Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/169

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч О.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт О.Ж холбогдох 202...180 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт О.Ж. /РД: УШ/

Шүүгдэгч О.Ж нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Дорнод хүнс групп  ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 9.014.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгч О.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод хүнс групп ХХК-д менежирээр ажилладаг. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай бөөний баазын менежир Н.Энхзориг  17 цагийн орчимд над руу залгаад “О.Ж бөөний баазын агуулахаас нийт 4 хайрцаг Хараа, Соёрхол гэсэн шошготой архинууд аваад гарлаа, шалгаарай” гэж хэлсэн. Улмаар О.Ж-гаас дээрх архинуудыг хаашаа авч яваа талаар утсаар асуухад Хан-Уул салбар руу хүргэнэ гэж хэлэхээр нь Хан-Уул салбарын эрхлэгч рүү утсаар залгаж “архи захиалсан юм уу” гэхэд “захиалаагүй” гэж хэлсэн.  Намайг  Хан-Уул салбар руу явж байхад О.Ж машинтайгаа замд  зөрсөн. Хан-Уул салбарт очоод эрхлэгч Одноотой уулзаад зогсож байхад О.Ж О-оо руу залгаад “А-аа ах очсон уу” гэж намайг асууж байсан бөгөөд О-д “чи энэ архинуудыг захиалаад буцаачихлаа гэж хэлсэн гээд А ахад хэлчихээрэй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь О.Ж-г хулгай хийсэн юм байна гэж сэжиглээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийн хоорондох агуулахын камерын бичлэгийг шүүж үзсэн. Камерийн бичлэг 7 хоногоор хадгалагддаг юм. Камер шүүж байхад 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14-15 цагийн орчимд О.Ж бөөний төвийн агуулахаас архи, дарс, пиво авч гарч байгаа бичлэг байсан. Тэгээд О.Ж-тай уулзаж асуухад нийт 4 удаа бөөний баазаас архи, пиво авч гарсан тухайгаа хэлсэн...О.Ж нь манай компанид 9.014.910 төгрөгийн хохирол учруулсан. Үүнийгээ бүрэн төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23 дүгээр тал/

Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Камерийн бичлэг шүүж үзэхэд О.Ж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хараа гэсэн шошготой архи 9 хайрцаг, их монгол гэсэн шошготой 0.75 литрийн шилтэй архи 1 хайрцаг,  0.5 литрийн шилтэй архи 1 хайрцаг, кулли гэсэн шошготой  0.75 литрийн шилтэй архи 1 хайрцаг,  0.5 литрийн шилтэй архи 1 хайрцаг,  2.5 литрийн савлагаатай Нийслэл, Сэнгүр, Сэрүүн гэх шошготой пиво, 00 цаас, контик зэрэг бусад зүйлүүдийг аваад гарч байсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 3 хайрцаг хараа, 1 хайрцаг соёрхол гэсэн шошготой архинууд авч гарч байгаа бичлэг байсан. Уг авч явсан зүйлүүд нь салбарын захиалгын зүйл биш байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар тал/

Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Ж-гаас ... 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр,  03 дугаар сарын 05-ны өдөр, 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд нийт 3 удаа архи авсан. Хулгайн архи гэдгийг нь мэдсэн бол авахгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр тал/

Гэрч П.Х-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Б.С нь хамаатныхаа Дугар гэх хүнээр дамжуулан О.Ж-тай танилцсан байсан. Бид Хэнтий аймагт 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. О.Ж-г архи зарна гэхээр нь эхнэр бид хоёр түүнээс нийтдээ 3 удаа архи худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар тал/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 дугаар тал/

- Дорнод хүнс групп ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 44 дүгээр тал/

- Дорнод хүнс групп ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 45 дугаар  тал/

- Шүүгдэгч О.Ж-гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 46 дугаар тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Ж нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д овогт О.Ж нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Дорнод хүнс групп ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 9.014.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А, гэрч Э.Б, Н.Э, Б.С, П.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Дорнод хүнс групп ХХК-ний захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, шүүгдэгч О.Ж-гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.    

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Иймд шүүгдэгч О.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Дорнод хүнс групп ХХК нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм хорын хохирол 9.014.910 төгрөгийг авсан нь тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “О.Ж манай байгууллагад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул түүнд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Ж-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Ж-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс эд зүйлдээ хараа хяналтгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О.Ж-гийн УШ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт О.Ж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Ж-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О.Ж-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О.Ж-гийн УШ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

        

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА