Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 4

 

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Б.Аы нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч: Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.А нь 2017 оны 02 сарын 13-ны өдрийн Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Б/12 тоот захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Мэдээлэл сүлжээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, санал гаргах боломж олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулалгүйгээр 2017 оны Б/38 тоот захирамж гарган намайг ажлаас чөлөөлсөн. 

Урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу миний бие гомдлоо гаргаж, Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 1/27 тоот албан бичгээр хариу авсан. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны Б/38 тоот захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-г үндэслэн мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчин томилогдсон гээд намайг ажилд томилсон Б/12 тоот захирамжийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэн хүчингүй болгожээ. Би ажилд томилох захирамжийг өөрөө гаргах эрхгүй. Нөгөө талаас зөрчиж томилсон шийдвэрийг хуульд заасан эрх бүхий байгууллага нь хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М нь хуулиас давсан эрх эдэлж хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн. Мөн төрийн албан тушаалд иргэнийг томилсон шийдвэр нь хэний эрх ашгийг зөрчсөн, хязгаарласан, хэнд сөрөг нөлөөлөл бүхий үүргийг хүлээлгэсэн болж байгаа нь ойлгомжгүй байна. 

Миний ажиллаж байсан ажлын байрыг одоог хүртэл зарлаагүй байхад төрийн албаны тасралтгүй байх зарчмыг зөрчин, нарийн бичгийн даргаар томилогдсон А.Ч ажлаа аваад миний ажлын байрны тодорхойлолтыг үндэслэлгүйгээр өөрчилж, улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна.  

Иймээс Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Б.А нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа төрийн албан хаагч мөн. Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/38 дугаар захирамжид төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг заагаагүй, хамааралгүй хуулийн зүйл заалтыг баримталсан. Хууль тогтоомж зөрчиж ажилд томилсон шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш гэж үзэж байна. 

Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг томилоогүй албан тушаалаас буюу Иргэний танхим, олон нийттэй харилцах харилцаа, программист хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус. Мөн хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан зарчим болон захиргааны акт гаргах процесс ажиллагааг зөрчиж шийдвэр гаргасан. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.А нь 2017 оны Б/12 тоот захирамжаар томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 17.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг зөрчин түрээр томилогдсон байдаг. 

Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудад түр томилох гэсэн ойлголт байхгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулиар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр зохицуулсан байдаг юм. 

Дээр дурдсанчлан төрийн захиргааны албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.3.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлдэг. Мөн түүнчлэн журмын 5.4 дэх хэсэгт эзгүй байгаа албан хаагчийн болон сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглосон байдаг. Иймээс Б.Аыг ажилд томилох тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Түр томилон ажиллуулах тухай” Б/12 дугаар захирамж нь илт хууль бус шийдвэр юм. 

Түүнчлэн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 29 дүгээр шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 57 дугаар тогтоол хууль зөрчин хуурамчаар гаргасан болох нь тогтоогдон хүчингүй болж “Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын ажлын чиг үүрэг өөрчлөгдөж нэмэгдсэн. Энэ шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 56 дугаар тогтоолын дагуу А.Лхагва-Очирыг хуучин ажил болох “Иргэний танхим, олон нийттэй харилцах харилцаа, программист хариуцсан мэргэжилтэн”-ээр томилж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаад байна. Ингэснээр Б.Аы хуульд заасан эрх ашиг ямар нэг хэлбэрээр хөндөгдөөгүй бөгөөд төрийн албаны шалгалтанд ороогүй, нөөцөд бүртгэлгүй болох нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 90 дүгээр албан бичгээр нотлогдож байна. Иймээс Б.Аы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Аыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4-д заасныг зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байсан. 

Б.А нь төрийн албаны шалгалтанд орж нөөцөд бүртгэгдээгүй учраас төрийн жинхэнэ албан хаагч биш. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 90 дүгээр албан бичгээр нотлогдож байгаа. Б.Аыг 2017 оны Б/12 дугаар захирамжаар ажилд томилохдоо түр томилсон. Төрийн албаны тухай хуульд түр томилох гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх асуудлыг зохицуулсан. Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.3.3-т зааснаар Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоог тухайн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар орлон гүйцэтгүүлэх ёстой байсан. Журмын 5.4-т зааснаар сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглосон байгаа. Иймд Б.А нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын холбогдох заалтуудыг зөрчиж томилогдсон нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. 

Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзлыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байхыг төрийн албаны шалгалтаар тогтоодог. Гэтэл нэхэмжлэгч төрийн албаны шалгалтанд орж нөөцөд бүртгэгдээгүй байгаа. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 57 дугаар тогтоолыг шүүхээс хүчингүй болгосны дараа 56 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаал дээр томилсон шийдвэр гаргаагүй байсан учраас нэхэмжлэгчийг түүний хэрэгжүүлж байсан чиг үүрэг бүхий Иргэний танхим, олон нийттэй харилцах харилцаа, программист хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж томилогдсон учраас түүнийг чөлөөлсөн захирамжийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэхгүй. Тийм учраас  сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Б.Ааас тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” гэж тодруулсан болно. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тайлбар гаргах боломжтой, нэмэлт нотлох баримт шаардлагагүй гэсний үндсэн дээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Аыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түр томилж, төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-5 зэрэглэлийн 1 дэх шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.4, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.3, 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99, 2013 оны 86 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.2, 4.2.2, 4.3.3 дахь заалтуудыг тус тус зөрчин томилогдсон гэсэн үндэслэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Иргэний танхим, олон нийттэй харилцах харилцаа, программист хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Аыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

 

Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулалгүйгээр захирамж гарган намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус ...“ гэж, харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Б.А нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 17.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасныг зөрчиж төрийн албанд томилогдсон бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны Б/38 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй ...” хэмээн тодорхойлон маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолд зааснаар төрийн захиргааны ахлах түшмэлийн ангиллын, ТЗ-5 зэрэглэлд хамаарах ба Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т төрийн жинхэнэ албан тушаалд ямар тохиолдолд авч ажиллуулахыг хориглох талаар зохицуулсан ба нэхэмжлэгч Б.А нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлээгүй байхад Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд шууд томилогдож төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журмыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 90, Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/39 дүгээр албан бичгүүдээр тогтоогдож байна.  

 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.”, 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.”, 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орон иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ.

 Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.” гэж тус тус заан, иргэдээс төрийн албанд анх орох журмыг нарийвчлан зохицуулсан байхад тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг төрийн албанд томилсон захиргааны актыг шүүх зөвтгөх боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. 

 

Тодруулбал нэхэмжлэгч Б.А нь хуульд заасан болзол журмыг хангаагүй буюу төрийн албаны шалгалт өгөөгүй атлаа төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчимтай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журмыг хангасны үндсэн дээр түүний уг албан тушаалыг эрхлэх эрх нь хамгаалагдах учир маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 29 дүгээр шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 57 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц зохион байгуулалтыг батлах тухай” 56 дугаар тогтоолын үйлчлэл сэргэж нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь Иргэний танхим, олон нийттэй харилцах харилцаа, программист хариуцсан мэргэжилтний ажлын байранд шилжин үлдэж, нэхэмжлэгч нь уг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан болох нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 56, 57 дугаар тогтоолууд, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 29 дүгээр шийдвэр, уг хоёр ажлын байрны тодорхойлолт болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч талаас үүнтэй маргаагүй болно. 

 

Иймд дээрх үндэслэлээр “... Нэхэмжлэгчийг Иргэний танхим, олон нийттэй харилцах харилцаа, программист хариуцсан мэргэжилтний буюу өөр албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулах ёстой ...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах, “...  Тэргүүлэгчдийн 2016 оны 57 дугаар тогтоолыг шүүхээс хүчингүй болгосны дараа 56 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаал дээр томилсон шийдвэр гаргаагүй байсан учраас нэхэмжлэгчийг түүний хэрэгжүүлж байсан чиг үүрэг бүхий Иргэний танхим, олон нийттэй харилцах харилцаа, программист хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж томилогдсон учраас түүнийг чөлөөлсөн захирамжийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэхгүй, иймд сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулах шаардлагагүй ...” гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй ба хуульд заасан шаардлага, нөхцөл, болзлыг хангаагүй этгээдийг шүүхээс тухайн албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нэхэмжлэгч Б.Аыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтнээр хууль зөрчин томилсон үйлдлээ маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар зөвтгөсөн нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.6, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ааас Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ЦЭРЭНХАНД