| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0110/э/ |
| Дугаар | 108 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар Д.Хорлоо,
Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Сд холбогдох 2030000000151 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /рд:.../ Э.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.С нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.А ын гэрт бусадтай маргалдаж муудах явцдаа А.А рүү зуухны амны төмөр хаалт чулуудснаас толгойд нь онож эрүүл мэндэд нь “толгойн хуйхан зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ойр зуурын юм бөөгнүүлэх гээд хөдөөнөөс орж ирсэн байсан. Тухайн өдрийн оройны 22 цагийн үед С.А ын гэрт ирээд 3 том пиво уусан. Гэтэл С.А, Э.Т хоёр хоорондоо маргалдаж байхад Э.Э “чи их том болжээ” гээд Э.Т г бариад босоод ирсэн. Т, Э хоёр зууралдаад салахгүй болохоор нь би салгах гэсэн боловч, салгаж чадалгүй зууралдсаар байгаад пийшинг нь нураачихсан. Тэгэхээр нь би зуухны амны хаалтын төмрийг аваад шидчихсэн чинь А.А ийг оносон. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэг дээр очиж оёдол тавиулаад Баяндэлгэр сумын цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Энэ миний шидсэн төмөр таг мөн. Зуухны тагийг буцаан авахгүй, устгуулах саналтай байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй, 450.000 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна...гэв.
2030000000151 эрүүгийн хэргээс:
- Яллагдагч Э.С гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед сумын төвд хөдөө гэрээс ирж ажил төрлөө амжуулаад хөдөө гарахынхаа өмнө С.А ынхаар орсон. Машинд байсан 2.5 литрийн 3 сав сэрүүн пивыг С.А ын гэрт хувааж уусан. Ууж байх явцад С.А нь Э.Т д хандаж “ чи их том болчихжээ “ гээд барьж авахад Э, Э.Т нар хоорондоо маргалдаж эхлэхээр нь боль гээд дундуур нь ороход дийлдэхгүй байхаар пийшингийн аман дээр байсан жижиг хаалтыг авч Э.Т рүү шидэхэд А.А ийн толгойг оносон. Би бол согтууруулах ундааны хэрэглэсэн байсан. Би Э.Т болон Э нарыг салгах зорилгоор шидсэн зүйл А.А ийг оносон. С.А, Н.Э, Э.Т, Э.О, А.А бид хэд байсан. Би хохирогч А.А ийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд А.А бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
- Хохирогч А.А ийн: 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед С.А ахын гэрт Э.Т, Н.Э, С.А, Э.О нартай 3 том пиво хувааж уугаад шөнийн 02 цаг хүртэл суусан. Эхлээд Э.Т, С.А хоёр юм ярьж байснаа сүүлдээ маргаж эхэлсэн. Энэ үед Н.Э босож ирээд “Э.Т чи их том болжээ гээд ” Э.Т г бариад авсан түүнийг салгах гээд Э.С ах очоод гурвуулаа зууралдаж пийшин дээр унасан, салахгүй зууралдаад байхаар нь би Э.Т г салгаж авах гээд очтол гэрийн баруун талд байсан Э.С ах нэг төмөр аваад шидсэн, тэр төмөр нь миний толгойн ар хэсэгт оноод хуйх зүсэгдсэн байсан. Тэнд байсан хүмүүс сандраад цагдаа дуудсан байсан. Биеийн байдал одоо хэвийн болсон тухайн үедээ их цус гараад тус сумын хүн эмнэлэгт очиж толгойн ар хэсэгт 6 оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,
- Гэрч Э.О ийн: 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед манайд Э.Т, Н.Э, Э.С, А.А нар хамт ирээд 3 том пиво уугаад шөнийн 02 цаг хүртэл суусан. Э.Т, С.А хоёр юм ярьж байсан сүүлдээ маргаж эхэлсэн. Энэ үед Н.Э” Э.Т чи их том болжээ” гээд Э.Т г бариад авсан, түүнийг салгах гээд Э.С ах очоод гурвуулаа зууралдаж байгаад манай гэрийн пийшин дээр унасан. Тэгээд салахгүй зууралдаад байхаар манай нөхөр цагдаа дуудсан. А.А найз залуу болох Э.Т г салгаж авах гээд очтол гэрийн баруун талд байсан Э.С ах нэг төмөр аваад шидсэн чинь тэр төмөр нь А.А ийн толгойн ар хэсэгт онох шиг болсон, тэр хүүхэд толгойгоо дараад суутал цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
- Гэрч С.А ын: 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд байх манай гэрт хадам аавын хамаатан болох Э.С, Э.Т, А.А, Н.Э, манай эхнэр Э.О нар пиво ууж байхад Э.Т надтай үг сөрөөд муудах гээд байсан. Түүний ах Н.Э, Э.Т д хандаж “ чи хүргэн ахдаа яагаад томроод байгаа юм” гэж хэлсэн чинь Э.Т уурлаад Н.Э тэй муудсан. Энэ үед Э.С тэр хоёрыг хорих гэж дундуур нь орж байсан, сүүлдээ гурвалжин зодоон болоод хэн нь хэнийгээ цохиж зодож байгаа нь мэдэгдэхгүй болоод манай гэрийн пийшинг нурааж, гэрийн багана хугалаад гэрийг минь түйвээж бид нарын үгэнд орохгүй зодолдож байгаад тэд нарыг салгах гээд очсон А.А ийн толгойн тус газар нь төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Толгойн ар хэсэгт хуйх нь язраад зүсэгдсэн байсан. Цус их гарсан сүүлд нь эмнэлэгт очиж оёдол хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
- Гэрч Э.Т гийн: 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд байх С.А ахын гэрт би эхнэр А.А ийн хамт очсон. Тэднийд Э.С, Н.Э, С.А, Э.О нар байсан. Бид тэдний гэрт 3 том пиво хувааж уусан. Би С.А ахтай юм яриад сууж байсан чинь Э.Э ах “чи хүргэн ахтайгаа муудлаа, чамайг ална “ гээд намайг заамдаад авсан. Энэ үед Э.С ах бид хоёрыг салгах гээд босож ирээд бид гурав зууралдаж байх үед гэрийн багана хугараад бид хэд хамт газар унах үедээ пийшинг нураасан байсан. Энэ үед тэнд байсан манай эхнэр А.А бид нарыг мөн салгах санаатай дундуур орж ирээд Э.С ах гартаа барьж байсан пийшингийн амны хаалт болох жижиг төмрийг надруу шидсэн чинь эхнэр А.А ийн толгойн тус газар нь оноод зүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эмч Д.Аззаяагийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 25/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 207 дугаартай: 1. А.А ийн биед “толгойн хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ, 2. Учирсан гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх- 26-27/,
- Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/
- Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/08 дугаартай “ Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай “ тогтоол /хх-ийн 02/
- Э.С гийн Иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 41/
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаартай тодорхойлолт /хх- 44/
- Шүүгдэгч Э.С гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 42/
- Яллагдагч Э.С д Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45/
- Шүүгдэгч Э.С гийн “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт ” /хх-ийн 49-50/
- “ Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи “ прокурорын 52 дугаартай санал /хх-52/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.А ын гэрт Э.Э, Э.Т нарын хоорондын зодооныг салгах явцдаа А.А ийг зуухны амны хаалт төмөр тагаар шидэж эрүүл мэндэд нь “толгойн хуйхан зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ С.А, Э.Т хоёр хоорондоо маргалдаж байхад Э.Э “чи их том болжээ” гээд Э.Т г заамдаж бариад босоод ирсэн. Т, Э хоёр зууралдаад салахгүй болохоор нь би салгах гэсэн боловч, салгаж чадалгүй зууралдсаар байгаад пийшинг нь нураачихсан. Тэгэхээр нь би зуухны амны хаалтын төмрийг аваад шидчихсэн чинь А.А ийг оносон” гэх,
хохирогч А.А ийн “ Э.Т, С.А хоёр юм ярьж байсан сүүлдээ маргаж эхэлсэн. Энэ үед Н.Э босож ирээд “Э.Т чи их том болжээ” гээд Э.Т г бариад авсан түүнийг салгах гээд Э.С ах очоод гурвуулаа зууралдаж пийшин дээр унасан, салахгүй зууралдаад байхаар нь би Э.Т г салгаж авах гээд очтол гэрийн баруун талд байсан Э.С ах нэг төмөр аваад шидсэн, тэр төмөр нь миний толгойн ар хэсэгт оноод хуйх зүсэгдсэн байсан. Тухайн үедээ их цус гараад тус сумын хүн эмнэлэгт очиж толгойн ар хэсэгт 6 оёдол тавиулсан ” гэх,
гэрч Ц.Отгонхүүгийн “ Э.Т, С.А хоёр юм ярьж байгаад маргаж эхлэхэд Н.Э ” Э.Т чи их том болжээ гээд ” бариад авсан. Түүнийг салгах гээд Э.С ах очоод гурвуулаа зууралдаж байгаад манай гэрийн пийшин дээр унасан. А.А найз залуу болох Э.Т г салгаж авах гээд очтол гэрийн баруун талд байсан Э.С ах нэг төмөр аваад шидсэн чинь тэр төмөр нь А.А ийн толгойн ар хэсэгт онох шиг болсон, тэр хүүхэд толгойгоо дараад суутал цус гарч байсан ” гэх,
гэрч С.А ын “ Э.Т уурлаад Н.Э тэй муудсан энэ үед Э.С тэр хоёрыг хорих гэж дундуур нь орж байсан сүүлдээ гурвалжин зодоон болоод манай гэрийн пийшинг нурааж, гэрийн багана хугалаад, тэд нарыг салгах гээд очсон А.А ийн толгойн тус газар нь төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Толгойн ар хэсэгт хуйх нь язраад зүсэгдсэн байсан. Цус их гарсан сүүлд нь эмнэлэгт очиж оёдол хийлгэсэн ” гэх,
гэрч Э.Т гийн ” Э.Э ах “ чи хүргэн ахтайгаа муудлаа, чамайг ална ” гээд намайг заамдаад авсан. Энэ үед Э.С ах бид хоёрыг салгах гээд босож ирээд бид гурав зууралдаж байх үед гэрийн багана хугараад бид хэд хамт газар унах үедээ пийшинг нураасан байсан. Манай эхнэр А.А бид нарыг мөн салгах санаатай дундуур орж ирээд Э.С ах гартаа барьж байсан пийшингийн амны хаалт болох жижиг төмрийг надруу шидсэн чинь эхнэр А.А ийн толгойн тус газар нь оноод зүссэн байсан ” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 207 дугаартай “ 1. А.А ийн биед “толгойн хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ, 2. Учирсан гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Э.С нь Э.Э, Э.Т нарын хоорондын зодооныг салгах явцдаа А.А ийг зуухны амны хаалт төмөр тагаар шидэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүн рүү зуухны амны хаалт төмөр тагийг шидсэнээр эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учруулж болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч руу зуухны хаалт таг шидэн, онож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Э.С гийн, хохирогч А.А ийг зуухны амны хаалт төмөр таг шидэж онон эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Э.С гийн үйлдлийн улмаас хохирогч А.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учруулсан эдийн хохирол болох эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн Шүүхийн мэдэгдэх хуудсанд бичигдсэн хохирогч А.А ийн “ Би шүүх хуралд суухгүй, С ээс 150.000 төгрөг авсан ” гэх тайлбараар нотлогдоно. Иймд шүүгдэгч Э.С г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.С гийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос Э.С д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Э.С гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч А.Ат учруулсан эмчилгээний зардал, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Э.С д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “нимгэн төмрөөр хийгдсэн 17 см урттай, 14.5 см өргөнтэй, бариул нь 3 см конус хэлбэртэй нэг тал нь зэв болсон, нөгөө тал нь хар хөө болсон зуухны амны таг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.С г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Э.С д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “нимгэн төмрөөр хийгдсэн 17 см урттай, 14.5 см өргөнтэй, бариул нь 3 см конус хэлбэртэй нэг тал нь зэв болсон, нөгөө тал нь хар хөө болсон зуухны амны таг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН