| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0040/Э/ |
| Дугаар | 42 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Хохирогч Х.Ц
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Н-т холбогдох 2016000590032 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогтой Д-н Н гэв.
Яллагдагч Д.Н нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн нутаг “Шар сайрын хүрээ” гэх нэртэй газарт өөрийн эзэмшлийн 00-00 ГАҮ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Mitsubishi Pajero”маркын цайвар саарал өнгийн автомашиныг жолоодон ухрах хөдөлгөөн хийх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлийн 10.4-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард явган сууж байсан иргэн Х.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь “...2 уушгины няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлэхэд шүүгдэгч Д.Н-н 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн нутаг “Шар сайрын хүрээ” гэх нэртэй газарт өөрийн эзэмшлийн 00-00 ГАҮ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Mitsubishi Pajero”маркын цайвар саарал өнгийн автомашиныг жолоодон ухрах хөдөлгөөн хийх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлийн 10.4-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийн ард явган сууж байсан иргэн Х.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь “...2 уушгины няцрал” бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Н гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Тухайн үед нүүх гэж байгаад мал шүүгээд ирье гэж хэлээд ухарсан байдлаас болоод ийм осол гаргасандаа маш их гэмшиж байна. Тухайн үед бууж хараагүй нь миний буруу байх ... эмчилгээний зардалд 4.600.000 төгрөг бэлнээр өгсөн ... Хүний эрүүл мэндийг ийм байдалд оруулсан учир цаашид гарах зардлыг чадлаараа төлж барагдуулна ... Би санамсаргүй, болгоомжгүй байдлаасаа болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Энэ хүнийг чадахаараа асарч ирсэн. Ойрын үед миний өөрийн биеийн байдал доордоод байгаа хагалгаанд орох шаардлагатай байгаа тул тэнсэж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Х.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ хүн миний эмчилгээний зардал болон цаашид учрах зардлыг төлнө гэсэн надад гомдол байхгүй. Хоёрдугаарт намайг асрах хүн байхгүй. Энэ хүн өөрөө би чамайг асарч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр асрагч хөлсөлж авахаар болж байна. Би маргаашнаас эхлээд эмчилгээнд явна. Осол гарсан цагаас энэ хүнийг эмчилгээнд яваад хөл дээрээ явах хүртэл асарна гэж хэлсэн гэсэн. Би бүх эрүүл мэндээрээ хохирсон хүн. Хүн цай хийгээд өгвөл авч уудаг, оймсоо ч өөрөө өмсөж чаддаггүй. Уушгины ховхлог хүнд гэмтэлтэй гэж хэлсэн. Би асарч чадахгүй, бие өвдөөд байна гэсэн учир би хувийн асрагч авч асруулмаар байна. Хоёр насанд хүрээгүй хүүхэдтэй, нөхөр хөдөө малаа малладаг. Асрагч авч өгнө гэвэл надад гомдол байхгүй. Хамгийн гол зүйл тэр байна. Миний уушги эдгээгүй, хөл эдгээгүй, хөл дээрээ явж чадахгүй, эргэж тойрч чадахгүй, толгойгоо угааж чадахгүй байгаа. Цээж давчдаад байна. Асрагчийн асуудлыг шийдвэрлэж өгвөл хэрэгтэй байна. Ах дүү хүмүүсээс мөнгө авч байж өөрийгөө босгож ирсэн. Тэр өр төлбөр байгаа. Надад ийм л санал хүсэлт байна. Намайг асрах хүнгүй болсон. Энэ хүн өөрөө асарч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр хувийн асрагч авмаар байна. Эмнэлэгт очихоор бүх зүйл хүний гараар байдаг. Манай нөхөр хөдөө мал руугаа явна. Хүнд малаа үлдээчихээд ирсэн. Хоёр насанд хүрээгүй хүүхэдтэй. 80 нас хүрсэн ээж маань гэртээ ганцаараа байгаа ... Д.Н өмнө нь 4.600.000 төгрөгийг даасан гэсэн. Өөрийнх нь баримт байгаа байх. Тэрнээс хойших зардлыг би өөрөө даагаад явж байгаа. Манай ах дүү нар 4 сая төгрөгийг Д.Н-н данс руу хийсэн байсан. Тухайн үед би өөрөө дансаа барих ямар ч боломжгүй байсан. Би бүх гарсан зардлыг өөрөө төлөөд явж байсан ... Надад гомдол байхгүй. Асраад өдийг хүртэл явж ирсэн. Энэ хүн бие нь жоохон тааруу байгаа. Надад гомдол байхгүй. Цаашид эмчилгээ сувилгаанд явахад харж үзэхийг хүсч байгаа. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Х.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би Н-н машины хойд хэсэг рүү явж байгаад шүд өвдөхөөр нь шанаагаа тулаад сууж байтал Н машиндаа суугаад машинаа асаасан юм. Тэр үед би Н-г урагш явах юм байна гэж бодож байтал гэнэт ухарсан. Тэгээд намайг машинаараа мөргөөд түрээд явсаар гэрийн буйрны урд очиход урагшаад явсан... Миний нууруу өвдөж байгаа. Мөн би аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн. Би одоо хөл дээрээ явж чадахгүй байгаа ...” гэсэн мэдүүлэг /ХХ42-45/,
Гэрч Ж.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай эхнэр Н өөрийн эзэмшлийн Пажиро маркын автомашинтайгаа сумын төвд юм авч очиж буулгачихаад буцаж ирсэн юм ... Тэгээд айлын хотноос ямаагаа авч ирж хониндоо тавина. Би буцаж ирээд үлдээсэн зүйлийг чинь ачья гээд машин луугаа алхсан. Тэр үед 14 цаг өнгөрч байсан байх. Тэгээд машинаа асааж байсан. Би юм хийж байсан юм. Гэтэл хүн чарлаад явчихсан, хүн аллаа гээд эргээд хартал Пажирогийн ард Ба-н эхнэр Ц хэвтэж байсан ... Манай эхнэр Ба-н тэгж орилсныг сонсоогүй явчихшиг болсон. Тэгээд Ба бид хоёр түүний эхнэрийг босгох гэтэл эхнэр нь өвдөөд байна гээд их ёолоод байсан тул хөдөлгөлгүй гар хөлөнд нь массаж хийсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ49-50/,
Гэрч З.Ба-н мөрдөн байцаалтад өгсөн “... О-н эхнэр Н айлын хотноос малаа авч ирнэ гээд өөрийнхөө Пажирогоор явах болсон. Гэрээ ачья одоо явахаа боль гээд унаж явах гэсэн машиных нь урд зогссон гэтэл Н хойшоо ухарч машины ард суугаад юм хийж байсан манай эхнэр Ц-г мөргөөд түрээд үүдэн хоймрын дайтай газар явсан. Тэр үед эхнэрийгээ машины ард байсныг мэдээгүй. Машин миний хажуугаар гараад явсны дараа эхнэрийгээ дайрагдсаныг мэдсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ51-52/,
Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “... Х.Ц-н биед үүссэн гэмтлүүдээс 2 уушигны няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасан амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Х.Ц-гийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мөн мөргөгдөх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /ХХ81-82/,
Шинжээч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “... Тухайн тээврийн хэрэгсэл нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байсан ба Аймгийн автотээврийн газрын шинжээч, автотээврийн мэргэшсэн инженер Б.Бат-Ирээдүйн дүгнэлтэд тормоз зөрүүтэй гэсэн дүгнэлт байсан тул үүнийг үндэслэн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан зам тээврийн осол гарсан гэж үзэхгүй байна. Хэрэв тормоз ажиллахгүй гэсэн бол тухайн осол техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан гарах мөн боломжтой
Шинээч Д.Даваахүүгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 89 дугаартай “... 1. Х.Ц-гийн биед 2 уушигны няцрал, бүсэлхийн 2-р нугаламын их биеийн бяцарсан хугарал, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын сэртэнгийн хугарал, 2 нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн мэдүүлэг /ХХ69-70/,
Шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Даваасүрэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “... НЭГ: 00-00 ГАҮ улсын дугаартай PAJERO маркын автомашины жолооч Даваахүү овогтой Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэд хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл байна гэж үзэв.
ХОЁР: Замын хөдөлгөөнд оролцогч Даваахүү овогтой Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг осол үйлдэгдсэн гэж үзэв...” гэсэн дүгнэлт /ХХ114/, болон Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ5-8/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ9/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ10-13/ зэрэг яллах болон өмгөөлөх талын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүхийн өмнөх шатанд хохирогчид эмчилгээний төлбөрт 4.600.000 төгрөг төлсөн талаар талууд мэдүүлсэн, гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 4.427.250 төгрөгийг нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлага авч, хохирлыг нөхөн төлж, цаашид гарах эмчилгэний зардыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Н-н 00000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хохирогч Х.Ц хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Д-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна гэснийг шүүгдэгч Д.Н-т танилцуулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Н-н 00000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хохирогч Х.Ц хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА