Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 122

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч хяналтын прокурор Д.Хорлоо

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Б т холбогдох 2030000000157 дугаартай  хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Т” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй /РД:.... / Н.Б.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг “А” гэх газраас хохирогч Т.Ө ын 5 хонийг өөрийн хонины имээр эмнэж, хонины будгийг арилган  завшиж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын сүүлээр манай хонинд таван хонь ирсэн. Тэдгээр хонийг имнээд, будгийг нь арилгасан нь миний буруу гэв.

 

Эрүүгийн 2030000000157 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Ө ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг Бийн ... тоот хашаанд байдаг. Манай өөрийн хувийн хэдэн мал Халзан сумын 4 дүгээр багийн нутаг А, Х гэх газар хүргэн Ц.Б ийнд байдаг бөгөөд Ц.Б 2019 оны 10 дугаар сарын сүүлээр автомашинаа янзлахаар Баяндэлгэр  сум руу яваад би 2 өдөр хонийг нь харсан. Тэгсэн нэг орой манай хонинд байдаг 1 тооны содон хонь байхгүй байхаар нь ойр хавийн айлуудаар 2 хоног эрж сураад сураг гаргаагүй. Би гэр лүүгээ буцах замдаа Н.Б ийн хонинд өөрийн алдсан хонийг үзэхэд манай будагтай хонины будгыг арилгаж хайчлан 5 хонинд өөрийн хонины имийг эмнэсэн байдалтай байсан. Би Н.Б ээс манай алдсан 20 хонь хэзээ, танайд ирсэн яагаад өөрийн хонины имээр эмнэсэн талаар асуухад Н.Б танай хонь баруун хойноос гүйж ирсэн гэж хэлээд олон юм яриагүй. Би Н.Б ээс өөрийн алдсан 20 хонийг зүс имээр нь тоо ёсоор авсан. Гомдол санал байхгүй...”   гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/

 

Гэрч Ц.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх 2019 оны 10 дугаар сард Халзан сумаас ертөнцийн зүгээр урагш  “А”  гэх газрын хойд дор намаржиж байсан. Би 2019 оны 10 дугаар  сарын 21-ний  өглөө Баяндэлгэр сум руу машинаа янзлуулахаар явсан. Намайг 7 хоног эзгүй байхад манай хадам аав Т.Ө хонио харж байсан. Намайг явсны дараа хадам аав, эхнэр хоёр хонио тоолж бүртгэж гаргахад хадам Т.Ө ын 1 содон хонь  байхгүй 19 хонь  тоогоороо дутаад  тэр өдрөө ойр хавийн айлууд болох “АБ” гэх нутаглах Л ах, “Б” гэх газар нутаглаж байсан М ын хүү З нараас асуугаад сураг гарахгүй болохоор нь “Т” гэх газар намаржиж байсан Н.Б ахын хонинд үзэхэд манай 20 хонь зүс  имээр байсан гэдэг 5 хонины имийг өөрийнхөө имээр эмнэсэн, цэнхэр будагтай байсныг хайчилсан байсан гэдэг. Хадам, эхнэр хоёр Н.Б ахынхаас 20 хонийг тоо ёсоор нь авсан. Манай намаржиж байсан “А” гэх газраас Н.Б ахын  намаржиж байсан “Т” гэх газар нь ертөнцийн зүгээр баруун урагш 10 орчим км зайтай байдаг. Би 7 хоногийн өмнө 2019 оны 10 дугаар сарын 15 хоногийн өмнө  эхнэртэйгээ хонио тоолж бүртгэхэд  бүрэн тоо ёсоор байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

 

Гэрч Ө.М гийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай нөхөр Ц.Б 2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө Баяндэлгэр сум руу машинаа янзлуулахаар явсан. Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны орой өөрийн төрсөн аав Т.Ө той утсаар холбогдож маргааш Баагий Ц.Б машинаа янзлуулахаар Баяндэлгэр сум руу явна та ирж хонь хараад өгөөч гэж гуйсан. Аав Т.Ө 2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн орчим эрт хөдөө ирсэн. Аав Т.Ө хүргэн Ц.Б ийг ирэхэд нь малыг нь дутаагаад яахав тоолж бүртгээд гаргая гээд хонь, ямаагаа хашаанаас тоолж  гаргахад 20 хонь дутаж байсан. Би аав Т.Ө той хонь, ямаагаа бэлчээрт нь гаргаад ойр хавын айлууд болох “АБ” гэх газар нутаглах Л ах, “Б” гэх газар нутаглаж байсан М ын хүү С нартай уулзаж хонио сураглаж явсан. Хонины сураг гараагүй. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байх яг хэдний өдрийг санахгүй байна. Аав Т.Ө сумын төв рүү бензин аваад аав бид хоёр мотоциклтой “Т” гэх газар намаржиж байсан Н.Б  ахынд очиход хүнгүй байхаар нь гэрийнхэн зүүн урагш хонь нь байхаар нь очиж үзэхэд манай аавын эзэмшлийн 20 хонь байж байсан бөгөөд 5 хонийг өөр имээр эмнэсэн цэнхэр өнгийн будгийг нь хайчилсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

 

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого /хх-ийн 31-34-р хуудас /

 

Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15/42 дугаар тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас /

 

Шүүгдэгч Н.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37-р хуудас/

 

Шүүгдэгч Н.Б ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     36-р хуудас/

 

"АБ" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-20-р хуудас/

 

Хохирогч Т.Ө ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39-р хуудас/

 

Шүүгдэгч Н.Б ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 40-р хуудас/

 

Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 61 дугаартай санал /хх-ийн 47-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг “А” гэх газраас хохирогч Т.Ө ын 5 хонийг өөрийн хонины имээр эмнэн завшиж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Б ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Т.Ө, гэрч Ц.Б, О.М, Г.Л, Э.З нарын мөрдөн байцаалт өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Б т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Б ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Б ийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Б ийн бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           

            Шүүгдэгч Н.Б нь алдуул мал завших гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Н.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Н.Б ийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б ийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Н.Б т оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Ялтан Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  төлсөн, хохирогч Т.Ө гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА