Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул

Шүүгдэгч Т.Г-н өмгөөлөгч: Т.Уянга,

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Т.Г, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Зуутраг овогт Т.Г, Г овогт Н.Б нарт холбогдох эрүүгийн 2035000000084 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч Т.Г Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 10-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ЕБ-ын 2 дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 12-23 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, З овогт Т.Г /РД: /,

Шүүгдэгч Н.Б: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 12-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиар хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 12-1 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Н. Б /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 19-ний орой хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.Б-тай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Б нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 19-ний орой хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Г-той маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Г, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Гнь хохирогч Н.Б шүүгдэгч Н.Б нь хохирогч Т.Г тус тус зодсон болох нь:

1. Шүүгдэгч Н.Б охирогчоор өгсөн “Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 12-р байрны 01 тоотод оршин суудаг юм. Тухайн өдөр манай байрны хүмүүс байрны орцны давхар болгоны гэрэл сольж байсан бөгөөд юм. Би тэд нар дээр очоод 4-6 давхрын шатны гэрлүүдийг солиход нь тусалсан. Тэгж байтал Т.Г гэдэг залуу гэр рүүгээр ороод 0,5 литрийн хэмжээтэй 1 шил Эдэн нэртэй архи хундагатай нь авч гарч ирснийг бид нар бүгдээрээ хувааж уусан. Тэгээд бид нар байрнаас гарч гадна талын саравчийг будсан. Тэр үед П яваад нэг шил архи, нэг ундаатай авч ирснийг бид нар Ү машинд нэг нэгээрээ орж уусан. Дараа нь Ү гэрээсээ нэг шил архи авч ирэхээр нь бид нар хувааж ууж байгаад байрны хүмүүс цонхоор хараад байх шиг байхаар нь би “манай эхнэр эмнэлэгт хэвтсэн байгаа, энэ архийг манайд ороод уучихъя” гэж хэлээд тэд зөвшөөрч манайд гэрт орж ирэх үед Н бас нэг шил архи аваад орж ирсэн байсныг бид нар тавуулаа хувааж уусан. Тэр үед Т.Г надад чи өчигдөр намайг ядарсан багш гэж хэлсэн. Чи намайг ядарч явахыг хаана харсан юм гээд над руу босон ирж гараа далайхаар нь би өөдөөс нь босоод нэг нэгэнтэйгээ хальт барьцалдахад хажууд байсан Н.Ү.П нар салгасан. Улмаар Ү Т.Г гэр рүү нь хүргэхээр аваад гарсан. Дараа нь би үлдсэн хоёр хүнийг гэрээсээ гаргаж өгөх гэхэд манай гэрийн түлхүүр байхгүй болохоор нь манай гэр 1 нэг давхар учраас цонхоороо гараад нэг давхар руу ороод ирэхэд Т.Г хажуудаа танихгүй хоёр залуутай байсан хамт зогсож байсан. Би очоод Т.Гбид хоёр барьцалдаж, тэр үед Т.Гнэг удаа хальт цохиод авсан юм. Т.Г ч гэсэн намайг нэг удаа цохиж авсан ба тухайн үед миний хавирга руу өөр нэг хүн өшиглөсөн. Намайг газар унахад Т.Г миний нүүр рүү өшиглөсөн. Би тэр үед гараараа нүүрээ дараад эвхрээд унасан бөгөөд түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн, Т.Гээж нь ирчихсэн над руу давшилсан байдалтай байсан. ...Т.Ганзориг нь миний биед гэмтэл учруултал зодсонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 дугаар тал/,

2. Шүүгдэгч Т.Г хохирогчоор өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бид нар урьд өдөр нь хийж байсан байрны засварын ажлыг үргэлжлүүлээд хийж байгаад үдээс хойш байрны шатны гэрлийг 1-6 давхар хүртэл сольж, дуусгасан юм. Тэр үед хамт ажил хийж байсан залуучууд ам цангаж байна гэхээр нь манайх 6 давхарт байдаг учраас би гэрээсээ хар цай авч ирж өгөөд тэнд надтай хамт ажиллаж байсан залуучуудад хандаж “ажил төрөл сайхан амжлаа, би гэрээс нэг шил архи авч гарч ирээд та нарт амсуулж болох уу, залуучууд та нар гараа чангалах юм уу гэж тэдгээр хүмүүсээс асуухад тэдгээр залуучууд бүгдээрээ зөвшөөрсөн юм. Тэгэхээр нь би гэр рүү ороод 0,75 литрийн Эдэн нэртэй архи авч ирээд бид нар уг байрны 6 давхарт тавуулаа хувааж уусан юм. Тэгээд бид нар уг байрныхаа дотроос гараад гадна талд үлдсэн ажлаа хийгаад явж байтал Пнэг шил архи, нэг ундаатай авч ирснийг бид нар хувааж уусан. Гэтэл Үнэнбат гэрээсээ нэг шил архи аваад ирснийг бид нар хувааж ууж байтал Н.Б “наад архийг чинь манай гэрт ороод уучих уу, миний эхнэр эмнэлэгт хэвтсэн манайх эзгүй байгаа гэхээр нь тэднийд 19 цагийн үед орсон. Бид нар архиа хувааж уугаад сууж байтал Н.Б нэлээн согтолттой, жаахан овлигогүй зан гаргаж эхэлсэн юм. Тэр үед Н.Б надад хандаж өчигдөр би таныг муу багш гэж хэлээгүй шүү, түүнд гомдоод байх зүйл байхгүй гэж хэлэхээр нь би Н.Бхандаж түүнд гомдоод байх зүйлгүй, юу гэж тэрэнд гомдож байх юм гэж хэлсэн. Тэгээд Н.Б бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Н.Б ширээний цаанаас босоод ирэхэд тэнд хажууд байсан залуучууд бид хоёрыг салгаад хооронд нь зодолдуулаагүй. Тэгээд би тэдний гэрээс гардаг юм уу гэж бодоод хаалга руу явж байхад Н.Б босож ирээд миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд тэнд байсан залуучууд бид хоёрыг салгаад Үнэнбат намайг аваад бид хоёр тэдний гэрээс гарсан. Тэгээд би байрнаас Ү хамт гарч яваад Залаа хайрханы тэнд очоод Ү найз нартайгаа уулзчихаад буцаж ирээд намайг байрны ойролцоо байдаг автомашины гражуудын хажууд хүргэж орхичихоод одоо би найз нар руугаа явлаа, чи одо гэртээ ороорой гэж хэлчихээд цаашаа явчихсан юм. Тэгээд би нэг мэдэхэд байрныхаа гадаа Н.Б таарчихсан байсан. Н.Б эхлээд намайг хэд хэдэн удаа цохиод намайг газарт унагасан юм. Тэр үед би Н.Б уурлаад Н.Б цохисон. Би нэлээн согтуу байсан учраас тухайн үед болсон зарим үйлдлийг санахгүй байна. Бид хоёр барьцалдаж, нэг нэгнийхээ дээр доор ороод зодолдож байсан. Тэгж байтал миний төрсөн ээж Д ирээд бид хоёрыг салгаж чадахгүй байсан. Гэтэл миний эхнэр Одбаяр, миний 2 настай хүү Оргил ирээд уйлж байхыг хараад ухаан орсон юм. Тэгээд манай ээж, эхнэр хоёр бид хоёрыг салгаад намайг байрны орц руу оруулахад Н.Батхишиг дахин ор ирээд надтай барьцалдаж авахад тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Тэгээд би гэр рүүгээ орчихсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

3. Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутагт Галдан бошигтын 12-р байрны 4 тоотод байрлах өөрийн гэртээ байж байтал орой 20-21 цагийн үед манай байрны 1 давхрын орцонд хүмүүс зодолдож байх шиг тас няс гэх чимээ гарсан, тэгэхээр нь би өөрийнхөө гэрийн бүргэд хаалганы жижиг нүхээр харсан юм. Гэтэл манай байранд амьдардаг Н.Б Т.Ггэх хоёр залуу хоорондоо зодолдож байсан юм. Тэр үед Н.Б нь арай илүү согтолттой байсан. Тэр хоёр хоёулаа архи уусан байсан бөгөөд орцонд нэгнийхээ дээр доор ороод зодолдоод байсан юм. Тухайн үед тэр хоёрын хажууд өөр ямар нэгэн хүн байхгүй байсан юм. ...Н.Б нь саарал өнгийн ноосон цамцтай байсан бөгөөд тэр ноосон цамцыг Т.Г нь урагш татаад Н.Б толгой хэсгийг бүрхсэн байсан учраас Н.Б хөдөлж чадахгүй байсан шиг харагдаад байсан. Тэр хоёрын хоёулангийнх нь хамраас цус гарсан байдалтай байсан юм. Тухайн үед Т.Г эхнэр Г чи боль л доо гээд чанга дуугаар орилоод байсан. Тэгээд тэдгээр хүмүүс манай байрны орц руу орчихсон юм. Удалгүй манай байрны орцонд дахин хүмүүс зодолдох шиг тас няс  гэх чимээ гарахаар нь би энэ хоёр хүн хоорондоо зодолдоод салахгүй юм байна гэж бодоод би Увс аймгийн Цагдаагийн газар руу дуудлага өгсөн юм. ...Тэр өдөр Н.Б, Т.Г хоёр зөвхөн хоёулхнаа хоорондоо зодолдоод байсан. Н.Б, Т.Г хоёр нэлээн архи уусан согтуу байдалтай, бараг тасарсан байдалтай согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

4. Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би гэртээ байж байтал бүрэнхий болохын урд талд хүмүүс шуугиад зодолдоод байх шиг болохоор нь би өөрийнхөө байрны цонхоор харахад манай байрны орцны гадна талд хоёр эрэгтэй хүн хоорондоо зодолдож байсан. Тэр хоёр залуу манай байрны залуучууд гэдгийг би мэднэ. Намайг харахад өндөр Н.Батхишиг гэдэг залуу нь цээж нүцгэн байсан. Тэр хоёр залуу эхлээд хоорондоо барьцалдаад нэг нэгнийгээ зодох шиг болсон. Эхлээд Н.Б гэдэг залуу нь машинд шахаад Т.Г гараараа цохиж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хоёр залуу хоорондоо зодолдож, ноцолдож байгаад хоёулаа хамт газар унаад жижиг биетэй Т.Ггэдэг залуу түрүүлж босож ирээд Н.Б гэдэг залууг лавтай хоёр удаа нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгж байтал байрнаас хоёр эмэгтэй хүн гарч ирээд тэр хоёр залууг салгасан юм. Тухайн үед би болиоч ээ, цагдаа дуудаачээ гэж орилсон юм. Тэр хоёр залууг зодолдож байхад хажууд нь өөр ямар нэгэн хүн байхгүй байсан. Өөр ямар нэгэн хүн хажуунаас нь уг зодоон цохионд оролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

5. Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Т.Г бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Би өөрөө илүү олон тооны хөнгөн гэмтэл авсан учраас Т.Г надаас хохирол нэхэмжлээгүй, харин би Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж, нарийн шинжилгээнд орсон бөгөөөд зардлыг нь Т.Г надад гаргаж өгсөн. Т.Г надад 1.800.000 төгрөгийг бэлнээр өгч миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, одоо надад Т. нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр нэг нэгэндээ ямар нэгэн гомдол саналгүй болсон.” гэх мэдүүлэг,

6. Шүүгдэгч Т.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Н.Б бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Нэг нэгнээсээ уучлалт гуйсан. Би Н.Б 1.800.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг нь барагдуулсан. Одоо түүнд надаас нэмж нэхэмжлэх хохирол байхгүй. Би ч гэсэн түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүлээр нотлогдож байна.

Шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Үзүүлэгч Т.Г биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд, духны зүүн талын үстэй хэсгийн хуйханд, хүзүүнд, баруун бугалга, зүүн шилбэ, нуруунд цус хуралт, баруун зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд, духны зүүн талын үстэй хэсгийн хуйханд, хүзүүнд, баруун бугалга, зүүн шилбэ, нуруунд цус хуралт, баруун зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Т.Ганзоригийн биеийн гадаргууд үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. Т.Г биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 288 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/-ээр шүүгдэгч Т.Ганзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Үзүүлэгч Н.Б биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотно хана цөмөрсөн хугарал, нүүр, хүзүүний урд болон 2 хажуу хэсэг, цээжний дээд хэсгийн арьсан доор хий хуралт, баруун, зүүн нүдний алимны салстад, хамрын нурууны баруун талд, зүүн завжинд, доод уруулын салст, баруун хөхлөг сэртэнд, өвчүү, баруун суганы хонхрын доод хэсэгт, зүүн бугалга, зүүн сарвууны ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, баруун нүдний дотно буланд, хүзүү, цээж, баруун шуу, баруун сарвууны 4, 5 дугаар хуруунд, зүүн мөрний дээд хэсэгт, зүүн бугалга, зүүн тохой, зүүн сарвууны 3, 4 дүгээр хуруунд, баруун шилбэ, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотно хана цөмөрсөн хугарал, нүүр, хүзүүний урд болон 2 хажуу хэсэг, цээжний дээд хэсгийн арьсан доор хий хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд бөгөөд мөн биеийн гадаргууд учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-1.5 орчим хувийн талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Н.Б биед учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. Н.Б биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 304 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-50-р тал/-ээр шүүгдэгч Н.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 288, 304 дугаартай дүгнэлтүүдийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Г нь согтуугаар Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 19-ний орой хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Б нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 19-ний орой хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Н.Г маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Т.Г, Н.Б нар нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, бие биедээ гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хэн хэнийхэн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул шүүгдэгч нарыг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Б, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагын хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Б, Т.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 133, 134-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа зэргийг харгалзан прокурорын тохиролцсон тус бүрийг 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй ба энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Т.Г, Галзад овогт Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Н.Б нарт тус бүрийг нь 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтанууд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Т.Г, Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ