| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0041/Э/ |
| Дугаар | 44 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогч Э.Н,
Хохирогч Ж.Т,
Хохирогч Г.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч Т.З, хууль ёсны төлөөлөгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т.З Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналтай эрүүгийн 1916003220019 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Т-ын З.
Шүүгдэгч Т.З нь 2019 оны 10 дугаар 10-ны өдрийн 11 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг тоотод оршин суух иргэн Э.Н-ын Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж гаанс 1 ширхэг, жижиг гоёлын эд зүйлс хийдэг авдар мэт никель хайрцагийн дотор нь хийсэн монетон ээмэг 1 хос, 1.5 грамм монетон гинж, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, цэцэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэгний кулон 3 ширхэг шүртэй 1 хос, мөнгөн гинжний кулон 3 ширхэг шүртэй 1 хос, мөнгөн гинжний цэцэгтэй кулон 1 ширхэг зэргийг хулгайлан авч 1.730.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагаас 17 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт байрлах номергүй блокон хашаан доторх Г.М-ын цоожгүй УАЗ-469 маркын тээврийн хэрэгслээс түлхүүрний ком, мөн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч бэлэн 3.000.000 төгрөг, мөнгөн аяга 2 ширхэг, алтан хос ээмэг 1 ширхэг, бөгж 1 ширхэг, монетон хос ээмэг 1 ширхэг, зүүлт 1 ширхэг, кулон 1 ширхэг, бөгж 2 ширхэг, аккумулятор зэргийг авч 5.548.500 төгрөгийн хохирол, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08 цагаас 20 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн тоот хашаанд байрлах Л.Б-ийн цоожгүй 65-00 ГАҮ улсын дугаартай, Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийн багажнаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар обудтай дугуй 1 ширхэг, машины домкрат 1 ширхэгийг авч 85.000 төгрөгний хохирол, Ж.Т-ийн монгол гэрийн үүдний амбаарны хаалганы цоожны даруулгыг эвдэн хууль бусаар нэвтэрч Ж.Т-ийн өмчлөлийн цагаан өнгөтэй хув толгойтой хөөрөг 1 ширхэг, Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль 1 ширхэг, ямааны мах 12кг авч 261.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2019 оны 10 дугаар сард би бага охиноо цэцэрлэгт хүргэж өгөх гээд 08 цаг 30 минутад гэрээсээ гарсан. Буцаж ирээд том охиноо аваад 10 цаг өнгөрч байхад хадам эгчийндээ аваачиж өгөхөөр явсан. Тэгээд явж байхад энэ хүн манай урд хашааны доогуур урд талд сууж байсан. би тухайн үед сайн таниж мэдэхгүй байсан учир тэгээд явсан. Орой 18 цаг өнгөрөөд 2 хүүхдээ аваад ирэхэд гэрийн хаалган дээр гутлын мөр байсан. Энүүгээр хүн явсан юм байх гэж бодоод гэртээ орох гээд цүнхнээсээ түлхүүрээ гаргаж ирэхэд гэрийн цоож эвдэрсэн байсан. Тэгээд айсандаа гэртээ ороод цагдаа дуудаад эд хөрөнгөө шалгаж үзэхэд унинд хавчуулгаатай байсан гаанс, миний ээмэг бөгжний хайрцагтай байсан эд зүйлс алга болсон байсан ...Ойр зуурын зүйлстэй нийлээд арав гаран эд зүйл байсан. Ээмэг бөгжөө санаж байна. Бусад хямдхан зүйлсээ санахгүй байна. Монетон 2 хос ээмэг, монетон гинж, манай нөхрийн зүүдэг байсан өргөн мөнгөн гинж, мөнгөн ээмэг байсан ...Одоо гаанс болон монетон ээмэг бөгжөө нэхэмжилж байгаа. Нийт 1.500.000 төгрөгийн үнэ хүрэх байх гэх мэдүүлэг./Шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2020 оны 02 дугаар сард өглөө 2 хүүхэд байхгүй байсан. Би 09 цаг 30 минутын үед зах дээр очсон. Дэлгүүрээ нээж байхад манай нөхөр араас ирсэн. Энэ хулгай орсон явдал 02 цагийн үед болсон байх. Манай нөхөр алтанд яваад олсон мөнгө болон дэлгүүрийн орлого нийлээд 3.000.000 төгрөг бэлэн байсан. Хорин мянгатын мөнгөн дэвсгэрт бүхий нэг боодол 2.000.000 төгрөг, арван мянга, таван мянгатын мөнгөн дэвсгэрт холилдсон нэг бодоол бүхий 1.000.000 төгрөг байсан. Алтан ээмэг, бөгж 1 ширхэг, монетон 2 ээмэг, 1 бөгж, кулонтой гинж, 2 жижиг мөнгөн аяга алга болсон... Мядаг гэдэг хүний нөхөрлөлд байдаг. Алтай сумд байдаг нөхөрлөлд ажилладаг байсан. 5.6 граммтай ээмэг, 4.6 граммтай ээмэг бөгж байсан. Зүүн талын авдарт байдаг байсан авдарын цоожийг эвдчихсэн байсан. Өөр мөнгөн аяга байхгүй. Бэлгэнд өгөх гэж байсан 2 мөнгөн аяга байсан... Зүүн талын авдранд могойн арьсархуу саарал цүнхэнд уутанд боодлоотой байсан хорин мянгатын мөнгөн дэвсгэрт 1/нэг/ боодол 2.000.000 төгрөг, арван мянга, таван мянгатын мөнгөн дэвсгэрт холилдсон нэг боодол бүхий 1.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг байсан. Ээмэг бөгж бас дотор нь байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай хүүхэд эмнэлэгт хэвтсэн учир охиныхоо хоол, цайг аваад өглөө 8 цаг 40 минут болж байхад гэрээсээ гарсан. Хүүхдийн машины аккумлотор, запас дугуй, манай аавын тэмдэг, медаль, хөөрөг, алга болсон байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16-аас 17 цагийн хооронд байх намайг зам ангийн чиглэлээс захруу ирж явахад “Ентүм” ХХК-ны үйлдвэрийн баруун талын зам дээр зүс таних Т.З гэдэг залуу гар өргөөд зогсож байсан. Би түүнийг суулгахад нэг аккумлятор тэврээд миний ардуур суусан...Та таксины мөнгөнийхөө оронд энэ аккумляторыг авчих гэхээр нь аваад гэртээ авчираад тавьчихсан байсан...Куртикны дотор талдаа нэлээд юм бөндийтөл чихсэн байсан, юу байсныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг/2хх 11-13, 16-17/,
Шүүх шинжилгээний албаны шинжээч Б.Мөнх-Оргилын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай “...1.Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. Хэргийн газраас бэхжүүлж авсан 1ш гутлын улны мөрүүд нь Т овогтой З-ын баруун хөлны гутлын улны дардастай тохирч байна.
3. Шинжилгээны явцад шинээр ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй...” гэсэн дүгнэлт/хх 54-56/,
Шүүх шинжилгээний албаны шинжээч Т.Назарбекийн 2020 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай “...1.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын улны мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэж буй хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын улны мөр нь шинжилгээнд харьцуулах загвараар хүргүүлсэн Т.З-ын гэх хар өнгийн хагас түрийтэй гутлын баруун хөлны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна.
3. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бусад хэргийн мөрүүд тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт/2хх 27-29/,
Шүүх шинжилгээний албаны шинжээч Б.-ын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаартай “...1. Хэргийн газраас бэхжүүлж, шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай 1ш гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2,3,4 дугаартай 3ш гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай 1ш гарын мөр нь “Гарын хээний нэгдсэн санд байгаа Төмөрбаатар овогтой Зоригтбаатарын гарын дардастай тохирч байна.
3. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай 1ш гарын мөр нь Т.З-ын баруун гарын долоовор хурууны гарын дардастай тохирч байна.
4. Шинжилгээны явцад шинээр нөхцөл байдал илрээгүй.
“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин М.Давгажаргалын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-799/029 дугаартай хохирогч Н-ын гэрээс алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт/хх 65-67/, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-965/1050 дугаартай хохирогч Ж.Т-ийн, Л.Б-н гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ хийсэн дүгнэлт/хх 172-173/, 2020 он 04 дүгээр сарын 15-ны өдрийн хохирогч Д.М-ын алдсан эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт/2хх 39-41/,
2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүгдэгч Т.З-ын сэтгэцийг тогтоосон “...1. Т.З нь сэтгэц мэдрэлийн өвчин болох F71 оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй, ...3.Өөрийнхөө хийж буй үйлдлийг хянах чадваргүй, өвчний улмаас гадуур тэнэж, хулгай хийж санаа нь амардаг, хэрэг хариуцах чадваргүй..” гэх шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх 73-77/,
Шинжээч эмч Т.Юмжирмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Т.З нь оюуны хүндэвтэр хомсдол, уналт таталт, зан төлвийн гүнзгий өөрчлөлт, хулгайн дон өвчний улмаас сэтгэцийн эмчийн онцгой хяналтанд байдаг...Төрөлхийн оюун ухааны хомсдолтой бөгөөд уг өвчин нь хүндрэх үе шатандаа уналт таталт, зан төрхийн өөрчлөлт, шалтгаангүй гадуур тэнэх, хулгай хийх хавсарсан шинжүүд илэрдэг. Уг өвчин нь нь эдгэрдэггүй учраас хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг/хх 44-45/,
Хохирогч гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-148/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлүүд /хх 20, 154-155/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд гэрэл зургийн үзүүлэлтийн хамт/хх 7-10,143-147, 206-210/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-211-213/, хохирогчид эд зүйлсийг нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-82/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай тогтоол/хх107-109/, Говь-Алтай аймаг дахь сум дундын 5-р шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай тогтоол/хх103-104/ зэрэг хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.З нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдын орон байр, автомашинд нэвтрэн эд зүйл, бэлэн мөнгө хулгайлан авч хохирогч Э.Н-д 1.730.000 төгрөгийн, хохирогч Г.М-д 5.798.500 төгрөгийн, хохирогч Л.Б-д 85.000 төгрөгийн, хохирогч Ж.Т-д 261.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч нарын шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №ТХҮ-799/029 дугаартай дүгнэлт, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ТХҮ-965/1050 дугаартай дүгнэлт, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №ТХҮ-820/09 дугаартай дүгнэлт, гутлын улны мөрөнд хийсэн шинжээчийн дүгнэлт, гарын мөрөнд хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Шүүгдэгч нь сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдэж, өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлах чадваргүй болсон байдлыг хэрэг хариуцах чадваргүйд тооцон гэм буруугийн болоод ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссдэг. Шүүгдэгч Т.З-ын тухайд хэрэг хариуцах чадваргүй болох нь түүний сэтгэцийн байдлыг тогтоосон шүүх “”сэтгэц гэм судлалын магадлагаа”, шинжээч эмч Т.Юмжирмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.З-ын сэтгэцийг тогтоосон “шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа” /хх 73-77-рт/ шинжээч эмч Т.Юмжирмаагийн өгсөн мэдүүлэг, мөн 2009 оны 04 дүгээр сараас 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлдээ Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 2010 оноос 2014 оны хооронд олон удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлдээ Говь-Алтай аймаг дахь сум дундын 5-р шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан зэргээс үзэхэд шүүгдэгч Т.З нь өөрийн үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хуульчилжээ.
Иймээс Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч Т.З-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хүлээн авч түүний сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 2/хоёр/ жилийн хугацаагаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүний өвчний байдал нь дахин гэмт хэрэг үйлдэж бусдад аюул учруулахаар байх тул түүнээс сэргийлэх үүднээс “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хүргэтэл хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зүйтэй байна.
Хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудлыг тухайн хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл Засаг даргын шийдвэрээр хариуцан авсан этгээд хуулиар хүлээсэн үүрэгтээ хайхарамжгүй хандсан, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас эд хөрөнгийн болоод эд хөрөнгийн бус хохирол учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд шийдвэрлэх хууль зүйн боломж үүссдэг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нь уул үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар дүгнэлт хийх боломжгүй, энэ төрлийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Э.Н, Г.М, Л.Б, Ж.Т нарыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр хохирлоо шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-аас нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 хос гутал, улаан өнгийн толгойтой шар металлаар хийгдсэн нуух бүхий цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, шар өнгийн металаар хийгдсэн 1921-1971 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг тэмдэг, “X-pro” гэсэн бичигдэл бүхий аккумлотор зэргийг хууль ёсны өмчлөгч эзэмшигч нарт нь буцаан олгож, 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган цоожнуудыг устгуулахаар “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 6, 7, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч О овогт Т-ын З-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Т.З-д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлсүгэй.
3. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хүргэтэл цагдан хорьсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 хос гутал, улаан өнгийн толгойтой шар металлаар хийгдсэн нуух бүхий цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, шар өнгийн металаар хийгдсэн 1921-1971 гэсэн бичигдэл бүхий 1 ширхэг тэмдэг, X-pro гэсэн бичигдэл бүхий аккумлятор зэргийг хууль ёсны өмчлөгч эзэмшигч нарт нь буцаан олгож, 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган цоожнуудыг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
5. Хохирогч Э.Н, Г.М, Л.Б, Ж.Т нарыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр учирсан хохирлоо шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-аас нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвшөөрөхгүй байгаа гардуулсан хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА