Тэгэхээр нь би Ганхуягт ийм байдлаар бичээд ир гэж хэлээд цаасан дээр ноороглож өгөөд явуулсан. Ганхуяг ч бичгийн машинаар бичүүлж ирээд надад өгсөн. Уг баримт болон холбогдох баримт бичгүүдийг С.Төгсөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Т өгсөн “...Би 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт очиж Барилга угсралтын трестэд ажиллаж байсан талаарх лавлагаагаа авахаар шүүлт хийлгэхээр очсон юм. Би уг байгууллагад ажиллаж байсан лавлагаагаа аваад тэтгэвэрт гарах гэсэн юм гэж Д.О хэлсэн. Тэгэхэд архивын тасгийн дарга Д.О надад “Та надад 1.500.000 төгрөг өгөх юм бол бичиг баримт, архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, тушаал зэргийг чинь бүрдүүлж өгөх болно, та миний өгсөн баримтыг шүүхэд хүргэж өгөөд ажилласан жилээ тогтоолгоод тэтгэвэртээ гараарай” гэж хэлсэн юм. ...Би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.О даргаас цалингийн тодорхойлолт, ажил томилж, чөлөөлсөн тушаал зэргийг очиж авсан. Тэр бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгч тэтгэвэр тогтоолгож авсан нь миний буруу гэдгийг ойлгож байна.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Т нь “Барилга трестийн 1978-1994 он хүртэлх хугацаанд хүснэгтэлсэн цалингийн тодорхойлолт, С.Т ажилд авсан тухай Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай тушаал, Барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаартай “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1990.07.07-ны өдрийн 323 дугаартай “Гавшгайчдыг шагнах тухай” тушаал архивын тасгийн хуулбар, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 142 дугаартай “С.Т ажлаас чөлөөлөх” тухай тушаал” зэргийг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгож өгсний улмаас дээрх нотлох баримт нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаартай шийдвэрийн үндэслэл болсон байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан “иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Т энэ үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд оногдуулах ялын хэмжээ нь 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байна.
Иймд шүүгдэгч С.Т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Т нотлох баримт хуурамчаар бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож авсныг 2019 оны 11 дүгээр сарын тэтгэвэрийг олгосноос хойш олголтыг зогсоосон байх бөгөөд Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн санд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар 9.283.750 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч С.Т нь нөхөн төлөөгүй байгаа тул шүүгдэгч С.T 9.283.750 төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн санд олгох үндэслэлтэй байна.
III. Шүүгдэгч Д.О-г хахууль авсан, шүүгдэгч С.Т-ийг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар нь:
Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сард С.Т 1.500.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч С.Т нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тухай тушаалуудыг хуурамчаар үйлдүүлэн авч 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:
1. Шүүгдэгч С.Т яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт очиж Барилга угсралтын трестэд ажиллаж байсан талаарх лавлагаагаа авахаар шүүлт хийлгэхээр очсон юм. Би уг байгууллагад ажиллаж байсан лавлагаагаа аваад тэтгэвэрт гарах гэсэн юм гэж Д.О хэлсэн. Тэгэхэд архивын тасгийн дарга Д.О надад “Та надад 1.500.000 төгрөг өгөх юм бол бичиг баримт, архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, тушаал зэргийг чинь бүрдүүлж өгөх болно, та миний өгсөн баримтыг шүүхэд хүргэж өгөөд ажилласан жилээ тогтоолгоод тэтгэвэртээ гараарай” гэж хэлсэн юм. ...Би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.О даргаас цалингийн тодорхойлолт, ажил томилж, чөлөөлсөн тушаал зэргийг очиж авсан. Тэгэхэд уг баримт бичгүүдийг надад өгөхөөс өмнө надаас 1.500.000 төгрөгөө бэлнээр авсан. Надаас Д.О мөнгө авсныхаа дараа уг баримт бичгүүдийг өгсөн юм. Би уг баримт бичгүүд авсан тэр өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.О дарга өрөөндөө ганцаараа байхад нь 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн V хавтасны 63-65-р тал/,
2. Шүүгдэгч Д.О-ийн: “С.Т надад ажил дээр мөнгө авч ирж өгсөн, би яг хэдэн төгрөг байсныг тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг / хх-ийн V хавтасны 78-79-р тал/-үүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч С.Т “Санжийн Т 1978-1994 он хүртэлх хугацааны цалингийн тодорхойлолт, С.Т ажилд томилсон тухай Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай тушаал, Барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаартай “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 7 дугаар 07-ны өдрийн 323 дугаартай “Гавшгайчдыг шагнах тухай” тушаалын архивын тасгийн хуулбар, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 142 дугаартай “С.Тг ажлаас чөлөөлөх” тухай тушаал” -уудыг хуурамчаар үйлдэн өгч хариуд нь 1.500.000 төгрөг бэлнээр авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй.
2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн хээл хахууль авах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Д.О нь нийтийн албан тушаалтан бөгөөд шүүгдэгчийн хахууль авсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч С.Т нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Барилга трестийн 1978-1994 он хүртэлх хугацаанд хүснэгтэлсэн цалингийн тодорхойлолт, С.Т ажилд авсан тухай Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай тушаал, Барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаартай “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 7 дугаар 07-ны өдрийн 323 дугаартай “Гавшгайчдыг шагнах тухай” тушаал архивын тасгийн хуулбар, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 142 дугаартай “С.Т ажлаас чөлөөлөх” тухай тушаал” зэргийг хуурамчаар үйлдүүлэн авч шүүгдэгч Д.О бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн байна. Шүүгдэгч С.Т дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Т хээл хахууль өгсөн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан” хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн хээл хахууль авах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Д.О нь нийтийн албан тушаалтан бөгөөд шүүгдэгчийн хахууль авсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байгаа бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх боломжгүй байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж тус тус заасан тул шүүгдэгч С.Т өмгөөлөгч Б.Б “Шүүгдэгч С.Т үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.О, С.Т нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаарр:
Шүүгдэгч Д.О, С.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О, С.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.О-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 53 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.720.000 төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулах торгох ялыг нэмж нэгтгэн нийт 15.420.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байжээ.
Шүүгдэгч С.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан гэмт хэрэгт нь 6 сар баривчлах ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан С.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сар баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулиар тогтоосон баривчлах ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлөөс хассан байна.
Шүүгдэгч С.Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан эрх хасах ялыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хассан, шүүгдэгч Д.О нь төрийн албанаас халагдсан, шүүхээр шийтгүүлж Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д.Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэсэн төрийн албанд томилогдох болзол шаардлагыг хангахгүй болсон, шүүгдэгч С.Т нь нийтийн болон бусад албанд ажилладаггүй зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарт эрх хасах ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Д.О-д хээл хахуульд авсан 1.500.000 төгрөгийг хурааж улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч С.Т хамтран өмчлөлийн эд хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 4-22 тоот 1045.5 метр квадрат газрыг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв
Шүүгдэгч Д.О, С.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.Огаргуулах хохиролгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн,
- 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овгийн С.Т-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-тзаасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн,
- 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А овогт Д.О 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 53 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.720.000 төгрөгөөр торгох ялаар,
- 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б овгийн С.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т зааснаар 6 сар баривчлах ялаар,
- 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг баримтлан шүүгдэгч Д.О 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 12.720.000 төгрөгөөр торгох ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 15.420.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан С.Т2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сар баривчлах ялаас чөлөөлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.О оногдуулсан торгох ялыг 3 жил, шүүгдэгч С.Т оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т 9.283.750 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тэтгэмжийн санд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.О гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг хурааж улсын төсөвт оруулсугай.
8. Шүүгдэгч Д.О, С.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.О гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч С.Т-ийн хамтран өмчлөлийн эд хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 4-22 тоот 1045.5 метр квадрат газрыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ