Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 05

 

,

Т.Нгийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2017/00070 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н -гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -т холбогдох

Трактор, анжисыг худалдах, худалдан авах гэрээний үнэ 2200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Нгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч А.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 08 дугаар сарын 24-нд А.Өт БНХАУ-д үйлдвэрлэсэн FOTONLOVOL-200 маркийн жижиг оврын шинэ тракторыг газар хагалагч анжисны хамт 5000000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулан өгсөн. Уг гэрээг 2016 оны 9 сарын 16-нд гарын үсэг зуран, нотариатаар баталгаажуулан хүчин төгөлдөр болгосон. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтанд трактор, анжисыг 5000000 төгрөгөөр үнэлж, 3500000 төгрөгт нь 1000 боодол өвсийг нэг бүрийн үнийг 3500 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 1500000 төгрөгийг 11 дүгээр сард өгөлцөж авалцахаар гэрээнд заасан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй мөн гэрээнд заасан шаардлага хангаагүй өвс нийлүүлсэн учраас 800 боодол өвсийг авч 200 боодол өвсийг аваагүй. Иймд А.Өээс тракторын үнэний зөрүү 1500000 төгрөг, 200 боодол өвсний үнэ 700000 төгрөг, бүгд 2200000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Н  2017.01.13, 2017.02.09-ний өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэхдээ: Тракторын үнэд нэмж 100000 төгрөг, Улаанбаатар хотоос 2015 оны 7 сарын 22-нд  трактор авч ирсний зардал 100000 төгрөг, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхтэй холбоотой 2016 оны 12 сарын 3, 2017 оны 1 сарын 10, 02 дугаар сарын 01, 2 сарын 9-ний өдрүүдэд ирж буцсан зардал 104000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 5, 6, 2017 оны 1 дүгээр сарын 12, 13, 2 дугаар сарын 2, 3, 9, 10-ны 8 өдрийн цалин 224656  төгрөг бүгд 2728656 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Нгийн нэхэмжилсэн 2200000 төгрөгөөс 1500000 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Талбайгаас 950 боодол өвс ачсаныгаа 700 боодол гэж худал нэхсэн тул төлөхгүй. Нэмж нэхэмжилсэн 152000 төгрөгийг төлөхгүй. Учир нь би 2016 оны 9 дүгээр сард худалдаж авсан ба 2015 оны тээврийн зардлыг би биш энэ хүн өөрөө хариуцах нь зүй. Замын зардлын хувьд яг би чирэгдүүлснээс үүдэн гарсан зардал бол би хариуцна, авгай хүүхэн, архи дарс эргүүлэх гэж энд ирээд зардлаа надаас гаргуулах гэж байгаа бол хариуцахгүй. Тамгын газрын төрийн сангийн нягтлан Даваадоржтой хуйвалдаж ажил чирэгдүүлж хэдэн төгрөг авсан өгснөө хэлэхгүй нууж байгаад 2017 оны 1 сарын 13-ны өдрийн 9 цаг 11 минутанд хэлсэн тул энэ хугацааны зардлыг өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.  

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 1654000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгож, 1074656 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд 41414 төгрөгийг хариуцагч А.Өээс гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгож, Т.Нгээс 4550 төгрөг гаргуулж улсын төсөвт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Н давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Өт тракторын үнийн зөрүү гэрээнд заасан 1600000 төгрөг, өвсний дутуу болох 200  боодол өвсийг нэг бүрийг 3500 төгрөгөөр бодож 700000 төгрөг, мөн 8 удаа шуудангаар ирж очсон зардал 104000 төгрөг, 8 өдрийн цалин нэг өдрийн цалинг 28082 төгрөгөөр бодож бүгд цалин 224656, трактор тээвэрлэсэн хөлс 100000 төгрөг, бүгд 2628656 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх шийдвэрлэхдээ миний 8 өдрийн цалин 224656 төгрөг төгрөгийг нотлох баримт шаардлага хангаагүй үндэслэлээр мөн 200 боодол өвсний үнэ 700000 төгрөгийг гэрч Б.Золбоогийн үндэслэлгүй өгсөн мэдүүлгээр, трактор ачиж ирсэн 100000 төгрөгийг нотлох баримт байсаар байтал хассан. Мөн замын зардал 50000 төгрөг, бүгд 1074656 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхэд нотлох баримтыг дахин сэргээж 1074656 төгрөгийг А.Өээс гаргуулж өгч хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна. Учир нь 2016 оны 9 сарын 16-нд гэрээ хийж 7 хоногийн ар дээр буюу 9 сарын 23-нд 1000 боодол өвс авахаар очиход гэрээний шаардлага хангахгүй норж ялзарсан өвс байсан тул арга буюу 800 боодол өвсийг авч 200 боодол өвсийг авахгүй, мөнгөө авна гэж хэлээд орхисон. Гэтэл 2016 оны 10 сарын 1-нээс 10-ны хооронд намайг цэцэг өвсний каринтин дээр байх хооронд Б.Золбоо Өийн нөхөр болох Ч.Энхсайхантай хуйвалдаж миний нэрийг барьж 200 боодол өвсийг авсан байсан. Иймд А.Өээс 200 боодол өвсний үнэ 700000 төгрөгийг авах үндэслэлтэй. Мөн ЗДТГ-аас 2016 оны 12 сарын 5, 6-ны өдөр 2017 оны 1 сарын 12, 13-ны өдөр, 2017 оны 2 сарын 9, 10-ны өдрүүдийн чөлөөний нотлох баримтыг дахин гаргаж байгаа учир 8 өдрийн 224656 төгрөг, мөн Улаанбаатар хотоос Иххэт хүртэл трактор тээвэрлэсний 100000 төгрөг, бусад зардал 50000 төгрөг бүгд 1074656 төгрөгийг А.Өээс гаргуулж авах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хуралд гэрч Б.Золбоог өөрийн биеэр оролцуулах, шүүх хуралтай холбоотой надаас гарсан зардлыг хэн буруутай хүнээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч А.Өээс бага оврын тракторын үнэд бэлнээр 1 500 000 төгрөг, 200 боодол өвсний үнэ 700 000 төгрөг, бүгд 2 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “тракторын үнэд 100 000 төгрөг, Улаанбаатар хотоос тракторыг ачиж ирсний зардал 100 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл өгөхөд 4 удаа ирж, буцсаны зардал 104 000 төгрөг, энэ хугацааны цалин 224656 төгрөг, бүгд 528656 төгрөг /2200000+528656=2728656/ гаргуулах гэж нэмэгдүүлж нэхэмжилсэнийг, хариуцагчаас тракторын үнэ 1 600 000 төгрөгөөс  1 500 000 төгрөгийг төлнө, 100 000 төгрөгийг төлөхгүй,  200 боодол өвсний үнэ, тракторыг УБ хотоос тээвэрлэсний зардал, шүүхэд ирж, буцсаны замын зардал, цалинг төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 074 656  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1 654 000 төгрөгийг хариуцагч А.Өээс гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх маргааны үйл баримт буюу худалдах-худалдан авах гэрээ, гэрээний үнэ болон үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийжээ.  

Тодруулбал нэхэмжлэгч Т.Н, хариуцагч А.Ө нар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хятад улсад үйлдвэрлэгдсэн бага оврын тракторыг 5 100 000 төгрөгөөр үнэлж үүнээс 1 600 000 төгрөгийг бэлэн мөнгөөр 2016 оны 11 сард өгөхөөр, үлдэх 3 500 000 төгрөгт, өвс нэг боодлыг 3 500 төгрөгөөр тооцон 1000 ширхэгийг худалдан авагч талаас худалдагч талд өгөхөөр тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байна.

Харин худалдан авагч тал буюу хариуцагч А.Ө гэрээнд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сард 1 600 000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөх, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Улмаар трактор худалдах, худалдан авах гэрээ болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Н нь нябо А.Даваадоржоос  50 000 төгрөгийг авсан, хариуцагч А.Өт худалдсан тракторыг 2015 онд Улаанбаатар хотоос ачиж ирсний зардал 100 000 төгрөг, 200 боодол өвсний үнэ 700 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулж аваагүй цалин, хөлс 224656 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй болох нь тогтоогдсон байх ба анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Гэрээний “...1000 ширхэг өвсийг 2016-09-25-ны дотор бэлэн болгож, худалдагч талд хэл өгснөөс хойш 5 өдрийн дотор хадлангийн талбайгаас өөрийн унаа, ачигчтай очиж авна...”гэсэн заалт болон нэхэмжлэгч Т.Нгийн “...2016-09-23-ны өдөр 2 жолоочийн хамт, Нovo маркийн чиргүүлтэй машин болон Bongo машинтай очиж 800 боодол өвс авсан” гэх тайлбар, гэрч Б.Золбоогийн “...би А.Өийн хадлан дээрээс 2 удаа очиж өвч ачиж авсан, хоёуланд нь Т.Н өвс татуулсан ба би жолоочоор явсан, эхлээд 800 боодол өвс ачсан, дараа нь 200 боодол өвс авна гэсэн боловч 150 боодол өвс ачаад машин дүүрсэн, тэгээд суман дээр очиход Т.Н ах “Ө бид хоёр маргаантай байгаа, наад 150 боодол өвс болон үлдэх 50 боодол өвсийг авахгүй” гэсэн мэдүүлэгээс үзэхэд хариуцагч А.Өийг 1000 боодол өвсийг гэрээнд заасан хугацаанд бэлтгэж, бэлэн болгох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Н нь өөрийн ажилладаг байгууллагын нягтлан бодогч А.Даваадоржоос өвсний тооцоо гэж “Баян хэт” хоршоонд шилжүүлэх 760 500 төгрөгөөс 50 000 төгрөгийг хүлээн авсан /хх-33/-ыг мөн худалдсан тракторыг 2015 онд Улаанбаатар хотоос ачиж ирсний зардал 100 000 төгрөг, 200 боодол өвсний үнэ 700 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулж аваагүй цалин, хөлс 224656 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй байх ба эдгээр төлбөрийг хариуцагч А.Ө хариуцахгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтын агуулгад нийцжээ. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн  трактор ачсаны зардал гэх 100000 төгрөгийг худалдан авагч төлөхөөр талууд гэрээгээр тохиролцоогүй, уг тракторыг нэхэмжлэгч Т.Н өөртөө худалдан авч, Улаанбаатар хотоос авч ирсэн зардал тул хариуцагч А.Өт трактор худалдан борлуулахаар тээвэрлэсэн буюу Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д заасан зардал гэж үзэх боломжгүй, харицагч А.Ө хариуцах үндэслэлгүй юм.

Харин  хариуцагч А.Ө 1 600 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2016 оны 11 сард өгөөгүй учир түүнээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирол буюу нэхэмжлэгчийн шүүхэд ирж, буцсаны зардал 104 000 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Хэдийгээр хариуцагчаас “ трактор авахаас өмнө  нэхэмжлэгчид өгсөн өвсний тооцоо болох 100 000 төгрөгийг, тракторын үнэ 1 600 000 төгрөгөөс хасаж тооцно гэж бид тохирсон” гэх боловч түүний энэхүү татгалзал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2017/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Нгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                Г.ТЭГШСУУРЬ

                                                                          Н.БОЛОРМАА