Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/160

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Л.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Ж холбогдох 202...175 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Улаанбаатар хотын Октябрийн дүүргийн ардын шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнссэн суллагдсан,

- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 127.2, 123.2, 123.3-д зааснаар нийт 5 жил өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн нэмж 5 жил 11 сар 8 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Л.Ж. /РД: ЖЭ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим гэртээ буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Жуковын 4-02 тоотод эхнэр Э.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож “...Э.А-ийн биед хамрын хянга ясны үзүүр хэсгийн шинэ зулгаралт, зүүн хацар, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн гарын бугалга, шуунд зулгаралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Ж-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би өөрийнхөө буруутай үйлдлийн  улмаас эхнэртээ гар хүрсэн. Иймээс зохих шийтгэлийг хүлээнэ” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Л.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эхнэр маань гэртээ ирж хоноогүй. Тэгээд 31-ний өдөр гэртээ ирэлгүй шууд ажилдаа явчихсан байсан. Ингээд би эхнэртээ гомдоод гэрт байсан тал шил архийг ганцаараа уусан. Орой эхнэрийг гэртээ ирэхэд нь “чи хонон өнжин гадуур, бага насны хүүхдүүдээ орхиод явлаа” гэхэд эхнэр маань өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрч биеэ барьж чадалгүй нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, татаж зулгаасан тэгэхэд гэмтэл авсан байх. Эхнэр Э.А-ийн биед гэмтэл учруулсан буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/,

Хохирогч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчим хамт ажилладаг М, О-аа болон тэдний найз гэх Б-ийн хамтаар Б-ийн гэрт очоод Сэрүүн гэх шошготой 2.5 литрийн савлагаатай шар айрагнаас 2 савыг ууж юм ярьж суугаад орой болгосон. Ингээд 21 цагийн орчимд гэртээ ирэхэд нөхөр Л.Ж нь согтуу унтаж байсан. Би хүүхдүүддээ хоол, цай хийж өгөөд байж байхад манай нөхөр сэрээд архи нь гараагүй босч ирээд намайг хараад уурлан “чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ,  ална, гичий минь, манай гэрээс зайл” гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Би өөдөөс нь ямар нэг юм хэлээгүй буйдан дээр сууж байхад  үснээс зулгааж газарт унагаад чирч, миний нүүр рүү хөлөөрөө 2 удаа өшиглөж, гараараа цохисон. Тэгээд би гэрээсээ гарч зугтаад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/,

           Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 275 дугаар:

     1. Э.А-ийн биед хамрын хянга ясны үзүүр хэсгийн шинэ хугарал, зүүн хацар, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн гарын бугалга, шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.  

     2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

     3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 21-22 дугаар тал/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 32 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим гэртээ буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Жуковын 4-02 тоотод эхнэр Э.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож “...Э.А-ийн биед хамрын хянга ясны үзүүр хэсгийн шинэ зулгаралт, зүүн хацар, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, зүүн гуя, шилбэнд цус хуралт зүүн гарын бугалга, шуунд зулгаралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Э.А /хх-ийн 15-17 тал/, шүүгдэгч Л.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуягийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 275 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 тал/, зөрлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Ж-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.А нь мөрдөн байцаалтад гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд “нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөр Л.Ж-тай сайн дураараа эвлэрсэн, нэмж гаргах санал хүсэлт байхгүй, надгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Л.Ж-ы ЖЭ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Л.Ж-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л.Ж-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-ыг хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Ж-ы ЖЭ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

                                                                                                                                                

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА