| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 172/2020/0216/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/220 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 24.6.2.4., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гхолбогдох эрүүгийн 2038000000241 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь Хатгал тосгоны Ус цаг уурын өртөөнд цаг уурын техникч ажилтай буюу төрийн албанд ажиллах хугацаандаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэр “Өрхт” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын эхээр зохих зөвшөөрөлгүй 22 ширхэг 0.329 м.куб хэмжээтэй хэрэглээний бөөрөнхий мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Г нь Хатгал тосгоны Ус цаг уурын өртөөнд цаг уурын техникч ажилтай буюу төрийн албанд ажиллах хугацаандаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэр “Өрхт” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын эхээр зохих зөвшөөрөлгүй 22 ширхэг 0.329 м.куб хэмжээтэй хэрэглээний бөөрөнхий мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000241 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өрхтийн ар царам гэх газраас хуучин унасан, шинээр унасан нарийн шургаанги модыг дөрөв алхаж хэмжээ аваад сүхээр тас завчиж огтлоод шаахайн дээрээ ачсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-12-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-16-р хуудас/,
Хохирогч Н.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хатгал тосгоны төвд хяналт шалгалтаар явж байхад 2 дугаар хороо Хөшөөтийн 1726 тоотод байрлах иргэн М.Гын хашаанд шургааг бэлдсэн 22 ширхэг нойтон мод байсныг илрүүлж зохих эрхийн бичгийг шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Модыг тоолсон 22 ширхэг байсан 3 метр гарантай нарийн нойтон чирэнг мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч Э.Цэнгэлчулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэр модондоо зөвшөөрөл аваагүй гэсэн. М.Г тухайн үед Өрхөт нөхөрлөл дээрээс модны гоожин авмаар байна гэсэн чинь шургаага авах гоожин байхгүй. Харин хэрэглээний модны гоожин байгаа гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд манай нөхөр гоожин байхгүй гэхээр нь өөрөө унасан мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтэд:
“ ...М.Гын бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийхэд хэрэглээний бөөрөнхий мод 0.329 м.куб хэмжээтэй экологи-эдийн засгийн үнэлгээ 120.882 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 40-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 74-р хуудас/,
Хохирогч Н.Т нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 75-76-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Хатгал тосгоны цаг уурын өртөөний эрхлэгчийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47, 49-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000241 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь Хатгал тосгоны Ус цаг уурын өртөөнд цаг уурын техникч ажилтай буюу төрийн албанд ажиллах хугацаандаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэр “Өрхт” гэх газраас 2020 оны 02 дугаар сарын эхээр зохих зөвшөөрөлгүй 22 ширхэг 0.329 м.куб хэмжээтэй хэрэглээний бөөрөнхий мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-12-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-16-р хуудас/,
Хохирогч Н.Т/хх-ийн 22-р хуудас/, гэрч Э.Цэнгэлчулууны /хх-ийн 27-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 40-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 74-р хуудас/,
Хохирогч Н.Т нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 75-76-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч М.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Г нь экологи эдийн засагт 120.882 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч М.Г нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 362.646 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 100172113005 дугаарын дансанд 362.646 төгрөгийг төлсөн тухай Төрийн банкны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 74-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000241 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 22 ширхэг буюу 0.329 м.куб хэмжээтэй хэрэглээний бөөрөнхий мод, шүүгдэгч М.Гын эзэмшлийн 180.000 төгрөгний үнэ бүхий улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000241 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан
мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Гт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 22 ширхэг буюу 0.329 м.куб хэмжээтэй хэрэглээний бөөрөнхий мод, шүүгдэгч М.Гын эзэмшлийн 180.000 төгрөгний үнэ бүхий улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2038000000241 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР