Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 117

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн  2030001400152 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг М гэх газар оршин суух, регистрийн дугаар..., Д.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

            Шүүгдэгч  Д.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 05-ны хооронд  Сүхбаатар  аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр  НУ гэх газраас хохирогч С.М ын 2 үхрийг уналга ашиглан хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч  Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд  М ын үхрээс 2 бяруу авч Мд өгсөн. 2 бярууны хохирол 900 000 төгрөг төлсөн гэв.

 

  Эрүүгийн 2030001400152 дугаартай хэргээс: 

                                                

Хохирогч С.М ын  мөрдөн байцаалтанд өгсөн: “....2019 оны 12 дугаар сарын 08-нд идшээ идэх гэж Бийг Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг “НУ” гэх газар өвөлжиж байхад нь очиход манай үхрээс миний идэх гэж байсан М хүрэн охин бяруу, хар халзан эр бяруутай хамт байгаагүй. Тэгээд би тэр үед нь ойр хавийн айлын үхрээр орж хайгаад олохгүй Б ээс бяруу авч идсэн юм. Миний уг 2 бяруу эхээсээ салдаггүй, номхон бяруу байсан. Тухайн үед Б ээс асуухад “ойрхон байгаа байх” гэсэн. Эрээн нүүртэй эвэртэй хар эр бяруу, улаан М эрээн нүүртэй охин бяруу хоёулаа им ижил, баруун чих ухам, зүүн чих урдаасаа цуулбар имтэй. Б ын гэр “НУ”-гийн зүүн доор ганц гэр өвөлжиж байсан. Би Б ыг хулгай хийнэ гэж бодоогүй учраас бяруугаа асуугаагүй. Одоогоор надад өгсөн юм байхгүй. Хохирол барагдуулна гэсэн. Миний 2 бярууны хохирлыг барагдуулах юм бол гомдол санал байхгүй. Бяруугаа нэгийг нь 500,000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг, /хх-ийн 10-15-р хуудас/

 

Б нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2 бярууны хохирол гэж 900.000 төгрөг надад бэлэн өгсөн одоо миний зүгээс Б д ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р хуудас/

 

Гэрч Д.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай аавын төрсөн дүү М ах намар 09 сард сумын төв рүү нүүж манайд 7  үхэр үлдээсэн. 2 жилийн өмнөөс эхлэн шинээр өвөлжөө гаргаж буудаг болсон. Манай үхрүүд хуучин өвөлжөөндөө хэвтдэг, үхрээ хураадаггүй, хааяа явж хардаг юм. 2019 оны 12 сард М идэш иднэ гэж ирээд би үхрээ хурааж ирэхэд Мын 2 бяруу манай 3 тугалтай үнээ зэрэг дутуу байсан. Тэгээд тухайн үед нь салж сарнисан байх гээд М ахад өөрийнхөө 1  бярууг махалж өгөөд явуулсан. Дараа нь дахин үхрээ үзэхэд манай тугалтай 3 үнээ үхэртээ байсан М ын 2 бяруу ирээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

Гэрч М.Д ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны хавар 5 сарын эхээр Б ын эхнэр М над руу утсаар ярьж “мөнгөний хэрэг байна, бяруу авах хүн байна уу? 250,000 төгрөгөөр зарна” гэж  асуусан. Тэгээд би “хүнээс асууж өгье” гэж хэлээд Дорнод аймагт байдаг өөрийн төрсөн дүүгээс “хямдхан бяруу байна авах уу” гэж асуусан чинь “авъя” гэхээр нь М.Дтэй дахин ярьж 2019 оны 05 сарын 17-ны өдөр М.Дийн Хаан банкны 5633039624 дугаартай дансанд 150,000 төгрөг, дахин 5 сарын 21-ний өдөр 100,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэгээд идэшний үеэр авах болсон. Дахин М.Д 2019 оны 07 сарын 17-ны өдөр над руу утсаар залгаж “350,000 төгрөгөөр бяруу авах хүн олоод өгчих, яаралтай мөнгөний хэрэг байна” гэхээр нь нөхрийнхөө ахаас мөнгө авч М.Дийн дансанд хийсэн. 2019 оны 11 сард Б эхнэртэйгээ манайд 1 бярууны мах 4 мөч болгоод авч ирсэн байсан. Дараа нь хөдөөгүүр тоонд явж байхдаа Бтай ярьж бярууны махаа хүн нь нэхэж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б дахин 1 бярууны мах авчирч өгсөн. Нэг үхрийн арьс нь ирсэн гэхээр нь “чи өөрөө ав” гэж  хэлсэн. Ямар зүсмийн үхрийн арьс байсныг мэдэхгүй. Нөгөө мах нь арьс ширгүй ирсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 05-р хуудас/

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 07-р хуудас/

 

Линзийн өгөөж ХХК-ний  гаргасан үнэлгээ /хх-ийн 29-36-р хуудас/        

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 66-82-р хуудас/

 

Д.Бын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63-р хуудас/,

 

Д.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-61-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар

 

 Шүүгдэгч  Д.Б нь  2019 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 05-ны хооронд  Сүхбаатар  аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр  НУ гэх газраас хохирогч  С.М ын 2  үхрийг уналга ашиглан хулгайлж  900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгч Д.Б ын  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.М, гэрч Д.Б, М.Д нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг,  Линзийн өгөөж ХХК-ний үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

         

          “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг  шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд  гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогч С.М ын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

           Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Б ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогч С.М ын хохирлыг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.   

          

Шүүгдэгч  Д.Б ын эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/31 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан ча тамгатай хонгор зүсмийн нас бие гүйцсэн морины үнэ 700 000 төгрөгийг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Иймд Д.Б холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  иргэний  бичиг  баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  тэмдэглэх нь зүйтэй байна.

    

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5, 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/31 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан ча тамгатай хонгор зүсмийн нас бие гүйцсэн морины үнэ 700 000 төгрөгийг шүүгдэгч Д.Б аас гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч С.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА