Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Шүүгдэгч: У.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт У.А-д холбогдох эрүүгийн 2035000200056 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 24-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Т сумын ... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Г овогт Улчаан А /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч У.А нь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрцагт гэх нэртэй газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 2020 оны 01 дүгээр сарын эхээр зөвшөөрөлгүй 0.956 м.куб бургас мод бэлтгэсэн, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн УАЗ-31514 загварын ... УВА улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинаар тээвэрлэсний улмаас байгаль экологид 80.304 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч У.А зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.А нь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрцагт гэх нэртэй газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 2020 оны 01 дүгээр сарын эхээр зөвшөөрөлгүй 0.956 м.куб бургас мод бэлтгэсэн, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн УАЗ-31514 загварын ....  УВА улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинаар тээвэрлэсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-24-р тал тал/,

- Бургас модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-34-р тал/,

- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-42-р тал/,

- Эд мөрийн баримтаар модон иштэй төмөр сүх, УВА 021569 дугаартай, УВА 0108853 дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг” хураан авсан тэмдэглэл /хх-ийн 56-58-р  тал/,

- Эд хөрөнгө /автомашин, мод/ битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 44-45-р тал/,

- Модон иштэй сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-51-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У.А нь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрцагт гэх нэртэй 2020 оны 01 дүгээр сарын эхээр 181 ширхэг нойтон бургас мод бэлтгэсэн байсан. Тухайн модыг бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн 38-77 УВА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн байсан бөгөөд байгаль хамгаалагч Б, байгаль орчны улсын байцаагч О нараас ямар нэг мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл аваагүй хэрнээ хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Би Б уулзаж мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авсан эсэх талаар асуухад “надаас мод бэлтгэх зөвшөөрөл өгөөч гэж асуусан, харин би зөвшөөрөл олгох хугацаа болоогүй байгаа, тусгаарлалт хийгээгүй гэж хэлээд ямар нэг мод бэлтгэх эрхийн зөвшөөрлийн бичиг өгөөгүй. Надаас ямар нэг зөвшөөрөл авсан зүйл байхгүй” гэж хэлсэн. Хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд манай Тэс сумын ЗДТГ нь хохирогчоор тогтоогдож байгаа бөгөөд Тэс сумын нутагт байгаа байгалийн баялагийг хариуцан ажилладаг. Гэмт хэргийн улмаас байгаль, экологид 80.304 төгрөгийн хохирол учирсан. Би иргэн У.A гэгчийг хэзээ хэнтэй хамт явж, хэрхэн мод бэлтгэсэн талаар сайн  мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 76-80-р тал/,

Гэрч Ж.Б-ийн /Тэс сумын байгаль хамгаалагч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэс сумын 4 дүгээр багийн иргэн У.А бургас мод бэлтгэх гэж байгаа талаараа надад хэлсэн. Тэгэхээр нь би бургас мод бэлтгэх тусгай зөвшөөрөл өгөхгүй байгаа. Манай сум мод бэлтгэх газраа тусгаарлаагүй байгаа, зөвшөөрөл ирэхээр мод бэлтгэ, одоо мод бэлтгэж болохгүй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р тал/,

Гэрч Д.Д-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр У.А нь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг руу бургас мод ачихаар гэрээсээ 10 цагийн үед ганцаараа өөрийнхөө машинтай явсан юм. Манай нөхөр У.А нь ганцаараа явж мод бэлтгэсэн ба өмнө нь явж модоо бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/,

Гэрч А.Т-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У.Аа нь Тэс сумын 11 дүгээр багийн нутаг руу мод бэлтгэхээр ганцаараа явсан. Би хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө явсан. Тухайн үед би гэртээ малаа хараад үлдсэн юм. У.А нь нэг удаа модоо тайрч бэлтгэх гэж явсан дараа нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ачих гэж бас ганцаараа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/,

Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У.А ах манай гэрт орж ирээд төрсөн хүү А.Т гэр барьж өгөх гээд гэрийн мод бэлтгэсэн байгаа түүнийг очиж ачмаар байна надад туслах хүн алга чи туслаад өгөөч гэж хэлсэн. Би хаана ямар газар мод бэлтгэсэн байгаа вэ? Мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг баримтыг нь та авсан уу гэхэд Тэс сумын 11 дүгээр багт Хайрцагт гэх нэртэй газарт байгаа, би байгаль хамгаалагч Б уулзаад ямар ч асуудалгүй болгочихсон, бичиг баримтыг нь гэрт үлдээчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би авга ах нэг удаа гуйж байхад нь зөвшөөрөхгүй бол болохгүй гэж бодоод охиноо төрсөн ээж Ц гэрт оруулж өгчихөөд У.А ахын хамтаар түүний 38-77 УВА улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинаар мод бэлтгэсэн газарт очоод бэлдээд хураачихсан модыг ачаад А ах автомашинаа жолоодоод би хойд талын суудалд суугаад бид хоёр Таван улиас багийн төвөөс баруун тийшээ Тэс сумын төв рүү гарахад цагдаагийн албан хаагч нар зогсоон шалгаад бичиг баримт хаана байгаа талаар цагдаагийн хэсгийн байр руу авч явсан. Би У.А ахыг зөвшөөрлийн бичиг баримт байгаа гэж надад хэлсэн болохоор байгаа гэж бодоод л хамт явсан. Хэрвээ мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл аваагүй, нууцаар яваад хууль бусаар бэлтгэсэн мод ачаад өг гэсэн бол би зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р тал/,

Шүүгдэгч У.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ц “ахын дүү ах нь хүү А.Т гэр барихаар гэрийн мод бэлтгэсэн юм. Ганцаараа болчихоод байна, А.Т мал хариулж байгаа. Чи надад туслаад өгөөч” гэж гуйсан. Ц надаас зөвшөөрөл авсан юм уу гэж асуухаар нь би зөвшөөрөлтэй, Б яриад уулзаад тохирчихсон, гоожин авчихсан гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд Ц надад туслахаар болоод хүүхдээ хажуу талын айлд оруулчихаад бид хоёр сумын төвөөс Хайрцагт гэх газар руу 11 цагийн үед яваад тус газарт очиж, модоо цуглуулаад зөөж ачсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “...Тус аймгийн Тэс сумын нутаг Хайрцагт гэх нэртэй газар нь Тэсийн голын байгалийн нөөц газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тусгай хамгаалалттай газар нутгийг Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Байгалийн нөөц газар, Байгалийн дурсгалт газар гэж 4 ангилдаг. Байгалийн нөөц газарт дотоод бүс гэж байдаггүй. Увс аймгийн Тэс сумын нутагт Тэсийн голын адаг орчмоор Увс нуурын Дархан цаазат газар, дархан цаазат газартай залгаад Тэсийн гол дагуу улсын хил хүртэл Тэсийн голын байгалийн нөөц газар байдаг...” гэх дүгнэлт, хавсаргалт газрын зураг /хх-ийн 118-120-р тал/-аар хууль бусаар мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг нь тогтоогдож байна.

Экологи эдийн засгийн шинжээчийн “...Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн Хайрцагт гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн мод 0.956 м.куб болж байна. Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн мод нь бургас мод байна. Уг мод нь хэрэгцээний мод байна. Уг мод нь нойтон мод байна. Иймд хэрэглээний модны 181 ширхэг бургас модны ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ буюу ойн санд учруулсан хохирлын хэмжээ нийтдээ 80.304 төгрөг болж байна. Ойн тухайн хуулийн 47.2 дэх зүйл заалтыг зөрчсөн байна” гэх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай дүгнэлт /хх-ийн 100-р тал/-ээр шүүгдэгч У.А нь хууль бусаар 181 ширхэг бургас мод бэлтгэсэн нь  ойн санд  80.304 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Иймд шүүгдэгч У.А улсын тусгай хамгаалалттай газар болох Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Хайрцагт гэх газраас 0.956 метр куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэж, улмаар өөрийн эзэмшлийн УАЗ-31514 загварын 38-77 УВА улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинаар тээвэрлэсэн гэж үзнэ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Шүүгдэгч У.А нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Хайрцагт гэх газраас 0.956 метр куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэж, улмаар өөрийн эзэмшлийн УАЗ-31514 загварын 38-77 УВА улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинаар тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч У.Адъяаг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтээр 80.304 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 80.304 төгрөг байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 240.912 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 240.912 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч У.Адъяа нь байгаль экологид учруулсан бодит хохирол 80.304 төгрөг төлж барагдуулсан болох нь нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 160.608 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.А болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч У.Аэрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч У.А нь зөвшөөрөлгүйгээр бургас мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.А-ийн хувийн зан байдлын талаар гэрч Л.Б-ийн өгсөн: “...У.А ах бол төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, ажилсаг, тусархуу, эелдэг, зөөлөн зантай, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, нүүрэмгий, би авга ах У.Ахүүхэд байх цагаасаа уурлаж байхыг нь хараагүй. Их л даруухан зантай хүн. Түүнд ямар нэгэн муу зуршил байхгүй, хааяа тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй.... Тэднийх 400 гаруй бог малтай, 40 гаруй үхэртэй, 1-2 тооны адуутай байх, 38-77 УВА улсын дугаартай 31514 загварын автомашинтай, хуучин ашиглагдаж элэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклтой, 10 жил ашигласан пад трактор, 1 ханатай нэг, 5 ханатай жижиг монгол гэртэй. Өөр ямар хөрөнгө байдаг талаар нь мэдэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р тал/, гэрч Д.Ц-ийн өгсөн: Миний авга ах У.А нь Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн нутагт эхнэр, хүүхдүүдийнхээ хамт мал маллаж амьдардаг. Тэднийх 4 хүүхэдтэй бөгөөд 3 хүүхэд нь ЕБС-д сурдаг. У.А нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, ажилсаг, тусархуу, эелдэг, зөөлөн зантай, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, бага зэрэг ууртай, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи хааяа татдаг, миний мэдэхээр урьд өмнө нь эмчилгээ хийлгэж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг биетэй, урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р тал/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч У.А нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 144-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгч У.А-д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 80.304 төгрөгийн үнэ бүхий 181 ширхэг бургас модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн 783.333 төгрөгийн үнэ бүхий УАЗ-31514 авто машин, 5.000 төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус хурааж, 160.608 төгрөгийг ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх, битүүмжлэгдсэн 181 ширхэг бургас мод болон УАЗ-31514 авто машиныг тус тус хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгохтой холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхлэх хүртэл тэдгээрийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч У.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Галзад овогт Улчаан А-г Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч У.Ахорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч У.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч У.А нь хохиролд 80.304 төгрөгийг Тэс сумын байгаль хамгаалах санд төлснийг дурдаж, Байгаль орчиныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар ойн санд учруулсан хохиролд 160.608 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.А-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 80.304 төгрөгийн үнэ бүхий 181 ширхэг бургасыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 783.333 төгрөгийн үнэ бүхий УАЗ-31514 авто машин, 5000 төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус хурааж, ойн санд учруулсан 160.608 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ