| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0074/э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул
Хохирогч: У.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,
Шүүгдэгч: Х.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Х.О-д холбогдох эрүүгийн 2035000610055 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 04-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 1-17 тоотод оршин суух Ш овогт Х.О /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.О нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 29-ний орой хохирогч У.У нүүрэн тус газарт аяга шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Х.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.О нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 29-ний орой хохирогч У.У нүүрэн тус газарт аягаар цохьсон болох нь:
Хохирогч У.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 29-ний 17-18 цагийн үед гэртээ аавтайгаа байж байтал гаднаас танил Х.О хажуудаа эрэгтэй, эмэгтэй 2 хүний хамт ирсэн. Тэр хоёр хүний нэрийг Ш, М гэдэг ба бас л миний танилууд юм. Уг хүмүүс аавтай золголт хийчихээд цай, хоол идсэн. Тухайн үед аав Цагаан сарын баяр гээд нэг шил архи задалж, бид нар бүгдээрээ хувааж уусан. Дараа нь Х.О бид хоёр дэлгүүр явж нэг шил архи авч ирж, бид нар бас л хувааж уусан. Архи ууж байх явцад Х.О хэрүүл маргаан гаргаж, миний аав Уягаатай маргалдаад байсан. Би аавыгаа өмөөрч Х.О маргалдсан. Маргалдаж байх явцад Х.О аяга аваад над руу шидэхэд миний амны хэсэгт цохигдож, уруулаас цус гарсан. Уг гарсан цус тогтохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн ажилтан манайд ирж, Х.О бид хоёрыг эмнэлэг рүү дагуулан явж, намайг Нэгдсэн эмнэлгийн 103-ийн эмчид үзүүлэхэд миний уруулын дээд хэсэг язарч, үүдэн 1 шүд унасан гэмтэл учирсан байсан ба миний уруулын язарсан шарханд оёдол тавьсан. Би анх аягаар цохиулахдаа уруулын хэсэг л гэмтсэн гэж бодоод яваад байсан юм. Эмчийн өрөөнд уруулын хэсгээс гарсан цусаа цэвэрлээд угааж байтал амнаас цустай хамт шүд унаж гарч ирснээр аяганы цохилтонд шүд бас гэмтсэнийг мэдсэн. ...Миний үүдэн нэг шүд унасан тул шүд эмчлэх зардал төлчихвөл надад өөр нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р тал/,
Хохирогч У.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Х.О эгчтэй хуурай эгч дүүсийн харилцаатай. Шүүх хуралдааны эхэнд надад 100.000 төгрөг өгч, миний шүд хийлгэхэд гарсан зардлыг төлж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Н.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.О “У ахын гэрт очицгооё, намайг дуудаад байна” гэж хэлэхээр нь бид нар ярилцаад очихоор болсон. Бид 3 такси аваад У ахын гэрт очиход У ах, түүний охин У.У, түүний хоёр хүүхэд нь байсан. У.У унтаж байсан ба Уах “өчигдөр бид нар архи уугаад, үхлээ” гэж байсан. У ах У.У сэрээж босгосон ба бид нар хоол цай хийж идсэн. У 0,75 литрийн 1 шил архи задалж, бид нар хувааж уусан. Уг архи дууссаны дараа Х.О У.У хоёр дэлгүүр рүү явж 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи авч ирж, бас л хувааж ууцгаасан. Би 2 дахь архийг ууж байхад маш их согтож, тасарсан. Гэнэт ухаан ороод ороод харсан чинь У.У ам, хамарны хэсгээс цус гарч байсан. Тухайн үед би манараад ухаан орж гараад байсан ба үүний дараа нэг сэрэхэд У. Ш хоёр байсан, нөгөө хоёр хүүхэд унтаж байсан. У.У, Х.О хоёрыг хаачсан талаар асуухад нөгөө хоёрыг цагдаа аваад явсан гэж хэлсэн. Удалгүй Уягаа У.Уугандэлгэртэй утсаар ярихад У.У эмнэлэгт оёдол тавиулсан байсан. Хэсэг хугацааны дараа У.У гэртээ ирсэн бөгөөд араас нь Х.О удалгүй ирсэн ба Х.О У.У уучлалт гуйж нэлээн байж байгаад бид нар унтаж амарсан. Өглөө болж бид нарыг сэрэхэд У.У унтаад байсан ба аав У дуудаад цагдаа руу явъя гээд уурлаад байсан. Удалгүй бид нар уг айлаас гарч гэр гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Гэрч У.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Х.О сууж байсан орон дээр нь хэд хэдэн удаа дарж, суулгаж хамгаалсан. Тэгэхгүй бол босож ирээд хүнтэй хэрүүл маргаан үүсгэж, агсам тавих гээд байсан. Х.О согтсон үедээ угаасаа ийм догшин ширүүн зантай болчихдог болохоор над руу ямар ч үйлдэл гаргасан би тоодоггүй юм. Тэр үедээ У ахтай хэрэлдэж маргалдах гээд байсан. Тэр хоёр юунаас болж маргалдсан гэдгийг санахгүй байна. Би Х.О хүнтэй хэрэлдэж муудалцуулахгүй гээд хамгаалаад орон дээр дарж байтал миний гэдэс гүүлгэсэн. Гэрээс гарч бие засчихаад 10 орчим минутын дараа буцаж ороход У.У голын орны хажууд хамар, амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь би 00-ийн цаас аваад цусыг нь арчаад, цэвэрлээд өгье гэхэд У.У арчуулаагүй ба Уягаа У.У нар Х.О аяга шидээд ийм болгочихлоо гэсэн зүйл хэлж байсан. Удалгүй цагдаа ирж, У.У. Х.Охоёрыг аваад эмнэлэг явсан. Хэсэг хугацааны дараа У.Уу, Х.О нар ирсэн бөгөөд хоорондоо ярилцах гэхээр Уягаа ах уурлаад нийтэд нь загнаад байсан, У.У нь “хэл ам хийж яах юм” гээд байсан. Уягаа ах л уурлаад байж дуудлага өгүүлсэн юм шиг байсан. Бид нар тэндээ унтаж амраад маргааш өглөө нь босоход Уягаа ах У.У цагдаа руу явъя гээд уурлаад байсан. Бид нар бүгд гараад гэр гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
Насанд хүрээгүй гэрч У.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ээж маань архи уугаад согтсон үедээ агсам согтуу тавиад орилж, гэрийн эд зүйлийг шидээд байдаг болчихдог ба энэ зангаараа ээж агсам тавьж, орилж, аяга авч газар руу шидэж хагалсан. Тэгтэл Х.О эгч гэр рүүгээ явна гэсэн чинь өвөө “орой болсон байна, хоноод яв гэж хэлсэн. Үүнээс болоод өвөө болон Х.Ог эгч хоёр маргалдаж эхэлсэн. Яг тэр үед Ш ах бие засна гээд гэрээс гараад явсан. Х.О эгч өвөөтэй маргалдаад байсан чинь ээж хажуунаас нь “Х.Ог эгч та болийт” гэж хэлтэл Х.О эгч аяга аваад ээж рүү шидсэн. Улмаар ээжийн хамар, амнаас цус гарсан.... Дараа нь өвөө Х.О эгчид “охиныг минь аягаар цохилоо” гэж уурлаж 1 удаа алгадаж цохисон. Өвөө ээжийн цусыг даавуугаар арчиж өгөөд гэрээс гарч цагдаа руу дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
Шүүгдэгч Х.О-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед нэлээн согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Би У.У муудалцаагүй гэж бодож байна. Харин түүний аав У муудалцсан. Гэнэт аяга аваад У.У рүү шидчихээд би “өөрийгөө гайхаж, бага зэргээр ухаан санаа гайгүй болж” ухаан орж эхэлсэн. Тэгээд тэр газартаа суугаад буцаад юу болсныг санахгүй байгаа. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа ойлгож хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Тухайн үед архи хэтрүүлэн ууж, ухаанаа алдсанаас болоод ийм байдалд хүрээд байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 190 дугаартай “...Үзүүлэгч У.У биед гэмтэл учирсан байна. Дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний цөгцний хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний цөгцний хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р тал/-ээр хохирогч Ж.Г биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.О нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хохирогч руу аяга шидэж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ж.У биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.О нь шүүхийн хэлэлцүүлгийн өмнө хохирогч У.У 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч У.У одоо хохирол, гомдолгүй талаараа илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Х.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Т-ийн өгсөн: “...Миний охин Х.Ог нь гэрийн ажилд сайн, 4 хүүхдээ өөрөө асарч, өдийг хүргэсэн. Хар бор ажил хийгээд явахын хажуугаар намайг асардаг. Зан аашийн хувьд хурдан ууртай, уурласан үедээ орилж, зандраад байдаг. Хэрэг гарсан шөнө гэртээ ирчихээд “буцаж явна” гээд байсан ба хүүхэд нь “явуулахгүй” гээд өөрийг нь хамгаалаад орон дээр нь дараад хэвтүүлсэн чинь Х.О “би буцаж явна, У очиж уучлалт гуйна” гээд эсэргүүцээд байж бид нарт хүч хүрэгдэхгүй яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24р тал/, Гэрч У.Ш-ийн өгсөн: “Х.О танилцаад 1 жил болж байна. Албан ёсоор гэр бүл болоогүй хамтран амьдарч байгаа. Х.О нь ээж, 4 хүүхдийн хамт ээжийнхээ гэрт амьдардаг. Тогтсон ажилгүй, хувиараа ажил олдвол хийнэ. Хувийн зан байдлын хувьд даруу төлөв, бусдад тусархуу хүн байдаг. Х.О нь гэртээ хүн авч ирсэн үед нийлээд архи дарс уучихдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ догшин ширүүн зан ааш гаргаад байдаг. Энэ үйлдлийг нь анх хүндээр хүлээж авдаг байсан боловч одоо тоохоо больсон. Түүнийг тийм үйлдэл гаргадаг шалтгааныг нь амьдрал ахуйн хэцүү байдлаасаа болж гаргадаг зан авир байх гэж боддог.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Х.О нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 59-р тал/-гаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаазан аяганы 4 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.О-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Х-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-д 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.О нь нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаазан аяганы 4 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.О-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ