| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0067/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Т.М
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Д.Т-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатарт хотод төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 239 дүгээр зүйлийн 239.2, 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2, 147 дугаар зүйлийн 147.2, 126 дугаар зүйлийн 126.2.6, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 9 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн гэх, Б овогт Д.Т,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "М"-ийн дэлгүүрийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бөгж, мөнгөн гинж, хүүхдийн мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авсан,
Мөн 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Б.Г-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, улмаар бор өнгийн арьсан цүнх 1 ширхэг, “Самсунг-эс 2", LG маркийн гар утас 2 ширхэг зэргийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр 02 дугаар сарын эхээр байх шиг санаж байна. Замын-Үүд суманд төрсөн эгч Д.Х-н гэрт байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гарч Замын-Үүдийн гудамжаар алхаж явж байгаад М нэртэй дэлгүүрийн вакум хаалтыг авч хажуу тийш газар тавиад вакум цонхыг гараараа түлхсэн чинь онгойчихоор нь дотогшоогоо орсон. Дэлгүүрийн цонхоор дотогш ороод шилэн лангуун дотор байсан мөнгөн эдлэлүүдээс 3, 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бөгж, ээмэг зэрэг эд зүйлийг авч, цагаан өнгөтэй уутанд хийж авч гарсан. М дэлгүүр байсан байшингаас хойшоо явж байгаад нэг байшин гэрэлгүй байхаар нь вакум цонхыг түлхсэн чинь онгорхой байхаар нь дотогш орж, цүнх юмнуудаа хийгээд такси явдаг талбай дээрээс 23 цаг өнгөрч байхад таксинд сууж Улаанбаатар хот руу явсан. ...Улаанбаатар хотод Хар хорин захын орчим мөнгөн эдлэл авна гээд зогсож байдаг хүмүүст бүгдийг нь нийлүүлээд 2,000,000 төгрөгөөр зарсан. ...миний буруу би үйлдэл дахин гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...айлаас авсан цүнхэнд М дэлгүүрээс авсан эд зүйлээ хийж Улаанбаатар хотод очоод мөнгөн эдлэл авдаг хүмүүст М дэлгүүрээс авсан эд зүйлээ зарахдаа хамт өгсөн. Гар утас цүнхний ард байсан тэр чигээр нь өгсөн. ...хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэжээ. /1-р хх-ийн 110-112, 2-р хх-ийн 70-72/
Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэг үнэн, буруугаа ойлгож гэмшиж байна гэв.
Хохирогч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "...Дэлгүүрийн хойд талын 5 лангууны баруун талаасаа 2 дахь лангууны дээрээсээ 2 дахь тавиур дээр байсан 7 см-тай 2 их гарын мөнгөн аяга, 6 см-тай дунд гарын 5 ширхэг мөнгөн аяга, 5.5 см-тай дунд гарын 5 ширхэг мөнгөн аяга, 6 см-тай ногоон өнгийн тагштай, цагаан өнгийн зэс аяга 3 ширхэг, зүүн талын ханан талд байсан цүнхний лангууны хамгийн баруун талын лангууны дээрээсээ 2 дахь тавиур дээр байсан шаргал өнгийн 2 бариултай, дундаа цахилгаантай урт оосортой арьсан гар цүнх, шилэн лангууны хамгийн баруун талын лангуун дотроос эмэгтэй хүүхдийн мөнгөн ээмэг 82 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 25, эмэгтэй хүний бөгж 25, эрэгтэй хүний мөнгөн гинж бүдүүн 16 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 46 ширхэг, мөнгөн хас кулон 3 ширхэг, том жижиг мөнгөн толь 2 ширхэг, мөнгөлсөн чонын шагай 4 ширхэг, мөнгөлсөн чонын соёо 3 ширхэг, хүүхдийн мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Мөнгөн аяга худалдаж авах үед заримдаа зардлын баримт авдаг, заримдаа авахгүй үе байдаг. Бусад мөнгөн ээмэг, бөгж, гинж, чонын шагай, соёо, бугуйвч, толь зэрэг жижиг эд зүйлд зардлын баримт гаргаж өгөөгүй. Би зардлын баримт авах талаар шаардаж байгаагүй. Би худалдаж авсан мөнгөн эдлэлээ гар бүртгэл хөтөлдөг байсан. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр 5,688,000 төгрөгийн хохирол байна. би учирсан хохиролоос 2,000,000 төгрөг хасч, нийт 3,688,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Шүүх хуралд суух боломжгүй гэжээ. /1-р хх-ийн 38-40/
Хохиролд 3.688.000 төгрөгийг 2020 оны 05 сарын 27-нд авсан одоо санал гомдолгүй, хохирол бүрэн төлөгдсөн гэх хүсэлт. /3-р хх-ийн 84/
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “....2018 оны 02 дугаар сарын 01-03-ны үед манай дүү над руу утасдаад танай гэрийн цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би найзруугаа утасдаад гэрт хулгай орчихсон юм шиг байна чи хамт очоод ирээч гэж хэлээд өөрөө Замын-Үүдийн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би тэр өдрөө суудалд суугаад маргааш өглөө нь Замын-Үүдэд очоод гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд шкафанд байсан хүрэн өнгийн том арьсан цүнх алга болсон байсан. Мөн үүдний шкафанд байсан 10 гутал алга болсон байсан ба хайрцаг нь хоосон хэвтэж байсан. Тэр нь бид нарын өмсөж байсан хуучин гутлууд байсан ба яг одоо ямар гутал байсныг өгүүлж мэдэхгүй байгаа юм. Мөн гэрийн нэг давхарын шкафны шургуулганд байсан хуучин эвдэрхий ажилладаг, ажилладаггүй 2-3 ширхэг гар утас байсан тэр алга болсон байсан. Миний мэдэж байгаагаар манай нөхрийн барьж байсан эс-2 маркийн хуучин ажилладаг утас байсан бас нэг нугастай ажилладаг утас байсан шиг санаж байна. 2017 оны 06 дугаар сараас хойш тэр гэртээ байхгүй Улаанбаатар хотод байх болсон ба хааяа нэг оччихоод явдаг байсан тул хаана юу байсныг одоо хэлж мэдэхгүй байна гэжээ. /2-р хх-ийн 15-16/
Хохирол 161,000 төгрөгийг 2020 оны 05 сарын 21-нд авсан одоо санал гомдолгүй, хохирол бүрэн төлөгдсөн гэх хүсэлт /3-р хх-ийн 85/
Гэмт хэргийн талаарх амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 5, 2-р хх-ийн 5/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13-21, 73-74, 2-р хх-ийн 06-11/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 13-15/
А ХХК-ны үнэлгээний тайлан /1-р хх-ийн 86-88, 2-р хх-ийн 61-63/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 03-008 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Шинжилгээнд хүргүүлсэн гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Хэрэг бүртгэлтийн 182000032 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах иргэн Х.А-н М дэлгүүрт хулгай орж эд зүйлс алдагдсан хулгайн хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан 16, 17, 18, 19 дугаартай гутлын мөрүүд нь хэрэг бүртгэлтийн 182000009. 182000010, 182000033 дугаартай хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөрүүдтэй хоорондоо тохирч байна. 3.Гутлын мөрний ерөнхий шинж тэмдэгүүдээрээ хоорондоо тохирч байна." гэх дүгнэлт /1-р хх-ийн 59-60/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 03/007 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд хүргүүлсэн гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Хэрэг бүртгэлтийн 182000033 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах иргэн Х.А-н М дэлгүүрт хулгай орж эд зүйлс алдагдсан хулгайн хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан 16, 17, 18, 19 дугаартай гутлын мөрүүд нь хэрэг бүртгэлтийн 182000009, 182000010, 182000032 дугаартай хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөрүүдтэй хоорондоо тохирч байна. 3.Гутлын мөрний ерөнхий шинж тэмдэгүүдээрээ хоорондоо тохирч байна гэх дүгнэлт /2-р хх-ийн 36-37/
Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/091 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 18200010 дугаартай хэргийн зураг №13 дугаартай баруун хөлийн гутлын мөр нь 182000009 дугаартай хэргийн зураг 18 гэж дугаарласан баруун хөлийн гутлын мөр, 182000032 дугаартай хэргийн зураг №19 гэж дугаарласан баруун хөлийн гутлын мөр, 182000033 дугаартай хэргийн зураг №17 гэж дугаарласан баруун хөлийн гутлын мөрүүдтэй тус тус тохирч байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 75-76/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол 1820000320035, 1820000330038 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 100-102, 2-р хх-ийн 68-69/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 74/
Шүүгдэгчийн урьд шийтгүүлж байсан шүүхийн тогтоолууд /1-р хх-ийн 221-242/
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 149/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 01/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 75-77/
Хохирол төлсөн баримтууд /3-р хх-ийн 82-83/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 86/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "М" дэлгүүрийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бөгж, мөнгөн гинж, хүүхдийн мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авсан,
Мөн 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Б.Г-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, улмаар бор өнгийн арьсан цүнх 1 ширхэг, “Самсунг-эс 2", LG маркийн гар утас 2 ширхэг зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.А /1-р хх-ийн 38-40/, Б.Г /2-р хх-ийн 15-16/ нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13-21, 73-74, 2-р хх-ийн 06-11/, А ХХК-ны үнэлгээний тайлан /1-р хх-ийн 86-88, 2-р хх-ийн 61-63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 03-008 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-60/, 03/007 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 36-37/, 01/091 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75-76/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Т-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч Д.Т нь хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримт /3-р хх-ийн 82-83/, хохирогч нарын тайлбар /3-р хх-ийн 84-85/ зэргээр тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 2020 оны 04 сарын 12-ны өдрөөс 06 сарын 17-ныг хүртэл нийт 66 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-н цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэгтэй СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Шүүхэд шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б