| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2020/0177/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/174 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/174
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц.Ц-т холбогдох 202...196 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Ц.Ц. /РД: ЖА /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг “Билүүтийн даваа” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Бонго”-3 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас Г.Ч-ыг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр бид хоёр 19 цагийн орчимд Төвшинтөрийн гэрээс гарсан. Ингээд манай нөхөр ...улсын дугаартай Бонго-3 маркийн машинаа бариад намайг хажуудаа суулгаад хөдөлсөн. Г.Ч машинтайгаа их хурдтай яваад байсан. Би түүнд хандан чи ширүүн яваад байна зогс гэж хэлээд түүнийг зогсоосон. Тэгээд Г.Ч-ыг машинаас буулгаад би жолоо барина гэхэд нөхөр маань надаар бариулахгүй гээд байсан. Намайг жолооны ард сууж байхад манай нөхөр жолоочийн хаалганы харалдаа хэсгээр зүүн тийш чиглэн явсан. Би бодохдоо тойрч ирээд машины кабинд суух гэж байгаа юм байна гэж бодтол тэр суугаагүй. Тэгээд хүн хашгирах чимээ гарах шиг болохоор нь жолоочийн эсрэг талын шилийг буулгаад гаднах орчныг харахад хойд чигт тухайн үед зүүн талаас ирж байсан мотоциклийн гэрэлд хүн харагдах шиг болсон. Би машинаа эргүүлээд гэрлээ тусгаад харахад манай нөхөр харагдахгүй байсан. Тэгээд түүнийг уул хад руу гүйчихлээ гэж бодоод гэр рүүгээ чиглээд явсан. ... Билүүтийн даваа гэх газарт явж байхад гэнэт машины кабин дээрээс ямар нэгэн зүйл салхины шилний урд хэсгээр газарт унах шиг болсон. Би сандраад тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа гишгээд ямар нэгэн зүйл дээгүүр гарсан. Тэгээд дайрсан зүйлээ харахад Г.Ч газар хэвтэж байсан. Би сумын эмнэлэг рүү явж эмч дуудаад эргэж ирсэн. Эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цаг 30 минутын үед Г.Ч-ын хүүгийн эхнэр Э-г над руу залгаад “аав өнгөрчихлөө Билүүтийн даваан дээр хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Би нөхөр, болон ээжийнхээ 2 дүүгийн хамт очиход манай хэсгийн төлөөлөгч Б-н “Г.Ч бид нарыг ирэхэд нас барсан байсан. Бид холбогдох ажиллагааг хийж байна, түр хүлээж байна уу” гэж хэлсэн. Болсон асуудлын талаар Ц.Ц бидэнд ярьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нарыг очиход хоорондоо маргалдаж, муудалцсан зүйл байгаагүй. Ц.Ц машиныхаа жолооны ард суусан байдалтай байсан бөгөөд Г.Ч автомашины хаалгыг онгойлгоод хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 57 дугаартай дүгнэлтэд:
- Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-49/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8-13 дугаар тал/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар тал/
- Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.О-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/
- Зам тээврийн осолд холбогдсон ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 71, 75 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг “Билүүтийн даваа” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Бонго”-3 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.9-д заасан дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. 3/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзан хамгаалах хүнгүйгээр хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрсөний улмаас Г.Ч-ыг дайрч амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Б.Ц /хх-ийн 23-25 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаартай актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.О-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, зам тээврийн осолд холбогдсон ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Ц.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Ц-ын ЖА тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц.Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Ц-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Ц-ын ЖА тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА