Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2021/0389/З |
Дугаар | 221/МА2021/0619 |
Огноо | 2021-11-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2021/0619
2020 оны 03 сарын 31 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
“Г-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 526 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Г-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 526 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г-У” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 92 дугаарт заасан өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г-У” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... манай компани нь тухайн газрыг 2011 оноос хойш ашиглаж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын явган болон дугуйтай аялагчийг өдрөөр болон хоногоор гэр, майханд хүлээн авдаг бөгөөд харин сүүлийн 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа Ковид-19-ийн улмаас зогсонги байдалд орсон. Гэтэл анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах онцлог, цаг хугацааны бодит нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр газар ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ... бид хууль зөрчиж барилга, байшин барьж, зам талбай засаж, зориулалтыг хэтрүүлэн, хууль бусаар ашиглаагүй гэж дүгнүүлэх боломжгүй гэж үзэж байна ... нэгэнт хуулийн ... зохицуулалт байгаа тул бидний зүгээс майхан, гэрт аялагчийг хүлээн авч байсан нь байгальд хор хохиролгүй байсан бөгөөд энэ нь улирлын чанартай байдаг тул ихэнхдээ жил бүрийн 5 сараас 9 сарыг дуустал үйл ажиллагаа явуулж, бусад үед үйл ажиллагаа зогсдог тул гэр, майхныг хураадаг байсан. Гэтэл шүүх сансрын зургийг үндэслэл болгож үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй ... манай компанийн аялагч хүлээн авдаг, хоноглуулж отоглуулдаг үйл ажиллагаа 2019 оны 09 сарыг дуустал хэвийн явагдсан бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тогтвортой явуулах зорилгоор “Р А” ХХК-тай аялал жуулчлалын чиглэлээр Хамтран ажиллах гэрээ, “М и к” ХХК-тай Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан ажиллаж байсан ... харин цар тахлын улмаас хэрэгжүүлж чадахгүй болсон тул бидний зүгээс Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн Танхид хандаж ... гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлин гэрчилгээ авсан. Эдгээрийг нотлох баримтаар гаргасан бөгөөд анхан шатны шүүх үнэлэх, эсвэл үгүйсгэж үндэслэлээ тайлбарлах үүрэгтэй. Энэ утгаараа ... шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн ... цар тахал гарснаас хойш аялагч хүлээн авч чадаагүй, төлбөрийн чадваргүй болсон хугацааг бид хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна ... 2017 онд ... дүүргийн газрын албанаас газар дээр ирж, манай үйл ажиллагаатай танилцсаны үндсэн дээр газар ашиглах хугацааг сунгаж, гэрээг шинэчлэн байгуулж байсан ... газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хэрэгждэг бөгөөд хэрэв газар ашиглах эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаагүй байсан бол сунгагдахгүй дуусгавар болох нь тодорхой байхад энэ хуулийн зохицуулалт болон бодит нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр ... газрыг ашиглаагүй байна гэж дүгнэсэн нь хэт хийсвэр дүгнэлт болсон ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй, цаг үеийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлээгүй ... аливаа гэрээг тогтвортой байлгах, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан бөгөөд энд Иргэний хуульд заасан Гэрээнээс татгалзах, цуцлах зохицуулалт заавал хэрэгжих ёстой ... газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй ч хэрэгжүүлэх хугацаа хожимдуулсан нь мөн л Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой үйл ажиллагаа зогссон, улмаар гэрээ хэлцлээ хэрэгжүүлж чадахгүй болсон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “...”, 24 дүгээр зүйлд заасны дагуу “нөхцөл байдлыг тогтоож” ажиллагаа хийгээгүй, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан “оролцогчийг сонсох ажиллагаа явуулах” зэргээр газар ашиглагчийн эрхийг хангаж, зөрчлийг зохих хугацаанд бүрэн арилгуулж болох байсан ... эдгээрийг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байгаа нь бидний эрх, ашиг сонирхлыг зөрчөөд зогсоогүй, нөхцөл байдлыг зориуд бий болгосон гэх хардалтыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа болно ... урьдчилсан хэлэлцүүлгийн явцад маш тодорхой тогтоогдсон нэг асуудал бол “Газар ундрага” ХХК нь газрын төлбөрийн зөрчилгүй байсан асуудал бөгөөд үүнийг холбогдох татварын байгууллагын төлөөлөгч гэрчээр шүүх хуралд оролцож мэдүүлсэн явдал юм ... иймд ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий 142 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байх бөгөөд уг тушаалын 92 дугаар хавсралтад “Г-У” ХХК багтсан байна.
Нэхэмжлэгч “Г-У” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... сонсох ажиллагаа хийгээгүй ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлахгүй хуулийг буруу хэрэглэж хүчингүй болгосон алдаатай тушаал ... хөл хорио тогтоосноор эдийн засгийн байдал хүндэрсэн, үйл ажиллагаа зогссон энэ үед аж ахуйн нэгжийг судлахгүйгээр, хувийн хэрэг бүрдүүлж, нотлох баримтгүйгээр хуульд нийцүүлэхгүйгээр, Засгийн газрын бодлого шийдвэрийн эсрэг хувийн компанийг дарамталсан тушаал гаргасан ...” гэсэн үндэслэлээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалыг үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын Арцадын аманд 1.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2011/184 дүгээр гэрчилгээг олгосон байх бөгөөд тус газар эзэмших эрхийг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар сунгаж, улмаар нэхэмжлэгч компани нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга нартай 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2017/101 дүгээр гэрээг байгуулсан үйл баримтууд тогтоогдсон байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга нартай 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2017/101 дүгээр гэрээний 4 дүгээр зүйлд “Газар ашиглагчийн эрх, үүрэг”, 1-д “Г-У” ХХК нь тухайн газар дээр зориулалтын дагуу ... тогтоосон хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр ашиглана”, 2-т “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, ..., 5 дугаар зүйл. “Бусад зүйл”, 4-д “Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцална” гэж тус тус заажээ.
Дээрх хууль болон гэрээнд зааснаар газар ашиглагч нь газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд хууль болон гэрээгээр заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар зохицуулсан байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь газрыг ашиглах эрхтэй болсноос хойш одоог хүртэлх хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, мөн 2011-2020 он хүртэлх хугацааны зарим жилүүдийн хагас, зарим жилүүдийн бүтэн газрын төлбөр болох 53,016,760 төгрөгийг 2021 оны 1 дүгээр улиралд буюу маргаан бүхий захиргааны акт гарсан өдрөөс хойш төлсөн, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 5,399,595 төгрөгийн газрын төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/1128 дугаар албан бичиг, түүний хавсралт, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн 820170264 дугаар акт зэргээр тогтоогдсон байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгчээс хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд газрын төлбөрийг төлсөн, тухайн газраа зориулалтын дагуу ашигласантай холбоотой баримт нотолгоог гарган мэтгэлцээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, ...” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гарган өгөх эрх нь нээлттэй.
Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээ “аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн ... ковид гарсантай холбоотой үйл ажиллагаа зогссон газраа зориулалтын дагуу ашиглаагүй ... 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд гэр, майхан, асарт аялагчийг хүлээж авсан ...” гэж тайлбарлан маргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан жил гаруй хугацаанд энэ талаарх баримт, нотолгоог дээрх хуульд зааснаар шүүхэд гарган өгөх боломжтой байхад энэ талаар ямар нэгэн баримт, нотолгоог гаргаж мэтгэлцээгүй байх тул шүүх “... Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, гэрчилгээгээр маргаан бүхий газрыг ашиглахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул ... хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны маргаан бүхий А/50 дугаар тушаалын холбогдох хэсгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах, бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй.
Хариуцагч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсох ажиллагаа хийж, тайлбар гаргах боломжоор хангасан талаар “... Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай 09/8025 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Г-У” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн” гэж тайлбарлан маргасан байх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримт нотолгоог хариуцагч гарган мэтгэлцээгүй, нэхэмжлэгч “хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй ... сонсох ажиллагааны мэдэгдлийн манай компани хүлээж аваагүй ...” гэж маргасан нь үндэслэлтэй боловч зөвхөн энэ үндэслэлээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ