Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 603

 

"Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2016/01194 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дипломат” СӨХ-нд холбогдох

 

Дулаан, цэвэр бохир ус, цахилгаанаар хангахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг хариуцах СӨХ-ны үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баялагмаа  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Атарболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жинстийн Жимс” ХХК нь Улаанбаатар хотын банктай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №ЗГ 1201/131101 тоот Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр зээлийн төлбөрөө төлж барагдуулахыг үүрэг болгон сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. “Жинстийн Жимс” ХХК-ийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Ш32015/06669 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон Улаанбаатар хотын банк руу шилжүүлсэн байдаг. Ийнхүү Улаанбаатар хотын банк нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины ам гудамж, 34а тоот хаягт байршилтай 316,04 м.кв талбайтай, амралтын зориулалттай Ү-2206018327 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн авсан. Банкнаас шилжүүлэн авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хангуулахаар “Дипломат” СӨХ-той холбогдон ашиглалтын гэрээг байгуулах шаардлага үүссэн. Улаанбаатар хотын банк нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богино ам гудамж, 34ай тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэн авснаас хойшх СӨХ-ны төлбөрийг тухайн байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу хугацаанд нь төлж, СӨХ-той дундын өмчлөлийн гэрээг байгуулахаар ярилцсан боловч банктай гэрээ байгуулахаас татгалзсан. “Дипломат” СӨХ-ны зүгээс өмнөх өмчлөгч болох Д.Оюунбилэгийн 2015, 2016 оны СӨХ-ны өр төлбөр 8 000 000 төгрөгийн төлбөр дутуу байгаа одоо танай байгууллага өмчилж байгаа тул энэ төлбөр төл, төлөхгүй бол ус дулаанаар хангахгүй гэж банкнаас шаардаж, тухайн өр төлбөрийг алдангийн хамт барагдуулсан тохиолдолд тухайн байгууллагаас дулаан, цэвэр бохир ус, цахилгаанаар хангах болохыг мэдэгдэн өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн гэрээг байгуулахаас татгалзаж, үйлчилгээ үзүүлэхгүй байсаар байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмнөх өмчлөгч Д.Оюунбилэг нь тус байгууллагад хандан, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр СӨХ-ийн өр төлбөрийг барагдуулахаар бичгээр баталгаа гаргасан байдаг ба өмнөх өмчлөгчийн төлөх ашиглалтын төлбөрийг шинэ өмчлөгчөөс нэхэмжилж, өөрсдийн давуу байдлыг ашиглан дундын өмчлөлийн ашиглалттай холбоотой хязгаарлалт тавьж бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Улаанбаатар хотын банкны зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмнөх өмчлөгчтэй харилцан тохиролцон худалдан аваагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан тул ашиглалтын зардлыг СӨХ-ноос магадлах үүргийг банк хүлээхгүй юм. “Дипломат” СӨХ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч Д.Оюунбилэгээс төлбөрийг нэхэмжлэж барагдуулахаар шаардах эрхтэй боловч шинэ өмчлөгчөөс уг төлбөрийг барагдуулахыг шаардаж, уг төлбөрийг барагдуулахаас нааш цэвэр бохир, дулаан, цахилгаанаар хангахгүй гэж тайлбар өгч, дээрх үйлдлийг гаргаж байгаа нь өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Иймд “Дипломат” СӨХ-ны өр төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр дулаан, цэвэр бохир, цахилгаанаар хангахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг хариуцах СӨХ-ны үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “Дипломат” СӨХ нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагч “Дипломат” Сууц өмчлөгчийнд холбоог хуулиар хүлээсэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг хариуцах СӨХ-ны үүргээ биелүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар нэхэмжлэг өмнөх өмчлөгч Д.Оюунбилэгийн СӨХ-ны өр төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр дулаан, цэвэр бохир, цахилгаанаар хангахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг дүгнэн, үүссэн хэргийн нөхцөл байдалтай холбоогүй дээрх зохицуулалтыг хариуцагчид илтэд ашигтайгаар тайлбарлан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж буй үйлдэл болох дулаан, цэвэр, бохир, цахилгаанаар хангахгүй байгаа үйлдлийг хууль ёсны гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс өмнөх өмчлөгчийн өр төлбөрийг, алдангийн хамт нэхэмжилж буй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг зөрчиж байна. Учир нь хариуцагч "Дипломат СӨХ"-оос өмнөх өмчлөгч Д.Оюунбилэгийн өр төлбөрөөс гадна өр төлбөртэй холбоотой алданги төлөхийг шаарддаг боловч алдангийг хэзээнээс, хэрхэн тооцсон, алданги авах эрх үүссэн эсэх талаар баримт хэргийн материалд авагдаагүй байхад өр төлбөрийг, алдангийн хамт банкнаас шаардаж буй үйлдлийг хуулийн дагуу гэж дүгнэсэн нь банкны хууль ёсны эрх ашгийг шууд зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Улааанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч “Дипломат” СӨХ-нд холбогдуулан дулаан, цахилгаан, бохир цэвэр усаар хангахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хуулиар хүлээсэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалтыг хариуцахыг СӨХ-нд даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Дипломат СӨХ нь өмнөх өмчлөгчийн өр төлбөрийг барагдуулахыг шаардаж, дулаан, цахилгаан, цэвэр бохир усаар хангахгүй байна” гэсэн үндэслэл заажээ.

 

Хариуцагч “Дипломат” СӨХ -өөс ирүүлсэн 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн албан бичгээс үзэхэд Улаанбаатар хотын банкинд өмнөх өмчлөгч Д.Оюунбилэгийн төлбөрийг төлж барагдуулах, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаар хангах тухай мэдэгдэж байсан байх бөгөөд талуудын тайлбар болон дээрх бичгийн баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагын дулаан, цахилгаан, цэвэр бохир усыг хаасан үйл баримт тогтоогдсон байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3-д  Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заасан.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлд зааснаар  нийтийн зориулалттай орон сууцны байшинд сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц, сууц өмчлөгчдийн холбоог байгуулдаг бөгөөд Иргэний хуулийн 174 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлдөг.

 

 “Дипломат” СӨХ нь төлбөр, зардлыг төлөөгүй гэсэн үндэслэлээр өмчлөгч Улаанбаатар банкны өмчлөгчийн халаалт, дулаан, цэвэр бохир ус ашиглалтыг хязгаарлах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг  Дипломат СӨХ холбооноос Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч “Улааанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч байгууллагын хууль бус үйлдлийг зогсоолгох агуулга бүхий шаардлага байхад анхан шатны шүүх хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбоонд биелүүлэх үүргийг нь  гүйцэтгүүлэхийг даалгаж шийдвэрлэж, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох дулаан, цэвэр, бохир усаар хангахгүй байгаа үйлдлийг зогсоолгох шаарлдагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Хан уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2016/01194 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар “Дипломат СӨХ”-ны нэхэмжлэгч Улаанбаатар банк ХХК-ийг дулаан, цэвэр бохир ус, цахилгаанаар хангахгүй байгаа үйлдлийг таслан зогсоож, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                

ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ        

                                                                                               

                                                                                                      Б.НАРМАНДАХ