| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0059/э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр
Иргэний нэхэмжлэгч: Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д.Ц-д холбогдох эрүүгийн 2035000060042 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 15-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, каттын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн 1-06 тоотод оршин суух Ш овогт Д.Ц /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь:
Хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ойролцоогоор 11 цагийн үед миний танил дүү Д манай байрны гадаа ирчихлээ гэж над руу залгасан бөгөөд би байрнаас гарч Дэмбээ гэгчтэй уулзахад Дэ нь Ц гэх залуугийн хамт автомашинд байсан. Бид нар Ерөөл нэртэй 1 шил архи ууж байсан бөгөөд би Д.Ц гэх залууг гэрээс ороод миний гадуур хувцас аваад ир гэж явуулсан. Д.Ц манай гэр рүү миний хувцсыг авч ирэхээр орох үед Д энэ залуу намайг Тариалан суманд гэрт хүргэж өгөх гэж байгаа, намайг хүргэж өгчихөөд буцаад ганцаараа Улаангом руу буцна. Тийм болохоор ганцаараа хамт яваад ирээд ирэхгүй юу гэж хэлсэн. Бид нар Улаангом сумын 5-р багийн нутагт байрлах бүжгийн клубын хажуу талын гудамж руу орж зогсоод жолооч залуу Д.Ц өөрийнхөө хүүхэдтэй утсаар ярих шиг болсон. Тэгээд Д хандаж та надтай хамт явах юм байна гэж хэлээд бид нар тэндээс яваад Алтжин дэлгүүрийн доод талаас бас нэг үл таних залууг аваад Тариалан сумын нутаг руу явсан. Тариалан суманд очоод танихгүй айлд Д, жолооч залуу Д.Ц бид гурав 1 шил архи задалсныг нь уусан. Тухайн архинаас би их уугаагүй. Би Д.Ц хамтаар Улаангом сум руу ойролцоогоор 14 цагийн үед явсан байх. Би тухайн үед унтаж явсан ба замын хажуугаар гараад түнгэ дотор донсолж, автомашин үсэргэх үед сэрсэн ба би зөөлөн, зөөлөн, тогтуун яв гэж хэлсэн. Гэтэл автомашин өнхөрчихсөн. Би автомашиныг хэдэн удаа өнхөрсөн болохыг мэдэхгүй байна. Осол болсны дараа автомашины урд цонх хагарчихсан, автомашин урд хэсэг хойд зүг рүү харчихсан, миний сууж явсан хаалга хэсгээр машин уначихсан байсан учраас би урд талын цонхоор гарсан. Жолооч автомашинаас хэзээ гарсан болохыг мэдэхгүй. Тэгж байтал машинтай хүмүүс ирээд өргөж, 4 дугуй дээр босгож байсан. Намайг эмнэлгийн түргэн тусламжийн автомашин ирж авч явсан. Автомашин донсолж, осол болохын өмнө намайг сэрэхэд эсрэг талын урсгалд ямар нэг автомашин байгаагүй. Бид хоёр суудлын бүсээ зүүгээгүй байсан...” /хх-ийн 85-88-р тал/,
гэрч К.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр Д.Ц гэгч нь 95082080 гэсэн дугаараас залгаад би Улаан уулаар орж ирээд явж байгаад автомашинтайгаа уначихлаа, миний хажууд явсан хүнийг эмнэлэг рүү аваад явчихлаа гэж хэлсэн. ...Манай нөхөр Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч жолоочийн үнэмлэхийн хугацаа дууссан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р тал/,
гэрч Ж.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... зам дээр автомашины урд талын хэсэг нь хойд зүг рүү харсан байдалтай, автомашин баруун талын хажуу хэсгээрээ унасан байдалтай, автомашины дугуй баруун тийшээ харсан, саарал өнгийн Тоёота приус-20 загварын автомашин байсан. Тухайн автомашины хажууд очиход миний таних Д.Ц х гэж хүн байсан бөгөөд бид нарыг зогсоосон. Бид нар автомашинаасаа буугаад ойртоход автомашины баруун талын хэсэгт хамт явсан гэх хүн ёолсон байдалтай хэвтэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р тал/,
гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эргүүлд гарахаар Цагдаагийн газар ирэхэд ойролцоогоор 16 цаг 50 минутын үед Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээс Чандмань уулын урд талд байрлах пост руу явах замд зам тээврийн осол гарчихсан байна, хэргийн газрыг хамгаалалтад ав гэж хэлсэн. Дуудлагын дагуу очиход ... улсын дугаартай, саарал өнгийн Тоёота приус-20 загварын автомашин өнхөрсөн байдалтай, арын болон урд талын хаалганы шил, салхины шил хагарсан байдалтай байсан. Баруун талын хаалганы шил бүтэн хагараагүй байсан санагдаж байна. Автомашины баруун талд жолооч нь хамт явсан хүнийг босгох гэж байсан бөгөөд би ахлагч Г хамтаар очоод та босгож болохгүй түргэн тусламж иртэл босгохгүй байж бай гэж хэлсэн. Тэгээд зам тээврийн осол яагаад болсон талаар, юу болсон талаар асуухад жолооч гэх хүн юу болсныг сайн мэдэхгүй, Тариалан сумаас ирж байхад автомашины дугуй гулгасан гэж хэлсэн ба өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би автомашин хэн жолоодож явсан бэ гэхэд тухайн автомашины эзэн гэх хүн нь би жолоодож явсан гэж хэлсэн. ...Түүний дараагаар ахлагч Г Цагдаагийн газраас согтуурал хэмжигч драгер багаж ав ирээд согтолтыг нь шалгахад 1.61%-тай гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-16-р тал/,
- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21-р тал/,
-Шүүгдэгч Д.Ц мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний таньдаг Д ах залгаад Тариалан суманд хүргээд өг гэж хэлсэн. ...Д ах манай гэрт миний төрсөн хүү Ц.Б болон Т хамтаар ойролцоогоор 09 цагийн үед ирсэн. Д ах гэрт ирээд 0,5 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй нэг шил архи авч ирсэн бөгөөд Д ах, Т бид 3 тухайн архийг тал хүртэл нь уучихаад манай хүү Ц.Б тухайн хүмүүсийг гаргаад өг гэхэд манай хүүхэд ажилтай гэж хэлсэн. Гэтэл Д ах намайг гаргаад өг гэж хэлсэн. ...Д ах өөрийн утаснаасаа А.Д руу яриад дуудсан. Тэнд очсоны дараа Т ажилтай гээд явчихсан. Д ах Тариалан сум руу гарч байгаа талаараа А.Дхэлэхэд би бас Тариалан суманд хүнтэй уулзах ажилтай намайг аваад яваач гэж хэлсэн. Тэр үед бид нар Д ахын авч ирсэн тал шил архийг автомашин дотроо уусан. Бид нар тэндээсээ яваад Улаангом сумын 5 дугаар багт байрлах Алтжин дэлгүүрийн тэндээс А.Т очиж авсан. Бид нар Тариалан сум руу явж байхдаа Улаан уулын баруун талд 0,5 литрийн Ерөөл нэртэй 1 шил архи хувааж уусан бөгөөд тухайн архинаас би автомашин жолоодож явсан болохоор бага зэрэг уусан. Тариалан суманд очоод Д ахын дэлгүүрээс авсан 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж уусан. Тухайн үед ойролцоогоор 15 цаг өнгөрч байсан байх. Тэгээд А.Д ах бид хоёр Улаангом руу буцсан бөгөөд Чандмань Улаан уулын урд талын замаар зүүн тийшээ шороон замаар явж байтал замын хажуу талын цастай жалга руу гулсаж ороод автомашин өргөгдөж байсан. Урд талын дугуй цоожлогдож ттүүний дараа автомашин өнхөрсөн. Хэдэн удаа өнхөрсөн болохыг мэдэхгүй. Нэг мэдэхэд зам тээврийн осол болчихсон байсан. ...Миний буруутай үйлдлээс болж эрүүл байсан хүнд хүнд гэмтэл учирсанд гэмшиж байна...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.
Хэрэг учрал болсон даруйд шүүгдэгч Д.Ц согтуурал шалгасан магадалгаагаар “шүүгдэгч Д.Ц амьсгалд 1.61 промиль илэрсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23-р тал/, Шинжээч эмчийн шүүх химийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай “иргэн Д.Ц цусанд 1.4 промили спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 123-р тал/-үүдээр шүүгдэгч Д.Ц зам тээврийн осол гаргах үедээ согтуу байсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Цнь 2004 оны 05 дугаар сарын 13-нд жолоодох эрхийн үнэмлэх авсан. Уг жолооны үнэмлэхийн хугацаа 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дууссан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудсаар нотлогдож байна. Иймд Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар .... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Д биед “Хэвлийн хөндийд битүү гэмтэл: Давсагны урагдал, хэвлийн хөндийд цус алдалт, умдаг яс заадсаараа салсан, баруун эгэм ясны хугарал, зүүн талын сүүж ясны цуурсан хугарал, баруун ташааны орчмын зөөлөн эдийн цус хуралт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. А.Дн биед үүссэн гэмтэл нь нэг удаагийн /авто осол / үйлчлэлээр үүсгэгдэнэ. А.Д бие үүссэн дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. А.Д биед урьд нь хамар яс болон баруун талын ухархайн яс хуучин хугаралтай байсан байна. А.Д биед үүссэн /давсагны урагдал, хэвлий, аарцагны хөндийд цус хуралдсан/ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 65 дугаартай дүгнэлт /хх-ийн 137-138-р тал/-ээр тогтоогджээ.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4.б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар .... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай “Д.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д зааснаар “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.4.б-д заасан хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлээгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Согтуугаар 11-56 УВХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашин жолоодсон нь энэ гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болсон байна” гэх дүгнэлт /хх-ийн 172-р тал/ хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Д.Ц нь согтуугаар өөрийн эзэмшлийн 90-95 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 3.4.б гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь хохирогч А.Д 4.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депосит дансны хуулгаар нотлогдож байгаа ба 6.000.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлөхөө илэрхийлж, талууд харилцан тохиролцож хэлцэл байгуулсан байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2020 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлөхөө илэрхийлсэн 6.000.000 төгрөгийг тогтоосон хугацаандаа төлөхгүй бол албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ц жолоодож явсан ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашин нь К.А өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд “Бэрс финанс” ББСБ-д зээлийн барьцаанд байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд “Бэрс финанс” ББСБ-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт 1.403.152 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Учир нь иргэн К.А болон “Бэрс финанс” ББСБ хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний үүргийг иргэн К.А биелүүлэх бөгөөд барьцааны зүйл гэмтсэн нь К.А гэрээний үүргээс чөлөөлж, шүүгдэгч Д.Ц уг гэрээний үүргийг биелүүлэх үүрэг хүлээлгэх үндэслэл болохгүй юм.
Иймд иргэний нэхэмжлэгч “Бэрс финанс” ББСБ болон Б.Д нар нь гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган гэрээний тал болох К.А гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй тул иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Бэрс финанс” ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д 1.403.152 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ц нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ц хувийн зан байдлын талаар гэрч К.А-ийн өгсөн: “...манай нөхөр Д.Ц бид хоёр 1997 онд нэг гэр бүл болж өрх тусгаарласан. Түүний хувьд бүрэн дунд боловсролтой, каттын операторчин мэргэжилтэй, цэргийн алба хаасан. Хар тарвагатайн уурхайд 16 жил ажилласан. Зан байдлын хувьд төлөв даруухан зантай, цэвэрч, нямбай, архи согтууруулах ундааны зүйлийг дурлаж уудаггүй. Хааяа баяр ёслолын үеэр хэрэглэдэг, ажилсаг, хүнд тусархуу, эелдэг боловсон, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, яриасаг, худал хэлдэггүй, шулуун шударга зантай. Түүний хувьд урьд өмнө нь авто тээврийн осолд орж байгаагүй. Осолд орсны улмаас хүзүүний үений яс мултарсан, 1 яс хугарсан, түүнийгээ хадуулсан. Зүүн талын гар нь мэдээгүй болоод байдаг, одоо толгой нь өвдөж байгаа. Эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь гэж тогтоогдсон боловч дахиж хувь дээшлүүлэхээр болсон. ...Манай нөхөр Д.Ц урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115-р тал/, гэрч Ц.Б-ийн өгсөн: Миний төрсөн аав Д.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 05-01 тоот хашаанд байнга оршин сууж амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг зөрчилд урьд өмнө нь холбогдон шалгагдаж байгаагүй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө нь Хар тарвагатайн уурхайд ажиллаж байгаад уушигны тоосонцор гэх өвчнөөс болоод ажиллахаа больчихсон. Ажиллахаа болиод 2 жил болж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруухан, цэвэрч, нямбай, архи согтууруулах ундааны зүйлийг хааяа баяр, ёслолын үеэр хэрэглэдэг. Ажилсаг, тусархуу, олны дунд биеэ зөв боловсон авч явдаг, яриасаг, нээлттэй, нийтэч, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, тусч сэтгэлтэй, хүүхдүүдээ загнадаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гомдсон сэтгэлээ илэрхийлж хэлдэг. Өөр ямар нэгэн байдлаар агсам согтуу тавьдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117-р тал/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.Ц нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 196-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогч А.Даваажавт 4.000.000 төгрөг төлсөн, 6.000.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаан төлж барагдуулах талаар хохирогч А.Д-тэй харилцан тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг одоогийн байдлаар төлж барагдуулсан гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул ... улсын дугаартай Тоёота приус-20 загварын авто машин бимтүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Ц хохирогч А.Д-д 4.000.000 төгрөг төлсөн, 6.000.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлөхөө илэрхийлснийг дурдаж, биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн 1.403.152 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан ... улсын дугаартай Тоёота приус-20 загварын авто машин бимтүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ