Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Ат холбогдох эрүүгийн 2030000000146 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.., П.А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч П.А нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “И Х” гэх газарт Тоёота королла филдер маркийн 18-78 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, Мөн дүрмийн 3.7.а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Т.Тийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: П.Н 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед намайг худаг дээр байхад ирээд танайхаар хэсмээр байна гэж хэлсэн. Би гэртээ ганцаараа байгаа. Эхнэр, хүүхэд гэрт байхгүй малаа усалж байна гэхэд “би холоос зорьж ирлээ, Мөнххаан сум дамжаад хоёр, гурав хоног уулаа. Шараа тайлмаар байна. Архины мөнгөгүй байна” гэсэн. Би завгүй байна гэхэд намайг худаг дээр 1 цаг гаруй хүлээгээд байхаар нь би мотоциклоо гэрийнхээ гадаа үлдээгээд Бүрэнгийн уурхайн дэлгүүр рүү явсан. Тэндээс таньдаг хүнээсээ 3 шил архи аваад явсан. Буцаж явж байхад П.Н замынхаа энэ тэнд гараад, хурд хэтрүүлээд машинаа барьж чадахгүй болохоор нь би машиныг нь барьсан. Манай гэрийн наана худаг дээр байсан таван залуутай машинд явж байсан хүмүүстэй нийлээд уусан. П.Н Хэнтий аймаг руу явъя гэхээр нь би гэртээ ганцаараа байгаа. Мал эзэнгүй байгаа. Нэг айл руу явъя тэнд үлдсэн архиа ууж байгаад Хэнтий явъя гээд явсан. Би 60-70 километр цагийн хурдтай явж байхад гэнэт дугуй хагараад жолоо булаагаад шарвасан. Би зогсоох арга хэмжээ авсан боловч шидчихсэн. Бид бүгдээрээ машинаас цувж гараад харахад гэмтсэн хүн байгаагүй. П.Н нар өмнөх орой нь шөнөжингөө архи уучихсан машин барих чадваргүй байсан болохоор би машиныг нь барьсан. Урд талын зөв тал болон хойд талын дугуйны хий гарчихсан байсан. Тухайн үед П.Н машин жолоодох чадваргүй байсан учраас би аваар ослоос сэргийлж, сайн санаж барьсан. Гэтэл ийм хэрэг болсон. Т эм, тарианы мөнгө 200.000 төгрөг өгөөрэй гэснийг нь өгсөн. Иргэний нэхэмжлэгчид 5.700.000 төгрөг төлсөн. Би үнэлгээгээр тогтоосон хохирлыг төлсөн. Үнэлгээний хөлсийг төлөөгүй...гэв.

 

- Яллагдагч П.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн орчимд худаг дээр хонио усалж байхад манай найзууд болох П.Н, С, О /С, О хоёрын бүтэн нэрийг мэдэхгүй/ нар П.Нийн машинтай архи уусан байдалтай ирсэн. П.Н “найз нь архи уумаар байна, Мөнххаан сумын Бүрэнцогтын уурхайн дэлгүүрээс найздаа архи аваад өгчих” гэхээр нь би П.Н д хандан “би хонио усалчихъя, тэгээд явж болох байх” гээд хонио усалж дуусчихаад гэр лүү очоод би унаж явсан мотоциклоо орхичихоод П.Н өөрөө машинаа бариад бид Бүрэнцогтын уурхай руу явсан юм. Уурхайн дэлгүүрээс би “Ерөөл” нэртэй 0.75 литрийн хоёр шил архи, “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво нэгийг аваад дэлгүүрийн гаднаас хөдлөхдөө би Н д хандан “найз нь чиний машиныг барья, чи жаахан унтчих” гээд машиныг нь бариад хөдөлсөн. Бид нар манай гэр лүү явах замдаа манай найз болох Т.Б ыг гэрээс нь аваад худаг дээр нь очоод мал усалж байх хооронд “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво, “Ерөөл нэртэй” 0.75 литрийн нэг шил архийг Н, С, О, Б бид 5 хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусчихаад Б “найз нь ганц нэг пиво авч өгье, Бүрэнцогтын уурхайн дэлгүүр лүү явчих ” гэсэн. Бид нар уурхай яваад Б дэлгүүрээс “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво 3 ширхгийг аваад буцаад өмнө архи уусан худаг дээр ирж 2 ширхэг пивыг хувааж уучихаад худаг дээрээс урагшаа айл руу явж байхад гэнэт машины жолоо булаагаад жолоодлогогүй болсон. Би сандарсандаа машинаа зогсоох гэхэд яах ийхийн амжилгүй машин онхолдож хоёр бүтэн эргээд талаараа хараад зогссон. Бид машинаас гараад байж байхад манай хамаатан дүү болох Б малдаа явж байгаад таараад утастай айл руу явуулж сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Зам тээврийн осол гарах үед П.Н ийн машиныг би жолоодож явж байсан. Би тухайн үед 60 километр цагийн хурдтай явж байсан. Зүгээр явж байгаад гэнэт машин жолоодлогогүй болж жолоо булаагаад байхаар нь сандарсандаа машиныхаа хаазан дээр гишгэсэн байх гэж бодож байна. Зам тээврийн осол гарах үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед болсон асуудлыг би бүгдийг нь санаж байгаа болохоор миний согтолт гайгүй байсан. Тухайн үед машинд П.Н, Б, С, О бид тав явж байсан. Би жолооч мөн. 2019 оны 03 дугаар сард Хэнтий аймагт жолооны курст сууж жолооч болж байсан. Миний зүүн хөмсөгний дээд талд зүсэгдэж одоогоор миний байдал гайгүй байна. Толгойгоор жаахан өвдөнө, шилэн хүзүү хөшиж байна. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. Надад сонсгосон хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Т.Т, П.Н нарын хохирлыг бүрэн гүйцэд барагдуулах болно, би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж хүний биед хүндэвтэр хохирол учруулсандаа маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-25-27, 109-114 дүгээр хуудас/,

         

- Хохирогч Т.Т ийн: 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн орчимд намайг гэртээ байж байхад манай найз П.Н манай гэрээр ирэхээр нь би “Хараа” нэртэй 0.5 литрийн нэг шил архи гаргаж бид хоёр тэр архийг хуваагаад уусан. Манай гэрийн гаднаас манай төрсөн дүү О, П.Н бид гурав П.Н ийн машинтай Бүрэнцогтын уурхай руу явсан. Уурхайд очоод дэлгүүрээс нь бид гурав тамхи авч, П.Н 2.5 литрийн пиво нэгийг аваад П.Н бид хоёр хувааж уусан. Пивоо уугаад дуусаж байхад П.Н нь А ынх руу очъё гээд явж байхад П.А худаг дээрээ малаа усалж байгаад таарсан. П.Атай мэнд ус мэдчихээд малаа усалж дуусахаар нь гэр лүү нь очоод А унаж явсан мотоциклоо гэрийнхээ гадаа орхиод П.Нийн машинд суугаад бид хэд Бүрэнцогтын уурхай руу явж П.А дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 0.75 литрийн хоёр шил архи, Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво нэгийг худалдаж авсан. Бүрэнцогтын уурхайн дэлгүүрийн үүднээс П.А нь П.Нийн машиныг бариад буцаад гэр лүү явж байх замдаа “ДХ” гэх газар Т.Б тай таараад худаг дээр нэг шил архиа задлаад ууж байгаад би хэсэг зуур унтсан байсан. Унтаж байгаад сэрэхэд Бүрэнцогтын уурхай руу явж байсан. Уурхайн дэлгүүрээс Т.Б 3 ширхэг 2.5 литрийн пиво худалдаж аваад буцаад “ДХ” гэх газарт очоод П.Н, П.А, Т.Б гурав дэлгүүрээс авсан пивоноос хоёрыг нь хуваагаад уусан. Пивоо ууж дуусчихаад П.А хэдүүлээ урагшаа манай ахынх руу очоод ирье гээд П.А нь П.Н ийн машиныг жолоодон худаг дээрээс хөдөлж байсан. Би мөн хэсэг зуур унтсан байсан. Тэгтэл манай дүү О намайг “ахаа босоорой, машин онхолдсон байна” гэхээр нь сэрэхэд миний баруун гар хөдөлж болохгүй болсон байсан. Тэгээд О ээр татуулж байж машинаас гарсан юм. Зам тээврийн осол гарах үед П.А машин жолоодож явж байсан. Зам тээврийн осол гарах үед би унтаад явж байсан болохоор хэдэн километр цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. П.А тухайн үед архи уусан байсан. П.А нь “ДХ” гэх газраас Н ийн машиныг бариад хөдлөхдөө согтолт нь гайгүй байх шиг байсан. Зам тээврийн осолд орсноос болж миний баруун гарын шуу хугарч гэмтсэн байна...гэх мэдүүлэг /хх-16-20, 31-33 хуудас/

 

- Гэрч П.Н ийн: 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн орчимд Мөнххаан сумын Бүрэнцогтын уурхайн дэлгүүрээс тамхи авахаар явах замдаа өөрийн найз Тийн гэрээр ороход “Хараа” нэртэй 0.5 литрийн нэг шил архи гаргаж бид хоёр тэр архийг хуваагаад уусан юм.  Тийн гаднаас Бүрэнцогтын уурхай руу О, Т бид гурав миний машинтай явсан. Уурхайн дэлгүүрээс  “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво нэг ширхгийг аваад Т бид хоёр хувааж уусан юм. Манай найз П.Аынх Бүрэнцогтын уурхайд ойрхон хаваржиж байсан болохоор ороод гаръя гээд гэр лүү явж байхад П.А худаг дээрээ малаа усалж байгаа таарсан юм. П.Аыг малаа усалж дуусахаар нь гэр лүү нь очоод А унаж явсан мотоциклоо гэрийнхээ гадаа орхиод миний машинд суугаад бид хэд Бүрэнцогтын уурхай руу явж дэлгүүрээс А “Ерөөл” нэртэй 0.75 литрийн хоёр шил архи, Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво нэгийг худалдаж авсан. Дэлгүүрийн гаднаас П.А “найз нь чиний машиныг барьж үзье” гээд миний машиныг бариад буцаад гэр лүү явж байх замдаа “ДХ” гэх газар Т.Б тай таараад худаг дээр нэг шил архиа задлаад ууж байгаад би унтаад өгсөн байсан. Гэнэт түр тар гээд миний дээрээс хүн дараад байх шиг байхаар нь сэрэхэд миний машин онхолдсон байсан. Осол гарах үед миний машиныг манай найз П.А жолоодож явж байсан. Би машинд унтаад явж байсан болохоор хэдэн километр цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. П.А тухайн үед архи уусан байсан. Би тухайн үед машинд унтаж байсан болохоор П.А ыг хэр зэргийн согтолттой байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Миний зүүн нүд хөхөрсөн байна. Өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байна. Толгой, нуруугаар жаахан өвдөж байна. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. Би шүүх шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй. П.А нь миний машиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болохоор би өөрийнхөө машины П.А аар төлүүлмээр байна. Би машинаа 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос монголд яваагүй машин 15.000.000 төгрөгөөр авч байсан юм. П.А миний машины хохирлыг барагдуулчихвал миний хувьд гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг/хх-28-30 дугаар хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч “АГ” ХХК-ий хууль ёсны төлөөлөгч З.Б ийн: Би Алтлан нэртэй банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагч ажилтай юм. П.Н 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18-78 УАВ улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй Тоёота Королла Фиелдер маркийн автомашиныг барьцаалж 9.000.000 төгрөгний зээл авсан байсан. Тэгтэл барьцаанд байх автомашиныг эзэмшигч нь замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осол гаргаж автомашинд эвдрэл учирсан тул миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17057305 дугаартай үнэлгээтэй танилцлаа, үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээнд дурдагдсан 5.700.000 төгрөгийг нэхэмжилж зээлийн эрсдэлээс сэргийлж байгаа учраас байгууллагын дансанд хийчихвэл өөр санал байхгүй болно...гэх мэдүүлэг /хх-15-24 дүгээр хуудас/,

 

- Гэрч Т.О ийн: 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн орчимд П.Н нь манай ах .Т ийнд ирсэн. Намайг гэртээ байхад Т.Т ах, П.Н хоёр манай гэрээр орж ирээд намайг Бүрэнцогтын уурхай руу цуг яваад ирье гэхээр нь би тэр хоёртой цуг явсан. Уурхайд очоод дэлгүүрээс нь бид гурав тамхи авсан. Мөн П.Н “нэрийг нь мэдэхгүй” 2.5 литрийн пиво нэгийг аваад тэр пивоо Т ах, П.Н хоёр хувааж уусан. Пивоо ууж дуусгаад П.Н машинаа асаагаад Бүрэнцогтын уурхайгаас баруун урагшаа явж байгаад П.Аын худаг дээр очиход П.А нь малаа услаад байж байсан. П.Н машинаасаа буугаад П.А тай уулзчихаад гэр лүү нь очоод А унаж явсан мотоциклоо гэрийнхээ гадаа орхиод П.Н ийн машинд суугаад бид хэд Бүрэнцогтын уурхай руу явсан. Уурхайн дэлгүүрээс П.А “Ерөөл” нэртэй 0.75 литрийн хоёр шил архи, “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво нэгийг худалдаж авсан. Дэлгүүрийн үүднээс П.А нь П.Н ийн машиныг бариад буцаад гэр лүүгээ явж байх замдаа “ДХ” гэх газар очиж Батка /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ гэх залуутай таараад худаг дээр нэг шил архиа ууж дуусгаад Бүрэнцогтын уурхай руу явж Батка 3 ширхэг 2.5 литрийн пиво дэлгүүрээс худалдаж аваад буцаад “ДХ” гэх газарт очоод дэлгүүрээс худалдаж авсан пивоноосоо хоёрыг нь уусан. Пивоо ууж дуучихаад П.А хэдүүлээ урагшаа манай ахынх руу очоод ирье гээд П.А, П.Нийн машиныг жолоодон худаг дээрээс хөдөлсөн. Тэгээд явж байтал гэнэт машин шарваад онхолдсон. Тухайн үед П.А машин жолоодож явж байсан. Би хэдэн километр цагийн хурдтай явж байсныг нь анзаараагүй. П.А тухайн үед архи уусан байсан. П.А ын согтолт нь тухайн үед гайгүй байх шиг байсан. Зам тээврийн осолд орсноос болж миний биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй...гэх мэдүүлэг /хх-34-36 дугаар хуудас/,

 

- Гэрч Т.Б ын: 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 11 цагийн орчимд намайг малаа услах гээд худаг руугаа явж байхад П.А, Н, Т, О дөрөв надтай таарсан юм. Тухайн үед П.А 18-78 УАВ улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Бид хэд манай худаг дээр очоод “Ерөөл” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, 2.5 литрийн “Нийслэл” нэртэй нэг пивыг хувааж уусан. Тэгээд архи, пивоо ууж дуусаад бид хэд П.Н ийн машинтай Бүрэнцогтын уурхай руу явж дэлгүүрээс би 3 ширхэг /Нийслэл нэртэй/ 2.5 литрийн пиво худалдаж аваад буцаад “ДХ” гэх газарт очоод дэлгүүрээс худалдаж авсан пивоноосоо хоёрыг нь уусан. Пивоо ууж дуучихаад П.А хэдүүлээ урагшаа манай ахынх руу очоод ирье гээд П.А, П.Н ийн машиныг жолоодон худаг дээрээс хөдлөөд явж байтал гэнэт машин шарваад онхолдсон. Тухайн үед П.А машин жолоодож явж байсан. Би хэдэн километр цагийн хурдтай явж байсныг нь анзаараагүй. Ойролцоогоор 60-70 километр цагийн хурдтай явж байсан байх. П.А тухайн үед архи уусан байсан. П.А ын согтолт нь тухайн үед гайгүй байх шиг байсан. Зам тээврийн осолд орсноос болж миний биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй” гэх мэдүүлэг, /хх-37-39 дүгээр хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төвийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-46/

 

- Яаралтай тусламжийн хуудас 2020.04.08 /хх-ийн 47/

 

   - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дугаартай: П.А ын биед гэмтлийн дараах толгой хэсгийн урагдсан шарх, духанд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-48-49 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төвийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-53/

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-54/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 185 дугаартай: Т.Т ийн биед гэмтлийн дараах баруун гарын шууны хугарамтгай хэсгийн хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-51-58 дугаар хуудас/,

  

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төвийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-59/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 186 дугаартай: Т.О ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-59-64 дүгээр хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрүүл мэндийн төвийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-67/,

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-68/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 187 дугаартай: П.Н ийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан  гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт /хх-65-72 дугаар хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 188 дугаартай: Т.Б ын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-73-78 дугаар хуудас/,

            

- Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-79/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай: П.А ын биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. П.А ын биенээс авсан гэх цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрлээ. П.А ын биенээс авсан гэх цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-79-84 дүгээр хуудас/,

 

- Техникийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай “ Хэрийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Toyota Fielder маркийн 18-78 УАВ улсын дугаартай автомашины жолооч П.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. 3.7.а заалт зөрчсөн байна. П.А нь замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Хэргийн материал нотлох баримтыг /фото зураг/ харгалзан үзэхэд зам зам тэгш, хуурай, шороон, үзэгдэх орчин хязгаарлагдаагүй байсан тул замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Toyota Fielder маркийн 18-78 УАВ улсын дугаартай автомашины жолооч П.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь зам тээврийн осол болох шалтгаан болж байна. Дүгнэлт гаргах явцад өөр зүйл илрээгүй болно “ гэх дүгнэлт /хх-40-43 дугаар хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-3 дугаар хуудас/,

 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5 дугаар хуудас/,

 

- Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-12 дугаар хуудас/,

 

- “Ф” ХХК-ийн Автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-85-90 дугаар хуудас/ 

 

- 18-78 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-123/

 

- Ф ХХК-нийн 2020.04.10-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 87/

 

- “А” ХХК-ийн Барьцаат зээлийн гэрээ /хх-117-118/

 

- Хууль  зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 119/

 

- П.А ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-120/

 

- П.А ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 121/

 

- П.А ын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-122/

 

- П.А аас хохирогч Т.Т -д 200.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 2020.05.13-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-128/

 

- П.Ааас иргэний нэхэмжлэгч АГын дансанд 5.700.000 төгрөг төлсөн Хаан банкны 2020.05.13-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-129/

 

- П.А ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-130/

 

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын 56 дугаартай санал /хх-132-133/ зэрэг баримтууд болно.

 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.А нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “И Х” гэх газарт согтуурсан үедээ Тоёота королла Филдер маркийн 18-78 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, Мөн дүрмийн 3.7.а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Т.Т ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч П.А ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ П.Н 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед намайг худаг дээр байхад ирээд бид Бүрэнгийн уурхайн дэлгүүр рүү явж 3 шил архи аваад буцаж явахад П.Н өмнөх орой нь шөнөжингөө архи уучихсан машин барих чадваргүй, замынхаа энэ тэнд гараад, хурд хэтрүүлээд машинаа барьж чадахгүй болохоор нь би машиныг нь барьсан. Би 60-70 километр цагийн хурдтай явж байхад гэнэт дугуй хагараад жолоо булаагаад шарвасан. Би зогсоох арга хэмжээ авсан боловч шидчихсэн. Урд талын зөв тал болон хойд талын дугуйны хий гарчихсан байсан “ гэх,

хохирогч Т.Т ийн “ Бүрэнцогтын уурхайн дэлгүүрээс Т.Б 3 ширхэг 2.5 литрийн пиво худалдаж аваад буцаад “Д Х” гэх газарт очоод бид пивоо уугаад П.А хэдүүлээ урагшаа манай ахынх руу очоод ирье гээд П.А нь П.Н ийн машиныг жолоодон худаг дээрээс хөдөлсөн. Би хэсэг зуур унтсан байсан. Тэгтэл манай дүү О намайг “ахаа босоорой, машин онхолдсон байна” гэхээр нь сэрэхэд миний баруун гар хөдөлж болохгүй болсон байсан. П.А тухайн үед архи уусан байсан. Зам тээврийн осолд орсноос болж миний баруун гарын шуу хугарч гэмтсэн байна” гэх,

гэрч П.Н ийн “ Гэнэт түр тар гээд миний дээрээс хүн дараад байх шиг байхаар нь сэрэхэд миний машин онхолдсон байсан. Осол гарах үед миний машиныг найз П.А жолоодож явж байсан. П.А тухайн үед архи уусан байсан...” гэх,

гэрч Т.О ийн “ пивоо ууж дуусчихаад П.А хэдүүлээ урагшаа манай ахынх руу очоод ирье гээд П.Нийн машиныг жолоодон худаг дээрээс хөдөлсөн. Машин гэнэт шарваад онхолдсон. П.А тухайн үед архи уусан байсан “гэх,

гэрч Т.Б ын“ П.А хэдүүлээ урагшаа манай ахынх руу очоод ирье гээд П.Н ийн машиныг жолоодон худаг дээрээс хөдөлсөн. Тэгээд явж байтал гэнэт машин шарваад онхолдсон.” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 185 дугаартай “Т.Т ийн биед гэмтлийн дараах баруун гарын шууны хугарамтгай хэсгийн хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. “ гэх дүгнэлт,

шинжээчийн 45 дугаартай ” П.А ын биенээс авсан гэх цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрлээ. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Техникийн шинжээчийн 10 дугаартай “Toyota Fielder маркийн 18-78 УАВ улсын дугаартай автомашины жолооч П.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ” заалтыг зөрчсөн.Хэргийн материал нотлох баримтыг /фото зураг/ харгалзан үзэхэд зам зам тэгш, хуурай, шороон, үзэгдэх орчин хязгаарлагдаагүй байсан тул замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Toyota Fielder маркийн 18-78 УАВ улсын дугаартай автомашины жолооч П.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь зам тээврийн осол болох шалтгаан болж байна“ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч П.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, жолооч атлаа “ согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох ” тухай Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг хэрэгжүүлэлгүй согтуурсан үедээ бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож онхолдож, осол гарган хохирогч Т.Т ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

П.А нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэж үзэх үндэслэлтэй байна.

Тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, үүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож тээврийн хэрэгслийг жолоодсон боловч тухайн нөхцөл байдалд, хөдөлгөөнд аюул, саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гаргажээ

 

   Шүүгдэгч П.А ын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл, эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ “ гэж заасны дагуу П.А ын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан эдийн хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “ Ф “ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно “ гэж заасан зохицуулалтанд нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.

“ Ф” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ны эзэмшлийн Тоёота королла Филдер маркийн 18-78 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 5.700.000 төгрөгөөр тогтоосон  үнэлгээний талаар шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар маргаагүй болно.

Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн гэрч П.Н нь барьцааны гэрээний үндсэн дээр эзэмшиж буй Tоёота Филдер загварын 18-78 УАВ улсын дугаартай автомашинд учирсан гэмтлийг тогтоолгохдоо шинжээчийн дүгнэлтийн үйлчилгээний хөлсөнд “ Ф”   ХХК-нд 200.000 төгрөгийг төлсөн нь уг компанийн Бэлэн мөнгөний орлогын баримаар хэрэгт нотлогдож байна.

Иймд гэрч П.Нийн шинжээчийн үйлчилгээний хөлсөнд төлсөн дээрх төлбөр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д ” тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал ” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд шүүхээс П.А ыг гэм буруутайд тооцсон тул түүнээс 200.000 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн П.Н д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулах ” гэж заасан зохицуулалтанд нийцэх юм.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч АГт 5.700.000 төгрөгийн эдийн хохирол тус тус учирсан бөгөөд П.А нь хохирогч Т.Тийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 5.700.000 төгрөгийг тус тус нөхөн төлж гэм хорыг арилгасан болох нь Хаан банкны 2020.05.13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-128-129/-аар тус тус нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.А ын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос П.А т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч П.А ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т д учирсан хохирол болох эмчилгээний зардал,  иргэний нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг тус тус нөхөн төлж хохирол, хор уршгийг арилгасан, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд П.А т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс П.А ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял оногдуулсан тул хэрэгт ирүүлсэн түүний 1274785 дугаартай Жолоочийн үнэмлэхийг уг нэмэгдэл ялыг эдлүүлэх ажиллагааг гүйцэтгэх  Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

П.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт П.А ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/ нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар П.Аыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээрх хугацаанд “согтууруулах ундаа  хэрэглэхийг хориглох “ хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч П.А т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.А ын 1274785 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А аас 200.000 төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн П.Н.... д олгосугай.

 

   8. Шүүгдэгч П.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Т ийн эмчилгээний зардлын 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн 5.700.000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН