Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн иргэн Л.Ц /РЭ74010311/-ийн нэхэмжлэлтэй,

      Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдох "Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-040/07 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” актын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У,  хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

      Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Л.Ц нь иргэн Х.Ч-тэй харилцан тохиролцож Мөрөн сумын 5 дугаар багийн Зах-16 тоотод байрлах Хишиг худалдааны төвд бэлэн хувцасны худалдагчаар хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан 2011 оны 10 сараас 2017 оны 07 сарыг хүртэл ажиллуулсан юм. Х.Ч нь анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд гэрээ байгуулахгүй, нийгмийн даатгалд шимтгэл төлөх шаардлагагүй хэмээн учирлаж, цалин хөлсөө бүрэн авахыг хүссэн юм. Х.Ч-ийн энэ хүсэлтээр ажлын хөлсийг сар бүр олгож олон жил /6 жил/ ажиллуулсан. Гэтэл 2017 оны 07 сард хийсэн тооллогоор 10 000 000 төгрөгийн бараа дутаасан болох нь нотлогдож миний бие эхнэр С.Ц-т  хэлж шүүхэд өгүүлсэн юм. Энэхүү иргэний хэрэг хянагдаж байх үед Х.Ч гомдол гарган аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан бөгөөд энэ гомдлын шалтгаан миний эхнэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татуулах, төлбөрийг бууруулах шалтгаантай холбоотой байсан нь нэгэнт ойлгомжтой юм. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газар намайг буруутган, ажилтны хүсэл зориг, эрх ашгийг дордуулсан мэтээр тайлбарлаж нийгмийн даатгалын санд 2 624 892 /хоёр сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун ерэн хоёр/ төгрөгийг ажил олгогч намайг нөхөн төл хэмээн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би энэ шийдвэрийн өөрт хамаарах төлбөрийг зөвшөөрөхгүй тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-040/07 дугаартай актын ажил олгогч Л.Ц-т хамаарах 2 624 892 төгрөгийн төлбөр бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Ц, С.Ц нар нь эхнэр, нөхөр бөгөөд хувиараа худалдаа эрхэлдэг, Хишиг худалдааны төв гэх ямар нэгэн хуулийн этгээд, компани, аж ахуйн нэгж байхгүй. Х.Ч-г С.Ц ажиллуулж байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Л.Ц, С.Ц нар нь тус тусдаа эрх зүйн этгээд тул актаар Л.Ц-т үүрэг хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй. Л.Ц нь “Хишиг” худалдаа төвийн эзэн нь байгаа юм. Тэр худалдааны төв дотор эхнэр Ц нь тодорхой лангууг түрээсэлж ажиллуулдаг. Эхнэрийнх нь түрээсэлж ажиллуулж байсан лангууны хэсэгт Х.Ч нь ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Х.Ч-г бараа дутагдуулсан учир ажиллуулахаа больсон байдаг. Амаар байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ дуусгавар болсон. Х.Ч нь Мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдолдоо бол Хишиг худалдааны төвийн эзэн нь Л.Ц гэж хэлээд гомдол гаргасан байдаг. Хоёрдугаарт Х.Ч 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 гэсэн онуудад Мэргэжлийн хяналтын газар ямар учраас гомдол гаргаагүй, Мэргэжлийн хяналтын газраас яагаад төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээгүй юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар бол зөрчил гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Энэ зөрчлийг 14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Х.Ч 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргаж байхад Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр энэ гомдлыг шийдсэн байдаг. Зөрчил шалгах хуулийн хугацаа нь өнгөрсөн байдаг юм. Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх юм бол тухайн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдэх ёстой байсан. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бараа дутагдуулж гэрээг цуцалж харилцааг дуусгавар болгож байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хугацаа нь өнгөрч хариуцлага тооцох боломжгүй болсон байна. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйл гэж актын хууль зүйн үндэслэлийг зааж байгаа юм. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийг харахаар бол зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгах гэсэн зохицуулалт байгаа юм. Дуусгавар болгох гэсэн зохицуулалт дотор буюу Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар нэгдүгээрт зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хоёрдугаарт шийтгэл оногдуулах, гуравдугаарт шийтгэлээс чөлөөлөх гэсэн зохицуулалтууд байгаа юм. Энэ зохицуулалтуудын аль зүйл заалтаар шийдсэн нь тодорхойгүй байна. Актын үндэслэл дээр Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийг барьж байгаа нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ...” гэв.

       Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 44 дүгээр гудамж, 28 тоотод оршин суугч иргэн Х.Ч Мэргэжлийн хяналтын газарт Хишиг дэлгүүрт 2010 оны 10 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл худалдагч, давхар цэвэрлэгчийн ажлыг хийсэн ба цалинг сар бүрийн 28-ны дотор өгдөг байсан. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлж өгөөгүй гэсэн гомдол ирүүлснийг газрын дарга танилцаад шалгалт хийх үүрэг өгсний дагуу Хишиг дэлгүүрийн эзэн Л.Ц-т утсаар мэдэгдэж 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 27-ны өдөр хүртэлх хугацаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-040/07 тоот актын тайлбар:

1. Л.Ц нь Хишиг дэлгүүрийг ажиллуулж, тэнд иргэдийг авч ажиллуулдаг бөгөөд тэдэнтэй хөдөлмөрийн болон бусад ямар нэгэн гэрээ хийлгүйгээр ажиллуулж байгаа нь хууль зөрчсөн буруу үйлдэл юм. Хөдөлмөрийн хуулийн 3.1.1 дэх заалтанд “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэсэн бөгөөд этгээд гэдэгт иргэнийг хамруулан ойлгодог бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хөдөлмөрийн хуулиар зохицуулсан.

2. Иргэн Х.Ч нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд тус дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад ажил олгогч Л.Ц нь ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг зөрчсөн байсан. Мөн олгосон цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудыг зөрчсөн байна.

Ажил олгогч Л.Ц нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой үзүүлэх бичиг баримт байхгүй, ажиллуулж байгаа иргэдтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй, ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй, цалингийн цэс байхгүй байна. Хишиг дэлгүүрт ажиллаж байсан Х.Ч-д нэг сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож цалин хөлс олгож байсан ба 5 жил 8 сарын нийт цалин 12208,8 мянган төгрөгийг олгосон байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр тооцоход ажил олгогчоос 2624,8 мянган төгрөг, нийт 3845,7 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 23-06-040/07 тоот актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Л.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

        Гуравдагч этгээд Х.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хишиг худалдаа үйлчилгээний төвд бэлэн хувцасны худалдагчаар ажилд орж 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан юм. С.Ц нь дэлгүүрт худалдагчаар зогсоод өгөөч гэж надаас гуйсны дагуу би ажиллах болсон юм. Хишиг дэлгүүр гэдэг нь ямар нэгэн компани аж ахуйн нэгж биш. Би С.Ц-тай тохиролцон худалдагчаар ажиллаж байсан. Тухайн үед ямар нэгэн /Хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ/ ажил олгогч ажилтан бид хоёрын дунд байгуулаагүй амаар харилцан тохиролцон ажиллаж ирсэн. Шүүхэд хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь худлаа зүйл бөгөөд хуулийн үндэслэлтэй үнэн зөв тогтоосон улсын байцаагчийн актын төлбөрөөс зайлсхийж иргэн намайг хохироохоор улайран дайрч байгаад гомдолтой байна. Энэхүү Хишиг худалдаа үйлчилгээний төвийн эзэд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх гэсэн хуулиар тогтоосон үүргийг биелүүлэхгүй ажиллаж ирсэн. Хэрэв үнэхээр ажил олгогч Л.Ц бид хоёрын дунд гэрээ байгуулсан бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар даатгагчтай байгуулсан гэрээнд заасан үүрэг хүлээхээр байсан. Тэгтэл бид хоёрын дунд ингэж үүрэг, хариуцлага хүлээлгэсэн зүйл байхгүй.

Миний бие Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар албан ёсоор өргөдлөө гаргаж үүний дагуу Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч хяналт шалгалт явуулж акт тогтоосон. Тэрнээс биш нэхэмжлэлд дурдсан шиг иргэний хэргийн шүүхээр хянагдаж байсан 10 сая төгрөгний төлбөрийг бууруулах зорилго байгаагүй. Худалдагчаар ажилласан 6 жил гаруйн хугацаанд намайг бараа бүтээгдэхүүн дутаасан гэж үндэслэлгүй нэхэмжилсэн бөгөөд шүүх 7 сая төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Би ийнхүү ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин хөлс авч, цэвэрлэгээ үйлчилгээ болон өөр  бусад лангуу павилоны барааг зарж илүү хөдөлмөр эрхэлж ирсэн ба ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйдаа тус нэмэр болох гэсэн биш харин ч ийм их хэмжээний өр төлбөрт орж, хуулиар тогтоосон нийгмийн даатгалын шимтгэлээ цаг  хугацаанд нь ажил олгогчоос нөхөн төлүүлээгүй ажилласандаа гомдолтой байна.

        Иймд Л.Ц-ийн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-040/07 тоот улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж, иргэн Х.Ч миний нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү ...” гэжээ. 

        Гэрч С.Ц 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие Х.Ч-г Хишиг худалдааны төвийн худалдагчаар авч ажиллуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байсан. Манай нөхөр Л.Ц ажилтнуудыг авч ажиллуулдаггүй, зөвхөн Хишиг худалдааны төвийн аж ахуйн ажлуудыг хийдэг байсан. Тухайн үед гэрээний цаас дуусчихсан байсан учраас Х.Ч-тэй гэрээ байгуулаагүй, дараа нь мартагдаад өнгөрсөн. Х.Ч-г худалдагчаар ажиллуулах талаар амаар тохиролцсон ...” гэжээ.

       Шүүх хэргийн оролцогч болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                

ҮНДЭСЛЭХ нь;

        Иргэн Л.Ц нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О-т холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-040/07 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” актын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

        Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба гуравдагч этгээд Х.Ч 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Мөрөн сумын 5 дугаар багийн Зах-16 тоотод байрлах Хишиг худалдааны төвд худалдагчаар ажиллахдаа иргэн С.Ц-тай хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, гүйцэтгэх ажил үүргээ амаар ярилцан тохиролцож, цалин хөлсөө тогтмол хугацаанд авч байжээ.

 “С.Ц нь Х.Чулуунхүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хөлстэйгээр Хишиг худалдааны төвд барааны худалдагчаар ажиллуулсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээг талууд байгуулсан, хууль зөрчөөгүй байна” гэж Хөвсгөл аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр дүгнэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шүүхийн шийдвэр хүчинтэй болсны дараа /шүүхийн шийдвэр гарсны дараа/ Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 23-06-040/07 дугаар акт тогтоохдоо Х.Ч-ийн ажил олгогч Л.Ц гэж үзсэн байна.

Л.Ц, С.Ц нар нь эхнэр, нөхөр бөгөөд хувиараа худалдаа эрхэлдэг, Хишиг худалдааны төв гэх ямар нэгэн хуулийн этгээд, компани, аж ахуйн нэгж байхгүй болох нь хэргийн оролцогчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрч С.Ц-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х.Чулуунхүүг худалдагчаар ажиллуулж байсан талаараа дурдсан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Х.Ч-г С.Ц ажиллуулж байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Л.Ц, С.Ц нар нь тус тусдаа эрх зүйн этгээд тул актаар Л.Ц-т үүрэг хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:

5.9.1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал

5.9.2.улсын байцаагчийн санал, дүгнэлт

5.9.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт” гэж заасан.

Харин Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн шалгалт хийсэн тухай тэмдэглэлд ажил олгогч чухам хэн болох, улсын байцаагч ямар санал дүгнэлт гаргасан, шалгуулагч этгээд ямар санал, хүсэлт гаргасан болохыг бичээгүй орхигдуулсан байх тул тухайн үед шалгуулагч этгээд Л.Ц өөрийгөө Х.Ч-ийн ажил олгогч хэмээн хүлээн зөвшөөрч байсан эсэх тодорхойгүй болжээ. Мөн хяналт шалгалтын тэмдэглэлээс үзэхэд хэдээс хэдэн онд хэдий хэмжээний цалин хөлсийг хэнээс хэнд олгож байсныг нарийвчлан тусгаагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 15 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1-ийн 2/-т зааснаас үзэхэд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээхээр байна.

Х.Ч нь Мөрөн сумын Зах-16 тоотод байрлах Хишиг худалдааны төвд худалдагчаар ажиллаж байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд гагцхүү хөлсөөр ажиллуулж байсан ажил олгогч нь Л.Ц, С.Ц нарын хэн нь болох, эсхүл хоёулаа ажил олгогч эсэх, хэдээс хэдэн онд хэдий хэмжээний цалин хөлс олгож байсныг тодруулах шаардлагатай байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах ... гэсэн хэлбэртэй байна”, 4 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:

1/ ... Иргэний хуулийн ... 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн ...” гэж,

15 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 ... дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж заагаад ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ 12.7, Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ 12.5 байхаар тус тус хуульчилсан байх ба хуулийн энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хууль, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хууль, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулж байсан байна.

Гэтэл улсын байцаагчийн актаар 2011-2017 онуудад бүхэлд нь даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 11 хувиар тооцсон хууль зүйн үндэслэл тодорхойгүй байх тул цаашид нэмж тодруулах шаардлагатай байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-040/07 тоот актад Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.3 гэж хуульд байхгүй заалтыг дурджээ.

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:

1/хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;

2/шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх;

3/нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах” гэж заажээ.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актын хавсралтаас үзэхэд 1281924 төгрөгийн алданги тооцсон байх боловч актад хууль зүйн ямар үндэслэлээр алданги тооцсон нь бичигдээгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2/-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг баримталсан эсэх нь тодорхойгүй байна.

Гуравдагч этгээд Х.Ч Мөрөн сумын 5 дугаар багийн Зах-16 тоотод байрлах Хишиг худалдааны төвд худалдагчаар ажиллаж байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, түүний хөлсөөр ажиллах хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь тогтоогдсон учир даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төр хамгаалж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.12-д зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан, хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах нь зүйн хэрэг юм.

Гэвч дээр дурдсанчлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

Иймд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О-ийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-040/07 тоот “Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай” актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгосонд тооцно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчил үйлдэгдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахааргүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул акт хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаад дараахь тайлбарыг өгөх нь зүйтэй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан ба үүнд хөөн хэлэлцэх хугацаа тогтоогоогүй байна. Улсын байцаагчийн актаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг биелүүлэх хүрээнд гарч буй эрх зүйн акт юм.

Харин Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь ажил олгогчийн нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчилд хүлээлгэж буй шийтгэл буюу хууль зүйн хариуцлага юм.

Нийгмийн даатгалын тухай хууль зөрчсөн зөрчилд шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн явдал нь даатгуулагчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээхэд саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-т олгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 2, 15 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1/, 2/, 3/, 20 дугаар зүйлийн 1-ийн 2/, 32 дугаар зүйлийн 1-ийн 2/-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-040/07 тоот “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-06-040/07 тоот “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ