Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Б-д холбогдох 2035000230058 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 28-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, хөдөө мал малладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух Б овогт Д.Б /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө хохирогч Ш.Д-ийн 13 тооны бог мал, хохирогч Г.Б-ийн 12 тооны бог мал нийт 25 тооны бог мал буюу олон тооны бог мал хулгайлж, нийт 1.915.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч Д.Б бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө хохирогч Ш.Д 13 тооны бог мал, хохирогч Г.Б 12 тооны бог мал нийт 25 тооны бог мал буюу олон тооны бог мал хулгайлсан болох нь:

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-14-р тал/,

Хохирогч Ш.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр намаржаа руугаа нүүсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө манай хоттой хонь руу хулгай орж, 25 мал хулгайд алдсан. Тухайн үед хулгайд мал алдсан гэдгээ мэдээгүй бөгөөд маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр малаа бүртгэж тоолоход манай малаас 25 мал дутсан юм. Манай малтай хамт манай хадам дүү Г.Б мал хамт байсан. Бид хоёрын нийлсэн 25 мал дотор миний 6 ямаа, 7 хонь байсан. Харин Г.Б хэдэн хонь, хэдэн ямаа байсныг нь би сайн мэдэхгүй байна. Нийт 25 мал хулгайлагдсан байсан юм. Г.Б бид хоёр 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж, хулгайд алдсан малаа хайгаад 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Тэс сумын 1 дүгээр багийн иргэн Н гэдэг айлын малд манай 6 ямаа байсан бөгөөд би Нэхнэрээс “эдгээр ямаанууд хэзээ яаж танай малд ирсэн бэ” гэж асуухад Д Б гэдэг хүн өглөө эрт тууж ирж манай манайд зарсан юм. Дөнгөж сая та нарыг ирэхээс 20 минутын өмнө сумын төв рүү явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Г.Б бид хоёр 6 ямаагаа Н гэдэг айлд үлдээчихээд Д.Б гэрт нь очиход тэднийд хүн байгаагүй бөгөөд гэрийнх нь гадаа морины шон дээр миний хар зүсмийн баруун талын эвэр нь бүдэг цэнхэр будагтай, зүүн чих нь цуулбар имтэй, баруун чих үзүүрээсээ он урдаасаа ухмал имтэй ишиг уяатай байсан. Тэгээд Я.Б гэрт нь хүн байхгүй болохоор нь бид хоёр Д.Б араас Тэс сумын төв рүү очиход Д.Б 1 дүгээр сургуулийн хашааны үүдэнд байсан. Очиж уулзаад “чи яагаад миний мал хулгайлж байгаа юм бэ” гэхэд “ахаа уучлаарай, би дээрээс ирж байх замдаа танай мал харагдахаар нь танай малыг голын хөвөөнд тууж хүргээд тасалж авчихаад буцаагаад танай хотонд тууж оруулсан юм” гэж хэлсэн. Би Д.Б “манай ээж араас чинь хөөе хулгайчаа наад малаа хая” гэж дуудсаныг сонссон уу гэж асуухад “би сонссон, намайг уучлаарай ах” гэж хэлсэн. Тэгээд Д.Б нь намайг битгий цагдаад хэлээч, дүү нь та нарын хохирлыг 3 хоногийн дотор барагдуулна гэж хэлсэн бөгөөд Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хонь, ямаа нийлсэн 16 мал авч ирж манай малд нийлүүлсэн. Тэгээд би та нарын хохирлыг барагдуулна гэж хэлчихээд явсан. Д.Б нь тухайн малыг шөнө тууж ирсэн юм. Маргааш өглөө нь босоод Д.Б тууж ирсэн малыг харахад дандаа туранхай мал байсан бөгөөд манай малтай ижилсэхгүй, салж гүйгээд байхаар нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний орой Г.Б хамт малыг нь тууж хүргэсэн юм. Д.Б авч ирсэн малын хоёр чих нь тайранхай имтэй байсан юм. Д.Б тууж ирсэн малаас 18 малаас 1 ямаа манай малд үлдсэн байгаа. Одоо ч байгаа. Д.Бнь манайх мал худалдаж авч байхад нэг мал өгнө гэж хэлээд нэг ямааны мөнгө 2018 онд авсан байсан. Тэр мөнгөнийхөө оронд нэг ямааг нь авч хоцроод 17 мал хүргэж өгсөн юм. Д.Б мал авч ирж өгснийг манай хажуугийн айлын хүмүүс мэдэж байгаа. Тухайн алга болсон 25 малын 13 мал нь минийх, 12 мал нь Г.Б мал байсан. Миний алга болсон малын хувьд зүүн чих нь цуулбар, баруун чих нь үзүүрээсээ он, урдаасаа ухмал имтэй. Мөн ямаа нь баруун талын эвэртээ цэнхэр будагтай, хонь нь сүүлэндээ цэнхэр будагтай. Миний 13 малаас 6 мал нь ямаа байсныг 4 нь нас гүйцсэн эх ямаа, 1 нь 3 настай эр ямаа, 1 нь ишиг байсан. 7 хонь алга болсны 4 нь нас гүйцсэн эх хонь, 3 нь 3 настай эр хонь байсан. Тухайн үед манай мал хулгайлагдсаныг би мэдээгүй, унтаж байсан. Харин манай хадам ээж Ц мэдсэн бөгөөд тэрээр хэлэхдээ морьтой хүн ирээд мал таслаад явчихлаа гэж хэлэхээр нь мэдсэн юм. Н гэх айлын малд байсан 6 ямааны 5 ямаа нь миний, 1 ямаа нь Г.Б ямаа байсан. ...Би Д.Б 1 сая төгрөг авсан, Г.Б бас 1 сая төгрөг авсан. Г.Б бид хоёр малаа хайж, хөдөөгүүр айлын малыг шүүж 4 хоног явсан ба 4 дэх хоног дээрээ Н гэрийн гадаа 6 ямаа, Д.Б гадна 1 ишиг байхад олж тогтоогоод сумын төв орж Д.Б уулзахад 25 мал авсан, хохирол төлж өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37, 38-39, 40-41, 42-43-р тал/,

Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зуслангийн бууринаасаа нүүсэн юм. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Зуслангийн буурь дээрээ байхад манай хоттой хонь руу хулгай ороод 25 мал хулгайд алдсан билээ. Тухайн үед нь алга болсныг бид нар мэдээгүй, харин маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр малаа бүртгэж, тоолоход манай болон Д малаас нийт 25 мал дутсан юм. Манай малын хамт хүргэн Ш.Д мал байсан юм. Алга болсон 25 мал дотор миний 3 ямаа, 9 хонь байсан. Харин Ш.Д хэдэн хонь, хэдэн ямаа байсныг мэдэхгүй. Тэгээд Ш.Д бид хоёр 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс малаа хайж ойр хавийн айлын малыг шүүж үзэхэд байгаагүй. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Тэс сумын 1 дүгээр багийн иргэн Н гэдэг айлын малд манай 6 ямаа байсан бөгөөд Н эхнэрээс “эдгээр ямаанууд хэзээ яаж танай малд ирсэн бэ” гэж асуухад Д.Б гэдэг хүн өглөө эрт тууж ирж манай манайд зарсан юм. Дөнгөж сая та нарыг ирэхээс 20 минутын өмнө сумын төв рүү явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Ш.Д бид хоёр Н эхнэрт нь энэ 6 ямааг харж байгаарай гэж хэлээд Д.Б гэрт нь очиход тэднийд хүн байгаагүй бөгөөд гэрийнх нь гадаа морины шон дээр хар зүсмийн баруун талын эвэр нь бүдэг цэнхэр будагтай, зүүн чих нь цуулбар имтэй, баруун чих үзүүрээсээ он урдаасаа ухмал имтэй ишиг уяатай байсан. Тэгээд Я.Б гэрт нь хүн байхгүй болохоор нь бид хоёр Д.Б араас Тэс сумын төв рүү очиход Д.Б 1 дүгээр сургуулийн хашааны үүдэнд байсан. Очиж уулзаад “Залуу чи яагаад бидний мал хулгайлж байгаа юм бэ” гэхэд “ахаа уучлаарай, би дээрээс ирж байх замдаа танай мал харагдахаар нь танай малыг голын хөвөөнд тууж хүргээд тасалж авчихаад буцаагаад танай хотонд тууж оруулсан юм” гэж хэлсэн. Мөн танай ээж араас чинь хөөе хулгайчаа наад малаа хая” гэж дуудсаныг сонссон намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгээд Д. нь намайг битгий цагдаад хэлээрэй, намайг 3 хоног хүлээ, би та нарыг гомдоохгүй, та нарын хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэж хэлсэн. Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хонь, ямаа нийлсэн 16 мал авч ирж Д малд нийлүүлсэн. Д.Б нь тухайн малыг шөнө тууж ирсэн юм. Д.Б мал авч ирж өгснийг манай хажуугийн айлын хүмүүс мэдэж байгаа. Тухайн алга болсон 25 малын 12 мал нь минийх, 13 мал нь Ш.Д мал байсан. Миний алга болсон мал нь зүүн чихэндээ шуулбар, баруун чих нь тайранхай имтэй юм. Мөн ямаа нь зүүн талын эврэндээ шар будагтай, хонь нь сүүлэн дээрээ шар будагтай. Гэхдээ будаг нь арилж байсан юм. Миний алга болсон малаас 3 нь ямаа байсны нэг нь ишиг, нэг гүйцсэн эх ямаа, нэг нь 2 настай эр ямаа байсан. 9 хонь байсны 7 нас гүйцсэн эх хонь, 2 хурга тус тус байсан. Тухайн мал алга болдог өдөр би гэртээ байсан боловч надад мэдсэн зүйл байхгүй. Өглөө нь сэрэхэд манай ээж Ц “орой манай малыг хүн таслаад явчих шиг боллоо, малаа бүртгэ гэж хэлээд малаа бүртгэж хулгай орсон болохыг мэдсэн. ...Д.Б сумын төвд уулзсаны маргааш нь 18 мал шөнө тууж авч ирсэн бөгөөд маргааш нь бид нар харахад муу туранхай малууд байхаар нь Д ах бид хоёр буцааж хүргэж өгсөн. Түүний дараа 2020 оны 3 дугаар сард Б хохирол төлж байна гээд бид хоёрт тус бүр 1 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48, 49-50, 51-52-р тал/,

Гэрч Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө дунд нохой хуцаад хонь мал үргээд байхаар нь гадаа гараад сонсоход манай гэрийн баруун хойд зүгт морьтой хүн мал туух чимээ гараад ямаа майлах чимээ гарсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан, манай хүү Г.Б гэр зайтай байсан. Би манайд малд хулгай орсон байж магадгүй гэж бодоод гарч “хөөе хулгайчаа наад малаа тавь” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нохой хуцахаа болихоор нь би гэртээ орж унтсан. Маргааш өглөө нь босоод мал тоолоход хүргэн Д, хүү Г.Б нарын нийт 25 мал дутсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-73-р тал/,

Гэрч Т.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. 2019 оны 9 дүгээр сард байх Д. нь өглөө эрт ганцаараа манайд 6 ямаа туучихсан морьтой тууж ирээд манай хонины захад орхичихоод манай гэрт ирээд ямаа авч ирлээ, мөнгө авна гэхээр нь би “надад одоо мөнгө байхгүй байна, чи наад малаа Н гэдэг айлд хүргэж өг гэхэд Д.Б нь Н гэр рүү яваад удалгүй буцаж ирээд  мөнгө байхгүй юм байна. Би танайд ямаагаа үлдээгээд дараа нь үнэ мөнгийг нь тохироод авчихна гэж хэлээд гэр рүүгээ явсан. Би араас нь сумын төв орж, банкнаас малын мөнгө авах гээд зогсож байтал манай эхнэр  над руу залгаж, Д.Б малын мөнгө өгч болохгүй, Д.Бтууж ирсэн мал нь хулгайн мал байна. Эзэн нь манайд ирчихсэн байна гэж хэлсэн. Би банкнаас мөнгө аваад гарахад Д.Б ирсэн бөгөөд түүнд энэ явдлыг хэлэхэд Д.Б миний мал гэж хэлсэн. Тухайн үед би Д.Б малын мөнгө өгөөгүй юм. Д.Б тууж ирсэн 7 ямаанаас 3 нь эх ямаа, бусад нь 4 настай, 3 настай ямаа байсан юм. Би одоо тухайн малын зүс, имийг нь санахгүй байна. Д.Б тэдгээр малыг гэрээсээ тууж ирсэн гэж хэлсэн юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 53-57-р тал/,

Гэрч Ч.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сард Д.Бнь 6 тооны ямаа тууж ирээд манай хажуугийн айл Н гэдэг айлд зарчихаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-64 тал/,

Гэрч Ц.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө 6 ямаа тууж ирсэн. Тухайн үед манайх мал худалдан авч байсан. ...танайд 6 ямаагаа үлдээгээд дараа нь мөнгийг нь авна гэж хэлээд явсан. Тэр өдөр нь Тэс сумын 4 дүгээр багийн иргэн болох Ш.Д, Г.Б нар манайд ирж, тухайн 6 тооны ямааг харчихаад “танай малд манай 6 ямаа байна” гэж хэлсэн бөгөөд Д.Б үлдээсэн мал хулгайн мал байсан. Тэгээд маргааш өглөө нь Д.Б хүүхэд ирж 6 ямааг туугаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-65-р тал/,

Гэрч О-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагданчаар өгсөн: “....Б нь Т.Н гэрт 6 ямаа авч ирэхээс 2 хоногийн өмнө манай гэрт ирж хонь, ямаа ямар үнэтэй байгаа талаар асуучихаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/,

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2019 оны 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхээр байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Тухайн үед манай гэр Тэс сумын 3-р багийн эмнэлгийн урд талын хэсэгт байхад манай адуунаас нэг тооны гүү алга болчихоор нь түүнийг хайгаад Тэс сумын Бөөрөг, Тарвагатай гэх газруудаар морио явж хайсан. Би морь хайж явах замдаа Тэс сумын танихгүй 2-3 айлаар орж архи уусан. Сүүлийн айлаасаа гараад гэр рүү явж байх замд Ш.Д гэх айлын гэрийн хажуугаар явж байхад мал нь гэрээсээ нилээд хол байхаар нь би хэсэг мал туугаад гэрийнхээ гадна байсан өөрийнхөө малд нийлүүлчихсэн. Түүнээс хойш би 10 гаруй хоногийн дараа малаа хойшоо хээр талд бэлчээчихээд 6 тооны ямааг тууж зарж борлуулахаар Нгэрт авч очиход Н эхнэрийнхээ хамт байсан бөгөөд би “мал худалдаж авах уу?” гэхэд Н “мал авах мөнгө байхгүй. 3, 4 дэх өдрөөс би нүүдлийн бензин авахаар сумын төв рүү орно. Мөнгө бүтэмжтэй бол чамд мөнгийг чинь өгнө” гэж хэлэхээр нь би 6 тооны малаа үлдээгээд гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ш.Д-ийн 13 тооны бог мал, хохирогч Г.Б-ийн 12 тооны бог мал, нийт 25 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т “бусдын олон тооны малыг хулгайлсан бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Иймд шүүгдэгч Д.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэсэн өөрчлөлт оруулсан нь энэ хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал хөндөгдөхгүй болно.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би мал хулгайлаагүй. 7 тооны ямаа манай малд нийлээд 10 гаруй хоног болсны дараа Н-д  зарахаар хүргэж өгсөн” гэж мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаагаас гадна хохирогч Ш.Д-ийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө манай хоттой хонь руу хулгай орж, мал алдсан гэдгээ мэдээд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр малаа бүртгэж тоолоход манай малаас 25 мал дутсан бөгөөд миний 6 ямаа, 7 хонь,  Г.Бн 9 хонь, 3 ямаа дутсан.  Г.Б бид хоёр Д.Б араас Тэс сумын төв рүү очиж 1 дүгээр сургуулийн хашааны үүдэнд байхад нь уулзаад “чи яагаад миний мал хулгайлж байгаа юм бэ” гэхэд “ахаа уучлаарай, би дээрээс ирж байх замдаа танай мал харагдахаар нь танай малыг голын хөвөөнд тууж хүргээд тасалж авчихаад буцаагаад танай хотонд тууж оруулсан юм” гэж хэлсэн. Би Д.Б “манай ээж араас чинь хөөе хулгайчаа наад малаа хая” гэж дуудсаныг сонссон уу гэж асуухад “би сонссон, намайг уучлаарай ах” гэж хэлсэн. Тэгээд Д.Б нь “намайг битгий цагдаад хэлээч, дүү нь та нарын хохирлыг 3 хоногийн дотор барагдуулна” гэж хэлсэн бөгөөд Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хонь, ямаа нийлсэн 16 мал авч ирж манай малд нийлүүлсэн.” гэх мэдүүлэг,  хохирогч Г.Б-ийн  “...Мал алга болсныг бид нар мэдээд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр малаа бүртгэж, тоолоход манай болон Д малаас нийт 25 мал дутсан юм. Алга болсон 25 мал дотор миний 3 ямаа, 9 хонь байсан. Харин Ш.Д хэдэн хонь, хэдэн ямаа байсныг мэдэхгүй. Ш.Д бид хоёр 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс малаа хайж ойр хавийн айлын малыг шүүж яваад 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Тэс сумын 1 дүгээр багийн иргэн Н гэдэг айлын малд манай 6 ямаа байсан бөгөөд Н эхнэрээс “эдгээр ямаанууд хэзээ яаж танай малд ирсэн бэ?” гэж асуухад Д.Б гэдэг хүн өглөө эрт тууж ирж манай манайд зарсан юм. Дөнгөж сая та нарыг ирэхээс 20 минутын өмнө сумын төв рүү явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Ш.Д бид хоёр Н эхнэрт нь энэ 6 ямааг харж байгаарай гэж хэлээд Д.Б гэрт нь очиход тэднийд хүн байгаагүй бөгөөд гэрийнх нь гадаа морины шон дээр хар зүсмийн баруун талын эвэр нь бүдэг цэнхэр будагтай, зүүн чих нь цуулбар имтэй, баруун чих үзүүрээсээ он урдаасаа ухмал имтэй ишиг уяатай байсан. Д.Б гэрт нь хүн байхгүй болохоор нь бид хоёр Д.Б араас Тэс сумын төв рүү очиход Д.Б 1 дүгээр сургуулийн хашааны үүдэнд байхад нь уулзаад “Залуу чи яагаад бидний мал хулгайлж байгаа юм бэ” гэхэд “ахаа уучлаарай, би дээрээс ирж байх замдаа танай мал харагдахаар нь танай малыг голын хөвөөнд тууж хүргээд тасалж авчихаад буцаагаад танай хотонд тууж оруулсан юм” гэж хэлсэн. Мөн танай ээж араас чинь хөөе хулгайчаа наад малаа хая” гэж дуудсаныг сонссон намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгээд Д.Б нь намайг битгий цагдаад хэлээрэй, намайг 3 хоног хүлээ, би та нарыг гомдоохгүй, та нарын хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэж хэлсэн. Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хонь, ямаа нийлсэн 16 мал авч ирж Д малд нийлүүлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө дунд нохой хуцаад хонь мал үргээд байхаар нь гадаа гараад сонсоход манай гэрийн баруун хойд зүгт морьтой хүн мал туух чимээ гараад ямаа майлах чимээ гарсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан, манай хүү Г.Б гэр зайтай байсан. Би манайд малд хулгай орсон байж магадгүй гэж бодоод гарч “хөөе хулгайчаа наад малаа тавь” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нохой хуцахаа болихоор нь би гэртээ орж унтсан. Маргааш өглөө нь босоод мал тоолоход хүргэн Д, хүү Г.Б нарын нийт 25 мал дутсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Нийн  “...хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. 2019 оны 9 дүгээр сард байх Д.Б нь өглөө эрт ганцаараа манайд 6 ямаа туучихсан морьтой тууж ирээд манай хонины захад орхичихоод манай гэрт ирээд ямаа авч ирлээ, мөнгө авна гэхээр нь би “надад одоо мөнгө байхгүй байна, чи наад малаа Н гэдэг айлд хүргэж өг гэхэд Д.Б нь Н гэр рүү яваад удалгүй буцаж ирээд Н мөнгө байхгүй юм байна. Би танайд ямаагаа үлдээгээд дараа нь үнэ мөнгийг нь тохироод авчихна гэж хэлээд гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг, гэрч Ц.Д “...Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө 6 ямаа тууж ирсэн. Тухайн үед манайх мал худалдан авч байсан. ...танайд 6 ямаагаа үлдээгээд дараа нь мөнгийг нь авна гэж хэлээд явсан. Тэр өдөр нь Тэс сумын 4 дүгээр багийн иргэн болох Ш.Д, Г.Б нар манайд ирж, тухайн 6 тооны ямааг харчихаад “танай малд манай 6 ямаа байна” гэж хэлсэн бөгөөд Д.Б үлдээсэн мал хулгайн мал байсан. Тэгээд маргааш өглөө нь Д.Б хүүхэд ирж 6 ямааг туугаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-65-р тал/,

Гэрч О-ийн  мөрдөн байцаалтын шатанд яллагданчаар өгсөн: “....Б нь Т.Н-ийн гэрт 6 ямаа авч ирэхээс 2 хоногийн өмнө манай гэрт ирж хонь, ямаа ямар үнэтэй байгаа талаар асуучихаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/-үүдээр үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л-ийн “Д.Б 25 тооны малыг хулгайлсан гэж зөвхөн хохирогч нарын мэдүүлгээр тогтоосон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Хохирогч Ш.Д, Г.Б нарын гаргасан мэдүүлгээр тэдний малд үзлэг хийх боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар хэргийн газрын үзлэг хийх, баримтжуулах боломжтой. Мөн хоёр хохирогчийн малаа тоолуулж байсан 2018, 2019 оны мал тооллогын баримтууд байдаг боловч хохирогч нарын хэдэн тооны мал алдагдсан гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд хохирогч нарын малд үзлэх хийх, шүүгдэгч хулгайлсан гэх малын үлдсэн хэсгийг хэрхэн зарцуулсан болохыг тогтоох зорилгоор хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Хохирогч нар хэдэн тооны малтай болохыг 2018, 2019 оны мал тооллогын баримтуудаар тогтоосон байх бөгөөд тэдний малд үзлэг нөхөн үзлэг хийснээр ямар нас, зүстэй, хэдэн тооны мал хулгайд алдагдсаныг тогтоох боломжгүй юм. Учир нь хохирогч нараас өөр илүү сайн тэдний малыг таних мөрдөгч байхгүй болно. Мөн шүүгдэгч хулгайлсан малаа хэрхэн зарцуулсан болохыг тогтоох нь энэ хэргийг зүйлчлэлд нөлөөлөхгүй тул түүнийг заавал шалгаж тогтоох шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Малын үнэлгээ тогтоосон Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай “Увс аймгийн Тэс суманд 2019 оны 9 дүгээр сарын байдлаар хуц 180.000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 170.000 төгрөг, нас гүйцсэн эх хонь 120.000 төгрөг, 4 настай эр хонь 140.000 төгрөг, 4 настай эх хонь 110.000 төгрөг, 3 настай эр хонь 120.000 төгрөг, 3 настай эм хонь 90.000 төгрөг, төлөг 80.000 төгрөг, хурга 30.000 төгрөг, ухна 120.000 төгрөг, эр ямаа 90.000 төгрөг, эх ямаа 70.000 төгрөг, 4 настай эр, эм ямаа 75.000 төгрөг, 3 настай эр, эм ямаа 60.000 төгрөг, борлон 45.000 төгрөг, ишиг 35.000 төгрөгийн үнэтэй байсан” гэх дүгнэлт /хх-ийн 94-р тал/-ээр энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед Тэс суманд бүх насны хонь, ямаа ямар үнэтэй байсныг тогтоожээ.

Хохирогч Ш.Д нас гүйцсэн  эх ямаа 4х70.000=280.000 төгрөг , 3 настай  эр ямаа 1x60.000 төгрөг, ишиг 1х35.000 төгрөг. нас гүйцсэн эх хонь 4х120.000=480.000 төгрөг, 3 настай эр хонь 3х120.000= 360.000 төгрөг, нийт 1.215.000 төгрөг.

Хохирогч Г.Б гүйцсэн эх ямаа 1х70.000 төгрөг, 2 настай эр ямаа 1х45.000 төгрөг, ишиг 1х35.000 төгрөг, нас гүйцсэн эх хонь 7х120.000= 840.000 төгрөг, хурга 2х30.000= 60.000 төгрөг, нийт 1.050.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байсан.

Иймд энэ гэмт хэргийн улмаас 2.265.000 төгрөгийн хохирол учирсан байна. Яллах дүгнэлтэнд 1.915.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дурдсан нь буруу боловч хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн эрх зүйлд нөлөөлөхгүй тул шүүх хохирлыг 2.265.000 төгрөг гэж зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хохирогч Ш.Д эх ямаа 4 /4х70.000=280.000 төгрөг/, 3 настай эр ямаа 1 /1х60.000 төгрөг/, ишиг 1 /1х35.000 төгрөг/, хохирогч Г.Б эх ямаа 1 /1х70.000 төрөг/-ийг тус тус буцаан авсан болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн төлөх хохирлоос 445.000 төгрөгийг хасахад 1.820.000 төгрөг үйлдэх бөгөөд хохирогч нарт 2.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогч нарын тодорхойлолт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 17-р тал/-уудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

2. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Д.Б нь олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Б хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Ц /шүүгдэгч Д.Б эхнэр/-ын өгсөн: “...Д.Б бид хоёр 2007 онд гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш 13 дахь жилдээ хамт амьдарч байна. Одоо 5 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3-р багт байнга оршин сууж амьдардаг. ...Манай нөхөр Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө мал маллаж амьдардаг, боловсрол, мэргэжилгүй, багаасаа мал маллаж өссөн хүн бөгөөд дуу цөөтэй, төлөв даруу зан ааштай, ажилсаг, тусархуу, хүнтэй зөв боловсон харьцдаг, гэрийн хүнд хүчир ажлыг ганцаараа хийдэг, гэр бүлдээ халамжтай, тайван тогтуун зан ааштай юм. Түүний хувьд урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Тамхи татдаг, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг... ” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р тал/, гэрч Ж.Я-ийн өгсөн: “Манай авга дүү Д.Б нь 1982 онд Увс аймгийн Тэс сумын нутагт авга ах Доржийн 6 дахь хүүхэд болон мэндэлсэн. ...Д.Б нь сургуульд сураагүй, боловсролгүй, сургуулиас гараад хөдөө мал маллаж байгаад тусдаа гарсан. Одоог хүртэл мал маллаж амьдардаг. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд эхнэр нь 1 сар гаруй хугацааны өмнө төрсөн. Д.Б нь төлөв даруу, эелдэг зөөлөн зантай, хүний хэлсэн үгэнд ордог, багийнхаа төвөөс ер холддоггүй, багаасаа чих нь өвддөг, хэл яриа муутай хүүхэд байсан бөгөөд гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан талаар ямар нэгэн зүйл хэлж байгаагүй, тэр талаар ямар нэгэн зүйл сонсогдож байгаагүй. Ажилсаг, тусархуу, хүнд их тусалдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө мал маллаж амьдардаг, ар гэрээ сайн авч явдаг, өрхийн тэргүүн бөгөөд урьд өмнө нь эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, харин чихний үрэвсэлтэй чих нь өвддөг байж магадгүй. Өөрөө өвчин гэмтэлгүй, эрүүл чийрэг биетэй, биеийн хөгжил хэвийн....” гэх мэдүүлэг /хх-ийн 90-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

 

Хохирогч Ш.Д-ийн эх ямаа 4, гурван настай эр ямаа 1, ишиг 1, хохирогч Г.Б-ийн  эх ямаа 1-ийг тус тус зүсээр нь буцаан өгсөн болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос дээрх 7 ямааны үнийг хасаж, үлдэх 1.470.000 төгрөгийн орлого олсон гэж үзэн хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 7 настай азаргын үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгчээс хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг хар эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, тохом 1 ширхэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад улсын орлого болгох бололцоогүй элэгдэлд орж муудсан болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б овогт Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан бусдын олон тооны мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2-т  зааснаар шүүгдэгч Д.Б-д 2 /хоёр/  жил 3 /гурав/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, тохом, хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 7 настай азарганы үнэ 900.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.470.000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ГАНСҮХ