Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул

Хохирогч: Б.Т, Д.Х

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Шүүгдэгч: Ж.А, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Ж Ам, Х овогт Т Б нарт холбогдох эрүүгийн 20350000200051 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 25-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Я овогт Ж А /РД:/,

Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 07-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Хожгор овогт Т. Б /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.А, Т.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө хууль сахиулагч Завхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Т, хэсгийн цагдаа Д.Х, олон нийтийн цагдаа Э.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаагийн дэслэгч Б.Т, олон нийтийн цагдаа Э.Б нарын биед халдсан, албаны хэрэгцээнд ашиглаж байсан хүрэн өнгийн ширээний тавцан, саарал өнгийн ширээний тавцан зэргийг эвдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ж.А, Т.Б хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр 20350000200051 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Увс аймгийн Цагдаагийн газрын Завхан сумын хэсгийн төлөөлөгчөөр 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдож ирээд одоог хүртэл 1 жил 6 сарын хугацаанд ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой манай суманд сумын залуучуудын шинэ жилийн үйл ажиллагаа сумын соёлын төвд болсон. Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой шинэ жилийн үйл ажиллагаатай гадуур хөл хөдөлгөөнтэй байсан тул хуульд заасан үндсэн чиг үүргийнхээ хүрээнд сумын төвөөр Завхан сумын хэсгийн цагдаа Х хамт хэв журам сахиулах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад шөнө 22 цаг 50 минутын үед сумын Засаг даргын тамгын газрын араар нисэх хороололд явж байтал тус сумын иргэн О гэдэг залуу гудамжинд өвлийн хүйтэнд футболкатай хаашаа явахаа мэдэхгүй зогсож байхаар нь чи хаашаа явах гэж байна, очих газар байна уу? гэхэд юу ч хэлэхгүй болохоор нь сумын цагдаагийн хэсгийн  байранд авч ирээд ар гэрт нь хүлээлгэж өгөх гээд чи гэр бүлийнхээ утасны дугаарыг өг чамайг ирж ав гэж хэлье гэхэд ямар ч мэдрэлгүй болтлоо согтсон юу ч хариулахгүй байсан тэгэхээр нь хэсгийн байранд хэсгийн цагдаа Х цуг үлдээгээд үүнийг харж бай гарвал хөлдөөд үхчихнэ шүү гэж хэлчихээд соёлын төвд болж байсан үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг харах зорилгоор соёлын төв рүү очиход хүмүүс дотор бүжиглэж байсан тэгээд хэвийн явагдаж байхаар нь соёлын төвөөс гарч гадна талд нь зогсож байтал соёлын төвд хэрүүл маргаан гарах шиг болохоор нь би буцаад соёлын төв рүү орох гэтэл хаалган дээр Мбуюу Ч надтай тааралдсан. Тэгтэл хүмүүс наад М аваад яваач согтчихоод хэрүүл маргаан үүсгээд байна гэхээр нь би Чинсанааг хэсгийн байр руу дагуулж ирээд Х харж бай гэж хэлчихээд Ч хэнтэй хэрхэн маргалдсан талаар мэдэх зорилгоор буцаад соёлын төв рүү очиход соёлын төвийн хаан надруу "чи муу пизда "гэж миний өмнө ирээд орилсон. Тэгэхээр нь Ж.A  хандаж "чи согтсон байна олон нийтийн газар бие зөв боловсон авч яв, харьж амар, чи согтуу байна" гэхэд "энд сая өчнөөн зодоон болж байхад чи хаана байсан юм. Миний найз Мхаана байна. Чи миний найзыг авч явсан байна тавьж явуул" гэсэн . Тэгэхээр нь "чи согтсон байна харьж амар" гэхэд А явахгүй орилоод байхаар нь  "хоёулаа тэгвэл манай ажлын өрөөнд очъё" гээд дагуулаад ажлын өрөө рүү явж байтал Бн талбайн баруун талд ирж байгаад "танай олон нийтийн цагдаа Б архи уусан үедээ гудамж талбайд агсам тавьдаг юм байна лээ. Чи түүндээ арга хэмжээ авч чадахгүй байж  бид нартай юм ярилаа. Миний найзыг авч явлаа" гээд намайг заамдаад авсан. тэгэхээр нь би хэсгийн байрнаас 100 метр зайтай байсан болохоор хэсгийн цагдаа X орилж дуудахад Х гарч ирээд над руу гүйгээд ирсэн. Х гүйгээд ирэх хооронд А миний зүүн нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би А-г түлхэж өөрөөсөө холдуулахад Х гүйж ирээд А араас тэвэрч авсан. Тэр хооронд А миний духан дээр нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь Х бид хоёр газар унагааж биеэ хамгаалсан байдалтай байтал цаанаас Х буюу Б "миний найзыг зодлоо" гээд орилоод хүрч ирээд Х куртикныхан захаас татахад би босоод Б тэвэрч авч зайлуулахад цаанаас соёлын төвд байсан залуучууд бөөндөө гарч ирээд бид хоёр руу дайрах хандлагатай байхаар нь Хишигтогтох бид хоёр тэр хэдийг орхиод хэсгийн байр руу ороход сумын эмч Э бид хоёртой цуг манай хэсгийн байр руу орж ирсэн. Энхбат нь тухайн шинэ жилд ороод гарч явсан байсан. Хэсгийн байранд ирээд удалгүй байтал олон нийтийн цагдаа Борж ирээд зогсож байтал араас нь АБ, О нар цуг орж ирээд А, Б нар Б руу дайраад чамайг ална гээд орилсон тэгэхээр нь Х бид хоёр босоод дундуур нь орж салгасан. А, Б хоёрыг албаны ширээний хоёр талд зогсоогоод байж байтал дахин Батжаргал руу дайрахдаа ширээ түлхэж хөлийг нь салгаж унагаагаад Б ширээний тавцан дээр гишгээд ширээний тавцанг цөмөлсөн. Тэгээд албан өрөөн дотор "та нарыг ална пизданууд, бүгдийг чинь ална, эр хүн шиг үзэх үү пизданууд" гээд орилж байгаад тайвширахаар нь тэнд байсан хүмүүсийг та нар одоо харьж амар гээд явуулсан. Ж.А, Т.Б нар нь нэлээн согтолттой байсан. Ж.А харьж амар гэдэг шаардлага тавьсны хариуд Ж.А намайг 2 удаа цохиж, хууль ёсны шаардлага эсэргүүцсэн үйлдэлд гомдолтой байна. Мөн албаны 2 ширээний тавцанг эвдсэн. Хүрэн өнгийн ширээтэй адилхан ширээ авч өгсөн. Саарал өнгийн ширээний тавцанг засаж албаны хэрэгцээнд хэвийн хэрэглэж байгаа. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16, 75-76-р тал/,

2. Хохирогч Д.Х-ийн  мөрдөн байцаалтын шатанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би Увс аймгийн Цагдаагийн газрын Завхан сумын хэсгийн цагдаагаар 2019 оны 10 дугаар сард томилогдож ирээд одоог хүртэл 2 сарын хугацаанд ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой манай суманд Сумын залуучуудын шинэ жилийн үйл ажиллагаа сумын соёлын төвд болсон. Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой хэсгийн төлөөлөгч Б.Тн хамт хэв журам сахиулах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад шөнө 22 цаг 50 минутын үед сумын Засаг даргын тамгын газрын араар нисэх хороололд явж байтал тус сумын иргэн О гэдэг залуу гудамжинд футболкатай зогсож байхаар нь "чи хаашаа явах гэж байна. Очих газар байна уу" гэхэд юм хэлэхгүй болохоор нь сумын цагдаагийн хэсгийн байранд авч ирээд ар гэрт нь хүлээлгэж өгөх гэхэд ар гэрийнхээ хүмүүсийн дугаарыг хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би түүнийг харж үлдээд хэсгийн төлөөлөгч Т шинэ жилийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг хараад ирье гээд гарсан. Түүнээс хойш удалгүй Ч гэдэг залууг авч ирээд "үүнийг бас хараад байж бай. Хэрүүл маргаан үүсгээд байна гэж гомдол гаргалаа би хэнтэй хэрүүл маргаан үүсгэснийг мэдээд ирье" гээд буцаад гарсан. Тэгээд 5 минутын дараа гадна Хгэж орилох дуу гарахаар би гараад харахад талбайн урд манай хэсгийн байрнаас 100 орчим метр зайнд хэсгийн төлөөлөгч Б.Т А барьцалдсан байхаар нь би гүйж очоод А салгах гээд тэврэхэд А гараараа хэсгийн төлөөлөгч Т толгой тус газарт нэг удаа цохисон. Тэгэхээр нь бид хоёр түүнийг тэврээд газар унагаасан. Гэтэл соёлын төвөөс Бат-Эрдэнэ ирээд “та хоёр миний найзыг зодож байна” гэж хэлээд миний куртикны захаас татахад Б.Т босоод Б тэвэрч надаас холдуулсан. Тэгтэл дахин цаанаас хэдэн залуучууд гарч ирээд “бид нар найзыгаа авъя. Та нар өгчих” гэсэн тэгэхээр нь би тэд нарт хандаж “Би өгч явуулж чадахгүй. А хэсгийн төлөөлөгчийн биед халдсан” гэж хэлсэн. Тэдгээр залуучууд бид хоёрыг зодох шинжтэй байхаар нь А тавиад Т бид хоёр ажлын байрлуугаа буцаж орж ирсэн. Тэр үед сумын эмч Э бид хоёртой цуг хэсгийн байранд орж ирээд удаагүй байж байтал араас Борж ирсэн. Батжаргал орж ирээд удаагүй байж байтал гаднаас А.Б О нар орж ирээд А, Б нар “пизданууд та нарыг бүгдийг чинь ална” гээд Батжаргал руу дайрсан. Тэр үед нь Түмэнжаргал төлөөлөгч бид хоёр дундуур нь орж салгаад ширээний 2 талд гаргаж зогсоосон. Тэгтэл А, Б нар дахин Б руу дайрч голд нь байсан бор өнгийн ширээний хөлийг эвдээд тавцан нь унахад дээр нь Б гишгиж цөмөлсөн. Т бид хоёр дахин салгасан. Тэгтэл Б “та хоёр муу пизда танай олон нийтийн цагдаа Бсогтуу агсам тавихад ямар арга хэмжээ авсан юм” гээд орилоод байсан. Тэгж байгаад тайвшраад О Б аваад гараад явсан. Олон нийтийн цагдаа Б согтуу агсам тавьж байх хугацаанд би байгаагүй болохоор тэр талаар мэдэхгүй. Тухайн үед Ж.A, Т.Б нарын хэн хэн нь нэлээн согтуу байсан бөгөөд “чи муу пизда манай суманд ирээд том болчихгүй шүү, чи болоогүй шүү аятайхан байгаарай” гэж дарамталсан шинжтэй зүйл хэлж байсан. Б сүүлд кобан дээр согтуу залуучууд дагуулчихсан ирээд “чи манай суманд ирээд даврах болоогүй шүү. Та нар ингэж мэдүүлэг өгдөг юм уу” гэж намайг дарамталсан шижтэй үйлдэл гаргасан. Би Энэ хүмүүсээс айж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

3. Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Увс аймгийн Завхан сумын цагдаагийн хэсэгт олон нийтийн цагдаагийн ажилтнаар 2018 оны 02 дугаар сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой 19 цагт манай суманд залуучуудын холбооноос залуучуудын шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулсан би тэр шинэ жилд орсон. Тэгээд орой шинэ жил тараад явж байтал манай сумын цагдаагийн хэсгийн байрнаас урагш 100 метр орчим зайнд хэсгийн төлөөлөгч Б.Т, хэсгийн цагдаа Х нартай хүмүүс маргалдаад хэл амаар доромжлоод зогсож байхаар нь би явж очоод дундуур нь орж салгаад хэсгийн байр   руу Т.Х нарын араас ороход эмч Э цуг орсон байсан. Тэгээд хэсгийн байрандаа байж байтал араас А, Б нар “Ална пизданууд яагаад миний найзыг та нар барьдаг юм” гээд орилоод ороод ирэхээр нь би А, Б нарт “та нар чинь цагдаагийн байранд орж ирчихээд яагаад орилж хашгираад байгаа юм бэ?” гэхэд “чамд ямар хамаатай юм чамайг ална” гэж хэлээд над руу дайрсан тэгэхэд хэсгийн төлөөлөгч Б.Т хэсгийн цагдаа Х нар дундуур орж ирж салгаад А, Б нарыг хэсгийн өрөөний бор ширээний цаад талд зогсоосон. А, Б нар нь дахин над руу дайрч ширээ түлхэж эвдээд, саарал ширээний тавцанг хойш нь түлхээд бор ширээний тавцан дээр Б. гарч зогсоод цөмөлсөн. Тэр хоёр дахин над руу дайраад миний толгойн ар дагз руу A нэг удаа алгадаад, . миний нүүр рүү нэг цохих гэхэд нь би цохиулахгүй бултчихсан. Тэгээд дахин тэр хоёрыг салгахад Т руу “чи муу пизда минь миний найзыг барьдаг. Чи энэ Б арга хэмжээ авч чадсан уу? Чи хэлдээ пизда минь” гээд агсамнаад байсан. Би өөрөө 2019 оны 8 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж тэр зөрчилдөө 100.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн. Тэр асуудлыг л яриад байх шиг байсан. Тэгээд орилж байтал Б хадам эгч О цуг байсан болохоор түүнийг аваад гараад явчихсан. Тэгэхээр нь би намайг байхаар бас илүү уурлаад байх шиг байна гэж бодоод гараад явчихсан. Т.Б цагдаагийн өрөөнд орж ирчихээд агсамнаж байгаад ширээний тавцанг түлхэж унагаагаад над руу дайрч ширээний тавцан дээр гарч ширээний тавцанг цөмлөөд дахин нударгаа зангидан намайг цохих гэж дайрахад нь би бултаж зөрүүлээд Т.Б баруун нүд хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл тэнд байсан хүмүүс салгасан. Тэгж байтал Ж.А ширээний тавцанг тойрч ирээд миний шилэн хүзүү рүү нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж түүнийг түлхээд зөрүүлээд хацар дээр нь нэг удаа цохисон. Өөрөөр тэр хоёрыг зодоогүй, тухайн үед аль аль нь намайг цохих гээд дайрахад нь би зөрүүлээд цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/,

4. гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд шөнө 00 цагт шинэ жилийн үйл ажиллагаа дуусаж гараад ирэхэд манай хүргэн дүү болох нь Т.Б буюу Халзаа цагдаагийн хэсгийн байранд байна гэхээр нь би түүнийг аваад явчих санаатай цагдаагийн хэсгийн байранд ирсэн. Тэгтэл цагдаагийн байранд Т.Б.Ж.А нар хэсгийн төлөөлөгч Б.Т, хэсгийн цагдаа Д.Х, олон нийтийн цагдаа Э.Б нар руу “та нар миний найзыг авч явлаа” гээд хэрэлдээд байсан. Тэгээд Т.Б , Ж.А нар Э.Б-г цохих гээд хөдлөхдөө цагдаагийн байрны бор өнгийн ширээг түлхээд унагаачихсан. Унасан ширээний тавцан дээр Т.Бат-Эрдэнэ гараад тавцанг цөмөлсөн. Тэгээд цагдаа нар руу Т.Б найзыгаа өмөөрөөд хэрэлдээд байхаар нь би Т.Б чирээд цагдаагийн хэсгийн байрнаас гэр рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

5. гэрч Н.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай суманд залуучуудын шинэ жил сумын соёлын төвд болсон. Шинэ жилийн үйл ажиллагаа 19 цагт эхэлж, 00 цагт дуусах байсан бөгөөд 23 цагийн үед манай багийн залуу болох Д гадна байхаар нь би түүнд хандаж “надад нэг шил архи аваад ир” гэж хэлээд 20.000 төгрөг өгсөн. Тэгтэл “чадахгүй” гэж хэлээд намайг нэг удаа цохичихоод яваад орсон. Тэгэхээр нь би араас нь явж ороод ширээн дээр нь очиж түүнийг нэг алгадаад “гараад ир” гэж хэлээд бид хоёр гадна гараад зодолдох  гэхэд Дашзэвэг дахин хавирч унагаачихаад буцаад орчихсон. Түүнийг дуудахаар дахин орох гэтэл цагдаа Б.Тирээд намайг “чи яагаад олон нийтийн газар хэрүүл, зодоон үүсгээд байгаа юм бэ?” гэж хэлээд цагдаагийн хэсгийн байр руу авч явсан. Намайг цагдаагийн байранд авч очоод Д.Х гэх цагдаад үлдээгээд Т буцаад гараад явчихсан. Тэгээд удалгүй Б.Тл ороод ирсэн. Удалгүй түүний араас Ж.А, Т.Б нар орж ирээд Э.Б гэх олон нийтийн цагдаа руу дайраад хэрэлдээд агсамнаад байсан. Тэгж байгаад санамсаргүй байдлаар цагдаагийн ширээний тавцанг газар унагаахад тэнд байсан хүмүүс салгаад гараад явцгаасан. Ж.А, Т.Б бид нар багын найзууд бөгөөд тэр хоёр намайг хамгаалж орж ирсэн бололтой байсан. Тухайн үед шинэ жилд ороод архи нэлээн уучихсан согтуу байсан болохоор өндөр дуутай, нэлээн орилж, дайрч давшилсан байдалтай л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

6. гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг хэсгийн байранд орж ирэхэд нэг танихгүй залуу сууж байсан. Нэг согтуу хүн тасарчихсан унтаж байсан. Тэгээд бид нар сууж байтал гаднаас Т.Б, Ж.А нар “пиздануудыг ална” гээд орилоод ороод ирсэн. Улмаар Э.Б зодох гээд дайрахад Б.Т, Д.Х нар салгаад ширээний 2 талд зогсоосон. Гэтэл дахин Э.Б руу “чамайг ална” гэж дайраад цагдаагийн хэсгийн өрөөнд байсан бор өнгийн ширээг түлхэж унагаагаад, компьютер тавьсан байсан саарал өнгийн ширээний тавцанг түлхээд хазайлгачихаад Э.Б руу дайраад Т.Б бор ширээний тавцан дээр гишгэхэд тавцан нь цөмөрсөн. Т.Б, Ж.A хоёр “та нарыг ална муу пизданууд” гэж байтал Т.Б хадам эгч нь Т.Б аваад чирэлдээд гарсан. Э.Б гараад явахад А тайвширсан. Тухайн үедээ Т.Б, Ж.А хоёр Б.Т, Д.Х хоёр руу “та хоёрыг ална пизданууд, Б.Т чи энэ Э.Б архи уугаад агсам тавьж байхад тэр асуудлыг нь шударгаар шийдсэн үү чи, та нарыг ална” гээд л орилоод байсан. Т.Б, Ж.А нарын хэн хэн нь нэлээн согтсон байсан. Б.Т зодуулчихлаа гэхээр нь би түүнийг үзэхэд зүүн хацар нь бага зэрэг эмзэглэлтэй, бага зэрэг хавдартай боловч хөхөрч няцарсан зүйл байгаагүй, өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл бэртэл, шарх сорви байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

7. Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн эмч У.Э бичсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49-р тал/,

8. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаартай “иргэн Б.Т биед тухайн үед үзсэн яаралтай тусламжийн үзлэгээс үзэхэд гэмтэл учирсан байна. 2. Зүүн хацар хавдартай, зөөлөн эдийн няцралт, гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа, эрүүл мэндийг сарниулах гэмтэл учир Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар болно.

Хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газрын Завхан сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Т, хэсгийн цагдаа Д.Х нар нь албан үүргээ биелүүлж, эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан болох нь тэдгээрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүгээр нотлогдож байна.

Увс аймаг дахь Цагдаагийн газрын Завхан сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Т, хэсгийн цагдаа Д.Х нар нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, олон нийтийн газар зөрчил гаргасан Н.Ч саатуулсантай холбогдуулан шүүгдэгч Ж.А “Н.Ч явуулахыг шаардаж хэсгийн төлөөлөгч Б.Т биед халдсан, улмаар шүүгдэгч Ж.А, Т.Б нар нь  цагдаагийн хэсгийн байранд орж албаны ширээг эвдсэн, олон нийтийн цагдаа Э.Ббиед халдсан болох нь хохирогч Б.Т, Д.Х, Э.Б, гэрч У.Э, Ч.О нарын мэдүүлэг, албаны зориулалтаар ашиглаж байсан ширээнүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49-р тал/, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Т, хэсгийн цагдаа Д.Х нар нь хууль сахиулагч гэдэгт хамаарна. Мөн олон нийтийн цагдаа Э.Б нь Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагаанд туслах үүрэгтэйгээр оролцохоор тусгайлан эрх олгогдсон тул хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд гэдэгт хамаарна.

Шүүгдэгч Ж.А, Т.Б нар нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын Завхан сум дахь хэсгийн төлөөлөгч Б.Т, хэсгийн цагдаа Д.Х нарыг тухайн үед соёлын төвд хэрүүл, маргаан үүсгэсэн Н.Ч цагдаагийн хэсгийн байр руу авч явсан үйлдлээс үүдэлтэйгээр түүнийг тавьж явуулахыг шаардсан нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэдэгт хамаарахаас гадна хэсгийн төлөөлөгч Б.Т биед шүүгдэгч Ж.А, олон нийтийн цагдаа Э.Б биед шүүгдэгч Т.Б халдсан, цагдаагийн байрны албаны хэрэгцээнд ашиглаж байсан бор өнгийн ширээ болон саарал өнгийн ширээний тавцан зэргийг эвдсэн үйлдлүүд нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, зүй бус үг хэллэгээр айлган сүрдүүлсэн үйлдэл нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэгт тус тус хамаарна.

Шүүгдэгч Ж.А, Т.Б  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ж.А, Т.Б  нар нь санаатайгаар нэгдэж энэ үйлдлийг хийсэн байх тул тэднийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Мөн согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.А, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулагчийн халдашгүй байдал зөрчигдсөн байна.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Д /Увс аймгийн Завхан сумын ЗДТГ-т нярав / -гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллагаас тус сумын цагдаагийн хэсгийн байранд албаны хэрэгцээн тодорхой тооны эд зүйлийг ашиглуулж байсан. Энэ гэмт хэргийн улмаас манай байгууллагын 150.000 төгрөгийн үнэлгээтэй бор өнгийн ширээний тавцанг эвдэж ашиглах боломжгүй болгосон. ...Саарал өнгийн модон ширээний тавцан салсан боловч завсарлаж, хэвийн ашиглаж байгаа тул нэхэмжлэхгүй. Манай байгууллагын зүгээс бор өнгийн 150.000 төгрөгийн үнэлгээтэй ширээ 1 ширхэгийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн байдаг боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар нь тухайн ширээтэй адилхан ширээг шүүгдэгч нар шинээр авч өгсөн талаар мэдүүлсэн учир шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.А, Т.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцсэн боловч хэрэгт шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэснийг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй тул тэдний саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.А, Т.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон, тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.А хувийн байдлын талаар гэрч Н.Б-ийн өгсөн: “...Миний том хүү Ж.А нь 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, багаасаа цэцэрлэгээр хүмүүжээд Увс аймгийн Завхан сумын ЕБС-д 9 дүгээр анги төгсөж, Ховд аймгийн Политехник коллежийг Барилгын арматурчин мэргэжлээр төгссөн. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, яриасаг, ажилсаг, тусархуу, ямар нэгэн муу зуршилгүй, хүмүүстэй эелдэг зөөлөн харилцдаг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг. Ж.А нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р тал/, гэрч Ө.Б-ийн өгсөн: “Би Ж.А сайн танина. Бид хоёр хамт морь уядаг байсан. Түүний хувьд ямар нэгэн ажил эрхэлдэггүй, зан байдлын хувьд төлөв даруу зантай, яриасаг, ажилсаг, тусархуу, ямар нэг муу зуршилгүй, хүмүүстэй эелдэг зөөлөн харилцдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаггүй” гэх мэдүүлэг ,

Шүүгдэгч Т.Б хувийн зан байдлын талаар гэрч Ө.Б-ийн өгсөн: Т.Б нь манай хүргэн ах нагац эгчийн хоёр дахь хүүхэд юм. Т.Б нь гэртээ мал маллаж амьдардаг. Т.Б нь үг дуу цөөтэй, ажилсаг, тусархуу, эелдэг зөөлөн зантай, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, бага зэрэг ууртай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг. Түүний хувьд 2 жилийн өмнө зүрхний хагалгаанд орсны улмаас хааяа уурлаад байдаг болчихсон. Урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй..” гэх мэдүүлэг, гэрч Ж.Б-ийн өгсөн: Т.Б гэгч нь манай хүргэн бөгөөд Т гэх айлын хоёр дахь хүүхэд. Т.Б нь манай отгон охин О үерхэж, нөхөрлөдөг, хадаг сүй тавьчихсан, гэрлээгүй байгаа. Тэрээр гэртээ мал маллаж амьдардаг, миний мэдэхээр бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, ажилсаг, тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг. Монгол үндэсний бөхөөр барилддаг өөр ямар нэг авъяас байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийхн 100-101-р тал/ хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч нарын хувьд урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 140, 155-р талуудад авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх  ял хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-т “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул тэднийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгч нарт хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан тул шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогт Ж-ийн А, Х овогт Т-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.А, Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус бүрт нь 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.А, Т.Б нарт оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.А, Т.Б нарт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж тооцогдож ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Т.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.ГАНСҮХ