Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 119

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.У т холбогдох 2030000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  /РД:..... / Г.У

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.У нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ... тоотод гэртээ Н.Б ыг өөрийнх нь зурагтыг сандал шидэж хагаллаа гэж барьж байсан аягаа чулуудснаас түүний толгойд нь онож эрүүл мэндэд нь “зүүн чамархай хуйхны язарсан шарх”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Манай нөхрийн төрсөн өдөр болоод Н.Б манай хашаанд архи уугаад байхаар нь хөөгөөд явуулсан. Гэтэл эргэж ирээд зурагт хагалчихаар нь ширээн дээр байсан аягаар цохисон. Н.Б надтай уулзсан, хохирол нэхэмжлээгүй...гэв.

- Яллагдагч Г.У хэрэг бүртгэлтэнд өгсөн: Миний бие 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай нөхрийн төрсөн өдөр болж байсан тухай үед манай нөхрийн найз Б манай нөхөртэй хамт хашаан дотор архи уусан байсан. Тэгээд ууж дуусахаар нь би чи яв гэж хөөж явуулсан чинь 14:30 цагийн үед дахиад хүрээд ирсэн манай гэрт орж ирээд гэрт байсан хүмүүсийг миний архийг та нар уусан байна гэж хэлээд та нар надад архи авч өг гээд асгараад байхаар нь чи согтуу байна одоо явж үз гэсэн чинь над руу модон сандал чулуудсан чинь манай зурагтыг хагалсан би зурагтынхаа хажууд сууж байсан. Би барьж байсан шаазан аягаараа толгой дээр нь цохисон тухайн үед гаднаас манай нөхөр орж ирээд Б ыг цохиж байсан...гэх мэдүүлэг /хх- 21-22/,

 

- Хохирогч Н.Б ын: Би 2020 оны 05 дугаар  сарын 08-ны өдөр 14 цаг 30 минутын  үед би найз Д.Б ын гэрт очиж Хараа нэртэй 0.75  литрийн шилтэй архийг Д.Б түүний эхнэр Г.У тэй хамт хувааж уусан. Тэгээд гэрээсээ нь гараад би төвд ирж гудамжинд 1 шил архи танил хүнтэйгээ хувааж уугаад буцаад найз Д.Бын гэрт дахин очих үед Д.Б нь байхгүй байсан бөгөөд эхнэр Г.У нь байсан. Тэгээд би Г.У ээс архи нэхэж байхгүй гэхээр нь уурандаа гэрт нь байдаг зурагтыг нь сууж байсан модон  сандлаар цохиж дэлгэцийг нь хагалсан. Үүнээс болж Г.У  нь миний толгой руу шаазан аягаар цохиж миний толгойг хагалсан. Удалгүй түүний нөхөр Д.Б орж ирээд зурагт хагалсныг мэдээд уурлаж миний хөмсөг хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед бага зэрэг урагдаад өнгөрсөн. Тэгээд Д.Б нь өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний толгой руу Г.У нь шаазан аягаар цохиж толгой хагалсан. Дараа нь түүний нөхөр Д.Б нь миний хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. Би өөрөө тухайн үед нэлээд согтуу байсан. Г.У, Д.Б хоёр согтуу байсан. Миний зүгээс гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцмооргүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

 

- Гэрч Б.Э гийн: Миний бие 2020 оны 05 дугаар сарын 08-ны 18:20 цагийн үед би ажлаасаа тараад гэртэй ирээд байж байсан чинь миний утас руу эргүүлийн цагдаа байна гэж яриад танай нөхөр чинь толгой нь хагарсан аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байна хүрээд ир гэхээр нь би очсон чинь толгой дээрээ 2 оёдол хийлгэсэн өөрөө их согтуу байсан болохоор би цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж гомдол гаргаж байна. Манай нөхрийн толгой хэсэгт хагарсан,  2 оёдол хийлгэсэн толгой руу нь шаазан аягаар цохисон гэсэн.  Манай нөхрийн найз Д.Б ын төрсөн өдөр болсон байх манай нөхөр сандлаар 32 инчийн том дэлгэцтэй зурагтыг нь хагалсан сурагтай байсан. Энэ асуудлаас болж муудсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

- Гэрч Д.Б ын: Миний бие 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тухай үед би хашаагаа хадаж байсан чинь манай найз Б ирж, бид 2 хараа нэртэй 0.75 гр архи хувааж уусан. Тэгээд би найзыгаа гэр рүүгээ яв гэж явуулсан. Миний хөл нь дээр хатиг гарсан байсан болохоор боолт хийлгэхээр аймгийн нэгдсэн эмнэлэг явсан. Гэртээ ирсэн чинь манай найз Н.Б гэрт буцаад ирээд манай 32 инчийн зурагтыг хагалсан байхаар нь би нүүр рүү нь гараараа нэг цохисон тэгээд би цагдаад дуудаж өгсөн тухайн үед би цуг явж найзыгаа үзүүлсэн. Би гараараа хөмсөг хэсэгт нь  цохисон. Манай эхнэр шаазан аягаар толгой руу нь цохисон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

- Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаартай: 1. Н.Б ын биед зүүн чамархай хуйханд язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна, 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй, 5. Учирсан гэмтлүүд нь 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, 6. Зүүн чамархай хуйхны язарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хөмсөг, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13-14/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4/198 дугаартай тодорхойлолт /хх-ийн 23/,

 

- Шүүгдэгч Г.У ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 24/

 

- Шүүгдэгч Г.У ийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 25/

 

- Шүүгдэгч Г.У ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 34/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаартай санал /хх-36/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.У нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 20-41 тоотод гэртээ хохирогч Н.Б ын өөрийнх нь зурагтыг сандал шидэж хагалснаас үүдэн барьж байсан аягаа чулуудаж түүний толгойд нь онож эрүүл мэндэд нь “зүүн чамархай хуйхны язарсан шарх”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  “ Манай нөхрийн төрсөн өдөр болоод Н.Б манай хашаанд архи уугаад байхаар нь хөөгөөд явуулсан. Гэтэл эргэж ирээд зурагт хагалчихаар нь ширээн дээр байсан аягаар цохисон. Н.Б надтай уулзсан, хохирол нэхэмжлээгүй ” гэх,

хохирогч Н.Б ын “ би Г.У ээс архи нэхэж байхгүй гэхээр нь уурандаа гэрт нь байдаг зурагтыг нь сууж байсан модон  сандлаар цохиж дэлгэцийг нь хагалсан. Үүнээс болж Г.У  нь миний толгой руу шаазан аягаар цохиж миний толгойг хагалсан ” гэх, 

гэрч Б.Э гийн “2020 оны 05 дугаар сарын 08-ны 18:20 цагийн үед миний утас руу эргүүлийн цагдаа байна гэж яриад танай нөхөр чинь толгой нь хагарсан аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байна хүрээд ир гэхээр нь би очсон чинь толгой дээрээ 2 оёдол хийлгэсэн өөрөө их согтуу байсан болохоор би цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж гомдол гаргаж байна. Манай нөхрийн найз Д.Б ын төрсөн өдөр болсон байх манай нөхөр сандлаар 32 инчийн том дэлгэцтэй зурагтыг нь хагалсан сурагтай байсан. Энэ асуудлаас болж муудсан байх ” гэх,

гэрч Д.Б ын “ 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай найз Б ирж, бид 2 хараа нэртэй 0.75 гр архи хувааж уугаад би найзыгаа гэр рүүгээ яв гэж явуулсан. Эмнэлэг боолт хийлгээд гэртээ ирсэн чинь манай найз Н.Б гэрт буцаад ирээд манай 32 инчийн зурагтыг хагалсан байхаар нь би нүүр рүү нь гараараа нэг цохисон тэгээд би цагдаад дуудаж өгсөн тухайн үед би цуг явж найзыгаа үзүүлсэн. Манай эхнэр шаазан аягаар толгой руу нь цохисон байсан ” гэх мэдүүлгүүд,          

шинжээчийн 247 дугаартай “1. Н.Б ын биед зүүн чамархай хуйханд язарсан шарх, зүүн хөмсөг, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна, 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй, 5. Учирсан гэмтлүүд нь 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, 6. Зүүн чамархай хуйхны язарсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хөмсөг, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн баримтаар шүүгдэгч Г.У нь гэртээ Н.Б ын зурагтыг нь сандалаар шидэж хагалсан үйлдлийн улмаас түүнийг барьж байсан аягаар шидэж толгойд нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хангалттай нотлогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.         

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг аягаар шидэснээр эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн зурагтыг нь хагалсан зүй бус үйлдлийн улмаас түүн рүү аяга шидэж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Г.У ийн, хохирогч Н.Б ыг аягаар шидэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Г.У ийн үйлдлийн улмаас хохирогч Н.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Г.У ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.У нь хохирогч Н.Б ын согтуурсан үедээ архи нэхэж зурагтыг нь сандалаар шидэж хагалсан хууль бус, зүй бус үйлдлийн улмаас түүнийг аягаар шидэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Г.У т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Г.У ийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Г.У т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                       

Шүүх шүүгдэгч Ж.Д ийн шүүх хуралдаанд гаргасан “Миний үйлчлүүлэгч нь амжиргааны баталгаажах түвшинээс доогуур орлоготой буюу 201 оноотой өрх болох нь Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Иймд прокурортой ял тохирсон учраас түүнд оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү “ гэх хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Учир нь Г.У эрхэлсэн тодорхой ажилгүй, амжиргааны баталгаажах түвшинээс доогуур орлоготой өрх болох нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4/198 дугаартай “ Г.У нь ам бүл 3” гэх, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/230 дугаартай Г.У нь /...... / өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаагаар 201,02 оноотой доод түвшинд үнэлэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэн нь үнэн болно” гэх албан бичгүүдээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “

Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэж заасны дагуу түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Шүүгдэгч Г.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.У ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.У т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.У т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.Б хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН