Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0622

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот    

“Н О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ы давж заалдах гомдлын дагуу “Н О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/БХБЯ/202104163 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 63 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.2.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н О” ХХК-ийн Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчээр “Е к” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, захиалагчаас “Е к” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан БХБЯ/202104163 дугаартай “Халуун усны барилгын /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчийн тендер шалгаруулалтыг дахин зарлахыг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 4.4 “а” заалтаар “Улсын гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ. /Тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай/” гэсэн шаардлага тавигдсан.

Тендерт оролцогч “Е к” ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлсэн улсын гэрчилгээний хуулбарын улсын бүртгэлийн гэрчилгээний “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл” хэсэгт эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдээлэл байхгүй байсан.

Үүнийг тендерийн үнэлгээний хороо анхаарч үзэхгүйгээр тус компанийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулсан нь хууль бус байсан.

“Н О” ХХК-аас нэхэмжлэл гаргаж, шүүхээс захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад шүүх Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Е к” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааг авсан ба уг лавлагаагаар тус компани нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эцсийн өмчлөгчөө бүртгүүлсэн гэсэн мэдээлэл гарч ирсэн. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж, маргаан үүсгэсний дараа нөхөж бүртгүүлсэн гэж үзэж байгаа.

Шүүх улсын бүртгэлийн лавлагааг биш тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн дүгнэлт хийх ёстой байсан.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-гаас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан.

Нэхэмжлэгч “Н О” ХХК нь захиалагчийн мэдэгдлийг хүлээж авсны дараа 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яам тус компанийн гомдлыг хүлээж аваад 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/3392 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт тендертэй холбоотой гомдол гарсан тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс тендер шалгаруулалтын ажиллагааг түр түдгэлзүүлэхийг мэдэгдсэн. Мөн утсаар энэ талаар давхар мэдэгдсэн.

Гэтэл захиалагч Бая-Өлгий аймгийн Засаг дарга эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийг үл тоомсорлон холбогдох хуулийн заалтыг зөрчиж, “Е к” ХХК-тай мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6 дахь өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга “Е к” ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2-01/935 дугаар албан бичгээр тендерт шалгарсан талаарх мэдэгдлийг хүргүүлж, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан хугацааг тооцоолж үзэхээр мэдэгдэл хүргэснээс хойш ажлын 6 дахь хоногт гэрээ байгуулсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан ба тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05/8633 дугаартай албан бичгээр “... Харин Баян-Өлгий аймгийн нэр бүхий алан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж “Е к” ХХК-тай гэрээ байгуулсан үйлдлийг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн болно” гэж хариу өгсөн.

Захиалагч холбогдох хуулийн заалт зөрчиж хугацаанаас өмнө гэрээ байгуулсан байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй.

3. Тендерт шалгарсан “Е к” ХХК-ийн тендерийн баримт бичигт холбоо дохиолол, мэдээлэл технологийн инженерээр оруулж ирсэн Х.Д-ын сургууль төгссөн диплом нь мөн адилхан хуурамч байсан.

Үүнийг үнэлгээний хороо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэж тендерээс татгалзах ёстой. Тухайн хуурамч дипломтой ажилтан нь гэрээт ажилтан байсан, тухайн үед диплом нь хуурамч эсэхийг шалгах боломжгүй байсан гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш.

Гэтэл үнэлгээний хороо 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээ хийхээр хуралдахдаа үүнийг илрүүлсэн мөртлөө энэ талаар “Е к” ХХК-аас тодруулга авахаар сонгон шалгаруулалтыг хойшлуулж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дахин хуралдаад тус компанийг шалгаруулсан.

Энэ нь “Е к” ХХК-д давуу байдал олгож байгаа явдал бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Тендер нээх үед энэ хуулийн 26.3-26.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглоно” гэж заасан.

Дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-26.5-д үнэлгээний хороо тодруулга авах шийдвэр гаргах тухай заагаагүй бөгөөд дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар зөвхөн захиалагч тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардаж болохоор хуульчилсан.

Гэтэл Үнэлгээний хороо хуульд заагаагүй эрх эдэлж нэг компанид зориулан үнэлгээ хийх ажиллагааг хойшлуулж, тодруулга авч тухайн компанийг сонгон шалгаруулсан, илт давуу байдал олгосон байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа “Е к” ХХК-ийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан эхлэхээс өмнө Т.Г гэгчтэй байгуулсан огноогүй хамтран ажиллах гэрээ, Т.Г-ын диплом, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгч тендерийн баримт бичигт заасан холбоо дохиолол, мэдээллийн технологийн инженерийн ажлыг тухайн хүнээр хийлгэхээр тохиролцсон гэж тайлбарласан.

Энэ нь тендер шалгаруулах үед Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 “в” заалтын 6-гаар шаардсан холбоо дохиолол , мэдээлэл бүрдүүлээгүй, зөвхөн тодруулга хүргүүлсэн, тухайн ажлыг гүйцэтгэх ажилтны баримт бичиг дутуу байсныг нотолж байна.

5. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх түншлэл зөвшөөрөхгүй гэж тендерийн баримт бичигт тусгасан байхад “Н О” ХХК нь түншлэлийн гэрээгээр оролцсон гэж нэхэмжлэгчийг буруутгасан байна.

Тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулалт явуулахдаа энэ талаар дурдаагүй, “Н О” ХХК-ийн тендерээс татгалзахдаа түншлэлийн гэрээгээр орсон гэж татгалзаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно, 5.1.6.а-д “дангаараа тендер ирүүлсэн этгээд”, 5.1.6.б-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд” гэж тус тус хуульчилсан. Нэгэнт хуулиар хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд нэг тендер ирүүлэхээр хуульчилсан учир энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Тендерийн үнэлгээний хороо анх тендерийн баримт бичиг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч компани энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад хуулийн хүрээнд түншлэлийн гэрээгээр оролцож болно гэж хариу өгсөн.

Анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хянаж үзэхгүйгээр нөгөө талыг зөвтгөсөн үндэслэл зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь компанийн эрх ашгийг зөрчиж байна.

Иймд энэ гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж ... шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 110/ШШ2021/0063 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн  “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/341 дүгээр  захирамжаар тус аймгийн Бугат сумын Халуун усны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон  шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд тус нээлттэй тендер шалгаруулалтад “Х т” ХХК,  “Л” ХХК, “Е к” ХХК, “Н О” ХХК-ууд тендер ирүүлж, Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2021 оны 06 дугаар сарын 02,08-ны өдөр  хянан үзээд "Х т” ХХК,  “Л” ХХК,“Н О” ХХК-ийн  тендерүүд нь сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагад нийцээгүй  гэж үзэн татгалзаж, Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Е к” ХХК-ийн  тендерийг  захиалагчийн тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн байна.

Улмаар аймгийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2-01/935 дугаар албан бичгээр “Е к” ХХК-д тус компанийг гүйцэтгэгчээр  шалгаруулсан  талаар, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2-01/937 дугаар албан бичгээр “Н О” ХХК-ийг ТОӨЗ 5.2 (в)-д “Дараах хүснэгтэд заасан инженер, техникийн ажилтнуудыг ажиллуулахаар санал болгож баталгаажуулан ирүүлнэ. Ерөнхий инженер, Цахилгааны инженер” гэх шаардлагыг хангаагүй ““Н О” ХХК-ийн үндсэн ажилтан барилгын инженер Д.Ж, цахилгааны инженер болон захирал А.Ахмарал нарын дипломыг дугаараар шалгаж үзэхэд өөр хүний диплом байна” гэсэн үндэслэлээр тус компанийг шалгаруулаагүй, “Е к” ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдсэн байх бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Е к”  ХХК-тай БХБЯ/202104163 дугаартай “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын гэрээ”-г байгуулжээ.

Нэхэмжлэгч “Н О” ХХК-ийн “... Улсын бүртгэлийн гэрчилгээнд аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдээлэл байхгүй байгаа нь шаардлага хангахгүй ... “Е к” ХХК-ийн Цахилгааны инженер С.Ж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Ж.Д иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан. Тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байх ёстой ... ажлын төсвийг алдаатай хийсэн бөгөөд зураг төслийн үнэ, зохиогчийн үнэ зөрүүтэй ирүүлсэн ... “Е к” ХХК нь 2021 онд ... Сансай сумын 80 хүүхдийн дотуур байрны их засварын ажил ... тендерт шалгарсан ... энэ ажлын талаар гэрээ, захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй ... инженер техникийн ажилтнууд давхцаж байгаа бөгөөд 80-аас бага гүйцэтгэлтэй ... Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Е к” ХХК-тай гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт ... заасныг зөрчиж байгаа бөгөөд ажлын 6 хоногийн дотор гэрээ байгуулсан ...” гэсэн үндэслэлээр “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчээр “Е к” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, захиалагчаас “Е к” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан БХБЯ/202104163 дугаартай “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, “Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай ажил”-ын гүйцэтгэгчийн тендер шалгаруулалтыг дахин зарлахыг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж зааснаас үзвэл захиалагч нь төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт, тендер шалгаруулалттай холбоотой бусад журам аргачлалын дагуу тендерийн баримт бичгийг боловсруулах бөгөөд тухайн тендер шалгаруулалтад оролцогч зохих шаардлага хангасан тендерийн бэлтгэж ирүүлэхэд шаардагдах бүх мэдээлэл шалгуур, заавар зэргийг тендерийн баримт бичигт тусгахаар байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг нээсний дараа тендерт оролцогч тус бүрийн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, буюу ерөнхий болон санхүү, техникийн чадавхи, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг тендерийн баримт бичиг, хуульд заасан үзүүлэлт тус бүрээр хангаж байгаа эсэхийг хянан үзэж, хэрэв захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тохиолдолд тендерээс татгалзах эрхтэй байна.

Энэ тохиолдолд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а) хэсэгт “Улсын бүртгэлийн гэрчилгээний  эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ./Тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд нь  эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай/” гэж заажээ.

 Гуравдагч этгээд “Е к” ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзэхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  Үмитхан овогтой Хайратбекийг  гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх  удирдлага нь Үмитханы Хайратбек болох нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байх тул хариуцагчийн цахимаар бүртгүүлсэн гэж үзээд тухайн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь буруу биш, нэхэмжлэгчээс “... “Е к” ХХК хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдээлэл байхгүй нь хуулийн шаардлага хангаагүй ...” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2(в) хэсэгт “-Инженер техникийн ажилтнуудын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-2-т заасны дагуу  бөглөж ирүүлнэ, - Мэргэжилтэй ажилчдын жагсаалтыг ирүүлнэ, -дээрх инженер техникийн ажилтнуудын сургууль төгссөн дипломын хуулбар, иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ, - Инженер техникийн ажилтнууд гэрээгээр ажиллах бол тухайн төсөл арга хэмжээнд ажиллах гэрээ, диплом, мэргэжлийн үнэмлэх, цахим үнэмлэхийн хуулбаруудыг тус тус нотариатаар баталгаажуулж ирүүлнэ” гэж заажээ.

Гуравдагч этгээд “Е к” ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзвэл инженер, техникийн ажилтнуудын жагсаалтыг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд зааснаар МАЯГТ №ТШМ-2-д заасны дагуу гаргасан байх бөгөөд уг жагсаалтад  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан  Ж.Дбек,  цахилгааны инженер С.Жбек гэж тусгаж, тухайн инженер,  техникийн ажилтны иргэний үнэмлэх, бакалаврын диплом, мэргэшлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “... “Е к” ХХК-ийн цахилгааны инженер С.Ж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ж.Д-ийн иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан. Тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байх ёстой ...” гэж маргасан байх бөгөөд хариуцагчаас “... “Е к” ХХК-ийн материал дотор С.Жбек болон Ж.Дбек нэртэй хүмүүс байхгүй ... нэр төстэй С.Ж, Ж.Д нарын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан нь хүчинтэй хугацаа дууссан нь тендерээс татгалзах үндэслэл гэж үзэхгүй ...” гэж, гуравдагч этгээдээс “... ТОӨЗ 5.2 (в) хэсэгт “гэрээг хэрэгжүүлэх, удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл”-ийг шаардсан. Манай компанийн боловсон хүчний мэдээллийг үнэн зөв байдлыг хангах үүднээс иргэний үнэмлэхийн мэдээллийг оруулсан ... хугацаа дуусаагүй үнэмлэхийн хуулбарыг шаардаагүй ...” гэж тус тус тайлбарлан маргасан, харин иргэн Ж. Д,  С.Ж нарын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан эсэхтэй маргаагүй байна.

 Иймд иргэн Ж. Д,  С.Ж нарын иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан нь тухайн иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах, улмаар гуравдагч этгээдийн тендерээс татгалзах үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1(ж)-д “Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ. Үүнд: 2. Хяналтын төсөвт тусгасан зураг төслийн үнэ 10,628,100.00 (арван сая зургаан зуун хорин найман мянга нэг зуу) төгрөг, инженер хайгуул зураг төслийн ажлын дүн 1,371,900.00 (нэг сая гурван зуун далан нэгэн мянга есөн зуу) төгрөгийг өөрийн төсөвт нэмж  тусган ирүүлнэ. 10. Тендерт оролцогч нь  гүйцэтгэж байгаа ижил төстэй барилга угсралтын ажил нь 80 хувиас бага гүйцэтгэлтэй байгаа тохиолдолд  тендерээс татгалзах үндэслэл болно. /80 хувь буюу түүнээс  дээш хувийн гүйцэтгэлтэй бол захиалагчийн тодорхойлолт, санхүүжилт авсан  баталгаажуулсан гүйцэтгэлийн маягт ирүүлнэ/” гэж  тус тус заажээ.

Дээрхээс үзэхэд хяналтын төсөвт тусгасан зураг төслийн үнэ 10,628,100.00 (арван сая зургаан зуун хорин найман мянга нэг зуу) төгрөг, инженер хайгуул зураг төслийн ажлын дүн 1,371,900.00 (нэг сая гурван зуун далан нэгэн мянга есөн зуу) төгрөгийг өөрийн төсөвт нэмж  тусган ирүүлэхээр, тендерт оролцогч нь гүйцэтгэж байгаа ижил төстэй барилга угсралтын ажил нь 80 хувиас бага гүйцэтгэлтэй тохиолдолд тендерээс татгалзахаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд гуравдагч этгээд “Е к” ХХК нь тэргүүлэх төсөвчин А.Жа-ны зохиож баталгаажуулсан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 8 хүний халуун усны барилга угсралтын ажлын төсөв”-ийг ирүүлсэн байх ба уг барилга угсралтын ажлын нэгдсэн товчоонд  зураг төслийн дүн 12,000,000 төгрөг, инженер хайгуулын дүн 1,284,791 төгрөг гэж тус тус тусгасан байх бөгөөд “Сагсай сумын 80 хүүхдийн дотуур байрны  их засварын  БӨАОНӨГ/202101005 дугаартай ажил”-ыг гүйцэтгэж байгаа эсэхтэй маргаагүй байна.

Түүнчлэн “Сагсай сумын 80 хүүхдийн дотуур байрны их засварын  БӨАОНӨГ/202101005 дугаартай ажил” нь ижил төстэй барилга угсралтын ажилд хамаарахгүй, засварын ажил байх бөгөөд гуравдагч этгээд зураг төслийн дүн 12,000,000 төгрөг, инженер хайгуулын дүн 1,284,791 төгрөг гэж тус тус тусгасан нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1(ж)-д “Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг  өөрийн тендерт ирүүлнэ. Үүнд: 2.Хяналтын төсөвт тусгасан зураг төслийн үнэ 10,628,100.00 (арван сая зургаан зуун хорин найман мянга нэг зуу) төгрөг, инженер хайгуул зураг төслийн ажлын дүн 1,371,900.00 (нэг сая гурван зуун далан нэгэн мянга есөн зуу) төгрөгийг өөрийн төсөвт нэмж  тусган ирүүлнэ” гэж заасантай нийцээгүй гэж үзэхгүй, хариуцагч “... “Е к” ХХК ажлын төсөв дээр зураг төслийн үнэ болон инженер хайгуул зураг төслийн ажилд 13,284,971.00 төгрөг зураг төслийн компанид шилжүүлэхээр төсөв хийж ирүүлсэн ... дутуу ирүүлээгүй тул үнэлгээний хороо тус компанийн төсвийг шаардлага хангасан гэж үзсэн ...” гэж маргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2-01/937 дугаар албан бичгээс үзэхэд “Н О” ХХК-ийг ТОӨЗ 5.2 (в)-д “Дараах хүснэгтэд заасан инженер, техникийн ажилтнуудыг ажиллуулахаар санал болгож баталгаажуулан ирүүлнэ. Ерөнхий инженер, Цахилгааны инженер” гэх шаардлагыг хангаагүй ““Н О” ХХК-ийн үндсэн ажилтан барилгын инженер Д.Жанболат, цахилгааны инженер болон захирал А.А нарын дипломыг дугаараар шалгаж үзэхэд өөр хүний диплом байна” гэсэн үндэслэлээр тус компанийг шалгаруулаагүй, “Е к” ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 000167209 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Асгут овогтой Ахмаралыг  2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус компанийн захирлаар томилсныг бүртгэсэн байх ба  тус компанийн тендерийн баримт бичигт ирүүлсэн “Голлох мэргэжилтнүүдийн мэдээлэл” гэсэн инженер, техникийн ажилтнуудын жагсаалтад ерөнхий инженер  Д.Ж,  цахилгааны инженер А.А  гэж тусгасан. Мөн Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ БХБЯ/202104163 дугаартай тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийн талбай дээр ажил удирдан гүйцэтгэгч, барилгын ерөнхий инженерээр Д.Ж, цахилгааны инженерээр А.А нарыг  тус тус  томилсон “Н О” ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дүгээр тушаал, Д.Ж, А.А нарын бакалаврын диплом, иргэний үнэмлэхийн  хуулбар, тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 10,11,12, 2021 оны 1,2,3,4 дүгээр саруудын  нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын Маягт НД-8-ыг тус тус ирүүлсэн ба уг маягтад тусгаснаар Д.Ж, А.А нарын сүүлийн 7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тус компаниас төлсөн үйл баримт тогтоогджээ.

Хэрэгт авагдсан Халуун усны барилга /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “ШУТИС-ийн төгсөгчдийн мэдээллийн санд ... Жанболат, ... Ахмарал нарын мэдээлэл бүртгэлгүй байна ...” гэх 27/21 дүгээр албан бичиг зэргээс үзэхэд нэхэмжлэгч компанийн үндсэн ажилтнууд болох ерөнхий инженер Д.Ж,  цахилгааны инженер А.А нар нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг төгсөөгүй болох нь тогтоогдсон, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.1-д “тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар”, 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж  тус тус хуульчилсан бөгөөд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (в)-д “Дараах хүснэгтэд заасан  инженер, техникийн ажилтнуудыг  ажиллуулахаар санал болгож баталгаажуулан ирүүлнэ. Ерөнхий инженер -1 /мэргэжил барилгын инженер/, барилгын инженер-1, цахилгааны инженер-1 /мэргэжил цахилгааны инженер/,  ус хангамж, ариутгах татуургын инженер-1 /мэргэжилт Ус хангамж, ариутгах татуургын инженер /Сантехникийн инженер//, халаалт агаар сэлгэлтийн инженер-1, холбоо дохиолол, мэдээлэл технологийн инженер-1, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан -2, -инженер техникийн ажилтнуудын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-2-т заасны дагуу  бөглөж ирүүлнэ, - мэргэжилтэй ажилчдын жагсаалтыг ирүүлнэ, -дээрх инженер техникийн ажилтнуудын сургууль төгссөн дипломын хуулбар, иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ, -инженер техникийн ажилтнууд гэрээгээр ажиллах бол  тухайн төсөл арга хэмжээнд ажиллах гэрээ, диплом, мэргэжлийн үнэмлэх, цахим үнэмлэхийн хуулбарыг  тус тус нотариатаар баталгаажуулж ирүүлнэ,  -инженер техникийн ажилтнуудыг зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд захирлын тушаалаар  томилон ажиллуулах бөгөөд 60 хувиас доошгүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай тул 2020 оны 10,11,12, 2021 оны 1,2,3,4 дүгээр саруудын  нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД-8 маягтыг ирүүлнэ” гэж тус тус заасантай нийцээгүй, хариуцагч “ТОӨЗ 5.2 (в)-д “Дараах хүснэгтэд заасан инженер, техникийн ажилтнуудыг ажиллуулахаар санал болгож баталгаажуулан ирүүлнэ. Ерөнхий инженер, Цахилгааны инженер” гэх шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй, шүүх нэхэмжлэгчийг тендер шалгаруулалтад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж дүгнэсэн нь буруу биш.

Анхан шатны шүүх “... хариуцагчаас “түншлэл зөвшөөрөхгүй гэж тендерийн баримт  бичигт тусгасан байхад “Н О”  ХХК нь түншлэлийн гэрээгээр тендерт оролцсон” гэж маргасан ... Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар тендерийн баримт бичигт “түншлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн шаардлага тусгахаар шийдвэрлэсэн, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.1  хэсэгт түншлэлийг “зөвшөөрөхгүй” гэж заасан байх тул  БА-2.1,БА-6.3,БА-6.4,БА-8.1 заалтын  дагуу  ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй  “Н О”  ХХК-ийн хувьд  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в) хэсэгт заасан “БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж,гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-6.2. Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж,гадна салбар шугам сүлжээний угсралт”-ын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх гэсэн шаардлага,  ТОӨЗ 5.2 (в) хэсэгт заасан барилгын инженер-1, ус хангамж, ариутгах татуургын инженер-1, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан -2 байх гэсэн шаардлага,мөн инженер, техникийн ажилтнуудын 60 хувиас доошгүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх гэсэн шаардлагыг тус  тус хангаагүй байна ...” гэж хариуцагчаас нэхэмжлэгчийн тендерээс татгалзах үндэслэл болгоогүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тендерээс татгалзахдаа түншлэлийн гэрээгээр орсон гэж татгалзаагүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч зөвхөн энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “Е к” ХХК-ийн холбооны инженер Х.Д-ын диплом мөн хуурамч байсан ... Үнэлгээний хороо 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээ хийхээр хуралдаад Х.Д-ын диплом хуурамч болж гарч ирэхэд “ ... Х.Д-ыг бид таньж байгаа, энэ хуурамч байх үндэслэлгүй учраас энэ талаар тодруулга авъя” гээд хурлаа хойшлуулсан ... “Е к” ХХК-д давуу байдал олгосон ... шалгах гэж байгаа бол “Н О” ХХК-аас яагаад тодруулга авч болоогүй вэ, “Н О” ХХК-ийн 2 диплом хуурамч, “Е к” ХХК-ийн 1 диплом нь хуурамч гэдэг байдлаар харьцуулж тендер шалгаруулахгүй. Энэ нь тендерээс татгалзах шууд үндэслэл байх ёстой ...” гэж, хариуцагч “... “Н О” ХХК-ийн үндсэн ажилчид болох ерөнхий инженер болон захирал, цахилгааны инженер хоёрын диплом нь хуурамч  байсан. Тэд үндсэн ажилчид учраас тэдний диплом хуурамч гэдгийг мэдэж байгаа гэж “Н О” ХХК-аас тодруулга аваагүй ... “Е к” ХХК-ийн холбоо дохиоллын инженер нь гэрээт ажилтан болохоор тэр хүний дипломыг харах боломжгүй учраас тодруулга авсан ... “Е к” ХХК-ийн холбоо дохиоллын инженер нь гэрээгээр ажиллаж байгаа болохоор тэр хүнийг сольж болно гэж үзсэн ...” гэж тус тус маргажээ.

Үнэлгээний хорооны хурлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд “... гуравдагч этгээд “Е к” ХХК-ийн гэрээт ажилтан Х.Д Холбооны инженерийн бакалаврын зэрэгтэй ШУТИС төгссөн байна ... шалгаж үзэхэд Н гэсэн нэртэй хүний диплом гарч ирж байна ...” гэсэн байх бөгөөд гуравдагч этгээд “Е к” ХХК нь тендерийн баримт бичигтээ инженер, техникийн ажилтнуудын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-2-оор гаргасан, уг жагсаалтад  холбоо дохиолол, мэдээлэл технологийн инженер /гэрээт/ Х.Д гэж тусгаж, түүнтэй 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээ”, иргэний үнэмлэх, бакалаврын дипломын  нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус ирүүлсэн нь тогтоогдсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно”, 26.10-т ”Захиалагч энэ хуулийн 26.9-д зааснаар нэмж ирүүлсэн тайлбар, тодруулгыг бүртгэж хадгална” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд хариуцагчийн гуравдагч этгээд “Е к” ХХК-аас гэрээт ажилтан Х.Д-ын талаар тодруулга авсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, гуравдагч этгээдээс тодруулга авсан нь нэхэмжлэгчээс тодруулга авах үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн “ ... “Е к” ХХК нь инженер, техникийн ажилтнуудын 60 хувиас доошгүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх  гэсэн шаардлагыг хангаж байгаа, түүнчлэн   захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан нь тогтоогдож   байх тул Х.  нь  “Е к” ХХК-ийн үндсэн ажилтан биш учраас түүний диплом хуурамч гэдгийг ажил олгогч ... мэдэх боломжгүй байсан ... холбоо дохиолол, мэдээлэл технологийн инженертэй шинээр гэрээ байгуулан ажиллуулах боломжтой  гэж Үнэлгээний хорооноос үзсэнийг буруутгах боломжгүй ... Энэ  асуудал нь Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т  ”Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно”, 27.2.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө” гэж зааснаар тухайн ажлын чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэх үндэслэлтэй, ... тухайн тендер шалгаруулалтад  оролцсон бусад оролцогчид болон ...“Н О” ХХК нь  захиалагчийн тогтоосон  тендерийн  баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй  тул “Е к” ХХК-ийг шалгаруулсан нь мөн  хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагааг  үр ашигтай буюу түргэн шуурхай, хэмнэлттэй явуулах зарчимтай нийцсэн ...” гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч “Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Е к” ХХК-тай гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт ... гэж заасныг зөрчиж байгаа бөгөөд ажлын 6 хоногийн дотор гэрээ байгуулсан ...” гэж маргасан байх бөгөөд  Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу захиалагч гуравдагч этгээд “Е к” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, ... гэрээ байгуулна” гэж заасныг зөрчиж гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6 дахь хоногт буюу  2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Халуун усны барилгын /Баян-Өлгий, Бугат сум/ ажлын БХБЯ/202104163 дугаар гэрээ байгуулсан байх боловч гуравдагч этгээд “Е к” ХХК нь захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан нь тогтоогдсон, тус компанийг Бугат сумын Халуун усны барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан шийдвэрийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч “Н О” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд гуравдагч этгээдийг уг  ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ