Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2017/00071/и |
Дугаар | 135/шш2017/00145 |
Огноо | 2017-01-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 135/шш2017/00145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00071/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, 1-р хэсэг, Тосгон, 8-6 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Орхоны 8-р сургуульд 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нярваар, 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жижүүрээр ажиллаж байсан. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан дарга нар нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилтээ буруу хийсний улмаас зөрчил үүсээд байна. Мөн миний 1998 онд ажилд орсон тушаал шийдвэрүүд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Ж.******* нь Дархан хотын 8 жилийн наймдугаар дунд сургуульд 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нярваар, Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуульд 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь Дархан хотын 8 жилийн наймдугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон №034797 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оны 03 дугаар сарын 12-ны өдөр олгосон №006145 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Энхжингийн гаргасан ажилласан хугацааг баталгаажуулсан тодорхойлолт, 2012-2016 оны цалингийн түүвэр, 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын Жуух бичиг болон бусад шагнал урамшуулал, өргөмжлөлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн захирлын 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 2011 оны 25 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 2013 оны А/22 дугаартай 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/2 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Ж.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: ******/-ийн Дархан хотын 8 жилийн наймдугаар дунд сургуульд 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нярваар, Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуульд 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ