Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 0423

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Б.Чинзориг /томилолт/,

иргэний хариуцагч О.Г,

хохирогч Н.Бын өмгөөлөгч Д.Халзан,

шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Я овогт У.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903009790444 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, хилчин хотхон ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Согоотын ... тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Я овогт У.Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Г нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны 22 цаг 25 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Толгойтын шөнийн дэлгүүрийн автобусны буудлын замд “Хюндай аеро сити-540” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас уг автобусанд суухаар явж байсан явган зорчигч Н.Быг баруун хойд дугуйгаараа дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Иргэний хариуцагч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай байгууллага нь 150.000 төгрөг төлсөн. Цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд хохирлыг төлж барагдуулна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хавтаст хэргээс:

1. 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х, 9-13х/,

2. Хохирогч Н.Бын өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, 120 мянгатын тэмээтэй хөшөөний хажууд явж байхад манай найз Стай тааралдаж С тухайн үед 4-5 тортой хувцастай явж байсан тэгээд надаас гэрт хүргээд өгөөч ачаагаа даахгүй байна гэхээр нь би за гээд Сгийн тортой хувцаснаас өргөлцөөд автобусанд суугаад явсаар байгаад Толгойтын эцсийн буудлын наахан талд буудал дээр автобус хүлээсэн. Тухайн үед бид хоёр Алтан овоо руу явах байсан юм. Тэгээд автобус ирэхгүй маш удсан. Бид хоёр буудал дээр автобус хүлээгээд байж байхад нэг автобус ирэхээр нь С бид хоёр тортой хувцсаа аваад автобусанд суух гэтэл гэнэт хаалга хаагдаад автобус хөдлөөд би хойшоогоо газарт унасан. Тэр үед автобусны хойд дугуйгаар зүүн хөлийн шагай шилбэ хэсгээр дайрч маш их өвдсөн. Баруун хөлийн шууны яс 3 газар яс зөрж хугарсан. ...Гомдолтой байна. Эмчилгээний зардалд маш их мөнгө гаргаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй дахиад тахир дутуу болж байна, бүрэн эдгээхийн тулд маш их зардал цаг хугацаа орно. Тийм учраас 5 сая төгрөг нэхэмжилж байна. Жолоочийн зүгээс эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22х/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10248 дугаартай “...Н.Бын биед баруун шант, тахилзуур ясны доод 1/3-ын арьсны дутмагшил үүсгэсэн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 72х/,

4. Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаартай “...Х.Аеро-540 маркийн ... дугаартай автомашиныг жолоодон явсан У.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.”, Мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль дүрмийн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 82х/,

5. Гэрч Б.Сгийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр найз Бтой тааралдаад ...Толгойтын шөнийн дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад дахиад автобусанд суух гээд автобус хүлээсэн чинь автобус ирэхгүй маш удсан бараг нэг цаг болсон байх, нэг автобус ирсэн тэр автобус бид хоёрын суух ёстой автобус биш байхаар нь за за дөхөөд бууя гэж бодоод бид 2 суух гээд автобус руу гүйсэн юм. Тэр үед Б миний урд, би араас нь явж байсан. Тэгсэн Быг автобусанд суух гээд урд хаалга руу ойртох үед автобус гэнэт хаалгаа хаагаад огцом хөдлөх үедээ Быг мөргөж газарт унагааж, Б автобусанд дайруулсан. Б 2 гартаа тортой зүйл барьчихсан би бас барьчихсан байсан учраас би Быг дайруулах үед нь татаж авч чадаагүй ээ. Тэр жолооч эхлээд урд хаалгаараа хүн оруулчхаад Быг орох гэтэл оруулахгүй хаалгаа хаагаад хөдөлсөн. Тэгээд Бын хөлнөөс нь цус гараад Б орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х/,

6. Иргэний хариуцагч О.Гүндсамбын өгсөн: “...Манай байгууллагын эзэмшилд Х.Аеро маркийн ... дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Би ... ХХК-д хэсгийн дарга тушаалтай ажил хийдэг. Тухайн автобус манай хэсгийн автобус байгаа юм. Манай хэсгийн жолооч У.Г осол гарсан өдөр над руу залгаад эцсийн буудал дээр буултаа хийх гээд явж байгаад нэг согтуу хүн шүргэчихлээ цагдаа, түргэн дуудчихаад байж байна гэж хэлсэн. Ослын улмаас учирсан хохирлыг барагдуулна..” гэх мэдүүлэг /хх-ийн 52х/,

7. Гэрч Д.Мийн өгсөн: “...У.Г гэж хүнийг танина. Манай найз байгаа юм. 1993 онд Өвөрхангай аймагт төрсөн. Дээрээ нэг ахтай 2 дүүтэй юм. Бид Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд нэг сургуульд сурч байсан багийн найзууд юм. Одоо ... ХХК-д жолооч ажилтай, цэрэгт явж байгаагүй, урьд өмнө нь гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй. Өвөрхангай аймагт амьдарч байгаа одоогоос 9-н жилийн өмнө Улаанбаатар хотод орж ирсэн. Дээд сургууль төгсөөгүй. 2018 оны 10 сард ... ХХК-д жолоочоор ажилд орсон, тэрнээс өмнө ... ХХК-д кондуктор болон жолооч хийж байсан. Хүүхэд шиг зан ааштай хүний аясаар зөөлөн зан ааштай, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Гансүхийн ээж аав нь хөдөө Өвөрхангай аймагт байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58х/,

8. Гэрч Ж.Аын өгсөн: “...У.Г гэж хүнийг танина. Манай хүргэн байгаа юм. 1993 онд Өвөрхангай аймагт төрсөн. Дээрээ нэг ахтай 2 дүүтэй юм. Манай охин Цтэй 2017 онд танилцаад 2018 онд гэр бүл болсон юм. Нэг хүүхэдтэй одоо ... ХХК-д жолооч ажилтай, цэрэгт явж байгаагүй, урьд өмнө нь гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй. Өвөрхангай аймагт амьдарч байгаад одоогоос 9-н жилийн өмнө Улаанбаатар хотод орж ирсэн. Дээд сургууль төгсөөгүй, 2018 оны 10 сард ... ХХК-д жолоочоор ажилд орсон. Тэрнээс өмнө ...т ХХК-д кондуктор болон жолооч хийж байсан. Хүүхэд шиг зан ааштай хүний аясаар зөөлөн зан ааштай, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Одоо бид нар хамт нэг гэрт байдаг юм. Гансүхийн ээж аав нь хөдөө Өвөрхангай аймагт байдаг юм. Осол гарсан өдрөө над руу залгаад ослын талаар хэлээд одоо гэмтлийн эмнэлэг дээр байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60х/,

9. Шүүгдэгч У.Гийн цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 95х/, “...” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 100х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 101х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102х/, шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт /хх-ийн 104х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 105х/, техникийн тодорхойлолт жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 106х/, нийгмийн даатгалын ерөнхий газар архивын мэдээлэл /хх-ийн 107х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /шүүх хуралдааны тэмдэглэл/,

10. Шүүгдэгч У.Гийн өгсөн: “...Би ... ХХК-д том оврын автобусны жолооч ажилтай юм. 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би Толгойт Ботаник чиглэлд том оврын автобусны жолоочоор ажиллаж байсан юм. Манай эцсийн буудал нь Толгойтын 65 гэдэг буудал юм. Тэгээд 22 цаг 21 минутын үед эцсийн буудал дээр буултаа хийх гэтэл цаашаагаа ганц буудал яваад буух нэлээн их хүн байхаар нь цаашаагаа буюу Толгойтын Шөнийн дэлгүүр гэдэг буудал руу Толгойтын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд яваад тухайн буудал дээр ирж зогсоход 2-3 хүн буугаад дахиад хэдэн хүн үлдсэн юм. Тэгээд хүнээ буулгачхаад хойд хаалгаа хаачхаад зүүн талынхаа толинд хараад хөдлөх үедээ буцаад баруун талын толиндоо хартал нэг эрэгтэй хүн баруун талын хойд хаалга хэсэг рүү гүйгээд ороод ирэхээр нь тоормос гишгээд зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь тухайн хүний баруун хөлийн шилбэ хэсэг дээгүүр автобусныхаа баруун хойд дугуйгаар гарчихсан байсан. Тэгээд өөрийн ... гэсэн дугаараас түргэнд дуудлага өгсөн. Явган зорчигч нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан тэр 2 хүн хэлгүй ярьж чадахгүй байсан. ...тэр хүмүүсийг суулгачхаар буухгүй цаашаагаа явах гээд байдаг дээрээс нь ажлаасаа буух гээд байсан учраас би суулгахгүй хөдөлчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92х/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

“...” ХХК-ийн жолооч У.Г нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн эзэмшлийн “Хюндай аеро сити-540” маркийн ... улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж, 22 цаг 25 минутын орчимд  Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Толгойтын шөнийн дэлгүүрийн автобусны буудал дээр ирж зогсон зорчигчдыг буулгах, суулгах үйлдэл хийхдээ болон цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж орчин тойрноо шалгаж нягтлаагүйгээс зам тээврийн осол гарах, хохирогчид хохирол учруулахад хүргэсэн байна. Тодруулбал,

Хохирогч Н.Бын өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ... би Сгийн тортой хувцаснаас өргөлцөөд автобусанд суугаад Толгойтын эцсийн буудлын наахан талд буудал дээр бууж автобус хүлээсэн. ...автобус ирэхгүй маш удсан. ...нэг автобус ирэхээр нь С бид хоёр тортой хувцсаа аваад автобусанд суух гэтэл гэнэт хаалга хаагдаад автобус хөдлөөд би хойшоогоо газарт унасан. Тэр үед автобусны хойд дугуйгаар зүүн хөлийн шагай шилбэ хэсгээр дайрч маш их өвдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22х/,

гэрч Б.Сгийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр найз Бтой тааралдаад ...Толгойтын шөнийн дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад дахиад автобусанд суух гээд автобус хүлээсэн, нэг автобус ирэхээр нь  дөхөөд бууя гэж бодоод бид 2 суух гээд автобус руу гүйсэн юм. Тэр үед Б миний урд, би араас нь явж байсан. Тэгсэн Быг автобусанд суух гээд урд хаалга руу ойртох үед автобус гэнэт хаалгаа хаагаад огцом хөдлөх үедээ Быг мөргөж газарт унагааж, Б автобусанд дайруулсан. Тэр жолооч эхлээд урд хаалгаараа хүн оруулчхаад Быг орох гэтэл оруулахгүй хаалгаа хаагаад хөдөлсөн. Тэгээд Бын хөлнөөс цус гараад Б орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х/,

Шүүгдэгч У.Гийн өгсөн: “...Толгойтын Шөнийн дэлгүүр гэдэг буудал  дээр ирж зогсоход 2-3 хүн буугаад дахиад хэдэн хүн үлдсэн юм. Тэгээд хойд хаалгаа хаачхаад зүүн талынхаа толинд хараад хөдлөх үедээ буцаад баруун талын толиндоо хартал нэг эрэгтэй хүн баруун талын хойд хаалга хэсэг рүү гүйгээд ороод ирэхээр нь тоормос гишгээд зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь тухайн хүний баруун хөлийн шилбэ хэсэг дээгүүр автобусныхаа баруун хойд дугуйгаар гарчихсан байсан. ...тэр хүмүүсийг суулгачхаар буухгүй цаашаагаа явах гээд байдаг, дээрээс нь ажлаасаа буух гээд байсан учраас би суулгахгүй хөдөлчихсөн юм...” /хх-ийн 91-92х/ гэсэн мэдүүлгүүд,

мөн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х, 9-13х/, Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаартай дүгнэлт /хх-ийн 82х/ зэрэг бичгийн бусад баримтууд нь  шүүгдэгч У.Гийн  гэм буруутайг нотолжээ.

У.Гийн гэм буруутай дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Бын эрүүл мэндэд баруун шант, тахилзуур ясны доод 1/3-ын арьсны дутмагшил үүсгэсэн ил хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10248 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 72х/,

Шүүгдэгч У.Гийн нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Н.Быг дайрч, эрүүл мэндэд хүнд гэмтэл  учруулсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч У.Гийн үйлдлийн улмаас иргэн Н.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч У.Г нь хохирогчид 3.500.000 төгрөг, иргэний хариуцагч “...” ХХК нь 150.000 төгрөг, нийт 3.650.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Н.Б нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлтийг гаргаж өгсөн /хх-ийн 210х/ байна.

Иймд шүүгдэгч У.Г болон иргэний хариуцагч “...” ХХК-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч У.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

-Хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, манай талаас цаашид нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч У.Гийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч У.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч У.Г нь  анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн ангиллын, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч У.Гэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Г нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч У.Гэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Г нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 139 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогт У.Гийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтуудыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч У.Г нь энэ хэрэгт 139 /нэг зуун гучин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг У.Гэд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч У.Гийн ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

7. эрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлбөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   У.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г. АЛТАНЦЭЦЭГ