Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т,

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Орхон суманд төрсөн, эмэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Төв аймгийн Сүмбэр сумд оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б овогт Ч.Э,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/356/396 тоот “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 140 дугаарт бүртгэгдсэн химийн хорт аюултай бодис болох 17,5 литр фторт устөрөгч/Hydrofluoric acid/-ийн хүчлийг хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос ачаа ачиж, Монгол Улсын хилээр орж ирсэн. Хилээр орж ирсэний дараа Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд миний машинд ачсан ачаа тээшийг үзэж шалгаад үл таних хятад хүний өгч явуулсан 2 хайрцагтай тээшийг задалж үзээд хураан авсан. Дараа нь химийн хорт бодис 17.5 литр фторт ус төрөгчийн хүчил байна гэж хэлсэн. Тухайн үед гаалийн хяналтын бүс рүү орохоос өмнө мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын бүсэд эхлээд шалгуулж, дээрх эд зүйлсийг хураалгасан. Тэр үед гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байсан. Надад ачааг өгсөн хятад хүн Замын Үүд дээр хүн тосож авна гэж хэлээд миний утасны дугаар болон машины дугаарыг бичиж аваад үлдсэн. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч намайг саатуулах үед нөгөө үл таних хятад хүний өгсөн цаасан хайрцаг дээр бичигдсэн ... гэсэн дугаар луу нь залгаж үзэхэд уг дугаар нь ашиглалтанд байхгүй байсан... Хил хаах гээд яараад үзэж шалгахгүй авсан нь миний буруу, тийм зүйл байсан гэдгийг нь мэдээгүй. Хоёрхон хайрцаг юм гэхээр нь аваад урд суудал дээрээ тавьчихсан юм...” гэсэн  мэдүүлэг,

- Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд: “..2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажил үүргийн хуваарийн дагуу Замын-Үүд Автозамын шалган нэвтрүүлэх боомтын импортын суудлын тэрэгний хяналт шалгалт дээр үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө 10 цагийн орчимд БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд сум руу ачаа бараа тээвэрлэж явсан ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл хяналт шалгалт хийхэд ачсан бараан дотор талаас 2 цаасан хайрцагтай дотор талд нь цагаан өнгийн хуванцар савтай 0,5 граммтай 35 ширхэг химийн бодис гарч ирсэн. Тэгээд тухайн химийн бодисыг шинжилгээнд өгч олон улсын нэршил болон агууламжийг тогтоосон. Тухайн 35 ширхэг химийн бодисын шинжилгээгээр фторт устөрөгчийн хүчил нэртэй химийн бодис болсон тул зөрчлийн материалыг харьяалалын дагуу дараагийн байгууллагад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өмнө ... дугаарыг ашиглаж байсан. ... дугаарыг жил гаран ашиглаж байгаад төлбөр нь их гарсан тул төлбөрөө хийж чадахгүй 2019 оны 08 дугаар сараас хойш ашиглахгүй ... дугаарыг худалдаж аваад одоог хүртэл ашиглаж байна. Би ямар нэг химийн бодис урагшаа захиагүй. Замын-Үүд суманд амьдардаг тул хааяа нэг Замын-Үүд сумаас БНХАУлсын Эрээн хот руу гардаг. Ямар нэг бараа бүтээгдэхүүн зөөдөггүй. Би ямар нэг зүйл БНХАУлсын Эрээн хот руу захиагүй, энэ дугаарыг бариагүй удаж байгаа тул мэдэхгүй байна... Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Замын-Үүд суманд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/,

- Шинжээч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Hydrofluoric acid /фторт устөрөгчийн хүчил/ буюу хайлуур хүчил нь маш идэвхтэй, идэмхий шинж чанартай химийн бодис юм. Хүчил, шүлт болон исэлдүүлэгчтэй идэвхтэй урвалд ордог. Мөн химийн тэмдэглэгээ буюу HF нь зэврүүлдэг, шил болон металлыг иддэг шинж чанартай тул хуванцар саванд хадгалдаг... Бага концентрацитай (8-15%-ийн) HF хүчилд өртвөл бага зэргийн эсвэл огт өвдөлт мэдрэгдэхгүй боловч хэсэг хугацааны дараа хүчтэй өвдөлт мэдрэгдэх ба 12-24 цагийн дараа эд эсийг гэмтээдэг. Дунд зэргийн концентрацитай (20-40%-ийн) HF хүчилд түлэгдвэл өвдөлт мэдрэгдэх бөгөөд эд эсийг маш гүн, хүчтэй гэмтээдэг. Өндөр концентрацитай (50-70%-ийн) HF хүчилд хүрмэгц хүчтэй өвдөлт мэдрэгдэх бөгөөд эд эсийг маш хүчтэй гэмтээх ба бүх биеийг хамарсан нөлөө үзүүлдэг... HF-ийг түүний зэврүүлдэг болон идэмхий шинж чанарыг нь үндэслэн шилийг идүүлэхэд ашигладаг бөгөөд сүүлийн үед хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зэвийг арилгах цэвэрлэгээний урвалж, бордоо үйлдвэрлэхэд, хортон шавж устгахад болон хуванцарын үйлдвэрлэлд ашиглаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 10 сараас хойш миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 200 юаниар түрээслэсэн. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл би 2019 оны 10 сарын 18-ны өдөр төрөл Б.С-с 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тээврийн хэрэгслээ өөрийн болгоод авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Шинжлэх ухааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн дүгнэлтэнд “...уг бодис нь 42.96% агуулгатай фторт устөрөгч /HF/ болохыг тодорхойлов. Уг шингэн бодис нь CAS дугаар 7664-39-3, НҮБ-ийн дугаар 1790-тэй олон улсын нэршил нь Hydrofluoric acid, Монгол нэршил нь фторт устөрөгч болохыг тогтоов. Химийн томъёо нь HF. Уг бодис нь хортой болон аюултай бодисын 6.1В, 6.9А, 8.1А, 8.2В, 8.3А, 9.1D болон 9.3А ангилалд хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-37/,

- “А” ХХК-ийн устөрөгчийн хүчил 34 ширхэг, 1 ширхэгийг нь 6,300 төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 43-44/,

- “А” ХХК-ийн “...  улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг 3,500,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 51-52/,

-  Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-65/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Э-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/356/396 тоот “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 140 дугаарт бүртгэгдсэн химийн хорт аюултай бодис болох фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчлийг тээвэрлэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн үйл баримт болсон байна.

“Фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчил нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтанд орсон байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3-т зааснаар Байгаль орчны чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж нь химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх эрхтэй байна. Мөн Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэврүүлэхийг хориглоно гэж заажээ.

Шүүгдэгч Ч.Э нь тусгай зөвшөөрөлгүйгээр 17,5 литр фторт устөрөгч/Hydrofluoric acid/-ийн хүчлийг улсын хилээр нэвтрүүлсэн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Э-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шинжлэх ухааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн “...уг бодис нь 42.96% агуулгатай фторт устөрөгч /HF/ болохыг тодорхойлов. Уг шингэн бодис нь CAS дугаар 7664-39-3, НҮБ-ийн дугаар 1790-тэй олон улсын нэршил нь Hydrofluoric acid, Монгол нэршил нь фторт устөрөгч болохыг тогтоов. Химийн томъёо нь HF. Уг бодис нь хортой болон аюултай бодисын 6.1В, 6.9А, 8.1А, 8.2В, 8.3А, 9.1D болон 9.3А ангилалд хамаарна” гэсэн дүгнэлт, шинжээч Б.А “...Hydrofluoric acid /фторт устөрөгчийн хүчил/ буюу хайлуур хүчил нь маш идэвхтэй, идэмхий шинж чанартай химийн бодис юм. Хүчил, шүлт болон исэлдүүлэгчтэй идэвхтэй урвалд ордог. Мөн химийн тэмдэглэгээ буюу HF нь зэврүүлдэг, шил болон металлыг иддэг шинж чанартай тул хуванцар саванд хадгалдаг...Бага концентрацитай (8-15%-ийн) HF хүчилд өртвөл бага зэргийн эсвэл огт өвдөлт мэдрэгдэхгүй боловч хэсэг хугацааны дараа хүчтэй өвдөлт мэдрэгдэх ба 12-24 цагийн дараа эд эсийг гэмтээдэг. Дунд зэргийн концентрацитай (20-40%-ийн) HF хүчилд түлэгдвэл өвдөлт мэдрэгдэх бөгөөд эд эсийг маш гүн, хүчтэй гэмтээдэг. Өндөр концентрацитай (50-70%-ийн) HF хүчилд хүрмэгц хүчтэй өвдөлт мэдрэгдэх бөгөөд эд эсийг маш хүчтэй гэмтээх ба бүх биеийг хамарсан нөлөө үзүүлдэг. ... HF-ийг түүний зэврүүлдэг болон идэмхий шинж чанарыг нь үндэслэн шилийг идүүлэхэд ашигладаг бөгөөд сүүлийн үед хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд Зэвийг арилгах цэвэрлэгээний урвалж, бордоо үйлдвэрлэхэд, хортон шавж устгахад болон хуванцарын үйлдвэрлэлд ашиглаж байна...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, насанд хүрээгүй охины хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Э нь ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх ба уг тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Т.Т-н өмчлөлийнх, шүүгдэгч нь түрээсэлдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг “А” ХХК-ийн үнэлгээгээр 3,500,000 төгрөгөөр үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17 литр фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагаар устгуулахаар Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ч.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөн явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь тэнссэн хугацаанд дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар савтай 1 бүр нь 500 гр савлагдсан 34 ширхэг буюу 17 литр фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагаар устгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Э-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Б.Н