Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2021/0455/З |
Дугаар | 221/МА2021/0617 |
Огноо | 2021-11-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2021/0617
2020 оны 03 сарын 31 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
“Д Д Э Т” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч У.Х, хариуцагч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 580 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Д Д Э Т” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 580 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасныг баримтлан “Д Д Э Т” ХХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-ийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаартай шийтгэлийн хуудсыг гурван /3/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М2ийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...
Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Д Д Э Т” ХХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-гийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаартай шийтгэлийн хуудсыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
1. Хохирол, нөхөн төлбөр тооцсон хэсэгт дүгнэлт хийгээгүй тухайд
Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын байцаагч М.М нь “Д Д Э Т” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” хэсгийг зөрчсөн гэж үзэж, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгуульд 17,841,600 /арван долоон сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг хохирол, нөхөн төлбөрт гаргуулахаар болж, нийтдээ 19,341,600 /арван есөн сая гурван зуун дөчин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг “Д Д Э Т” ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцохдоо Нийслэлийн Байгаль орчны газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/492 дугаар албан бичиг түүний хавсралтын дагуу тооцож, 17,841,600 /арван долоон сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг хохирол, нөхөн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Байгаль орчны газар нь энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ямар хууль зүйн үндэслэлийн улмаас оролцож, ямар эрх, үүрэг эдэлж байгаа нь тодорхой бус байна.
Мөн “Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээ”-г тооцохдоо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын 2.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Гэтэл уг 2015 оны А-388 дугаартай тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалаар хүчингүй болгосон. 2020 оны А/59 дугаартай тушаалын хавсралт 1-ээр “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг шинээр баталсан. Өөрөөр хэлбэл, хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актад үндэслэж энэхүү 17,841,600 /арван долоон сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хохирол, нөхөн төлбөр тооцсон хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын байцаагч М.М-ийг Зөрчлийг шалган тогтоох зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан журам, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох зарчмыг зөрчсөн талаар дүгнэсэн.
Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх билээ.
Гэвч анхан шатны шүүх нь хариуцагч талын буруутай хууль бус ажиллагааг тогтоосон боловч түүний гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоогүй нь хуульд нийцэхгүй байгааг анхаарч үзнэ үү.
2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний хувьд
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагчийг Зөрчлийн шийтгэлийн хуудас оногдуулсны дараа хохирогчоос мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт гарсан, холбогдогчоос мэдүүлэг авсан зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцагч шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж зөв үнэлсэн. Мөн хариуцагчийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасан заалтуудыг зөрчсөн гэж зөв үнэлсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг үндэслэн шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын байцаагч М.М нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэснийг хэрэгжүүлж чадаагүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйл 1.2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх тухай ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж холбогдогчоос мэдүүлгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу аваагүй, зөрчлийн шийтгэлийн хуудас гарсны дараа хохирогчоос мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлт зөрчлийн шийтгэлийн хуудас гарсны дараа гарсан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж удирдамж, хяналтын хуудасгүй хяналт шалгалт хийсэн.
Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” 0069252 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж, “Д Д Э Т” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.10 дахь хэсэгт “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 7.15 дугаар зүйл ...”, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” гэж тус тус зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд заасан ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зөрчлийг шалган шийдвэрлэж, зөрчил нь тогтоогдвол хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулах эрхтэй.
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16-5/878 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Д Д Э Т” ХХК нь барилга барих ажлыг гүйцэтгэхдээ барилгын сууриас гарсан хөрсний усыг холбогдох байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр Туул гол руу цутгаж, шавхсан гэх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлснээр хариуцагч Байгаль орчны улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж, улмаар гомдол гаргагч “Д Д Э Т” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн 1,500,000 төгрөг, нөхөн төлбөрийн 17,841,600 төгрөг, нийт 19,341,600 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... “Д Д Э Т” ХХК нь ус ашиглагч биш ... зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй ... хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэж нөхөн төлбөр тооцсон нь хууль бус ...” гэж, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “... барилгын сууриас гарсан хөрсний усыг холбогдох байгууллагын дүгнэлт зөвшөөрөлгүйгээр Туул гол руу цутгаж шавхан зайлуулсан гэх зөрчлийн мэдээллийг шалгахад тус компани нь ... барилгын суурийн хөрсний усыг татан зайлуулж байсан ... төлбөрөө төлөөгүй, дур мэдэн үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан ...” гэж тайлбарлан тус тус маргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Д Д Э Т” ХХК-д холбогдуулан 2110000698 дугаар зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, тус зөрчлийн хэргийн холбогдогч “Д Д Э Т” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б-ын 99999842 дугаарын утсаар холбогдон холбогдогчийн мэдүүлэг авсан байх бөгөөд хариуцагч нь “холбогдох байгууллагаас ус ашиглах зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй, ус ашигласны төлбөр төлөөгүй хөрсний ус шавхаж Туул гол руу нийлүүлсэн” гэх зөрчлийн хэрэгт хөрсний усыг шинжилгээнд хамруулахаар 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” 19-3120038 дугаар тогтоолоор Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.О-г томилж, холбогдох дүгнэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны дотор гаргахыг шинжээчид даалгасан байх боловч маргаан бүхий 0069252 дугаар шийтгэлийн хуудас гарсан 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан, мөн шийтгэлийн хуудас гарахаас нэг хоногийн өмнө Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-19/115 дугаар албан бичгээр 2110000698 тоот зөрчлийн хэрэгт Туул голын сав газрын захиргааг төлөөлж оролцох албан тушаалтныг томилж ирүүлэхийг мэдэгдсэн, улмаар Туул голын сав газрын захиргаанаас шийтгэлийн хуудас гарсны дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 05/139 дүгээр албан бичгээр тус газрын Хяналт, шалгалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бат-Эрдэнийг төлөөлөгчөөр томилсон байхад хохирогчийн мэдүүлгийг томилогдоогүй байхад нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргуулан авсан, хариуцагч улсын байцаагч нь “Д Д Э Т” ХХК-ийн барилга угсралтын ажил явуулахдаа хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхаж Туул гол уруу урсгаж байгаа талаар ирүүлсэн асуудалд хяналт шалгалтын ажиллагааг явуулахдаа шалгуулагч этгээд болох “Д Д Э Т” ХХК-д шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны хувийг өгөх ажиллагааг хийгээгүй, шалгалтын ажиллагаанд тус компанийн төлөөллийг оролцуулж, тайлбар тодруулга өгөх эрхээр нь хангаагүй зэрэг байдлаар хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдсон, эдгээр үйл баримтуудын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй
Иймээс хариуцагчийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогч дараахь эрхтэй”, 2.7-д “өөрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй”, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч дараахь эрхтэй”, 2.5-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 2.6-т “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасантай тус тус нийцээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй талаар, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан “нээлттэй, ил тод байх”, “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02-19/77 дугаар албан бичгээр “Д Д Э Т” ХХК-ийн ус ашигласны нөхөн төлбөрийг тооцуулахаар Нийслэлийн Байгаль орчны газарт хандсан байх бөгөөд хариуцагч нь Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/492 дугаар албан бичиг түүний хавсралтаар ирүүлсэн “Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээ”-г /хохирлын нийт хэмжээг 17,841,600.0 төгрөг гэж тооцоолсон/ тооцсон тооцооллыг маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон байна.
Харин Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/492 дугаар албан бичигт усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцохдоо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг үндэслэсэн талаар дурдсан байна.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/59 дүгээр тушаалаар “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг баталж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/388 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон, гомдол гаргагчаас “... хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэж нөхөн төлбөр тооцсон нь хууль бус ...” гэж маргасан байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу байх боловч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Учир нь, гомдол гаргагч “Д Д Э Т” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа хөрсний усыг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр шавхаж Туул гол руу цутгасантай маргаагүй энэ тохиолдолд тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” зөрчил огт гаргаагүй гэж дүгнэх үндэслэлгүй, хариуцагчийн хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүйг шүүхээс залруулах боломжгүй, мөн гомдол гаргагчийн зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан хохирлыг аль аргачлалын дагуу тооцоолох нь тодорхойгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул шүүх хариуцагчаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гомдол гаргагч компанийн зөрчлийн шинж байдал, хууль зөрчсөн эсэх асуудлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах боломжтой гэж үзэж маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасантай нийцсэн байна.
Харин Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах”-аар, 2-т “зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг ... удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болох”-оор хуульчилсан байхад анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-ийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаартай шийтгэлийн хуудсыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь уг хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гарах хүртэл буюу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулах хугацааг 58 хоногоор түдгэлзүүлсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 580 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг “1. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-ийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаартай шийтгэлийн хуудсыг улсын байцаагчаас хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч албан тушаалтнууд шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-ийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “Д Д Э Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ