Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 135/шш2017/00142

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00103/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** хороолол, ******тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Модны үйлдвэрийн харьяа “Долгион” ХК-д агрономчоор ажиллаж байсан. Энэ хугацааны тушаал олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ч.******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Ч.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Долгион” ХК-д 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тогооч, агрономчоор ажиллаж байсан болох нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон №087836 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нийгмийн даатгалын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 73 дугаартай архивын лавлагаа, №0412833 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч ******* “... Ч.******* тус комбинатад агрономич хийдэг байсан, ямар ч байсан хамт ажиллаж байгаад бид 1995 онд албан ёсоор ажлаас халагдсан”, гэрч ******* “... Намайг ажилд орсноос хойш 1 жилийн дараа тус комбинатад ажилд орж байсан санагдаж байна, хамт ажиллаж байсан нь үнэн, 1995 онд ажлаас чөлөөлөгдсөн” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

           

Иймд Ч.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Долгион” ХК-д 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тогооч, агрономчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ