Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/185

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б холбогдох эрүүгийн 202...094 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дашбалбар сумын ... оршин суух, гавьяа шагналгүй, урьд: Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай таслан шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29, 39-р зүйлүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 240-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгийн торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэн хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б. /РД: ЖЕ/

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавцгай” гэх уулын орчимд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ч-ийн 3 сая төгрөгийн үнэлгээ бүхий 5 тооны үхрийг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

             

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах хөнгөрүүлэх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б-ын шүүх хуралдаанд өгсөн:“...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчимд ... гэрээсээ гараад зүүн урагшаа “Хавцгай” гэх газар руу зээр агнах санаатай явсан юм. Тухайн үед “Хавцгай” уулын зүүн талд байрлах голын хажууд 5 тооны үхэр бэлчиж байсан. Тэндээс буцаж сумын төв орох гээд явж байхдаа Г таарсан.  Тэгээд *******ад “чиний хариулдаг үхэрнүүдийн цаана 5 тооны үхэр байгаа чи өөрийн үхэрнүүдтэй нийлүүлээд туугаад ир” гэж хэлсэн. ... Г-ыг үхэр туугаад ирэхэд нь би 1 үхрийг нь бариад тушиж орхиод сумын төв рүү явсан. ... 16 цагийн үед үхэр тушсан газраа буцаж ирэхэд 4 үхэр нь байхгүй байхаар нь  хэрэгт орж магадгүй гэж бодоод тушиж үлдээсэн үхрээ бэлчээрт гаргаж тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/

 

            Хохирогч Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай хүү ******* над руу залгаад 5 тооны үхэр алга болсон талаар дуулгасан. Ойр хавиар хайгаад олдохгүй байсан... маргааш өглөө нь багийн төвөөс зүүн тийш нутаглах Б гэх айлын хойд талаас алдагдсан 5 тооны үхэрнүүдээ олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/

 

            Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өдрийг нь санахгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 10-даар байх өглөө 09 цагийн үед  өөрийнхөө олон үхрийг дурандаж харахад манайхаас зүүн талд байдаг айлын хойд талд 4-5 тооны үхэр харагдаж байсан... Худаг дээр үхрээ услаад дуусч байхад Г-т ирсэн.  Г надад хэлэхдээ “Б танай үхрийн цаад талд байгаа 5 тооны үхрийг өөрийнхөө үхэрнүүдтэй хамт туугаад аваад ир гэхээр нь аваад ирлээ” гэж хэлсэн. Нэг үхэр нь тушаатай байхаар нь би юу ч билээ гэж бодоод Б-д утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

            Гэрч Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны орой үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Би үхрээ гэр рүүгээ ойртуулж орхиод маргааш өглөө нь үхэрнүүдээ үлдээсэн газраа ирэхэд  5 тооны үхэр дутсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/,

            - Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр тал/

            - Урьд ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, /хх-ийн 46-58 дугаар тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

            Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавцгай” гэх уулын орчимд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ч-ийн 3 сая төгрөгийн үнэлгээ бүхий 5 тооны үхрийг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч, гэрч Б, Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд  шүүгдэгч Б нь  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлжээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан. Шүүгдэгч Б нь 5 тооны үхрийг бусдын өмч гэдгийг мэдсээр байж Г туулган ойртуулж нэг үхрийг нь тушсанаар захиран зарцуулах боломж бүрдсэн байх бөгөөд түүний хүсэл зоригоос хамаарахгүй шалтгаанаар буюу иргэн Б уг 5 тооны үхрийн  талаар иргэдэд болон цагдаад мэдэгдсэн талаараа өөрт нь хэлсэнээр уг гэмт хэрэг төгсөөгүй байна. Өөрөөр хэлбэл Б-ын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй учир түүнийг уг гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзлээ.  

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Алдуул мал буюу 5 тооны үхэр нь  нийт 3.000.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан бөгөөд хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Д.Ч-аа алдсан 5 тооны үхрээ олж авсан тул шүүгдэгч Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ын ЖЕ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б-д мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ын ЖЕ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА