| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0114/э/ |
| Дугаар | 112 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Ад холбогдох 2030000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т.А, РД:....
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Х гэх газарт эхнэр О.Д г зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний салстын цус хуралт, зүүн шанаа, цээж, зүүн гарын бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн талаар маргаан байхгүй,хүлээн зөвшөөрч байна. Эхнэр хүнтэй явалдсанаас болж муудсан. Би буруу зүйл хийсэн гэж бодож байна. Өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Эхнэрээсээ тэр оройдоо уучлалт гуйгаад эвлэрсэн. Цаашид эхнэрээ зодохгүй байж чадна. Одоо эхнэрийн бие зүгээр, нэхэмжилсэн зүйл байхгүй.Бид хамт амьдарч байгаа. Хүүхдүүд 10, 8, 5 настай. Би “ ХАЗ” ХХК-ийн захирал гэж явдаг, нэр төдий явдаг. “Корона” өвчинтэй холбоотойгоор ажиллахгүй байгаа,үйл ажиллагаа нь зогссон байгаа...гэв.
- Яллагдагч Т.А гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би О.Д гэх хүнтэй гэр бүл болоод 12 жил болж байна. Энэ хугацаанд 3 хүүхэдтэй болсон. 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг өнгөрөөгөөд би эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орчихоод бие засахаар гарсан юм. Тэгээд бие засчихаад буцаад ороод ирэхэд манай эхнэр намайг орны хөлд байгаа бандааш аваад өг гэхээр нь би чи хүнтэй явалдахаараа өөрөө бандаашаа тайлж өмсдөг байж өөрөө аваад өмс гэж хэлээд хэрүүл болсон. Тэгээд би баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа алгадаад буцаад зүүн гараараа баруун нүд рүү нь цохисон. Тэгээд маргалдаад би дахиад гараараа хэд хэдэн удаа цохисон байх, би их уурласан байсан учир зарим юмыг санахгүй байна. Тэгээд 3 цагийн үед би эхнэрээсээ уучлалт гуйгаад буцаад бэлгийн харьцаанд ороод 04 цагийн үед унтаж амарцгаасан. Тэгээд манай эхнэр 2 хоног гэрээс гараагүй. 2 хоногийн дараа намайг дэлгүүртээ сууж байхад манай эхнэр над руу яриад босож чадахгүй байна чи надад шөл хийгээд өг гэхээр нь би дэлгүүрт хүнтэй байсан учир өөрөө хийгээд уучих гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр ээжрүүгээ явсан байсан. Баруун нүд цус хурсан улайлттай, зүүн шанаа нь хавантай байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би эхнэрээ хардсанаас болж зодсон. Манай эхнэр өмнө нь хүнтэй явалдаж байгаад надад баригдаж байсан. Би тухайн үедээ бандааш өвөөд өг гэхээр нь авч өгөхгүй гэж хэлэхэд надтай маргалдаад би эхнэрээ зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
- Хохирогч О.Д гийн: Би Т.А гэх хүнтэй гэр бүл болоод 12 жил болж байна. Энэ хугацаанд 3 хүүхэдтэй болсон. 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед намайг унтаж байхад манай нөхөр босоод бие засахаар гараад орж ирсэн. Би сэрээд нөхрийгөө унтаагүй байхад нь миний хувцсыг аваад өгнө үү гэхэд тэрээр дуугарахгүй болохоор нь би хүн юм асуугаад байхад дуугарсангүй гэхэд тэрээр намайг шууд гичий, янхан, банзлаар нь дуудаад зайл гээд орон дээр өшиглөсөн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь намайг зодоод эхэлсэн. Чи хүнтэй явалддаг гэж хэлээд зодоод байсан. Гараараа миний зүүн талын шанаанд олон удаа цохисон. Мөн баруун нүд рүү цохисон. Би хэдэн удаа цохиулснаа мэдэхгүй байна. Сүүлдээ миний зүүн гар, цээж рүү мөн цохиод байсан. Бараг намайг шөнийн 02 цагаас 03 цаг өнгөртөл зодсон. Тэгээд шөнийн 04 цаг болоход нэг юм унтаж амарсан. Тэгээд би гарах боломжгүй байсан учир тэндээ хоносон. Тэгээд би 2 өдөр орноосоо босч чадахгүй хэвтсэн. Босоод хоол хийх гэсэн чинь толгой эргээд байхаар нь би А г ирээд шөл хийгээд өгөөч гэхэд амнаасаа болж зодуулчихаад өөрөө хоолоо хийгээд ид гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр орой нь ээжийндээ ирсэн. Миний баруун нүд улайлттай, цус хурсан байсан. Зүүн шанаа тэр чигтээ хавантай, зүүн цээж, зүүн гарын шууны хэсгээрээ хөхөрсөн шархтай байна. Толгой, шилэн хүзүү хөшиж өвдөж байсан. Одоо миний хувьд өвдөх өвчин байхгүй болсон. Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т.А надаас уучлалт гуйж бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-8-9/
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын эрүүл мэндийн төвийн хүний их эмч Г.Саруулын тодорхойлолт /2020.03.25/ /хх-ийн 13/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаартай: 1.О.Д гийн биед тархи доргилт, баруун нүдний салстын цус хуралт, зүүн шанаа, цээж, зүүн гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх- 14-15/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05/
- Шүүгдэгч Т.А гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа/хх- 24/
- Шүүгдэгч Т.А гийн Оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх- 25/,
- Шүүгдэгч Т.А гийн Урьд ял шийтгэгдсэн эсэх/хх- 26/
- Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-35/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаартай санал/хх- 37/зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байх гэртээ гэр бүлийн асуудлаас шалтаглан эхнэр О.Д г зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний салстын цус хуралт, зүүн шанаа, цээж, зүүн гарын бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
Т.А ы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ Хэргийн талаар маргаан байхгүй,хүлээн зөвшөөрч байна. Эхнэр хүнтэй явалдсанаас болж муудсан. Би буруу зүйл хийсэн гэж бодож байна. Өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх,
хохирогч О.Д гийн “ 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед намайг унтаж байхад манай нөхөр босоод бие засахаар гараад орж ирсэн. Би нөхрийгөө миний хувцсыг аваад өгнө үү гэхэд дуугарахгүй болохоор нь би “ хүн юм асуугаад байхад дуугарсангүй “ гэхэд тэрээр намайг шууд гичий, янхан, банзлаар нь дуудаад зайл гээд орон дээр өшиглөсөн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь намайг зодоод эхэлсэн. Чи хүнтэй явалддаг гэж хэлээд зодоод байсан. Гараараа миний зүүн талын шанаанд олон удаа цохисон. Мөн баруун нүд рүү цохисон. Би хэдэн удаа цохиулснаа мэдэхгүй байна. Сүүлдээ миний зүүн гар, цээж рүү мөн цохиод байсан...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 173 дугаартай “ 1.О.Д гийн биед тархи доргилт, баруун нүдний салстын цус хуралт, зүүн шанаа, цээж, зүүн гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хамаарна.
Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Т.А нь гэр бүлийн асуудлаас, хардалтын улмаас хохирогч О.Д гийн толгой, зүүн шанаа, баруун нүд, цээж, зүүн гарын шуунд цохиж зодон гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд Т.А нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Т.А гийн, хохирогч О.Д г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Т.А гийн үйлдлийн улмаас хохирогч О.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй ба гомдолгүй талаараа “Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т.А надаас уучлалт гуйж бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Т.А г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Прокуророос Т.А д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Т.А гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Д “Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т.А надаас уучлалт гуйж бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэж мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Т.А д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “ Т.А нь аж ахуйн нэгжтэй боловч, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, орлогогүй, эхнэр, бага насны гурван хүүхдийнхээ хамт амьдардаг, бичиг үсэг мэдэхгүй гэж манай байгууллагад хандсан. Миний үйлчлүүлэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А д оногдуулах торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү ” гэх хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэх хуульчилсан бөгөөд Т.А нь аж ахуй эрхэлж, хувийн дэлгүүр ажиллуулдаг боловч цаг үеийн нөхцөл байдал буюу Монгол Улсад Ковид -19 цар тахал гарсантай холбоотойгоор дэлгүүр нь хаагдаж, орлого олох боломжгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэн түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах 700.000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Т.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Т.А д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А д оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Т.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч О.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН