Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00094/и

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсэг, 5-7 тоотод оршин суух Аргалчин овогт Түдэвдоржийн Сарантуяа /РД: ДН85061101/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, Майхантын 3-2 тоотод оршин суух Боржигин овогт Цэрэнбалын Цэнд-Аюуш /РД: ЧВ78052619/-д холбогдох,

 

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Т.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Цэнд-Аюуштай 2008 онд танилцан, 2009 онд гэр бүл болж, хамтын амьдралын хугацаанд 2009 оны 07 сарын 18-ны өдөр хүү Ц.Бадар-Ууган  төрсөн. Бид хамт амьдрахаа болиод 8 дахь жилдээ орж байна. Энэ хугацаанд бид тус тусын амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн өөрийн насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.  

 

     Хариуцагч  Ц.Амартүвшин шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Сарантуяатай 2008 онд танилцан, 2008 оны 10 сарын 24-нд гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 07 сарын 18-нд хүү Ц.Бадар-Ууган төрсөн. Бид хоёр тусдаа амьдраад 8 жил болж байна. Мөн өөрийн гэсэн тусдаа амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү Ц.Бадар-Ууганыг ээж Т.Сарантуяагийн асрамжинд үлдээх, бид эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн асрамжийн маргаан байхгүй болно. Миний бие Улаанбаатар хотод ажил хийдэг учраас шүүх хуралд оролцож чадахгүйг минь харгалзан үзэж миний бие өөрийн оролцоогүй шүүх хурал явуулж өгөхийг гуйж байна. Мөн өөрийн хүү Ц.Бадар-Уугантай уулзах боломж гаргаж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Сарантуяа нь хариуцагч Ц.Цэнд-Аюушаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Гэрлэгчид болох Т.Сарантуяа, Ц.Цэнд-Аюуш нар нь 2007 оны 05 сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 10 сарын 24-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2009 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү Ц.Бадар-Ууганыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.   

 

Т.Сарантуяа, Ц.Цэнд-Аюуш нар нь 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болж, хүүхэдтэй болсон, гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа, талуудын тайлбараар гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй болох нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 03 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

 Гэрлэгчид нь хүү Ц.Бадар-Ууганыг эх Т.Сарантуяагийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Ц.Бадар-Ууганыг эх Т.Сарантуяагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Аргалчин овогт Түдэвдоржийн Сарантуяа /РД: ДН85061101/, Боржигин овогт Цэрэнбалын Цэнд-Аюуш /РД: ЧВ78052619/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ц.Бадар-Ууганыг эх Т.Сарантуяагийн асрамжид үлдээсүгэй.

           

            3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэнд-Аюушаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Сарантуяад олгосугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

            7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ОЮУНЦЭЦЭГ