| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0424/Э |
| Дугаар | 441 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 441
2020 06 08 2020/ШЦТ/441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч А.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт А.А-д холбогдох эрүүгийн 2011 00791 0532 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Есөн шижир” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 22Б байр 130 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Тайж овогт А.А, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.А нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлэхдээ гээсэн иргэн Г.Должинсүрэнгийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 671.200 /зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ЧД2-20-198 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,
Хохирогч Г.Должинсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үүрээр... караоке баарнаас ажлаа тарж явж байгаад... Зургаан буудлын тэнд байх Оргил худалдааны төвийн яг эсрэг талд 4 цаг 30 минутаас 5 цагийн хооронд байхаа тус таксины жолоочид мөнгөө өгөөд буухдаа өөрийн Самсунг А50 загварын гар утсаа мартаж буусан... би тэр үед машинаас буугаад гэртээ ороод утсаа мартсанаа санаад өөрийн утасруу залгахад 3 дуудаад 4 дэх дээр нь миний утас холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Гэрэлчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А.А нь манай ажил дээр орж ирээд надаас иргэний цахим үнэмлэх чинь байна уу найзад нь мөнгөний хэрэг гараад утсаа барьцаанд тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй ээ гэхээр нь...32 нэртэй ломбард руу ороод А.А-ийн Самсунг А50 загварын гар утсыг түүний хэлснээр 280.000 төгрөгөөр барьцаанд тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэгт: “...надад мөнгөний хэрэг гарсан учир би тухайн гар утсыг ломбарданд 280.000 төгрөгөөр тавьсан юм...” /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55/, оршин суух газрын тодорхойлолт /хх 45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 44/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 141 дугаар тогтоол /хх 47/, шүүгдэгч А.А, хохирогч Г.Должинсүрэн нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 71-73/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.А нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлэхдээ гээсэн иргэн Г.Должинсүрэнгийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 671.200 /зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ЧД2-20-198 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/, хохирогч Г.Должинсүрэнгийн “...би 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үүрээр... караоке баарнаас ажлаа тарж явж байгаад... Зургаан буудлын тэнд байх Оргил худалдааны төвийн яг эсрэг талд 4 цаг 30 минутаас 5 цагийн хооронд байхаа тус таксины жолоочид мөнгөө өгөөд буухдаа өөрийн Самсунг А50 загварын гар утсаа мартаж буусан... би тэр үед машинаас буугаад гэртээ ороод утсаа мартсанаа санаад өөрийн утасруу залгахад 3 дуудаад 4 дэх дээр нь миний утас холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Б.Гэрэлчимэгийн “...А.А нь манай ажил дээр орж ирээд надаас иргэний цахим үнэмлэх чинь байна уу найзад нь мөнгөний хэрэг гараад утсаа барьцаанд тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй ээ гэхээр нь...32 нэртэй ломбард руу ороод А.А-ийн Самсунг А50 загварын гар утсыг түүний хэлснээр 280.000 төгрөгөөр барьцаанд тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, шүүгдэгч А.Аийн “...надад мөнгөний хэрэг гарсан учир би тухайн гар утсыг ломбарданд 280.000 төгрөгөөр тавьсан юм...” /хх-ийн 36-39 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Должинсүрэн нь “...Надад одоо гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй. Би хохирлоо барагдуулж авсан...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч А.А-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ