Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2017/00054/и |
Дугаар | 135/шш2017/00134 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 135/шш2017/00134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00054/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: ******/-д холбогдох
"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "1999 оноос Ц.*******тай танилцан, улмаар хамтран амьдарч байгаад 2001 оны 07 сарын 11-нд охин ******* төрүүлсэн. Энэ хугацаанд гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй байсан. ******* нь архи ууж, агсам согтуу тавьдаг байсан учир 2008 онд бид салцгаасан. Охин минь ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Хүүхэддээ эцгийн хайр халамж үзүүлж туслаж дэмжих нь байтугай утсаар ч ярьдаггүйд гомдож явдаг. Том болсон охинд минь эцгийнх нь тусламж зайлшгүй шаардлагатай байгаа тул гэр бүлийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж гаргуулж өгнө үү" гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн дагуу охин Г.Отгонзаяад тэтгэмж өгөхийг зөвшөөрч байна. Бид 1999 оноос танилцан хамтын амьдралтай байсан бөгөөд 2008 оноос салсан нь үнэн. Би одоо гэр бүлтэй болж, хүүхэдтэй болсон. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй зөвшөөрч байна“ гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн үндэслэлээр өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Зохигчид 1999 оноос гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч, улмаар 2001 оны 07 сарын 11-ний өдөр ******* төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, №0000701953, Г-718 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр “******* овогт ******* *******” гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар *******ийн эцэг Ц.******* болохыг захиргааны журмаар тогтоосон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д: “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д: “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэл, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ”гэж тус тус заасны дагуу охин Г.Отгонзаяад эцэг Ц.*******аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2001 оны 07 сарын 11-ний өдөр төрсөн охин ******* 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.*******аас тэтгэлэг гаргуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгож, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 46,495 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ