Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 917

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Халиун,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Нарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Мт холбогдох 201625022014 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн .............йн ............., 1994 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ............./,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан.

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.............” нэртэй нийтийн байрны 502 тоот өрөөнд өөрийн найз Д.Лтой маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Мын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч .............ийн .............т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч .............ийн .............ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч .............ийн .............ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мын цагдан хоригдсон нийт 105 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Даваасамбуу намайг унт гэхээр нь ус уучихаад унтах гэтэл хажуу талаас Бямбаа хурдан унтаач п... минь гэхээр нь “юу гээд байгаа юм бэ” гэсэн чинь урдаас босч ирээд бид хоёр муудалцаад байж байтал Лхагвадорж хажуугаас “чи зүгээр бай” гэж хэлээд түлхсэн. Тэгээд “чи намайг барах уу” гэж хэлээд дайрахад нь би ухрахдаа ширээн дээр байсан хайчаар түүнийг зогсоох гэж авсан. Лхагвадорж “чи чадахгүй байж наад хайчаа хая” гэхээр нь би хайчаа хаясан. Гэтэл Лхагвадорж дахиад над руу дайрахдаа “чи намайг барахгүй шүү” гэж хэлээд намайг заамдаж аваад тагт руу түлхэхэд нь би бөгсөөрөө газар унахдаа тагтан дээр байсан ширээтэй эд зүйлсийг нурааж унасан. Тухайн үед би маш их айж балмагдан цочирдсон. Би босох гэтэл гарт хар иштэй хутга баригдахаар нь айлгах гээд босохдоо Лхагвадоржийн гэдсэн тус газар нь хатгасан байсан. Лхагвадоржийн гэдэснээс цус гарч байхыг нь хараад айж балмагдсандаа 00-н өрөө рүү орсон. Гэтэл Даваасамбуу араас орж ирээд “чи найзыгаа хутгалчихлаа” гэхээр нь би гүйж гараад гэртээ очиж болсон явдлын талаар аав, ээждээ хэлээд хэлээд түргэн тусламж утсаар дуудсан. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шууд өөрийн биеэр очиж болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч Лхагвадоржид эмнэлгийн тусламж үзүүлж Цэргийн нэгдсэн госпитал эмнэлэгт эмчлүүлж байгаад “Мөнгөн гүүр” эмнэлэгт шилжүүлэн 1.800.000 төгрөг төлж 14 хоног хэвтүүлж, өөрийн биеэр асарч байсан. Хохирогчид эмчилгээ бүрэн хийхийн тулд хувиасаа дахин мөнгө гаргаж гэрээр эмчилж байсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх миний хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ гэж ойлгож байсан. Гэтэл Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар надад ял шийтгэл оногдуулаагүй. Миний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөр төлсөн, цагдаагийн байгууллагад сайн дураараа очиж хэргээ хүлээсэн, гэр бүл, залуу насыг минь бодож оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг хөнгөрүүлж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэг гарах болсон шалтгаан нь Бямбаагаас болсон. Бямбааг олох гэсэн боловч мөрдөн байцаалтын шатанд хайгаад олоогүй. Хэргийн үйл баримт нь Бямбааг өмөөрч хохирогч Лхагвадоржийг хутгалсан. Энэ үйл баримтыг нотлох Бямбаа олдохгүй байна. Хэргийн үйл баримтыг гэрч Даваасамбуу гэрчилдэг. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт шүүгдэгчийн цагаатгасан баримт авагдаагүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан шарх нь юугаар үүсгэгдсэнийг тогтоогоогүй. Уг шинжээчийн дүгнэлт нь хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хохирогчид учруулсан гэмтэл ямар нөлөө үзүүлсэн гэдгийг дахин шалгах шаардлагатай. Хохирогчийг гомдолгүй үзэж байна. Хохирогчид учруулсан гэм хорыг сайн дураараа нөхөн төлсөн. Эмнэлэгт хэвтэх болон бусад зардлыг төлсөн. Гэм буруугийн хувьд маргаагүй. Иймд хуулийн зүйл ангийн ялыг өөрчилж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн гэмт хэргийн хувьд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд санкц нь хүндэрч 5-12 жил хорих ялтай. Харин 2002 оны Эрүүгийн хуульд санкцийн хувьд 5-7 жил хорих ялтай байгаа тул 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчид ашигтай, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэсэн асуудалд хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнссэн учраас “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар өршөөгдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хушт хангай” нэртэй нийтийн байрны 502 тоот өрөөнд өөрийн найз Д.Лтой маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж “цээжний баруун талаар хэвлийн хөндий нэвтэрч, элэг, өрцний хатгагдсан шарх гэмтэл” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх2, х8/,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим Лхагвадорж, Батаа, Отгонжаргал, Даваасамбуу бид нар 1 ширхэг 0.75 литрийн архи, 1 ширхэг 2.5 литрийн пиво... дахин 2 шил 0.75 литрийн архи уусан. Тэгээд би гэртээ харилаа гэж хэлээд явах гэж байснаа санаж байна. Түүнээс өөр зүйл санахгүй байна. Тэгээд нэг сэргэтэл Даваасамбуу “Хушт Хангай” нэртэй нийтийн байрны 00-ын өрөөнд надад “чи найз Лхагвадоржийгоо хутгалчихлаа шүү дээ” гэсэн. Тэгээд би ухаан ороод гэртээ хариад аав, ээж хоёртоо болсон асуудлын талаар хэлсэн чинь аав, ээж хоёр цагдаа дуудаад намайг цагдаад барьж өгсөн. Д.Лийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх1, х51-84/,

хохирогч Д.Лийн “...2016 оны 6 дугаар сарын 18-ны орой ... Мөнхбаатар, Даваасамбуу, Бямбаа бид нар “Хушт хангай” нэртэй нийтийн байр руу явсан. Нийтийн байран дотор ороод юм яриад сууж байсан чинь Мөнхбаатар хайч барьсан байхаар нь би Мөнхбаатарыг “чи наад хайчаа хая, чадахгүй байж” гэж хэлсэн чинь хайчаа хаяад тагтан дээрээс хутга аваад намайг сууж байхад миний элэг орчим нэг удаа хутгалсан. Тэгээд дараа нь гар руу нэг удаа хутгалсан.” гэх мэдүүлэг /хх1, х11/,

гэрч У.Даваасамбуугийн “...Хушт хангай нэртэй нийтийн байранд орсон чинь Мөнхбаатар, Лхагвадорж хоёр Мөнхбаатар, Баянаа хоёр маргалдсанаас болж маргалдсан. Би тэр хоёрыг “боль” гэж хэлсэн чинь Лхагвадорж Мөнхбаатарыг “чи зүгээр байгаарай, чи намайг барахгүй шүү” гэсэн чинь Мөнхбаатар уурлаад Лхагвадоржтой зодолдсон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Мөнхбаатар Лхагвадоржийг хутгалсан байсан. Тэгээд би Мөнхбаатарыг дагуулаад 00-ын өрөөнд ороод “чи яагаад найзыгаа хутгалж байгаа юм бэ” гэсэн чинь Мөнхбаатар гараад гүйсэн. ...Мөнхбаатар Лхагвадоржийг “Баянаа гэдэг хуурай дүүгээ өмөөрлөө” гэх шалтгаанаас болж хутгалсан.” гэх мэдүүлэг /хх1, х14, 123/,

гэрч Н.Долгорсүрэнгийн “...би хашаанаас гараад хартал нөгөө хашааны хаалгыг Лхагвадоржийн кондуктор хийдэг Бямбаа гэдэг залуу цээж нүцгэн онгойлгож байсан. Тэгээд би “Лхагвадорж хаана байна” гэтэл Бямбаа “энэ дотор байна” гэсэн. Би очоод микроны хаалгыг онгойлгосон чинь Лхагвадорж гараараа цээжээ дарсан битүү цус болсон байсан. Би микро автобустай нь шууд гэмтлийн эмнэлэг рүү дагуулаад явсан ба “Мөнхбаатар гэх залуу хутгалсан” гэж хэлсэн. Гэхдээ “цагдаад битгий хэлээрэй” гээд байсан.” гэх мэдүүлэг /хх1, х12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Лийн биед цээжний баруун талаар, хэвлийн хөндийд нэвтэрч, элэг өрцний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үед амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 996 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х19/,

“...Д.Лийн биед цээжний баруун талаар, хэвлийн хөндийд нэвтэрч, элэг, өрцний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Баруун мөр орчим гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 54 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х91/,

хохирогч Д.Лийн өвчний түүх /хх1, х20-35, х38-46/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Мын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Мын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсныг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь зөв болжээ.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх шинж тусгагдаагүй байсан тул түүний үйлдлийг уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван жилээс долоон жилийн хорих ял шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилвэл таван жилээс арван хоёр жил хорих ял шийтгэхээр хуульчилсан нь оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул хуулийг буцаан хэрэглэхгүйгээр тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мт ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    Ц.ОЧ