Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01049

 

Ж.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03948 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Ч-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Б-д холбогдох,

Гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, хариуцагч Г.Б-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Ч- миний бие 2016 оны 06 дугаар сарын 30-нд Unegui.mn-ээс плита наалгана гэсэн зарын дагуу “Тэгшрэх” ХХК-ийн инженер Г.Б- гэдэг хүнтэй очиж уулзаад АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах гэж байгаа Чингисийн өргөө амралтын газрын эрэгтэй, эмэгтэй шүршүүр, нойл, угаалгын газар, саун байрлах нийт 1 200 мкв талбай бүхий тасалгаануудын хана, шалны плита наах ажлыг 1 мкв 8 000 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон. Ажлын хөлсийг захиалагч талд ажлыг хүлээлгэн өгмөгц 100 хувь төлөхөөр тохирсон. Ийнхүү тохиролцсоны дагуу дээрх ажлыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 5 одтой зочид буудлын зэрэглэлд дүйцүүлэн чанартай сайн гүйцэтгэж, бүрэн хүлээлгэж өгсөн боловч захиалагч тал ажлын хөлсийг төлөхгүй, хугацаа авч өдийг хүрсэн.

Иймд Г.Б-эс гүйцэтгэсэн ажлын хөлс 9 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Тэгшрэх” ХХК нь Чингисийн хүрээ амралтын газарт барилгын хийж гүйцэтгэсэн нь үнэн билээ. Гэвч Г.Б- миний бие Ж.Ч- гэх хүнийг танихгүй бөгөөд түүнтэй ямар нэгэн гэрээ хийж ажиллуулаагүй.

Иймд Ж.Ч-гийн нэхэмжилсэн 9 600 000 төгрөгийг төлж барагдуулах үндэслэлгүй болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03948 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-эс 9 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Г.Б-эс 168 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-эс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 168 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжпэгч, хариуцагч нарын хооронд ямар нэг байдлаар гэрээ хэлцэл байгуулагдаагүй болно. “Тэгшрэх” ХХК нь “Чингис хааны хүрээ” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр туслан гүйцэтгэгч компани, иргэдтэй гэрээ байгуулсан. Иймд уг гэрээтэй холбоотой асуудлыг “Тэгшрэх” ХХК хариуцахаас биш миний бие хариуцах ёсгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа болно. Учир нь “Тэгшрэх” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг иргэн Я.Гандуулгатай амаар байгуулсан бөгөөд ажлын нийт хөлсийг 11 000 000 төгрөгөөр тохирч хийлгэсэн байдаг. Харин угаалгын өрөөний плита наах ажлыг 6 000 000 төгрөгөөр тохиролцсон талаар бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Я.Гандуулга мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “Тэгшрэх” ХХК болон Я.Гандуулгын эрх ашиг сонирхол зөрчигдөж байгааг огт харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.1.5-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ч- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Г.Б-эс гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөд 9 600 000 төгрөг гаргуулахыг шаарджээ. Хариуцагч Г.Б- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

“Чингис хааны хүрээ” ХХК болон “Тэгшрэх” ХХК-ийн захирал Р.Бат-Эрдэнэ нар нь аялал жуулчлалын цогцолборын гал тогооны барилга, ариун цэврийн байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 06 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрт 527 141 060 төгрөг шилжүүлэн авчээ. “Тэгшрэх” ХХК-ийн захирал Г.Б- уг гэрээг хэрэгжүүлэхдээ иргэдтэй харилцан тохиролцож, тодорхой ажлуудыг гүйцэтгүүлсэн ба Ж.Ч- амралтын газрын эрэгтэй, эмэгтэй шүршүүр, бие засах газар, угаалгын газар, саун байрлах нийт 1 200 мкв талбай бүхий тасалгаануудын хана, шалны плита наах ажлыг 1 мкв 8 000 төгрөгөөр гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Шүүх хариуцагчийн эрх зүйн байдал, тухайн гэрээний харилцааны оролцогчийн талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Хариуцагч Г.Б- өөрт учирсан хохирлыг хуулийн этгээдээс шаардахад энэ хэргийн шийдвэр саад болохгүй юм.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн боловч өөрийн татгалзал, түүний үндэслэлийг шүүхэд тайлбарлаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т заасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03948 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН