| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0440/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/462 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/462
2020 5 15 2020/ШЦТ/462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0440/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
хохирогч М.Сувд-Эрдэнэ,
хохирогч Ц.Одонтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уранбаяр, түүний өмгөөлөгч Д.Нарангарав,
шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч С.Давааравдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох эрүүгийн 1903010570488 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, одоо “Этүгэн” их сургуулийн Уламжлалт анагаах ухааны 3 дугаар курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67/4 дүгээр байрны 12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Б.З /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.З нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, Жасиун төвийн баруун замд “Тоёота Лексус-250” маркийн 68-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл. Хэвтээ тэмдэглэл. 1.4, “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс М.Одбаярын жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 96-58 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч М.Сувд-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Одонтуулын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “Дүрэм зөрчиж, хэвтээ тэмдэглэгээг зөрчиж, буцаж эргэсэн нь миний буруу. Би буруугаа ойлгож байна. Эргээд нэгдүгээр эгнээд орж байхад нөгөө машины жолооч Одбаяр шулуун замаар өөрөө орж ирж, мөргөсөн. Одбаяр мөргөснийг намайг мөргөсөн гэж шинжээчийн дүгнэлт гаргасан байсан.” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Сувд-Эрдэнийн өгсөн: “Ер нь бол хамгийн хүнд гэмтэл нь нуруу гэмтсэн. Нуруу хуучин гэмтэлтэй байсан нэмж гэмтсэн. Толгой асуудалтай байна. Толгой орой болгон өвддөг. Өмнө нэхэмжилж байсан 2.500.000 төгрөг дээр нэмэгдээд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би 2 сар гаруй ажилдаа яваагүй, дээрээс нь урсгал зардлын мөнгө гээд ГССҮТ гэр хоёрын хооронд 2 сар таксигаар явахад 1.000.000 төгрөг болсон. Нийт 6.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Одонтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уранбаярын өгсөн: “Миний охин тухайн үед жирэмсэн байсан бөгөөд аваарт орсны улмаас ураг зогссон. Мэс засалт орох шаардлагатай гэсэн. Миний охин өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж, эм ууж байна. Би охиноо хараад ажилгүй гэртээ 6 сар сууж байна. Би зундаа цайны газар ажиллуулж, өвөлдөө заслын ажил хийдэг. Эмчилгээний зардалд 3.700.000 төгрөгийн баримт өгсөн байна. Цаашдаа үргэлжилж гарах зардлаа нэхэмжилнэ. Анхны ураг зулбасан учир эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг ойлгоорой. Миний охин циркээр явдаг тоглолт хийдэг. Зун болгон Хятад улс руу явж тоглолт хийдэг байсан. Одоо уран нугарах боломжгүй болсон” гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 тал/,
Хохирогч Ц.Одонтуулын өгсөн: "2019 оны 9 сарын 11-ний өдөр...найз Одбаярын автомашинд суугаад хотын төв орохоор явж байтал 10 цаг 18 минутын орчимд байх 6 буудлын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байтал гэнэт ертөнцийн зүгээр зүүн талаас Тоёота Лексус маркийн хар өнгийн автомашин үргэлжилсэн цагаан шугам даваад буцаж эргэсэн. Энэ үед манай машин баруун гар талруугаа зугтаалгаж дараад 1 дүгээр эгнээ рүү ороод мөргөлдөж, хашлага даваад зогссон. ...осол гарах үед би жолоочийн хажууд буюу зүүн урд суудалд сууж явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Хохирогч М.Сувд-Эрдэнийн өгсөн: "...би тухайн үед юу болсон талаар сайн хараагүй, гэнэт л манай машин тоормос гишгээд манай машины зүүн талаас нэг хар жижиг машин орж ирж мөргөж байгаа харагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Гэрч М.Одбаярын өгсөн: "...2019 оны 9 сарын 11-ний өдөр 09 цаг 40 иинутын үед өөрийн төрсөн эгчийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 96-58 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 7 буудлаас хотын төв орох гээд 6 буудлын замд 2 дугаар эгнээнд явж байтал миний машины зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас эсрэг урсгалаас Тоёота Лексус-250 маркийн хар хөх өнгийн автомашин зүүн гар тийш буцаж эргэх гээд урдуур гэнэт дараад ороод ирсэн. Тэгээд би автомашиныг мөргөхгүй гээд баруун гар тийш дараад зугтаалгаж дартал хоорондоо мөргөлдсөн. Тэгээд миний автомашин баруун гар талын хашлага даваад зогссон. Миний жолоодож явсан автомашинд 3 зорчигч сууж явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12871 дугаартай шинжээчийн дүгнэлт: "...М.Сувд-Эрдэнийн биед зүүн сарвууны 3-р хурууны үзүүрийн шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна." /хх-ийн 47 тал/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11294 дугаартай шинжээчийн дүгнэлт: "...Ц.Одонтуулын биед хүзүүний 6-р нугаламын их биеийн хугарал, хүзүүний 3-7-р нугаламын холбоосны урагдал, умайн булчингийн чангарал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" /хх-ийн 42 тал/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 421 дугаартай: "...Тоёота Лексус-250 маркийн 68-65 УНР улсын дугаартай автомашины жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл. Хэвтээ тэмдэглэл. 1.4. "1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна" гэх дүгнэлт /хх-ийн 55-56 тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
Шүүгдэгч Б.З нь 2019.9.11-ний өдрийн 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, Жасиун төвийн баруун замд өөрийн эзэмшлийн Тоёота лексус-250 маркийн 68-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл. Хэвтээ тэмдэглэл. 1.4, “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс М.Одбаярын жолоодон явсан Тоёота приус 20 маркийн96-58 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Мөнгөн-Одын Сувд-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Цагааны Одонтуулын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.З нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хохирогч Ц.Одонтуулын өмгөөлөгч Б.Нарангарав нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирогч М.Сувд-Эрдэнэ Приус дотор сууж явсан Гэрлээ гээд хүн аарцаг, салтаа нь гэмтсэн гэж байна. Түүнд ямар гэмтэл учирсныг тогтоох шаардлагатай...”гэх хүсэлт гаргасан,
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...хавтаст хэрэгт авагдсан материал дотор гэрч Сувд-Эрдэнэ болон Одбаяр нарын мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэг дээр маш тодорхойгоор жолоочоос гадна 3 зорчигч байсан гэж мэдүүлсэн байдаг. Сая Сувд-Эрдэнэ асуултад хариулахдаа Гэрлээ гээд залуу гэмтсэн талаар ярьж байна. Бид нар үүнийг шалгаж өгөөч ээ, өөр хүн байсан байна. Яагаад энэ хүн мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, зугтаагаад байна, үүнийг шалгаж өгнө үү. Мөн гэмт хэрэгт холбогдсон хүний үйлдэл, эс үйлдэхүйг эргэлзээгүй тогтоох ёстой. Одбаярын үйлдлийг эргэлзээгүй тогтоох ёстой байсан. Одбаяр нь Тоёота приус 20 маркийн автомашин барьж явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн байх үндэслэл бүрэн нотлогдож байна. Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж байдаг. Одбаяр ямар ч зогсоох арга хэмжээ аваагүй. Яагаад зогсоох арга хэмжээ аваагүй гэхээр шинжээчийн 421 дүгээр дүгнэлтэд энэ хүн замын хөдөлгөөнийг зөрчсөн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон.” гэх хүсэлтүүдийг тус тус гаргажээ.
Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөн, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан гэж үзвэл хүн бүр уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхтэй. Харин осол болох үед Тоёота приус 20 маркийн машин дотор зорчиж явсан Гэрлээ гэх хүн нь уг авто ослын улмаас эрүүл мэнд нь хохирсон, хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн талаар ямар нэг гомдол санал гаргаагүй байна.
Мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь бодит хамаарлаар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан үр дагавартай шалтгаант холбоо тогтоогдвол гэмт хэрэгт тооцохоос бус журам зөрчсөн үйлдэл бүхэн эрүүгийн хариуцлагад татах үндэслэл болохгүй бөгөөд Тоёота приус 20 маркийн 96-58 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Одбаяр нь осол бололх тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байсан болох нь тогтоогдож түүндээ Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авагдсан болох нь прокурорын тайлбараар нотлогдож байх тул өмгөөлөгч нарын дээрх хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Иймд шүүгдэгч Б.З-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ял шийтгэлийг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж шүүх үзсэн болно.
Хохирол төлбөрийн хувьд хохирогч М.Сувд-Эрдэнэ нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.500.000 төгрөг, хохирогч Ц.Одонтуул нь 1.800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Зг гэм буруутайд тооцсоны дараа хохирол нөхөн төлөх зорилгоор шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Давааравдан нарын зүгээс шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгч Б.З нь энэ хугацаанд 2 хохирогчийн дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Ц.Одонтуул, М.Сувд-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч М. Одонтуяа нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байгаа болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.З-н В, С ангиллын 900607 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.З-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.З-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.З-д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хасах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолох болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг анхааруулсугай.
5. Тэнсэгдсэн ялтан Б.З-д хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн Б.З-н В, С ангиллын 900607 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Хохирогч Ц.Одонтуул, М.Сувд-Эрдэнэ нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо, иргэний нэхэмжлэгч М.Одонтуяа нь иргэний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР