| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1465/Э |
| Дугаар | 1071 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 1071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Иргэдийн төлөөлөгч К.Нурбек,
Шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Л.Баттогтох, Х.Оюунсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.О т холбогдох эрүүгийн 1906 00278 0059 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ борлуулдаг ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар , Б.О .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд Ц.Ганбаатартай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас Ц.Ганбаатар нь тархиндаа гэмтэл авч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...2019 оны 1
дүгээр сарын 4-ний өдөр найз нартайгаа нийлж манаачийн гэрт мах шарж идээд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид нар тараад хамгийн сүүлд би талийгаачтай хамт үлдсэн. Намайг 21 цагийн үед гэрээс нь гарах гэхэд талийгаач миний юүдэнтэй куртикны малгайнаас татсан. Би малгайгаа тавиулах зорилгоор түлхэх үйлдэл хийгээд гараад явсан. Орой 21 цаг 40 минутын үед гэртээ харьсан. Юмаа бэлдсэн байсан учраас гадагшаа явсан. Учир нь тухайн үед гэрийнхэнтэйгээ хамт гадагшаа явах байсан учраас сайн санаж байна. Тэгээд явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас залгаад “танай ажил дээр ийм үйл явдал болсон байна” гэхээр нь шууд ирсэн.” гэв.
Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11-14/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гандолгорын өгсөн мэдүүлэг /1хх-22-24, 2хх-45, 233/, гэрч Ц.Дуламын өгсөн мэдүүлэг /1хх-27-28/, гэрч Б.Даваанямын өгсөн мэдүүлэг /1хх-30-31/, гэрч Д.Оюунсанаагийн өгсөн мэдүүлэг /1хх-34-35/, гэрч Д.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /1хх-36-37/, гэрч Ө.Бадрахын өгсөн мэдүүлэг /1хх-38-39/, гэрч А.Жаргалсайханы өгсөн мэдүүлэг /1хх-40-41/, гэрч Г.Өлзийсайханы өгсөн мэдүүлэг /1хх-43-46/, гэрч О.Номингийн өгсөн мэдүүлэг /1хх-52/, гэрч Д.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-54-55/, гэрч Г.Ганболдын өгсөн мэдүүлэг /1хх-56-57/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 02/37 дугаартай дүгнэлт /1хх-69/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт /1хх-89-92/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 214 дугаартай дүгнэлт /1хх-94-95/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 350 дугаартай дүгнэлт /1хх-89-92/, шинжээч эмч М.Золжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-98-100/, Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1хх-105-106/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-125-129/, Б.О ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-130/, шүүгдэгч Б.О ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-134/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд Ц.Ганбаатартай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас Ц.Ганбаатар нь тархиндаа гэмтэл авч нас барсан гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гандолгорын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 17 цагийн үед манай эгчийн охин Өлзийсайхан над руу 95858879 гэсэн дугаараас миний дугаар руу залгаад “ах Ц.Ганбаатар нас барсан байна, та Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Дизель хүрээ” зах дээр хүрээд ир" гэж хэлсэн. Тэгээд би 18 цагийн үед талийгаач Ц.Ганбаатарын манаачийн байранд иртэл талийгаач зуухны хажуу талд дээшээ хараад хэвтэж байсан. Би бие муутай болохоор дотогшоо орж хараагүй...Би сая шүүх хуралд хохирогчоор оролцсоны дараа Наранцэцэг би хохирогч болно гээд уурлаж уцаарлаад байсан. Миний бодлоор Отгонбаярын талд орчихсон юм шиг байна. Яагаад гэхээр одоо болтол тэр хашаанаас нүүхгүй, тэр хүнээс цалин авч байгаа нэртэй амьдарч байна.” /1хх-22-24, 233-234, 2хх-45/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дуламын өгсөн: “...Талийгаач манай хойд талын хашаанд байдаг юм. Өчигдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр талийгаач манай гэрт орж ирээд хэдэн тамхи аваад гарсан. Тэгээд би нөхөртэйгээ “Гачуурт”-д очиж хоноод өнөөдөр 17 цагийн үед гэртээ ирээд галаа түлээд талийгаачийг ганцаараа байгаа болохоор 17 цаг 20 минутын үед гэрт нь ороход шалан дээр дээшээ харсан байдалтай байхаар нь архи уугаад унтчихсан байна гэж бодоод очоод хацар дээр нь хүрэхэд хүйтэн, нас барсан байхаар нь ар гэрт нь мэдэгдсэн. Ийм л зүйл болсон. Эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг боловч эхнэр нь байдаггүй. Тухайн өдөр хашаанд ажил хийдэг хүмүүс байсан.” /1хх-27-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваанямын өгсөн: “...Би өнөөдөр гэртээ амраад байж байхад 21 цаг 20 минутын үед эрэгтэй хүн орь дуу тавиад 2 минут бараг болсон байх тэгээд нам гүм болсон...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өглөө 10 цагийн үед шиг санагдаж байна. Миний танил Жаргалсайхан ах миний 99854360 дугаар руу өөрийнхөө 99005372 дугаараас залгаад “хаана байгаа юм бэ, гарааш орж тарваганы мах идэх үү” гэхээр нь “тэгье” гэсэн. Ингээд өдөр 12 цагийн үед Сансарын клонк дээр уулзаад Жаргалсайхан ах, Отгонбаяр, Бадрал гурав таксигаар ирж намайг шууд аваад гарааш дээр очсон. Гарааш дээр очиж Бадрах, Ц.Ганбаатар хоёр тарваганы махаа хуйхалж янзалсан, Отгоо, Жаргалсайхан ах бид гурав нэг шил 0,75 литрийн Чингис хааны зурагтай архи хувааж уусан. Би гэрийн баруун талын орон дээр унтаад зүүн талын орон дээр Жаргалсайхан, Отгонбаяр хоёр унтаад өгсөн. Би унтаж байгаад сэрэхэд оройн 18 цаг өнгөрсөн байсан ба Ганбаатар сидигээр кино үзээд сууж байсан. Мөн намайг унтаж байхад Бадрах “би явлаа, чи явах юм уу” гэхээр нь “жоохон унтаж байгаад явна” гэхэд Бадрах “явлаа” гээд гарч явахыг нь мэдсэн. Тэгээд Отгонбаяр, Жаргалсайхан хоёрыг сэрээгээд “явъя” гэхэд Жаргалсайхан ах сэрээд харин Отгонбаяр сэрсэн боловч буцаад миний унтаж байсан баруун талын орон дээр очоод хэвтээд өгөхөөр нь “явъя” гээд нилээн хэдэн удаа хэлэхэд сэрэхгүй, явах шинжгүй байхаар нь Жаргалсайхан ах бид хоёр шууд төв хаалгаар гарч явсан. Би ер нь ухаан санаа эрүүл байсан. Сүүлд авсан архинаас уусан чинь дотор муухайраад байхаар нь хэвтэж байгаад унтсан байсан. Ганбаатар бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан, үл ойлголцол болоогүй. Ганбаатарын биед харагдах гэмтэл шархыг анзаараагүй. Ганбаатар, Отгонбаяр нь энгийн харьцаж байсан.” /1хх-30-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхбатын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өглөө талийгаач Ганбаатар 12 цагийн үед манай гэрт орж ирсэн. Талийгаачийн гэр нь манайхтай ойрхон байдаг. Өөр өөр хашаанд байгаа болохоос мөн Дизель хүрээ захын хашаанд байдаг. Талийгаач манайд орж ирэхдээ ганцаараа архи дарс хэрэглэсэн юмгүй орж ирсэн. Тэгээд би утасныхаа пин кодыг мэддэггүй, эхнэр хүүхдүүд Хархорин сум руу явсан. Эхнэртэй холбогдоод утасны пин асуугаад өгчих гэсэн. Тэгээд миний пин кодыг асуугаад эргээд хариу хэлэхээр болоод явсан. Тэгээд надаас тамхи асуугаад “тамхигүй бүүр хатаж үхэх гэж байна” гээд надаас улаан шонхор тамхи аваад 7 ширхэг сиди кино аваад “хариад цайгаа чанаж ууна” гээд гарсан. Ингээд манай хамтран амьдрагчийн хүү нь Хонхорт байдаг ба утсаар яриад хүрээд ир, хоол цай идэж уу гээд дуудсан. Тэгээд эхнэр бид хоёр 14 цаг 40 минутаас 15 цагийн хооронд Хонхор руу явахаар гарсан ба яг гарахын өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Мягмар эгчийнх нь хүүхэд миний утас руу яриад би талийгаачийн утасны пин кодыг бичиж аваад гэр лүү нь оруулж өгөхөөр ороход талийгаачийн гэрт зүүн талын орон дээр буурал толгойтой, монхор хамартай, шаравтар царайтай Отгонбаярын засвар дээр ажилладаг хүн орон дээр хэвтэж байсан. Бас хоёр засварчин бололтой ажлын муу хувцастай хоёр залуу зүүн талын орны толгойн орчим цааш хараад суусан халуун тогоонд мах чанаад чанасан махаа идэж байсан. Пин кодыг нь өгөөд эхнэр бид хоёр Хонхор явлаа шүү гэж хэлээд гарсан. Ингээд эхнэр бид хоёр автобусанд суугаад 17 цаг өнгөрч байхад Хонхорт очиж тэндээ хоноод 1 сарын 5-ны өглөө босоод Хонхороос гарч 16 цаг 30 минутын орчимд Цайз-16 дээр буугаад эхнэр бид хоёр ойрд гарч ороогүй юм чинь нэг газар сууя гээд Цайз-16 захын тэнд байх нэг караокед орж 3 дуу дуулж манай эхнэр нэг шил пиво уусан. Тэгээд бид хоёр шууд гэртээ хариад гэрт орж галаа түлээд хоёулаа Паанангаа нэг эргэе, эхнэр нь эргэж тойрч байгаарай гэж захиж байсан учраас талийгаачийн гэрт 17 цаг 30 минутын орчимд ороход талийгаач гэрийнхээ зүүн талын баганын хажууд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд унтаж байгаа юм байх гэж бодоод “хөөе, Паанан бос, сэр” гээд дэргэд нь очиход царай нь бүр цайж, хөшсөн амьсгаагүй байсан. Тэгээд уйлаад эхнэр бид хоёр гэрээс нь гараад гэртээ орж сандарч уйлаад өөрийнхөө хүүхдүүд рүү ярьж дуудаад тэд нарыг ирэхээр нь манай бэр Болормаа 103-т дуудлага өгөхөд “цагдаа руу залга” гээд цагдаад дуудлага өгсөн. Талийгаачийн гэрт нь орох үед эвдэрч гэмтсэн зүйл байхгүй байсан.” /1хх-36-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бадрахын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэртээ байж байтал Жаргалсайхан, Отгонбаяр 2 манай гадаа такситай ирсэн. Тэгээд “зах явъя, тэнд нэг тарвага байгаа, түүнийг идье” гэж хэлсэн. Тэгээд бид гурав манайхаас гараад замаараа Сансарын клонкын автобусны буудал дээрээс Даваанямыг аваад шууд “Дизель хүрээ” захад Отгонбаярын эзэмшлийн гараашид манаач Ц.Ганбаатарын гэрт ойролцоогоор 13 цагийн орчим очоод Ганбаатар бид хоёр тарвага янзлаад Отгонбаяр дэлгүүр орж 1 шил хар “Чингис” нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд Баттөмөр ах тарваганы мах идээд түрүүлээд гарсан. Би удаагүй ойролцоогоор 17 цагийн орчим Ганбаатарын гэрээс гараад гэр лүүгээ явсан. Нөгөө хэд буюу Жаргалсайхан, Давааням, Отгонбаяр, Ганбаатар нар үлдсэн. Тухайн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр намайг байх хугацаанд тасартлаа, мэдрэлээ алдатлаа архи уусан, согтуу хүн байгаагүй. Намайг гарах үед Отгонбаяр, Жаргалсайхан, Давааням гурав хэвтэж байсан, унтах гэж байсан.” /1хх-38-39/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Жаргалсайханы өгсөн: ”...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр О , Бадрах, Давааням бид дөрөв Отгонбаярын гарааш байдаг хашаа руу буюу Ганбаатарын гэр байгаа газар луу явсан юм. Бид дөрөв 12 цагийн үед таксигаар очсон юм. Бид нарыг бөөнөөр уулзах болсон шалтгаан нь ганц ширхэг тарвага боож идэх гэж цугласан. Тарвагаа боож идээд 3 шил архи уугаад би 19 цагийн үед харихаар болж Давааням бид хоёр гарсан юм. Бид хоёрыг гэрээс гарахад Отгонбаяр баруун талын орон дээр унтаад үлдсэн. Уг нь бол Отгонбаярыг хамт аваад явъя гэж бодсон боловч дуудаад босохгүй байхаар нь орхиод явсан юм. Бид нар Ганбаатарын гэр лүү гаднаас орохдоо ганц юм авч орсон. Тэгээд тарваганы махаа гэсгээж байх зуураа 1 шил архиа уучихаад сүүлийн 2 архины хувьд нэгийг нь Отгонбаяр авсан. Нөгөөг нь зах дээр машин зардаг ахыг нь дуудаж мах идүүлэх үед нэг шил архи авч ирж өгсөн санагдаж байна. Ганбаатар нь биедээ ямар нэг гэмтэл шарх сорвигүй харагдаж байх шиг байсан.” /1хх-40-41/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ганзоригийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр би “Да хүрээ” зах дээр ажил дээрээ байж байтал Жаргалсайхан миний 99132624 дугаарын утас руу 11 цагийн үед шиг санагдаж байна залгаад “1 кг төмс, лууван, манжин, хар талх аваад Дизель хүрээний Отгоогийн сэлбэг дээр хүрээд ир, тарвага боох гэж байна, чамаас өөр дуудчих хүн алга” гэхээр нь би захисан зүйлийг нь аваад очиход Отгоо, Жаргалсайхан, Отгонбаяр, Бадрал мөн танихгүй бас нэг залуу, мөн Отгоогийн сэлбэгийн хашаанд байдаг гэрийн эзэн нь байсан. Тэд нар тарваганы махаа янзалж байхаар нь би махыг эвдэж өгөөд болгоод намайг дуудаарай гэж хэлээд явсан. Намайг очиход хар өнгийн шилтэй 0.75 литрийн архи тойруулаад ууж байсан ба би уг архинаас нэг татаад машинтай юм чинь гээд гараад явсан.” /1хх-47-48/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Пүрэвсүрэнгийн өгсөн: ”...Би айлын дагавар хүү нь байгаа юм. 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр би ээж Наранцэцэг, дүү Номин-Эрдэнэ нарын хамт эмээ Дуламсүрэнгийн гэр болох Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явсан. Бид нар хөдөө яваад талийгаач гэртээ ганцаараа үлдсэн. Ингээд бид нар хөдөө байх хугацаанд буюу 2019 оны 1 дүгээр сарын 5-ны орой 20 цагийн орчим ээжийн эгч Мягмарсүрэн бид нарт хэл дуулгаж Ганбаатарыг нас барсан гэдгийг хэлсэн.” /1хх-51/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Номингийн өгсөн: “...Манай аав О нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний орой 22 цагийн үед байсан байх, цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Аав гаднаас гэртээ ирээд тэгээд ээж, ах, дүү нарын хамтаар ОХУ-ын Улан-Үдэ хот руу ажлын шугамаар явсан. Яагаад явах болсон гэхээр аав, ээж хоёр хүнд машины эд анги авч ирж өгөх ёстой учраас явна гээд явсан. Манай аав, ээж хоёр байнга Улан-Үдэ рүү машины сэлбэг авч ирж зарахаар явдаг юм.” /1хх-52-53/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Наранцэцэгийн өгсөн: “...Албан ёсоор хурим найр хийж батлуулаагүй байсан. Гэхдээ бид хоёр 20 гаран жил хамт амьдарсан. Бид хоёрын дундаас одоо 10 нас хүрч байгаа Номин-Эрдэнэ гэсэн охин байгаа. Өөрийн гэсэн гэр орон хашаа байшин байхгүй учраас Отгонбаяр гэдэг хүн хашаа байшин ч юм уу, гэр хашаатай болгож өгөхийг хүсэж байна.” /1хх-232/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1098 дугаартай:
1. Б.О ын биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-84/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 303 дугаартай:
1. Б.О нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
2. Б.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Б.О нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
4. Б.О нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
5. Б.О нь өөрийн хийсэн хэргийг хариуцах чадвартай байна.” /1хх-86-87/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай:
1. Талийгаач Ц.Ганбаатарын цогцост хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ямар дарааллаар үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Талийгаачийн цусанд 3.6 промилли, шээсэнд 4.2 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
3. Шүүх эмнэлгийн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны 22 цаг 50 минутын үзлэгээр нас бараад 22-24 цаг болжээ.” /1хх-89-90/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-91-92/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 214 дугаартай:
1. Талийгаач Ц.Ганбаатарын цогцост хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин уруулд шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Талийгаач Ц.Ганбаатарын биед үүссэн хоёр тал бөмбөлгийн оройн болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь уруулд үүссэн шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочинд зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоотой. Учир нь уруулд болон оочинд хүч үйлчилсний улмаас дээрх тархины битүү гэмтэл үүсэх боломжтой.
3. Талийгаач Ц.Ганбаатар нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” /1хх-94-95/ гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 350 дугаартай шинжээчийн:
1. Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №233 болон нэмэлтээр гаргасан №214 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. Амь хохирогчийн үхэлд хүргэсэн тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархины цус харвалт гэмтэл нь уруулын шарх, баруун дээд 3 дугаар шүдний сулрал, оочны зулгаралт гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Хүний хүчин зүйлээр буюу уруул, эрүү орчимд цохигдох үед дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь үүсэх боломжтой.
3. Хүнд зэргийн согтолттой хүн ухамсарт ухаан, үйл хөдөлгөөн хийх чадвар нь тухайн хувь хүний онцлог, архи даах чадвар, хэр удаан хугацаагаар хэрэглэсэн эсэх шалтгаалж харилцан адилгүй байна.
4. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” /1хх-188-190/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “...Талийгаач нь хоёр тал бөмбөлөгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархины цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тархины цусан харвалтын улмаас буюу тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Уг гэмтлийг авсан даруйд үхэлд хүргэх ба ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй. Уруулын шарх, оочны зулгаралт гэмтлүүд нь уг тархины гэмтэлтэй шалтгаант холбоотой байх боломжтой. Учир нь уруулын шарх, дээд баруун 3 дугаар шүдний сулрал, оочны зулгаралт учирсан эдгээр хэсгүүдэд гарч үйлчилсэнээр тархины цусан харвалтын буюу тархины битүү гэмтэл учирч байгаа юм.” /1хх-99-100/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-10/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-14/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-19/. Шүүх дээрхи нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Баттогтохын зүгээс “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хөдөлбөргүй тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2-т зааснаар мөрдөгч өөрөө өмгөөлөгчөө сонгоогүй тохиолдолд заавал шүүх, прокурорын зөвшөөрлөөр томилогдсон өмгөөлөгчийг заавал оролцуулах ёстой. Энэ анхнаасаа процессийн алдаатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан учраас яллах үндэслэл болохгүй. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Б.О ёворсон, түлхсэн үйлдлийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа учраас энэ нь нотлох баримт болохгүй. Тэгэхээр Б.О ын өгсөн анхны мэдүүлэгүүд нотлох баримтын эх сурвалжаа заагаагүй учраас нотолгооны ач холбогдолгүй. 2 үйлдэл нь санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж байгаа хоёулаа бүрхэг байна. Аль аль нь нотлогдохгүй байгаа учраас яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой. Мөн талийгаачийн нас барсан цаг зөрүүтэй.“ гэж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн зүгээс: “...Б.О ыг 12 цагийн хугацаанд цай хоол, унд усгүй суусан. Эрүүгийн мөрдөгч нар энэ хугацаанд чиний цохилтын улмаас нас барсан байна гээд тулгаж мэдүүлэг авсан. Тэгээд 12 цагийн дараагаар анх удаа гэрчээр байцаалт аваад 2 цагийн дараа сэжигтнээр тооцсон. Хойшлуулшгүйгээр баривчлах шийдвэр гаргасан. Энэ бол бие махбод, сэтгэл санааны дарамт болж байна. Энэ мэдүүлгийг авахдаа танихгүй өмгөөлөгч оруулж ирээд, өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг сануулахгүйгээр мэдүүлэг авсан байна. Өмгөөлөгч авах боломж нөхцлөөр хангаагүй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул хэрэг бүрэн нотлогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тус тус дүгнэлт гарган маргаж мэтгэлцсэн боловч энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нь хангалттай нотлогдсон, тул хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь 2 өмгөөлөгчийн хамт оролцож хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдэлж, хэргийн талаар мэдүүлэг өгсөн болно.
Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дизель хүрээ” автомашины худалдааны захын засварын хашаанд Ц.Ганбаатартай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих үйлдэл хийсний улмаас хохирогч тархиндаа гэмтэл авч нас барсан бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоотой байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсоноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.О ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.О нь оршуулгын зардалд 5.800.000 төгрөг, нийт хохиролд 40.800.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гандолгор, Д.Наранцэцэг нар нь мөрдөн шалгах ажиллагаанд “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх шудрага ёсны зарчмыг нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 9-ны өдрийг хүртэл 2 хоног баривчилсан, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 240 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар түүний эдэлсэн ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.О т оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Мөн шүүгдэгч Б.О ын барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд Улаанбаатар хотын банкны 2617002303 дугаартай дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулан буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн талийгаач Ц.Ганбаатарын өмсөж байсан хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, өмд 3 ширхэг, оймс 1 хос, үдээстэй хар өнгийн гутал 1 xoc, 13 ширхэг тамхины иш болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Chinggis” гэсэн бичиглэл бүхий 0.75 литрийн багтаамжтай, дотроо шингэн зүйлгүй хоосон 2 ширхэг шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О ыг Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар Б.О ын урьд цагдан хоригдсон 240 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн талийгаач Ц.Ганбаатарын өмсөж байсан хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, өмд 3 ширхэг, оймс 1 хос, үдээстэй хар өнгийн гутал 1 xoc, 13 ширхэг тамхины иш болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Chinggis” гэсэн бичиглэл бүхий 0.75 литрийн багтаамжтай, дотроо шингэн зүйлгүй хоосон 2 ширхэг шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Улаанбаатар хотын банкны 2617002303 дугаартай дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.О т буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.О т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД Э.ЧИНГИС
М.ТҮМЭННАСТ